Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 13
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 93: АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн түүх-"A Promised land"

Зураг

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “A Promised land” ном 11 дүгээр сарын 17-нд худалдаанд гарав. Найман жилийн хугацаанд нэгдсэн улсыг тэргүүлсэн түүний түүх худалдаанд гарсан эхний өдрөө л 887 мянган хувь борлуулагдсан нь эхнэр Мишель Обамагийнхаа “Becoming” номын борлуулалтын дээд амжилтыг эвджээ.

“A Promised land” нь долоон бүлэг, 768 хуудастай. Иймд Unlock подкастын хамт олон хоёр хуваан сонсогчдодоо хүргэж буй юм. Энэ удаагийн дугаарт эхний гурван бүлгийг сонсогчдоо хуваалцаж байна. 

"A Promised land" номыг сонсох: (нэгдүгээр хэсэг)

Бооцоо 

Барак Обама номынхоо эхний бүлэгт өөрийн бага нас болон оюутан цаг үе, улс төрийн замналаа хэрхэн эхлүүлсэн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. 

Эцэг, эхийнх нь хамтын амьдрал урт үргэлжлээгүй бөгөөд бага Обама нагац эмээ, өвөөтэйгөө хамтдаа амьдарч, бага насаа Хавайн аралд өнгөрүүлсэн. Эмээ, өвөө нь улс төр сонирхдоггүй энгийн хүмүүс байсан бол ээж нь улс төр, нийгмийн асуудлын талаар хүүдээ тайлбарлан өгч, өөрөө иргэний хөдөлгөөнд оролцож, дуу хоолойгоо илэрхийлдэг нэгэн байв. 

Бага, дунд ангидаа төдийлөн сайн сурдаггүй байсан ч Обама аравдугаар ангиасаа эхлэн сонгодог уран бүтээлүүд болон өөрийн сонирхсон сэдвийн номыг ихээр унших болсноор сурлага нь сайжирчээ.

Тэрбээр ном их уншдаг болсон маань их сургуульд ороход томоохон түлхэц болсон хэмээн номдоо дурджээ.

1979 онд Лос Анжелес хот дахь коллежид элсэн орж, хоёрдугаар курсээсээ Колумбын их сургуульд шилжив. Энэ үеэс л улс төр сонирхох болж, хувьсгал хийсэн хүмүүсийн түүхийг шимтэн унших болжээ.

Колубмын их сургуульд суралцсан гурван жилийн хугацаанд Барак хичээлээс өөрийг боддолгүй ном их уншиж, хичээлдээ шимтэн суралцдаг байв. Халуун хоол идээгүй хэдэн сарыг өнгөрөөсөн байх тохиолдол ч байжээ.

Энэ талаар эргэн дурсахдаа "Тэр үед эргэн очвол би хичээлдээ тэгэж их шунаж хийхгүй байсан. Түүний оронд хүмүүстэй танилцаж, зугаа цэнгэлд цаг гаргах байсан" хэмээн номдоо өгүүлсэн байдаг. 

Сургуулиа төгсөөд тэрбээр Чикаго хотод сайн дурынхны нийгэмлэгт ажиллаж байгаад 1988 онд Харвардын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалахаар ирэв. Тэрбээр багшийн асуулт бүрт хариулахыг оролддог идэвхтэй оюутан байлаа. 

Сургуулийнхаа зуны дадлагыг АНУ-д алдартай хуулийн фирм "Sydley Austin"-д хийхээр болж, энд ирээдүйн эхнэр Мишельтэй танилцсан билээ. 

Харвардад магистрын зэргээ хамгаалсны дараа түүнд ажлын олон санал ирсэн ч Чикаго хотод хүний эрхээр дагнасан жижиг хуулийн фирмд ажиллах болов. Улс төр их сонирхож байсан тэрбээр 1996 онд Иллиной мужийн 2 дугаар дүүргийн төлөөлөгч болохоор өрсөлдөн, сонгогдсоноор улс төрийн замналаа эхлүүлэв.

Тийм ээ, Бид чадна

Барак Обама 2007 оны хоёрдугаар сарын 10-нд 15 мянган хүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намын сунгаандаа оролцоно гэдгээ зарлав. 

Кампанит ажлаа Барак Обама Айова мужаас эхлүүлж, өдөрт 15-16 цагийн турш уулзалт хийх, үг хэлэх, хандив цуглуулах гэх мэтээр ажиллаж байжээ. Үүний хажуугаар олон чиглэлийн номууд уншиж, Ерөнхийлөгч болоход суралцсаар байв. 

Барак Обама бага, дунд орлоготой хүмүүсийн төлөө ажиллана гэдгээ анхнаасаа тодорхой илэрхийлж байсан бөгөөд хандив өгч буй томоохон компаниудад “Би ерөнхийлөгч болбол та бүхний эрх ашгийг хамгаалж чадахгүй. Энэ мөнгөө улс орныхоо сайн сайхны төлөө өгч байна гэж бодоорой” гэж хэлдэг байв.

