Индэр    
2021 оны 1 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 98: Бусдыг анхааралтай сонсох нь өөрийгөө олж таних боломжийг нээж өгнө

Зураг
https://www.amazon.com/Youre-Not-Listening-Missing-Matters/dp/1250263719

Бусдыг сонсох гэдэг нэг төрлийн урлаг юм. Тэгвэл та бусдыг хэр сайн сонсож чаддаг вэ?

IKON.mn сайт, Unloск подкастын хамтран хүргэдэг номын тэмдэглэлийнхээ энэ удаагийн дугаарт 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна.

Олонд танигдсан сэтгүүлч Кейт Мерфигийн бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүдээр гүн гүнзгий тайлбарлах болно.

Номын тухай шууд сонсох:

Нийт 17 бүлэгтэй уг номд бусдын ярихыг зүгээр нэг сонсоод өнгөрөх бус сонссон зүйл дээрээ үндэслэн ярьж байгаа хүнийхээ юу хүсэж байгааг, сэтгэлийн хөдлөлөө ямар үг яриагаар илэрхийлж буйг ойлгож байж сая та сонсохын үр дүнгээс ойлгож эхэлнэ гэх санааг илэрхийлдэг.
Сонсож чадахаа больсон учраас орчин үед хүмүүст ганцаардал түгээмэл тохиолдож байна

Номын зохиолч Кейт Мерфи нь Нью Йорк Таймс сонинд олон жил ажиллахдаа олон төрлийн ярилцлага нийтэлж байсан ч хамгийн олон хүнд хүрсэн нь энгийн хүмүүстэй ярилцсан ярилцлага байсан гэж дурсжээ.

Чих тавьж сонсох нь тухайн хүний зөвхөн үг хэлж буй яриаг сонсоод өнгөрөх бус биеийн хэл, нүүрний хувирлыг хүртэл харж эргэцүүлж, дүгнэлт хийхийг хэлдэг. Анхааралтай хэн нэгнийг ойлгож сонсох нь технологи хөгжсөн өнөө үед маш ховор болсон тухай ч номд дурдсан байдаг.

Магадгүй гар утас байхаас өмнө хүмүүс нэгнээ илүү анхааралтай сонсдог байсан байх. Анхаарлаа яг ярилцаж байгаа хүндээ төвлөрүүлэхгүйгээр гар утсаа оролдох, зурагт үзэнгээ хоорондоо ярихад нэг бүрчлэн ойлгож сонсоогүй гэсэн үг.

Үүнээс болж бид өөрийгөө бусдад ойлгуулж чаддаггүй. Үүнээс болж магадгүй орчин цагийн хүмүүс бидний дунд ганцаардал түгээмэл тохиолдож байж болох юм.

Бусдыг сонсож эсвэл бусдад өөрийгөө ойлгох боломж олгохгүй байсаар ганцаардаж эхэлдэг. Улмаар ганцаардлаас үүдсэн сэтгэл зүйн ямар нэг гутралд амархан автдаг болдог байна.

Тухайлбал, АНУ-д хүмүүс нэг рүүгээ гал нээсэн тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүний ард тухайн хүмүүсийг буудсан этгээдүүд сэтгэцийн ямар нэг асуудал байгаа гэхээс илүүтэй сэтгэлийнх нь гүнд ганцаардал ноёлж байдаг гэж номд өгүүлсэн байна.

Анхааралтай сонсоно гэдэг нь бие даасан шинжлэх ухаан бөгөөд хүний хандлагын нэг том хэлбэр гэж энэхүү бүлэгт томьёолжээ. Бусдыг анхааралтай сонсох нь ярьж байгаа хүнээ ойлгохоос илүү өөрийгөө олж таних боломжийг нээж өгдөг гэж номд өгүүлсэн байна.

Түүнээс гадна хүн эхийнхээ гэдсэнд бүрэлдэн бий болохоос эхлээд л сонсож эхэлдэг бөгөөд хүн байгалиасаа үхэн үхтлээ сонсох үйлдлийг хамгийн их хийдэг гэсэн байна.

