Индэр    
2020 оны 10 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 83: Ажил, амьдралын зарчмууд...

Зураг

Хүн бүр амьдралдаа өөр өөрийн зарчмыг баримталж аливаа шийдвэрийг гаргадаг. Тэгвэл таны баримталдаг зарчим асуудлыг хэрхэн зөвөөр шийдэж чадаж байна вэ?

Unlock подкастынхаа ээлжит дугаарт АНУ-ын түүхэнд хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг онцолж байна.

Bridgewater нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын санд тооцогддог бөгөөд дотооддоо баримталдаг зарчим нь тус байгууллагыг амжилтад хүргэх нэг шалтгаан болсон юм.

Энэхүү ном нь хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк таймсын шилдэг номын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байв.

Мөн энэхүү ном Монгол хэлээр орчуулагдан худалдаалагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Номын тухай шууд сонсох:

Рэй Далио хүн бүрийн хийж буй үйлдэл зарчим дээр үндэслэсэн байх ёстой. Амжилттай яваа хүн бүрийн ажил хэрэг болгож буй үйлдлүүд нь бүгд зарчим дээр үндэслэсэн байдаг.

Гол нь баримтлах зарчмаа зөв тогтоож чадвал үргэлж зөв шийдвэр гаргаж, үр дүнд хүрэх аж.

Миний гарал үүсэл хэсгээс...

Рэй Далио 1949 онд жирийн нэгэн Америкийн дундаж давхаргын мэргэжлийн жааз хөгжимчний гэр бүлд айлын ганц хүү болж мэндэлсэн юм.
 
Эгэл айлын хүү Рэй Далио жирийнээс ч доор сурлагатай сурагч байсан бөгөөд аливаа зүйлийг цээжлэхдээ маш муу байжээ.

Харин тэр гэрийн ажлаас зугтах зорилгоор найман настайгаасаа эхлэн айлын довжооны цас цэвэрлэх зэргээр олдсон ажлаа хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог байв.

Түүнийг 12 настай байхад Америкийн хөрөнгийн зах зээл хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ үед тэр хувьцаанд хөрөнгө оруулж болдог талаар олж мэджээ. Тухайн үед Рэй Далио авсан цалингаараа анх удаа багахан хэмжээний хувьцаа худалдаж авсан нь гурав дахин өсөж хялбараар мөнгө олж болох сэтгэгдэл үлдээсэн тухай номд өгүүлдэг.

...Тэр жижигхэн хувийн сургуульд бакалаврын зэргээр суралцсан ч ахлах сургуулийн муу дүнгээс шалтгаалж туршилтын хугацаанд C үнэлгээ авахад л хангалттай байв. Түүний дүн аажимдаа сайжирч төгсөх үедээ гайхмаар өндөр үнэлгээтэй төгссөн учир үргэлжлүүлэн Харвардын Бизнесийн удирдлагын сургуульд тэнцэж орж суралцжээ.

Гэнэт түүний идэвхтэй сурч, Харвардад орох хүртлээ хичээсэн нь нэг талаар мэргэжилдээ дуртай, нөгөө талаар суралцвал илүү их мөнгө босгож болно гэсэн бодолтой нь холбоотой аж.

...Рэй Далио Харвардыг төгсөөд хэд хэдэн брокер диллерийн компанид ажиллаж туршлага хуримтлуулаад өөрийн гэсэн брокер диллерын компани байгуулжээ. Ингэхдээ өөрийн хоёр өрөө байраа ажлын байр болгон ашиглаж байсан түүхтэй.

Харин одоо түүний хоёр өрөө байрнаас үйл ажиллагаагаа эхэлсэн Bridgewater компани дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болтлоо хөгжсөн байна.

Тус компани одоогоор нийт 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хувьцааны зах зээл рүү оруулдаг.

Гагцхүү Bridgewater ийм амжилтад хүрэх хүртэл Рэй Далиогийн ажил, амьдралдаа баримталдаг зарчмууд ихээр нөлөөлсөн юм.

Сэтгэл хөдлөлөө дарж, логиктойгоор шийдвэр гарга

Олон хүн түүх давтагддаг гэж ярьдаг ч чухам яагаад түүх буюу бусдын алдаа, амжилт давтагддаг талаар боддоггүй.

