Индэр    
2020 оны 8 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 75: Дэлхийн дулаарлыг бууруулахад хүн төрөлхтний шийдвэрлэх ёстой 100 АСУУДАЛ

Зураг

Дэлхийн дулаарал хүн төрөлхтний толгой өвтгөсөн асуудал болоод удаж байна.

2070 он гэхэд дэлхийн хүн амын бараг л тэн хагас нь буюу гурван тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй гэсэн сэтгэл өвтгөм судалгаа ч бий.

2070 гэдэг нь тийм ч хол биш, тантай шууд холбоогүй хугацаа биш билээ. Өнөөдөр таны төрүүлж буй хүүхдүүд дөнгөж 50 настай тэдгээрийн төрүүлсэн хүүхдүүд бага балчир, өсвөр залуу байх нь. Тиймээс ч дэлхийн дулаарлын эсрэг өнөөдөр амьдарч буй бүх хүн санаа тавьж, чадах чадах хэмжээндээ оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй билээ.

Тиймээс бид Unlock подкастын энэ удаагийн дугаарт 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн хамтран гаргасан “Drawdown” буюу “Бууруулалт” номыг хүргэхээр бэлдлээ.

Уг номд дэлхийн дулаарал, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шийдлийг жагсаажээ. Мөн дэвшүүлсэн санаа бүр нь 2050 онд ямар үр дүнтэй байх талаар дүрсэлсэн байна.

НОМЫН ТУХАЙ ШУУД СОНСОХ:

Та бүхэнд дэлхийн дулаарлыг бууруулахад хүн төрөлхтний хийвэл зохих 100 шийдлээс хамгийн сонирхолтой 18-ыг нь хүргэе.

Салхины эрчим хүчийг ашиглавал 84.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ
 

Одоогоор салхины эрчим хүч нь дэлхий даяар хэрэглэж буй нийт эрчим хүчний дөрвөн хувийг эзэлдэг. Цаашид энэ янзаараа өсөж чадвал хүн төрөлхтөн хэрэглэж буй нийт эрчим хүчнийхээ 21.6 хувийг гаргаж авахад салхийг ашиглах болно гэж номд өгүүлжээ.

Сүүлийн үед манай өмнөд хөрш энэ тал дээр нэлээд хөрөнгө оруулалт хийж буй гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Тухайлбал, Хятад улс уг ном хэвлэгдэхээс нэг жилийн өмнө буюу 2016 онд өмнөх жилээсээ 40 хувиар их хөрөнгө оруулалтыг энэ төрлийн эрчим хүч хөгжүүлэлтэд зарцуулсан гэсэн тоо баримт бий.

Салхины эрчим хүчийг ашиглах зардал нь маш бага бөгөөд бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчнээсээ ч хямд зардал гаргадаг гэж номд тэмдэглэжээ.

Салхинаас нэг киловатт цагийн эрчим хүч гаргаж авахад 7 төгрөг орчим болдог бол нарнаас яг адил хэмжээний эрчим хүч гаргаж авахад 13 төгрөг байдаг аж.

Дэлхийн улс орнууд 2050 он хүртэл салхины эрчим хүчийг цаашид сайн ашиглаж чадвал нийт 84.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлж чадна хэмээн онцолжээ.
Нарны эрчим хүчний хавтангуудыг буурай улсын иргэд их хэрэглэдэг
 

Нарны эрчим хүчийг ашиглах нь дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж буй нүүрсхүчлийн хийг багасгах 100 шийдлээс наймдугаарт бичигдсэн хамгийн үр дүнтэй аргын нэг.

Айл өрхүүд болон нарны эрчим хүчний үйлдвэр нийтдээ дэлхий дээр ашиглагдаж буй эрчим хүчний найман хувийг үйлдвэрлэж байгаа тухай номд бичжээ. 2050 он гэхэд энэ тоо 17 хувьд хүрнэ гэж таамагласан байна.

Уг үүсвэрээс өдрийн цагаар буюу нар дэлхий дээр их эрчимтэй тусах үед эрчим хүчийг ихээр үйлдвэрлэх боломжтой. Гэвч хүмүүс бидний эрчим хүчний хэрэглээ шөнийн цагт ихээр нэмэгддэг нь гол асуудал.

Тиймээс нарнаас эрчим хүч гаргаж авахад заавал зайн хураагуур эсвэл өөр эрчим хүчний эх үүсвэрийг хослуулан ашиглах шаардлага тулгардаг.

Нарны эрчим хүчний хавтангуудыг хөдөө орон нутагт байгаа иргэд шууд ашиглах боломжтой учраас буурай хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгддэг гэж номд тэмдэглэсэн байна.

Тухайлбал, Бангладешт 3.6 сая айл нарны эрчим хүч хураах хавтан ашигладаг бөгөөд түүний ачаар тус улс нарны эрчим хүчний ачаар 115 мянган хүний ажлын байр шинээр бий болгожээ.