Харамсалтай нь бид хамгийн их хийдэг үйлдэл дээрээ тэр бүр анхаардаггүй. Түүний улмаас ганцаардал болон бусад сэтгэл санааны, сэтгэцийн өөрчлөлт гардаг гэжээ. Бусдыг сонсох нь зөвхөн амнаас гарч буй үг бус тухайн хүний чин сэтгэлийг ч олж таних уншиж мэдрэхэд оршиж байдаг.

Та хэнийг ч бүрэн мэддэг гэж ойлгож болохгүй

Хэн нэгнийг бүрэн сайн буюу бусдаас илүү их мэднэ гэж бодож эхлэх мөчид та тухайн хүнээ сонсож чадахаа больдог аж.

Тиймээс бусдыг сайн мэддэг, тэр дундаа ойр дотнын хайртай хүнээ хэзээ ч маш сайн мэднэ гэж огтхон ч бодож болохгүй. Харин ойр дотно байх тусмаа илүү их ярилцаж, илүү их та сонсож ойлгох байх шаардлагатай гэдгийг энэхүү бүлэгт онцолдог.

Нөгөө талаар та өөрийнхөө дотнын хүмүүсийг өөрийгөө сайн мэддэг гэж итгэн өөрийнхөө талаар хуваалцаж, өөрийнхөө санаа бодол, сэтгэлийг ойлгомжтойгоор өгүүлэхээс зайлсхийх тусам таны ойр дотнынхон таныг ойлгож сонсохоо больж эхлэхийг сануулах хэрэгтэй.

Ялангуяа орчинд цаг салалт их байгаа нь хосууд нэг нэгнээ сонсож чадахгүй болсонтой холбоотой гэж олон сэтгэл судлаач нар дүгнэдэг.

Хосуудын гаргадаг түгээмэл алдаа нь олон жил болох тусмаа нэг нэгнээ мэддэг болсон гэж хоосон итгэлээр ярилцахаа зогсоож, харилцаагаа хөргөдөг явдал юм. Учир нь хүн гэдэг нийгмээсээ шалтгаалж үзэл бодол, асуудлыг харах өнцөг нь бага багаар өөрчлөгдсөөр байдаг.

Цаг хугацааны уртад бага багаар өөрчлөгдөж буй байдлаа бие биедээ хуваалцахгүйгээр, тэр намайг сайн мэднэ гэсэн далд итгэлээр улам холдсоор нэг л мэдэхэд огтхон ч ойлголцохоо больсон байдаг гэдгийг номд өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хосууд нэг нэгнээ мэддэг гэх ойлголт нь сонсохгүй, ойлгохыг хүсэхгүй байх үйлдэл гаргахад хүргэдэг гэж хэлж болно.

Нэгэнт сонсож чадахаа больсон бол эргээд сонсож хоорондоо ойлголцдог болоход их хүчин чармайлт шаардах тул анхнаасаа бие биенээ юу мэдэрч, юу бодож байгааг байнга асууж, сэтгэлээсээ ярилцах байхыг зөвлөж байна.

Түүнээс гадна, энэ бүлэгт шинээр танилцаж байгаа хүнийхээ наад захын хэдэн зүйлийг нь мэдээд шууд дүгнэлт хийж болохгүйг сануулсан байна. Ингэж дүгнэлт хийх нь мөн тухайн хүнийг та буруу танихад хүргэх алдаа болох юм.

Бид нэгнийхээ сэтгэл хөдлөлийн шалтгааныг ойлгохыг хичээвэл үл ойлголцол хэзээ ч гарахгүй

Бидний гаргаж буй шийдвэрүүд хүний дотроос гарч буй эмоци дээр тулгуурлаж гардаг. Тиймээс уурлаж, хардах, гомдох зэрэг эмоци гаргаж байгаа хүнд эргэн тайлбар хэлэхээсээ урьтаж биеийн хэлийг сайтар ажиглаж, юу гэж ойлгосондоо тийм үйлдэл гаргаад байгааг нь мэдэх гэж хичээх хэрэгтэйг энэхүү бүлэгт зөвлөсөн байна.

