Индэр    
2020 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 89: Тэд яаж Харвардад тэнцсэн бэ?

Зураг

Уншигчдынхаа амралтын өдөрт зориулж Unlock подкастынхаа энэ удаагийн дугаарт гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна.

Энэхүү номд мөрөөдлийн сургууль болох Харвардад тэнцэж чадсан 50 элсэгчээр жишээлж, зөвлөгөө хүргэсэн байдаг.

2009 онд нийт 22,796 хүн Харвардад орохоор өргөдөл өгч байжээ. Үүнээс 2,074 оюутан буюу нийт өргөдөл өгсөн оюутнуудын 9.1% нь л тэнцсэн гэх тоо баримт байдаг. Энэ нь элсэх хүсэлтэй 11 хүүхэд тутмын нэг нь л тэнцсэн гэсэн үг юм.

Номын тухай шууд сонсох:

Харвардад элсэхэд хэрэгтэй найман төрлийн стратеги

1. Авьяас чадвараараа байлдан дагуул

Харвардад элсэхдээ авсан гавьяа шагналуудынхаа материалыг өргөдөлдөө хавсаргах хэрэгтэй. Энэ бүлэгт авьяас чадвараараа “од” буюу гоц авьяастай хүүхдүүдийн талаар өгүүлнэ.

Гоц авьяастай хүүхдүүд маш шаргуу хөдөлмөрч, хувийн сахилга баттай байдаг бөгөөд улсын болон олон улсын спорт урлагийн тэмцээн уралдаануудаас бүх шагналуудыг нь түүчихсэн байдаг. Гэхдээ гоц авьяастай байх нь Харвардад элсэхэд хангалттай биш юм.

Спорт, урлагийн авьяастай хүүхдүүд элсмээр байгаа сургуулийнхаа дасгалжуулагчтай нь холбоо тогтоож, өөрийгөө танилцуулах хэрэгтэйг зөвлөж байна.

Харвардын элсэлтийн комисс ганцхан авьяас чадвар бус хандлага зэргээс эхлээд Харвардын оюутан байхад нүүр улайхааргүй өв тэгш хүүхэд эсэхийг нь ч хардаг учраас тэр талаа ч бас мартагдуулахгүйгээр илэрхийлэх нь зөв. Ядаж их сургуульд орох эсээндээ өөрийнхөө хандлагыг сайн илэрхийлээгүй юм гэхэд ярилцлагад орохдоо харуулах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Энэ бүлэгт АНУ-ын Үндэсний мэтгэлцээний аварга нэгэн хүүгийн түүхээр жишээлэн тайлбарлах бөгөөд тухайн хүүхэд өөрийн түрүүлсэн тэмцээн уралдаан, байр гавьяа шагналынхаа талаар бус гэр бүлийнхээ талаар бичсэн эсээндээ дурдаж өгсөн нь Харвардын элсэгчийн комиссын сэтгэлийг хөдөлгөсөн тухай номд өгүүлнэ.

АНУ-ын Үндэсний мэтгэлцээний аварга, Харвардын оюутан болж нэгэнт чадсан хүү шинээр элсэхээр зорьж буй хүүхдүүдэд “Ямар ч коллеж ул суурьтай, төлөвшсөн хүүхэд хайж байдаг. Тиймээс дуртай зүйлийнхээ төлөө чи ямар нэг золиос гаргах чадалтайгаа харуулах нь хамгийн чухал” хэмээн зөвлөжээ.

2. Хийж байгаа зүйлдээ дурлаж, дүрэлзсэн хүсэл тэмүүлэлтэй бай

Аливаа хийж байгаа зүйлдээ хүсэл эрмэлзэлтэй байж, түүнийхээ дотор нь орж уусах, түүнийгээ ямар нэг зүйлээр харуулах ёстой. Ингэхийн тулд өөрийнхөө дуртай зүйлээ өөрөөсөө асуух хэрэгтэй.

Тодруулбал, юунд илүү цаг зарцуулж, юуг чин сэтгэлээсээ хандаж хичээж хийж байгаагаа анзаар. Тэгж чадвал ямар зүйл хийж чадах, ямар хүсэл эрмэлзэлтэй байгаа чинь тодорно. Гэхдээ тэр зүйл чинь заавал хичээл байх албагүй гэдгийг сануулъя. Өөрийн үнэхээр хүсэл эрмэлзэлтэй байдаг зүйлээ тодорхойлж, түүнийгээ томоохон их сургуульд элсэхдээ бичиж буй эсээнийхээ гол сэдэв болгохыг зөвлөж байна.