Дэлхийн газар нутгийн 10%-г ашиглаж эрчим хүч гаргах боломжтой
 

Дэлхийн цөмийн халуун зарим гадаргууд хүчтэй нөлөөлж байдаг бөгөөд тухайн газруудын хөрсний ус зарим тохиолдолд халуун рашаан болж, газрын гадарга дээр ил гарч ирдэг гэж номд тайлбарлажээ.

Тэгвэл тухайн газрын гүний усны уурыг ашиглан эрчим хүч гаргах боломжтой.

Гэхдээ дэлхийн газар нутгийн 10 хувиас л эрчим хүч гаргах боломжтой. Одоогоор нийт гүний халуун ууртай газруудын 6-7 хувийг ашиглаж байгаа аж.

Уг эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд цаг агаар чухал биш. Тиймээс маш тогтвортой сэргээгдэх эрчим хүч болж чадах юм.

Гэхдээ газрын гүнээс гарах уур нь өөрөө бага зэрэг нүүрс хүчлийн хий ялгаруулдаг байна. Тодруулбал, гүний усны уур нь нүүрсийг шатаасны 10 хувьтай тэнцэхүйц нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болохыг судлаачид тогтоожээ.

Мөн газрын гүнээс уурыг гаргахын тулд тодорхой хэмжээнд хөрсийг ухаж, шугам холбох шаардлагатай тул байгаль орчинд тийм ч ээлтэй бус.

Одоогоор уурын эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний нэг ч хүрэхгүй хувийг хангадаг ч 2050 он гэхэд нийт таван хувьд хүртлээ өснө гэсэн тооцоолол бий.

Дэлхий дээрх хоол хүнсний 1/3 нь хог хаягдал болж байна
 

Дэлхийн дулаарал хоол хүнстэй огт холбоогүй мэт санагдаж болох юм. Гэхдээ дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй нийт хоол хүнсний 3-ны нэг нь хог хаягдал болдог гэж номд онцолсон байна.

НҮБ-ийн 2016 онд гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтдоо хоол хүнсний хаягдлыг багасгах зорилтыг багтаасан байдаг.

Учир нь хүн төрөлхтний хаягдал хоол, хүнсийг үйлдвэрлэх явцад зарцуулсан энерги, үйлдвэрээс ялгарсан хорт хий нь агаар мандалд ялгарч буй нийт нүүрсхүчлийн хийн найман хувийг дангаараа эзэлдэг аж.

Иймд бид зөвхөн хоол хүнсний хаягдлаа л 50 хувиар бууруулахад нарны хүчний үйлдвэрийг олон болгож хөгжүүлснээс ч илүү сайн үр дүн гарах болох юм.

Судалгаагаар буурай хөгжилтэй орнууд хоол хүнний хаягдал гаргах нь бага ч тээвэрлэлт, хадгалалтын явцад хаягдал ихээр үүсдэг гэсэн үр дүн гарчээ.

Харин өндөр хөгжилтэй улсын иргэд хадгалах хугацаа дуусах дөхсөн ч арай дуусаагүй хүнсийг худалдаж авахгүй байсаар хугацааг нь дуусахад хүргэдэг. Тэд заавал шинэ хүнс авч хэрэглэдэг нь асар ихээр зарцуулсан энергийг үнэгүйдүүлж буй хэлбэр. Энэ байдал нь дэлхийн дулааралд маш ихээр нөлөөлж байна.

Ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь дэлхийн дулаарлыг бууруулахад нэмэр болно
 

Ургамлын гаралтай хоол хүнс түлхүү хэрэглэж, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах нь эрүүл мэндэд төдийгүй байгаль экологид сайнаар нөлөөлнө.

Сүүлийн үед хүмүүс бид малын гаралтай бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэдгийг онцлох хэрэгтэй.

Хүн өдөрт 50 грамм уураг хэрэглэхэд л хангалттай. Гэвч нэг хүн дунджаар 68 грамм уураг хэрэглэдэг нь уургаа хэтрүүлэн хэрэглэж буйн илрэл.

Дэлхийн хүн амын ядаж 50 хувь нь малын гаралтай бүтээгдэхүүнээс авах уургийн хэмжээгээ ингэж хэтрүүлэхгүй байвал нүүрсхүчлийн хийг 26.7 тэрбум тонноор багасгаж чадна гэж номд тайлбарласан байна.

Бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд бидний хувьд энэ санаа бол өдөр тутам дадал болчихсон зүйл гэдгийг дуулгахад таатай байна. Гэхдээ манайхаас бусад ихэнх улс, орон фермерийн мал аж ахуй эрхэлж, хэдхэн га газарт л малаа өсгөдөг.

Ингэх нь хөрсний бохирдол үүсгэж, үржил шимийг үгүй хийдэг.