Магадгүй бид уурлаж байгаа хүний оронд өөрийгөө тавьж, яагаад бухимдаад байгаа шалтгааныг нь олж харахыг хүсдэггүй учир сүүлд үл ойлголцол, дэврүү маргаан, үзэн ядалтаар харилцаагаа дуусгадаг байж болох юм.

Бид баярлаж, гомдож сэтгэлийн хөдлөлөө ямар нэг байдлаар илэрхийлж байгаа хүний үгийг маш сайн сонсож, ойлгохыг хичээвэл зөрчилдөөн бага үүсэх нь тодорхой.

Ингэх нь хэтэрхий амархан мэт сонсогдох боловч алхам тутамдаа бид хэрэгжүүлж чадалгүйгээр бусадтай харилцах харилцаандаа асуудал үүсгэсээр л байдаг гэдгийг маш олон жишээгээр тал бүрээс нь тайлбарлан бичсэн байна.

Түүнээс гадна, даруу дуугуй хүн болгон сайн сонсогч байх албагүй. Учир нь хүний зөвхөн ярихыг л сонсоно гэдэг нь тухайн хүнийг ойлгож байна гэсэн үг биш гэдгийг ч мартаж болохгүй.

Мөн хүнтэй ярилцахдаа аль болох яагаад? гэх асуултаас татгалзах нь зүйтэй. Яагаад? гэх асуулт нь зарим хүнд тулгамдсан асуулт болж очдог тул бүрэн дүүрэн сэтгэлийнхээ гүнд байгаа хариултыг тэр бүр гаргаж чадахгүй. Түүний оронд хөнгөн маягаар асууж, биеийн хэлийг нь сайтар ажиглаж, тухайн хүнээ эхлээд сайн ойлгохыг оролдох хэрэгтэй зөвлөжээ.

Цахимд хөвөрч буй сэтгэгдэл олонхынх биш гэдгийг ойлгох хэрэгтэй

Зарим хүн техник технологи хөгжсөн энэ үед заавал биетээр ярилцаж үзэл бодлоо илэрхийлэх шаардлага бий юу гэж асуух байх. Энэ бүлэгт уг асуултад товчхон тайлбарлан бичсэн байна.

Одоо цагт бид олон нийтийн сүлжээгээр дамжуулж санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа ч бодитоор ярилцах нь чухал.

Учир нь олон нийтийн сүлжээнд мэтгэлцэж буй хүмүүсийн 1% нь л зөвхөн өөрийн үзэл бодлоо зоригтойгоор хуваалцаж, бусдадаа нөлөө үзүүлж чаддаг байхад 9% нь дээрх хүмүүсийг идэвхтэйгээр даган дуурайж, тэр үзэл бодлыг нь хуваалцаж сэтгэгдлээ хэлдэг хүмүүс байдаг бол үлдсэн 90% нь чимээгүй ажиглаж байдаг аж.

Тиймээс цахим орчинд хөвөрч буй сэтгэгдэл, үзэл бодлыг массынх гэж ойлгох нь буруу бөгөөд магадгүй нийт хүн амын ердөө 10 хувийг нь л эзлэх дуу хоолой байж магадгүй гэдгийг энэ номд цохон тэмдэглэжээ. Харин массыг эзэлж, төлөөлж буй дуу хоолой нь хүн болгоны сонсохгүй бол олддоггүй зүйл гэж онцолсон байна.

Мөн бусадтай үзэл бодол зөрөлдөх нь таны эсвэл тухайн санал зөрөлдөж буй хүний аль нэгийнх нь буруу гэсэн үг биш. Ингэж санал зөрсөн хүнээ ойлгож сонсож чадвал асуудлыг илүү олон өнцгөөс олж харж, зөв шийдвэр гаргах ач холбогдол өндөртэйг сануулжээ.

Энэ мэтээр сонсох ур чадвар хүний амьдралд ямар чухал нөлөөтэй болохыг "You're not listening" номоос илүү дэлгэрэнгүй уншаарай.