Энэ тухай Рэй Далио “Хүмүүс түүхийг байнга судалж, насан туршдаа түүхийн оюутан байх ёстой” зөвлөжээ.

Учир нь хүн төрөлхтөн үргэлж нэгнийхээ гаргаж байсан алдааг давтаж байдаг. Харин түүхийн алдааг олж харж, суралцаж чадвал түүх давтагдахаас өмнө буюу алдаа давтагдахаас өмнө зөв гаргалгааг олж чадна гэж тэмдэглэжээ.

Бидний гаргаж буй шийдвэрүүдийн дийлэнх нь сэтгэл хөдлөл орсон байдаг. Харин Рэй Далиогийн зөвлөж байгаагаар, аливаа шийдвэрийг алдаагүйгээр гаргахад тооны ухааны асар өндөр мэдлэгтэй байх шаардлагагүй. Сэтгэл хөдлөлөө дарж, логиктойгоор бодож л шийдвэрээ гаргахад хангалттай гэсэн байна.

100 хувь логикоор бодож гаргасан шийдвэр, баримталдаг зарчимд ямар ч сэтгэл хөдлөл ороогүй бол оновчтой шийдвэр гаргаж чадна.

Үүний тулд ямар ч сэтгэл хөдлөлийн оролцоогүй зарчмаа цаасан дээр бичээд түүнийгээ баримтлаад үз. Хэрвээ зарчим чинь алдаатай байвал дахин сайжруул ингэхдээ сэтгэл хөдлөлтэйгөө хэзээ ч хольж хутгаж болохгүй хэмээн сануулжээ.

Алдаагаа нуун дарагдуулах нь илүү их эрсдлийг бий болгоно

Рэй Далиогийн үүсгэн байгуулсан компани ажилчдаа алдаанаасаа суралцах арга барилаа маш системтэй болгосон гэж номд өгүүлжээ.

Тодруулбал, 1990-ээд оны үед нэг ажилтан нь харилцагчийнхаа мөнгийг арилжаанд оруулахаа мартсаны улмаас түүний компани хэдэн зуун мянган ам.долларын алдагдал хүлээж байсан аж.

Түүнээс алдаагаа бусдаас нуун дарагдуулах тусам илүү хохирол учруулах эрсдэл бий болдгийг ойлгожээ. Тиймээс ажилтнуудаа жижиг гэлтгүй алдаануудаа нээлттэйгээр илэрхийлж, хамтдаа хэрхэн шийдэх талаар хэлэлцдэг болсон байна.

Үүний тулд ажилтнууддаа "Алдааны бүртгэл" хөтлүүлж эхэлсэн гэж номдоо туршлагаа хуваалцан тэмдэглэжээ.

Тэрхүү алдааны бүртгэл дээр ямар ч жижиг алдаа гаргасан ажилтнууд тэмдэглэн үлдээх ёстой бөгөөд алдаа гаргасан ажилтан түүн дээр үнэнээ бичсэн л бол ямар нэг хариуцлага хүлээлгэхгүйгээр алдаагаа бүрэн засах боломж олгодог болсон аж.

Харин алдааны бүртгэл дээр өөрийн гаргасан алдаагаа тэмдэглээгүй ажилтанг шууд халах арга хэмжээг хэрэгжүүлдэг болжээ.

Тэр жишгээр ажилтнууд бие биеийнхээ алдаанаас суралцаж, дахиж алдаа гаргахгүй байх соёлыг олж авч байсан гэж Рэй Далио онцлон тэмдэглэжээ.

Амьдралын зарчим

Амьдралын зарчмаа тодорхойлохдоо:

  • Үнэн гэж юу вэ?
  • Чи яг юуг үнэн гэж итгэдэг вэ?
  • Аливаа асуудал гарахад чи юу хийж чадах вэ? гэсэн гурван асуултыг зөвхөн өөрөөсөө асууж тодорхойлохыг Рэй Далио зөвлөж байна.

Тэгж чадвал амьдралд хандах хандлага, аливаа гаргаж байгаа шийдвэр чинь өөрт тань үргэлж зөв байх болно гэжээ.