Хугацаа өнгөрөх тусам Барак Обамад томоохон компани, хандивлагчид бус асар олон жирийн иргэд хандив өгөх болж, кампанит ажлыг дэмжиж буйгаа илэрхийлдэг болжээ.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хиллари Клинтон байсан бөгөөд хэд хэдэн удаагийн мэтгэлцээн, кампанит ажлын үр дүнд Обамагийн чансаа нэмэгдэж байлаа. 

2008 оны нэгдүгээр сарын 3-нд Айова мужид сунгаа болоход Барак Хиллариг 8 хувиар илүүрхжээ. Үүнээс тав хоногийн дараа Нью Хэмпшейрт сунгаа болоход тэрбээр ялагдав. 

Өөрийг нь дэмжиж цугласан 1,700 хүний өмнө Барак Обама ялагдлын илтгэл тавихаар зогслоо. Тэрбээр “Бидний зам дардан биш байх нь. Гэхдээ өөрчлөлтийг хүсэж байгаа сая сая хүний дуу хоолойг хэн ч зогсоож чадахгүй. Тийм ээ, бид чадна” гэсэн нь хүмүүст урам зориг өгч, уур амьсгалыг бүхэлд нь эргүүлжээ.

Үүний дараагаар Барак Обама өөрийгөө Ерөнхийлөгч байж чадах хүн гэдэг илтгэлийг олж авчээ. Дараа дараагийн олон мужид болсон сунгаанд ялснаар Барак Обама АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч болохоор Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулснаар нэгдсэн улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болсон билээ. 

Сонирхуулахад, Барак Обама анх сенатад сонгогдохдоо Хиллари Клинтон шиг сенатч болох юмсан гэж зорьж байснаа номдоо өгүүлжээ. 

“Урвагч”

2008 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар өөрийн багийг бүрдүүлж эхлэв.

Санхүүгийн зах зээл хямарч, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед Сангийн сайд болон дэд сайдаар Билл Клинтоны үед уг албыг хашиж байсан хоёр хүнийг авчирч, багаар нь ажиллуулахаар болжээ.

Батлан хамгаалахын сайдаар туршлагыг нь харгалзан Бүгд найрамдах намын хүнийг томилов. Харин Төрийн нарийн бичгийн даргаар Хиллари Клинтоныг сонгосон билээ. 

Энэ мэтчилэнгээр кабинетаа бүрдүүлэн уулзахдаа Ардчилсан нам ба өрсөлдөгч намын төлөөллийг нэгтгэн багаа бүрдүүлж чадсан гэдэгтээ итгэлтэй байв.

2009 оны нэгдүгээр сард Обама Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр явлаа. Ингэхэд хамгаалалтын албаныхан террорист халдлага болох магадлалтай байна гэсэн тул хэлэх үгээ хоёр янзаар бэлдэхийг зөвлөжээ.

Тодруулбал, тухайн өдөр террорист халдлага болбол хэлэх үг, халдлага гараагүй бол хэлэх үг хэмээн хоёр хувилбар илтгэлээ бэлдэн, тангаргаа өргөхөөр явжээ. Азаар энэ өдөр ямар нэг аюултай зүйл бололгүй, тайван өнгөрсөн билээ. 

“Намайг Ерөнхийлөгч болсны дараа хүн бүр миний нэрийг мартсан мэт санагдсан. Бүгд намайг нэрээр минь биш Ерөнхийлөгч өө л гэдэг байлаа. Би яг л нэргүй мэт болсон” хэмээн номдоо дурсжээ. Мөн өрөөнд ороход бүгд нэгэн зэрэг босож, хүндэтгэдэг байсан нь дасахад бэрх байсан аж. 

Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал хамгаас чухал тул нууц албаныхан түүний үйлдэл бүрийг бүртгэж, урвагч гэх нууц нэртэй болгожээ. 

Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хүлээн авахад эдийн засаг хямарч, олон мянган ажлын байр үгүй болсоор байв. 2008 оноос эхлэн энэхүү хямралыг яаж зогсоох, сэргээх талаар хуулийн төсөл боловсруулж эхэлсэн Барак Ерөнхийлөгч болсныхоо дараахан хуулийн төслөө Конгресст хэлэлцүүлж, батлуулсан байна. 

Харин энэхүү хуулийн хэрэгжилт үр дүнг харахын тулд стресс тест хийж үзсэн бөгөөд энэ нь банкуудыг ямар хэмжээний хүндрэлийг даван туулах боломжтой талаар болон хүндрэлийг даван туулахад ямар хэмжээний дэмжлэг хэрэгтэй талаар судлах юм. 

Эхэлсэн хугацаанаасаа 3-4 сарын дараа стресс тестийн үр дүн гарч, шаардлагатай арга хэмжээг авснаар эдийн засаг сэргэж эхлэв.

Эдийн засгаа аврахаас гадна Ерөнхийлөгчийн хийх ёстой өөр нэг ажил бол өөрийн улс орны иргэдийн аюулгүй байдлыг хангах юм хэмээн номдоо цохон тэмдэглэжээ.