Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 5
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 96: АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн түүх (Хоёрдугаар хэсэг)

Зураг

Америкийн Нэгдсэн Улсыг найман жилийн хугацаанд тэргүүлсэн Барак Обамагийн бичсэн"A Promised land" номын тэмдэглэлийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна. Нэгдүгээр хэсгийг уншихыг хүсвэл энд дарна уу.

"A Promised Land" номыг сонсох: (Хоёрдугаар хэсэг)

“Үзүүлээд өглөө”

АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараахан Барак Обама эрүүл мэндийн салбарын хуулийг шинэчлэн батлуулахаар шийджээ. Тухайн үед нэгдсэн улсын эрүүл мэндийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 18-20 хувьд хүрсэн, үйлчилгээний төлбөр өндөртэй байв. Эрүүл мэндийн даатгалгүй л бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь дааж давшгүй өрөнд унахтай адил байдаг энэ улсад 43 сая иргэн нь амьжиргааны түвшин доогуур, даатгуулах хэмжээний мөнгөгүй зэргээсээ үүдэн даатгалд хамрагдаагүй байжээ. Үүнийг өөрчлөх нь Обамагийн зорилго байлаа.

Хууль батлуулахад дээд, доод танхимаар зөвшөөрөгдөх ёстой. Гэтэл дээд танхимд түүний алхам бүрийг шахам шүүмжилдэг эсрэг намын гишүүд зонхилсон байв. Энэ үед ихэнх судлаач Обамаг бүтэхгүй зүйл эхлүүлж байна гэж үзэж байсан ч тэр зорьсондоо хүрч, 2010 оны гуравдугаар сарын 21-нд хуулиа батлуулсан байна. Тухайн хуулийг “Obama care” хэмээн нэрийдэх болсон билээ. Ингэснээр даатгуулж чадаагүй буюу амьжиргааны түвшин доогуур хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг нээж өгснөөр 20 сая гаруй хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тооцоолол бий.

 

Мөн энэ үед болсон өөр нэгэн онцлох үйл явдал бол АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр анх удаа латин америк гаралтай эмэгтэй томилогдсон явдал байв. Барак Обама Дээд шүүхийн шүүгчээр Соня Сотомайорыг томилох санал оруулж, батлуулсан нь ийнхүү түүхэнд бичигдсэн бөгөөд энэ талаараа тэрбээр номдоо дурсахдаа түүхэн үйл явдлын гэрч болсондоо сэтгэл их догдолсон хэмээжээ.

Дэлхийг байгаагаар нь хүүрнэе

Барак Обама Ерөнхийлөгчийн албаа хүлээн авснаасаа хойш удаагүй байхдаа буюу 2009 онд Нобелийн энх тайвны шагнал авав. Энэ тухайгаа тэрбээр “Нэр хүндтэй уг шагналыг авсан бусад эрхэмтэй өөрийгөө харьцуулахад би юу ч хийгээгүй хүн. Тиймээс миний хийсэн зүйлийн төлөө биш, хийх зүйлийн төлөө өгч буй шагнал гэж бодсон. АНУ-ын Ерөнхийлөгч хэмээх байр сууринаас дэлхийн энх тайвныг тогтооход миний үүрэг их байгааг сануулж байна гэж хүлээж авсан” гэжээ. 

Түүнийг албаа хүлээн авснаас нь хойш санааг нь чилээж байсан гурван улс нь Иран, Орос, Хятад байв. Иран цөмийн зэвсэг нууцаар хийж байсан тул түүнийг нь зогсоохоор хориг арга хэмжээг авч байсан ч бусад томоохон улс буюу Хятад, Орос зэрэг орон Ирантай худалдаа хийсээр байсан тул АНУ-ыг Иран төдийлөн тоохгүй байв.

Иймд Орос, Хятадтай харилцаа тогтоож, хориг арга хэмжээндээ нэгтгэх ёстой гэж бодож, Орос руу анхны айлчлалаа хийжээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байсан В.И.Путинтэй уулзахад хоёр цагийн турш дургүйцлээ илэрхийлсэн утгатай зүйлс хэлж байсан ч эцэст нь зөөлөрч, хоёр улсын харилцааг эерэгжүүлэхэд анхаарахаа В.И.Путин илэрхийлжээ.

Зорилгоо гүйцэлдүүлэх дараагийн зогсоол нь Хятад байлаа. Хэдийгээр АНУ, Хятад найрсаг харилцаатай мэт харагдавч угтаа зөрчилтэй байсныг Барак Обама номдоо өгүүлжээ. Түүний айлчлалын багийнхан хятадуудыг нууцаар зураг, бичлэг хийхээс сэргийлэн дотуур хувцастайгаа усанд орж, хувцастайгаа унтдаг байжээ. Харин Засгийн газрын холбогдолтой гэрээ хэлэлцээр, албаны яриа ярихдаа зочид буудлынаа өрөөн дотор дуу тусгаарлагч, сарниулагчтай майхан барьж, ордог байв.

Нэгэн удаа Обамагийн туслах өрөөндөө юмаа мартаад эргэж ортол ширээнийх нь дэргэд хар хувцастай хоёр хүн баримт материалуудыг нь хээвнэг үзээд зогсож байжээ. Учрыг нь лавлахад эгцэлж ч харалгүй, хоёр этгээд өрөөг орхисон байна.