1. Бодит зүйлийг дэмжих буюу амьдралд бодитоор хандах хэрэгтэй.

Энэ талаар бичихдээ "Мөрөөдөл, бодит байдал, тууштай зарчим нь амжилттай амьдралыг бий болгодог” гэжээ.

2. Аливаа зүйлийг нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хүнтэй санал зөрөлдөхөд бусдын хэлж буй саналыг өөртөө маш нээлттэйгээр хүлээж авч тунгаах хэрэгтэй.

Өөртөө нээлттэй хандах хандлагыг дадал болтлоо хэрэгжүүлж байж хүн өөрчлөгдөж бас сайжирч чаддаг.

3. Хүн бүр харилцан адилгүйгээр сэтгэн боддог гэдгийг ойлгох нь зөв.

Хүн бүрийн сэтгэн бодох байдал, амьдарч байгаа нөхцөл байдал өөр өөр учраас бусдыг өөр шигээ адилаар бодож огт болохгүй.

Энэ талаар "Бусдыг ойлгох гэж хичээхээс илүү өөрийгөө ойлгох нь төвөгтэй" гэж номд бичсэн байна. Тиймээс хүн эхлээд өөрийгөө анзаарч ойлгож, олж авах нь чухал аж.

Дараа нь хүн бүр чам шиг биш гэдгийг анзаарч чадвал зөв менежмент, зөв шийдвэр гаргахад тус нэмэртэй.

4. Өөрийнхөө дутагдалтай муу талаа сайнаар ашиглах хэрэгтэй.

Өөрийн дутагдалтай талаа хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал зүйл. Дутагдлаа хүлээн зөвшөөрсөн цагт л түүнийгээ сайнаар хөрвүүлэх боломж нээгдэнэ гэж номд өгүүлсэн байна.

Дутагдлаа ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрч чаддагүйн улмаас л өөрийгөө хөгжүүлэх боломжоо өөрөө хааж байдаг гэж номд өгүүлжээ.

5. Бусдыг буруутгахаас зайлхийж аливаад наанатай цаанатай ханд

Ямар нэг алдаа эндэгдэл гарсан тохиолдолд таны оролцооноос ямар алдаа үүссэн гэдгийг эхлээд сайн шүүн тунгаах нь зөв. Өөрөөр хэлбэл өөрөө өөрөөсөө бурууг хайх нь алдаагаа засах боломжийг олгодог.

Аливаад уян хатан хандахад хоёр асуудал ямагт саад учруулж байдаг нь эго болон харлаган байдал юм.

Эго буюу биеэ тоосон байдал нь өөрийн чинь алдаа гаргасан, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Харин харалган байдал нь бодит байдлыг үгүйсгэх нөхцлийг үүсгэдэг.

Үүнийгээ засахын тулд өөрийгөө зав байлгах гэж улайрахаас илүү юу үнэн бэ гэдгийг эрж хайх ёстой гэж зөвлөж байна.

Энэ талаар "Мэдэхгүйгээ анзаарна гэдэг нь мэдлэг олж авахаас ч илүү чухал. Учир нь бусдад гоё харагдахаас илүү юунд хүрэх гээд байгаа чинь чухал шүү" хэмээн номд сануулан бичжээ.

Амьралаас суралцах таван алхамыг Рэй Далио гаргаж тавьсан.

Үүнд:

  1. Амьдралынхаа хүрэх гэж байгаа цэгээ маш тодорхой болгож тогтоох,
  2. Замд саад болж байгаа зүйлээ олох,
  3. Аливаа үүсэж буй асуудлын үндэс суурийг олж гаргаж тавих,
  4. Урт богино хугацааны төлөвлөгөө гаргах,
  5. Гаргасан төлөвлөгөөнийхөө эцэст нь хүрэхдээ бэлдэх багтаж байна.

Дээрх 5 алхамыг хэрэгжүүлж чадвал амьдралаас чи хүссэнээ авах боломжийг өөртөө олгоно гэжээ.

Ажлын зарчим

Ажлын зарчим нь хувь хүний зарчмаас илүү чухал гэдгийг бүлгийн эхэнд онцлоод нэг хүний ашиг сонирхол хэзээ ч олон хүний ашиг сонирхлыг гүйцэж чадахгүй гэжээ.