Харин бэлчээрийн мал аж ахуй нь хөрсний үржил шимийг удаан хугацаагаар хадгалахад эерэг нөлөөтэй юм. Тодруулбал, бэлчээрийн аргаар малыг өсгөх нь байгаль экологид буцаж нөхөн сэргэх боломж олгодог. Энэ нь манай орны нүүдлийн соёл иргэншлээс ил тод харагддаг.

Харин Европын олон оронд энэ аргаар малаа өсгөж чадвал бэлчээр талхлагдаж, цөлжилт явагдахаас сэргийлж чадах юм.

Учир нь бэлчээр талхлагдаж, өвс ногоо хэвийн хэмжээнд ургахаа болих нь агаарт нүүрсхүчлийн хий ихээр ялгарах нэг шалтгаан болдог. Үржил шимгүй болсон хөрснөөс нүүрсхүчлийн хий ялгардаг гэж номыг бичсэн судлаачид тайлбарлажээ.

Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг дэмжих нь дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтний хийж чадах 100 аргын 19-т багтсан байна.

Гэр бүл төлөвлөлт дэлхийн дулааралд нөлөөлөх нь
 

Дэлхийн хүн амын өсөлтөд муугаар нөлөөлөх хүчин зүйл бол мэдээж залуусын гэр бүл төлөвлөлт. Яг одоогийн хэмнэлээрээ дэлхийн хүн ам өссөөр байвал 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ.

Муугаар бодоход, залуусын гэр бүл төлөвлөлт одоогийнхоосоо улам дордвол 2050 онд дахин нэг тэрбум хүнээр өсөж, 10.7 тэрбумд хүрэх магадлалтай.

Дэлхийн хүн ам ингэж ихээр өсөх тусам байгаль экологид илүү их хор хохиролтой гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Өөрөөр хэлбэл, хүн ам өсөх тусам нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулж, дэлхийн дулаарал маш хурдацтай явагдахад хүргэх болно.

Тиймээс хүн төрөлхтөн ирээдүйгээ аврахын тулд өөрсдийн өсөлтдөө анхаарч, гэр бүл төлөвлөлтөө маш сайн зохион байгуулах хэрэгтэй гэж номыг бичсэн судлаачид зөвлөжээ.

Гэр бүлийн төлөвлөлтгүйгээс болж хүүхэд ч эрүүл бойжиж, сурч хөгжих боломж нь хязгаарлагдмал байгааг бодох хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн боловсролд анхаарах хэрэгтэй
 

Эмэгтэйчүүдийн боловсролын асуудал нь эргээд дэлхийн хүн амын өсөлтөд чухлаар нөлөөлөх учиртай.

Тухайлбал, ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн буюу 12 жилийн турш сургуульд сурсан эмэгтэйчүүдээс огт сургуульд сураагүй нь 4-5 хүүхэд гаргасан байдгаараа ялгаатай гэж судлаачид үзэж байна.

Тэд “Эмэгтэйчүүдийн боловсролоос шалтгаалсан энэхүү байдал нь буурай хөгжилтэй орнуудын жишээнээс тод харагддаг” гэж тайлбарлажээ. Эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих нь хүсээгүй жирэмслэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг ч судалгааны үр дүнд онцолсон байна.

Төвлөрсөн халаалтын систем бас нэг гаргалгаа
 

Манай улс хуучин ЗХУ-ын үеэс баригдсан барилгуудын жишгээр төвлөрсөн халаалтын системтэй нь сайн хэрэг. Уг нь бүх улс орнууд төвлөрсөн халаалтын шугамтай байвал халаалтын эх үүсвэрийг нь ямар ч эко аргаар шийдэх боломж бий.

Гэтэл зарим өндөр хөгжилтэй орнуудад төвлөрсөн халаалтын систем байдаггүй нь харамсалтай.

Тухайлбал, Азийн орнуудаас өндөр хөгжилтэйд тооцогдох Япон улсад айл бүр нь өөрсдөө цахилгаан халаагуураар өрөөгөө халаадаг гэж номд бичжээ. Ингэж айл бүр тус, тусдаа халаалтын системээ шийдэх нь эргээд маш их энерги зарцуулж, нүүрсхүчлийн хий үүсгэдэг.

Дэлхийн нийт халаалтын системийн 0.01 хувийг л төвийн халаалт эзэлж байгаа аж. Харин үүнийг 2050 он хүртэл 10 хувьд хүргэж өсгөх боломжтой. Ингэх нь дэлхийн дулаарлын эсрэг нэг зөв алхам болох юм.

Дулаалгын системийг зөвөөр шийдэх хэрэгтэй
 

Дулаалга нь байшинг хүйтнээс хамгаалах зориулалттайгаас гадна халууны улиралд ч халуун агаарыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Тиймээс сайн дулаалгын систем нь халуун хүйтний алинд ч сэнс, агааржуулагч, цахилгаан халаагуур зэргээс татгалзах боломжийг бий болгоно.