Энэ бүлэгт АНУ-д төрсөн, хятад гаралтай хүүхдийн Харвардад хэрхэн тэнцэж чадсан тухай түүхийг өгүүлдэг. Түүний түүхээс хичээл сайн хийхээс гадна нийгмийн өндөр идэвхтэй гэдгээ харуулах хэрэгтэйг ойлгож авна.

АНУ-ын шилдэг их, дээд сургуулиуд шинээр оюутан элсүүлэхдээ бусад орны жишгээс ялгардаг зүйл нь ХАНДЛАГА ямар байгааг чухалчилдаг явдал.

Өөрөөр хэлбэл, хичээлдээ маш сайн байна гэдэг нь тухайн сургуулийн оюутан болох шалгуур биш. Элсүүлэгчид тухайн элсэхээр ирж буй хүүхдүүд хувь хүний хувьд ямар хүн бэ, юугаар манлайлдаг вэ, ямар хүсэл эрмэлзэлтэй вэ гэдгийг илүү анхаардаг.

3. Цогц эрдэм мэдлэг

Энэ бүлэгт ямар нэг олимпиадын эсвэл урлаг, спортын гавьяа шагналтай биш ч өөрийгөө маш олон талаар хөгжүүлсэн хүүхдүүдийн баримтлах ёстой төлөвлөгөө багтана.

Ийм төрлийн хүүхдүүд ямар нэг ахисан түвшний хичээлүүдийг сонгон суралцдаг бөгөөд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог, маш онц сурлагатай хүүхдүүд байдаг хэмээн номд өгүүлжээ.

Энэ төрлийн хүүхдүүд Харвардын их сургуулийн оюутнуудын дунд нийгмийн үйл ажиллагааны гол багана тулгуур болж явдаг гэж үзэж элсэлтийн комисс нь хайдаг аж.

Тэдэнд өгөх зөвлөгөө нь, өөрийгөө янз бүрийн зүйл чаддаг гэдгээ элсэлтийн комисст илэрхийлэхийг хичээгээрэй. Ингэхдээ нэг зүйлийг нь илүү сайн хийдэг мэтээр онцлон дөвийлгөлгүй өөрийгөө цогцоор хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй.

Хамгийн чухал нь олон талаар өөрийгөө хөгжүүлж байсан чинь хоорондоо ямар уялдаа холбоотой байсныг бичих эсээндээ тайлбарлах хэрэгтэй.

Түүнчлэн ахисан түвшний хичээлүүдэд шамд. Ингэснээр чи өөрөө хичээл зүтгэл гаргавал юу хийж чадахаа харуулах ёстой гэсэн санааг гуравдугаар стратеги болгон номд бичсэн байна.

4. Манлайлах хэрэгтэй

IQ өндөртэй, маш онц сурдаг нь ч Харвардад тэнцэж орох шалтгаан дангаараа болж чадахгүй.

Манлайлах хэрэгтэй гэхээр олон хүн 10 жилийн хүүхдүүд юугаараа манлайлах билээ дээ гэж ойлгож болох юм. Гэхдээ манлайлал гэдэг нь нийгмийн идэвхтэй, санаачилгатай бусдад үлгэр дуурайл болон оролцож байгаа жишээ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Манлайлал олон төрлийн хэлбэртэй байж болох бөгөөд заавал бусдыг удирддаг хүн манлайлагч гэсэн үг биш гэдгийг санаарай.

Харвардад элсэх хүсэлтэй өргөдлөө өгөхдөө аливаа хийж буй зүйлээрээ үлгэр дуурайлал болж өөрийнхөө өргөдөл дээр товойлгон гаргах хэрэгтэй талаар энэ бүлэгт өгүүлсэн байдаг.

Мөн эсээндээ өөрийнхөө хэзээ ч дахин давтагдашгүй хичээл зүтгэл гаргаж, түүнийхээ ард гарч байсан түүхээ бичиж болно гэж зөвлөсөн байна.

5. Бэрхшээлээс боломжийг олж хар

Хүн бүрт ямар нэг бэрхшээл тохиолдсон байдаг. Харин түүнийгээ даваад гарсныхаа дараа тохиолдсон бэрхшээл болгон чинь чамайг улам хатуужуулсан байх болно. Магадгүй чиний даван туулсан бэрхшээл эргээд чамайг хэн болох талаарх асуултын хариултыг өгөх болно хэмээн номд бичжээ.

Тиймээс элсэхдээ бичих эсээндээ өөрт тохиолдсон үйл явдлаас гарсан сонирхолтой түүхийг бичиж болох талаар санаа өгсөн байна. Энэ маягаар эсээ бичих нь өөрийгөө хэдэн мянган элсэгчээс илүү тодруулж харуулах болом байх болох юм.