Мөн дотнын хүмүүстэйгээ харьцахдаа хэцүү байсан ч хатуу байж сурах хэрэгтэй. Энэ нь хамтрагчийнхаа аливаа дутагдлыг шууд нүүрэн дээр нь хэлж бай гэсэн үг юм.

Хамгийн гол нь түүнийг муу байгааг нь өөрт нь мэдрүүлж, сэтгэлээр унагахын тулд биш алдааг нь засаж залруулах боломж олгохын тулд үнэнийг хэлэх нь зөв. Үүнийг номд "Хайр чинь хатуу байх хэрэгтэй" гэж тодорхойлжээ.

1. Бодит үнэн байдаг гэдэгт итгэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл бодит үнэн буюу ямар ч сэтгэл хөдлөл дээр үндэслээгүй, логикоор бодсон шийдвэрүүд гаргах нь зөв.

Хамгийн чухал зүйл бол ажил, амьдрал хоёрынхоо хооронд утга учиртай харилцаа үүсэх хэрэгтэй. Хийж байгаа ажил, амьдрал хоёр чинь чиний хүслээс үл хамаарч харилцан уялдаатай байдгийг үргэлж санаарай.

Тиймээс хувийн амьдралтайгаа ажлаа холихгүй байж олон хүний ашиг сонирхлоо хойш тавьж, хамт олныхоо өмнө байнга хариуцлагатай байх ёстой.

2. Зарчимд тааруулж зөв хүнээ сонгох.

Хүндээ зориулж албан тушаалыг бий болгох бус албан тушаалдаа зориулж хүмүүсийг сонгон шалгаруулах ёстой гэж Рэй Далио зөвлөж байна.

Ингэхдээ хамгийн гол нь тухайн хүний үнэт зүйл болон зан чанар, хандлагыг харах нь чухал. Дээрх 3 зүйл тухайн хүнийг өөрийг нь бүтээж байдаг аж.

Харин хамгийн сүүлд ур чадварыг харж ажилд аваарай. Учир нь ур чадвар гэдэг богино хугацаанд олж авах, эсвэл өөрчилж болох боломжтой зүйл гэж номд өгүүлсэн байна.

3. Ажилчдаа байнга сургаж, шинэ мэдлэг олгож зөв газар нь хуваарилах хэрэгтэй.

Зөв хүмүүсээ сонгон шалгаруулаад авчихсан бол зөв албан тушаалд нь тавихын тулд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Харин зөв хүнээ бүрэн гүйцэд танихад дунджаар 6-12 сар шаардагддаг.

Энэ хугацаанд жижиг даалгавруудыг өгч тэр хүний юунд дуртай, юу чаддаг гэдгийг нь олж харж үнэлэлт өгөх нь зөв.

Ингэхдээ бодит баримт дээр үнэлгээг өгөх хэрэгтэй бөгөөд шүүмжлэл болон магтаалыг хослуулахыг зөвлөж байна.

Шүүмжлэлийг тухайн хүний алдаа дээр хэрхэн туслах боломжтой гэдэг талаас нь шүүмжилбэл энгийн хоосон магтаалаас илүү үр дүнтэй гэдгийг Рэй Далио онцолжээ.

Компанийг удирдах гэдэг бол зорилгынхоо хойноос машин бариад хурдлахтай адил зүйл.

Үүгээрээ зорилгодоо хүрэхэд унаж яваа машинаа арчлах нь илүү чухал гэсэн санаааг илэрхийлсэн байна.

Энэ тухай тэрбээр "Компани байгуулсны үнэ цэнэ ашиг олохдоо бус эрүүл соёлыг бий болгож, түгээхэд оршино" хэмээн тодорхойлжээ.

Номын төгсгөлд Рэй Далио “Та миний баримталдаг эдгээр зарчмыг заавал дагах албагүй. Гол нь би энэ номоороо дамжуулан уншсан хүн бүрийг өөрийнхөө амьдралдаа баримтлах зарчмуудыг олж аваасай гэж хүсэж байна” хэмээн бичжээ.