Индэр    
2020 оны 10 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цар тахлын үед 13%-ийн өсөлт үзүүлсэн ХАА салбар экспортын бүтцэд өөрчлөлт оруулж чадах уу?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үед хөдөө, аж ахуйн салбарт л өсөлт гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс бодитоор 13% өсөж, хамгийн өндөр бүтээмжийг бий болгоод буй.

Ингэхдээ бүр манай улсын экспортын 90 хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбараас ч илүү бүтээмжийг бий болгосныг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн багийнхан онцолж байв.

Нийт экспортын 10 хувийг уул уурхайн бус салбар эзэлж, үүний 60-70 хувийг нэмүү өртөг шингээгүй түүхий эд болох ноос ноолуур, амьтны үс, хялгас эзэлж байгаа одоогийн нөхцөлд ХАА салбараас юу экспортлох, хэрхэн нэмүү өртөг шингээх, энэ чиглэлд салбарын яам болон олон улсын байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг сурвалжилсан юм.

ХАА салбараас юу экспортлох бодлого барьж байгаа вэ?
Гэрэл зургийг Mpa.mn

Тал нутагт нь 90 сая толгой мал бэлчиж байгаа манай улсыг дэлхий махны томоохон бэлтгэн нийлүүлэгч гэж харж буйг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун онцолж байв.

Дэлхий дахин манай улсыг махны томоохон бэлтгэн нийлүүлэгч гэж харж байна

Мөн тэрбээр "Махны экспортын чиглэлд жилээс жилд ахиц гарч байгаа. Махыг хэд хэдэн янзаар гаргаж байна. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах, гүн хөлдөөсөн адууны мах гэх мэт. Өнгөрсөн жил 58.6 мянган тонн мах экспортолсон бол ирэх дөрвөн жилд 150 мянган тоннд хүргэхийг зорьж байгаа.

БНХАУ-руу гурил экспортлох асуудал сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, яриа хэлэлцээ хийгдэж, сая БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Чанар, хорио цээрийн яамны төлөөлөл нь багтаж ирээд "Улаанбуудай болон хөх тарианы гурилын хорио цээрийн протокол"-д гарын үсэг зурсан.

Одоогийн байдлаар гурилын үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний түвшинд хүрч байгаа бөгөөд үйлдвэрлэлээ нэмэгдүүлбэл БНХАУ-руу гурил экспортлох гарц нээгдсэн гэсэн үг.

Гурилын үйлдвэрүүдийн хувьд дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд жилдээ нэг сая орчим тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Тиймээс улаанбуудайн тариалалтаа нэмэгдүүлэн ирэх дөрвөн жилд гурилын экспортоос тодорхой хэмжээний орлого олно гэж тооцож байгаа.

Түүнчлэн хүнсний ногоонууд дундаас төмсийг экспортлох боломжтой гэж харж байгаа. Гэхдээ төмс хэлбэрээр нь биш, нэмүү өртөг шингээн, цардуул үйлдвэрлээд экспортлох юм. Тиймээс цардуулын хоёр үйлдвэр барихаар олон улсын байгууллагын зээл, тусламж хөөцөлдөж байгаа.

Газар тариалангийн үйлдвэрлэл уринш, улаанбуудай гэсэн сэлгээтэй явдаг. Уриншид өнжиж байгаа талбайдаа төмс тарьчихвал хөрсийг азотоор баяжуулж, дараа жилийнхээ улаанбуудайн ургалтад ч эерэг нөлөө үзүүлнэ" гэдгийг хэлсэн юм.

Малчны хотон дахь мах, сүүг хэрхэн экспортын шаардлага хангах бүтээгдэхүүн болгох вэ?
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн Биндэр сумын малчин өрхийн сүү, ХУД-т хашаандаа жимс тариалдаг айлын чацаргана, Сэлэнгийн шаамар сумын зөгийн балыг экспортын шаардлага хангах бүтээгдэхүүн болгох үйл явц хэрхэн өрнөж байгааг жишээгээр танилцуулъя.

Жишээ 1: Сүүг хатаасан аарц болгож, БНХАУ-руу албан ёсоор экспортолж байна

Хэнтийн аймгийн Биндэр сумын малчин өрх үнээгээ саагаад сүүгээ сумын төвд байрлах "Сүү татан авалтын цэг"-т хүргэнэ. Энэ цэгт сүүг газар дээр нь түргэн хугацаанд шинжилж аваад, Улаанбаатар хүртэл зориулалтын хөргүүртэй автомашинаар тээвэрлэн Тесо компанийн Милко сүүний үйлдвэрт авчирч аарц үйлдвэрлэдэг. 2018 онд тус үйлдвэрт нэвтрүүлсэн нам даралтын хатаах технологиор аарцаа хатааснаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Хатаасан аарцыг одоогоор БНХАУ-руу албан ёсоор экспортолж байгаа бөгөөд Хойд Америк руу экспортлохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ.