Барак Обама олон талаар ярилцсаны үр дүнд Хятад, Орос хоёр АНУ-тай нэгдэн, Ираны эсрэг худалдааны хориг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн энэ бүлэгт дэлхийн дулаарлын эсрэг, хүлэмжийн хийг бууруулахаар улс орон бүр гэрээ байгуулжээ. АНУ-ын хувьд гэрээний биелэлтээ хүрэхэд тун хол байв. Обама нүүрстөрөгчийн хийг бууруулахын тулд 800 тэрбум төгрөгийн сан үүсгэж, сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжиж, эрчим хүчний хэрэглээнд стандартууд тогтоожээ.

Торхон дотор

2010 он Барак Обамагийн хувьд хүндхэн жил байв. Ерөнхийлөгч болсон хоёр дахь жилээ тэрбээр “Яг л дүүрэн устай торхон дотор байгаа жижигхэн хүн мэт байсан. Арай гэж толгойгоо гаргамагц, дахиад л давлагааны ус орж ирж, далайд торхтойгоо эргэлдэнэ” хэмээн дүрсэлжээ. 

Эдийн засаг сайжрах төлөв ажиглагдсан ч иргэдийн амьдрал төдийлөн дээрдээгүй тул түүнийг шүүмжлэх хүн маш их байв. 2010 оны 3, 4, 5 дугаар сард ажилгүйдлийн түвшин буурснаар байдал сайжирч байсан ч Европын холбооны нөхцөл байдал хүндрэв. Ялангуяа Грек улсын байдал хүндэрч, өрийн дарамтад орсон билээ. Ерөнхийлөгч асан Обама тухайн үед Европын холбооны улсуудын эрх баригчидтай ярилцаж, Грекийг аврахыг ятгаж байжээ. Арайхийн сэргэж байсан нэгдсэн улсын эдийн засаг Грек дефолт болсноо зарлахад дахин уналтад оров. Өөрөөр хэлбэл, дөнгөж л амьсгаа авах төдий болж байхад түүнд дараагийн давлагаа ирсэн нь энэ юм.

 

2010 оны дөрөвдүгээр сарын 20. Мексикийн булан дахь нефтийн цооног дэлбэрч, цоорсноор далайд хэдэн сая баррель газрын тос асгарав. Өдөрт л дунджаар 10 мянган баррель нефть асгарч байсан гэх тоо бий. Энэ нь жирийн нэг хоолой задарсан осол биш бөгөөд дэлхийн гүнээс оргилж байсан учир томоохон бүрэлдэхүүн ажиллан 87 өдрийн дараа цооногийг бөглөжээ.

Хоёр жилийн турш хийсэн ажлаа дүгнэхдээ тэрбээр “Би хийсэн зүйлдээ огт харамсаагүй. Бид 20 сая хүнийг эрүүл мэндийгн даатгалтай болгосон. Дэлхийн эдийн засгийн хямралыг шийдсэн. Нефтийн алдагдлыг ч шийдсэн. Энэ мэтчилэн олон зүйлийг шийдсэн. Гэхдээ нэг л зүйл хийж чадаагүй нь ард иргэддээ ойлгуулж чадсангүй. Түүнд л харамсаж байна” гэжээ. 

Олсон дээгүүр

Номын долдугаар бүлэгтээ Барак Обама бүс нутаг, үндэстэн хоорондын мөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэж байсан талаараа өгүүлжээ. Үүнээс Осама Бен Ладеныг хэрхэн устгасан талаархыг онцолъё.

2010 оны есдүгээр сард Осама Бен Ладены байршлыг АНУ-ын нууц албаныхан баримжаалсанаа Ерөнхийлөгчдөө мэдэгдэв. Нью Йорк хотод террорист халдлага гарснаас хойш арваад жил хаана байгаа нь огт мэдэгдээгүй байсан түүнийг Пакистан улсын нийслэлээс хойд зүгт 56 км зайд орогнож байж болзошгүй гэжээ. Нууц албаныхны мэдээлснээр "Давхар ханатай харшид таван эмэгтэй, 20 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдийн нас нь Осама Бен Ладены хүүхдүүдтэй ойролцоо, мөн нэг өндөр хүн өдөр бүр 5-10 минут алхдаг" хэмээжээ.  

 
Осама Бин Ладены орогнож байсан газар, Абботтабад хот, Пакистан улс

Хэрхэн амжилттайгаар баривчлах төлөвлөгөөг боловсруулж, 2-3 сар бэлтгэсний эцэст агаараас ганцхан хүнийг онилон цохилт хийх боломжтой болов. Ингэснээр 2011 оны тавдугаар сарын 2-ны шөнө тусгай албаны 23 хүн, хоёр нисдэг тэрэгтэйгээр гэнэтийн дайралт хийж, Осама Бен Ладен мөн болохыг батлан, хөнөөж, цогцосыг нь авч явжээ. Энэ ажиллагаа 20-30 минутад үргэлжилсэн байна.

Ажиллагаа амжилттай болсноор Осама Бен Ладеныг устгасан гэдгийг Барак Обама дэлхий даяар зарлав. Үүнийг тэрбээр “Ерөнхийлөгч болсноос хойш би зөв зүйл хийсэн биздээ гэж асуух шаардлагагүйгээр хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн анхны зүйл байсан” хэмээн номдоо тэмдэглэжээ.