Учир нь энэ бүлэгт, дандаа АНУ-ын нэр хүндтэй ахлах сургуульд сурч байсан хүүхдүүд Харвардад элсэн орж чаддаггүй. Харин ч эсрэгээрээ янз бүрийн гарал үүсэлтэй, хувь хүнийхээ хувьд ур чадварын онцлогтой, ядуу буурай орнуудаас Харвардад элсэж орох боломж их бий гэсэн санааг илэрхийлжээ.

Ялангуяа, буурай орны оюутнууд Харвардад тэтгэлгээр сурах боломж нь өндөр байдаг аж. Үүнийг тус сургуульд тэнцсэн, солонгос гаралтай АНУ-ын цагаач нэгэн охины жишээгээр тайлбарласан байдаг.

6. Бусдаас ялгарсан эсээ бичих хэрэгтэй.

Бусад өндөр, төгс оноо авч байгаа хүүхдүүдийн хэмжээнд хүрэхгүй байсан ч түүнийхээ дутууг өөр нэг зүйлээр нөхөх хэрэг эсээнд гарах боломжтой. Магадгүй энэ гадаад оюутнуудад хамгийн чухал боломжийн нэгээр тооцогддог. 

Шилдэг сургуулийн оюутан болохын тулд эсээндээ өөрийгөө өрсөлдөгч хэдэн мянган хүүхдээс онцгой гэдгийг харуулж бичих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн амьдардаг улс орон, нийгмийн байдал зэрэг өгүүлбэр бичихгүй байх хэрэгтэй.

Учир нь элсэгчдийн комисст чиний амьдардаг газар, иргэншил огтхон ч чухал биш. Чамайг ямар улсын иргэн гэдгээс үл хамааран чи яг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг л элсэгчид эсээнээс харахыг оролдоно.

Сайн эсээнд ямар нэг тодорхойлсон дүрэм гэж байдаггүй. Мөн эсээг нэг удаа шууд бичээд дуусгах нь хангалтгүй бөгөөд маш олон удаа давтаж, засаж сайжруулах шаардлагатай.

Нэг өдрийн дотор бичсэн эсээ хэзээ ч хүний сэтгэлд хүрэхээр сайн эсээ болж чадахгүй гэдгийг Харвардын сургуулийг төгсөгч зөвлөж байна.

АНУ-д Харвардад элсэх эсээ бичсэн хүүхдүүдийн зарим нь 7-8 удаа, 2-3 сар бичиж байж 400 үгэнд багтаасан тухай баримт бий.

Тэгвэл Монгол сурагчдын хувьд, "унаган" Англи хэлтэй биш учир сайн эсээ гаргахын тулд гурван сараас ч илүү хугацаа зарцуулах шаардлага бий болно.

7. Танил талаа ашигла

Танил тал гэхээр арын хаалга гэсэн үг огтхон ч биш. Энэ нь Харвардын элсэгчдийн ажилчид, төгсөгчидтэй холбоотой тогтоож туршлага судлах хэрэгтэйг хэлж байгаа юм.

Элсэгчдийн комиссоос сургуульд элсэхийн тулд юу хэрэгтэй талаар асуух, төгсөгчидтэй уулзах нь чамайг үнэхээр Харвардад орох чин хүсэл байгааг илтгэнэ.

8. Өөрийн дууг заавал хүргээрэй, ялахын төлөө зүтгээрэй

Энэ бүлэгт өргөдлийг нь хүлээж авч, шийдвэр гаргадаг хүмүүстэй харилцах, тухайн сургуульд зочлох зэрэг бүх боломжийг ашиглах хэрэгтэйг зөвлөжээ.

Хамгийн чухал нь эртнээс зорилго тавьж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Харвардад тэнцэх нь нэг жилийн л хөдөлмөрийн асуудал биш аж.

Мөн интернэтийг илүү сайн ашиглаж өөрт хэрэгтэй мэдээллээ сайн олж авахыг зөвлөжээ.

"Тэд яаж Харвардад тэнцсэн бэ?" номоор дамжуулж хүүхэд нь заавал онц сурдаг, өндөр дүнтэй байх албагүйг олж хараарай.

Гадаадын нэр хүндтэй их сургуулиуд нийгмийн идэвхтэй, IQ өндөртэй, академич түвшний мэдлэгтэй, тууштай зан чанартай, төлөвшсөн хүүхдүүдийг сонгож авахын тулд олон талаас нь дүгнэж байдгийг ойлгох болно.

Сурагчид зөвхөн дүнгийн төлөө бус олон талт байдлаар хөгжүүлэх нь зөв гэдгийг уг номоос дэлгэрэнгүй уншиж, танилцаарай.