Ингэснээр малчин өрх тогтвортой орлоготой, үйлдвэрлэгч амин дэмээр баялаг үнээний шингэн сүүтэй болж буй.

Жишээ 2: 400 гаруй бүтээгдэхүүн "Органик монгол" шошго аваад байна

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд монгол брэнд бий болгоход зорьж байгааг төслийн зохицуулагч А.Хашцэцэг хэлсэн.

Тэрбээр "Монгол ноолуур, монгол мах, монгол хүнсний ногоо, монгол зөгийн бал, монгол бяслаг гэсэн чиглэлээр маркетинг хийж, олон улсад таниулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас "Органик монгол" стандартыг бий болгож, одоогийн байдлаар 400 гаруй бүтээгдэхүүн энэ стандартыг хангаж, шошго аваад байгаа" хэмээсэн юм.

Ингэхдээ өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрд шошго олгох боломжгүй тул зөгий үржүүлдэг 10, 20, 100 айлын зөгийн балыг нэгдсэн стандартаар томоохон үйлдвэрүүдэд төвлөрүүлж, олон улсын чанар стандартад нийцүүлээд "Монгол зөгийн бал" гэсэн шошготойгоор экспортлох боломж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлж байв.

Жишээ 3: Шинэ технологиор хөнгөлж, махны гарцыг нь нэмэгдүүлсэн хурганы махыг Иран руу экспортлов

Манай улсын махны экспортын 80-90 хувийг БНХАУ эзэлж байгаа бөгөөд ОХУ, Иран руу бага зэрэг мах гаргаж байгаагаас гадна Вьетнам руу мах, дайвар бүтээгдэхүүн гаргахаар хорио цээрийн асуумжуудаа тохироод явж байгаа ажээ.

Эндээс Иран руу хурганы мах экспортолсон жишээг онцлон танилцуулбал, малын махан ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх шинэ технологийг ХААИС-ийн хүндэт доктор Ч.Нилбаатар, цахилгааны инженер Д.Батжаргал болон докторант С.Нямхүү нар хамтран нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь бяруу болон 2-3 сартай хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан, төөнөж хөнгөлөх арга юм. 2-3 сартайдаа буюу өсөлт нь эрчимтэй явагдаж байхад уламжлалт аргаар хөнгөлснөөр мал өвдөж, стресстдэг бөгөөд бие нь давжаарах шалтгаан болдог байна. Тиймээс цахилгаан соронзон долгионы багаж ашиглан малд өвдөлтгүйгээр хөнгөлөх /үрийн сувгийг нь тасалж/ шинэ арга ашигласнаар махны ашиг шим нь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Судлаачид Төв аймгийн Баяндэлгэр сумын "Ногоолин дэвш" сургалтын төвийг 2019 онд байгуулж, 300 гаруй хургыг дэвшилтэт аргаар хөнгөлөн бэлчээрээр таргалуулж туршсаны үр дүнд 7-8 сартай хурганы жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэжээ.

Төөнөж-хөнгөлөх аргыг хэрэглэснээр хурганы гулууз махны гарц 1.35 дахин өсөж, уургийн агууламж өндөртэй, зөөлөн буюу Иран улсаас тавьж буй шаардлагыг хангасан тул экспортолж эхлээд байгаа аж.



Манай улсын нийт газар нутгийн 70 хувьд 90 орчим сая/энэ жил хүлээн авсан төлтэйгөө нийлээд/ мал бэлчиж байгаа бөгөөд төрөөс 2029 он хүртэл нийт мал сүргийн тоог жилд дунджаар 2 хувиар бууруулахаар төлөвлөж буй. Энэ тохиолдолд махаа экспортлох нь зайлшгүй. Бага малын, зөөлөн мах хүсэж буй 78 сая хүн амтай Иран улс махны экспортын том урсгал ч байж болох юм.

БНХАУ руу гурил экспортлох боломж нээгдэж, ирэх дөрвөн жилд тодорхой хэмжээний орлого олохоор төлөвлөж буйг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. 

Хүнсний томоохон үйлдвэрүүд, тэр дундаа сүү, мах, гурилын үйлдвэрүүд хэдийн олон улсын чанар, стандартыг хангах болсон. Сүүний үйлдвэрүүд гэхэд дэлхийд эхний тавд бичигдэхээр орчин үеийн томоохон тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн хэдий ч нийт хүчин чадлынхаа 30 хувийг л ашиглаж буй. Энэ нөхцөлд малчин өрх, хоршоо, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсын шаардлага хангасан томоохон хүнсний үйлдвэрүүдээр дамжуулан ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН болгох бодлого баримталж байна.