Хүмүүс барилга байгууламжийн доторх орчныг сэрүүхэн эсвэл дулаан байлгахад зарцуулсан эрчим хүч, энергийнхээ 25-60 хувийг зөвхөн буруу дулаалгын системээс болж алддаг.

Номын зохиолчдын тооцоолсноор, бид одоо ашиглаж буй барилгынхаа 54 хувийг л зөв дулаалгын системтэй болгож чадвал дөрвөн тэрбум орчим доллар хэмнэх боломжтой аж.

Манай улсын хувьд ч барилга байгууламжийнхаа дулаалгыг сайн технологиор шийдэж чадвал өвлийн цагт дулааны станцуудын ачааллын багасгаж, утааг бууруулахад ихээр нөлөөлнө.

Мөн гэр хорооллын айлууд өвлийн бэлтгэлээ хангахдаа дулаалгаа сайн хийвэл түлш бага зарцуулах нэг боломж болох юм.

LED гэрэл маш бага эрчим хүч зарцуулдаг
 

Бидний сайн мэдэх LED гэрэл нь энгийн гэрлийн чийдэнгээс 90 хувиар бага эрчим хүч зарцуулдаг төдийгүй эдэлгээ удаан зэргээрээ давуу талтай.

Номд өгүүлснээр, LED гэрлийг өдөрт 5-6 цаг асаахад 27 жил ашиглах боломжтой гэжээ.

LED гэрэл нь энгийн чийдэнгээс 3-4 дахин үнэтэй ч ашиглалтын хугацаа болон зардлыг тооцож үзэхэд хамаагүй хямд төсөр шийдэл юм. Тиймээс айл өрхүүд ядаж гэрлийн чийдэнгээ LED гэрлээр солиход эрчим хүч хэмнэгдэж, дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмэр болно.

2050 он хүртэл дэлхий дээр нийт ашиглагдаж буй гэрлийн чийдэнгийн 90 гаруй хувь нь LED гэрэл болно гэсэн судалгаа бий.
Ой модыг хайрлан хамгаалж дэлхийн дулаарлыг багасгая
 

Олон жилийн өмнө дэлхий гадаргуу дээрх 10 гаруй хувийг ой мод эзэлдэг байсан бол одоо таван хувьд хүрэхгүй болтлоо багасжээ.

Мод үгүй болсноор хөрс хуурайших нөхцөл үүсэж байна. Улмаар үржил шимгүй хөрснөөс ялгарч буй нүүрсхүчлийн хий ихсэж, байгаль экологийн нүүрсхүчлийн хийг багасгах чадварыг бууруулж байгааг судлаачид анхааруулж байна.

Дэлхий дээр ялгарч буй нүүрсхүчлийн хийн 16-19 хувь нь зөвхөн халуун орны ой модыг устгаснаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн ой модны 30 хувь аль хэдийн устсан бол 20 хувь нь устах аюулд орчихсон гэж номд бичжээ.

2030 он хүртэл 350 сая га газрын ой модыг эргэн сэргээх ёстой. Гэхдээ газар нутгийн хувьд ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудын нутгийн ой модыг сэргээх шаардлага тулгарна.

Тиймээс хөгжингүй орнууд нь ядуу, буурай орнуудын ой модыг сэргээх тал дээр ямар нэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Уугуул иргэдийг дэмжих нь зүйтэй
 

Уугуул иргэд гэх ойлголтод дээр үеэс л тухайн орон нутагт оршиж сууж, амьдарсаар ирсэн хүмүүс багтдаг. Ийм иргэд нутаг усныхаа онцлогийг мэддэг төдийгүй байгалиа байгаагаар нь авч үлдэж, хамгаалж чаддаг гэж номд дурджээ.

Тиймээс уугуул иргэдийн тухайн нутагт амьдарч байсан арга барилыг нь хөндөхгүйгээр, бодлого явуулах хэрэгтэй гэж номд онцолсон байна.

Манай улсын хувьд чийглэг дулаан уур амьсгалтай биш тул хөрсний үржил шим нь тийм ч сайн биш бөгөөд эмзэгт тооцогдоно.

Яг ийм хөрстэй газар нь дэлхийн газар нутгийн 40 хувийг эзэлдэг бөгөөд энэ 40 хувьд орших нүүрсхүчлийн хийн 30 хувь нь хөрсөн доор нь агуулагдаж байдаг.

Өөрөөр хэлбэл ийм газар хэрвээ талхлагдвал асар их нүүрс хүчлийн хийг агаар дэгдээх аюултай.

Тиймээс манай улс нэг талаар дэлхийн дулаарлын эсрэг газар нутгаа үржил шимтэйгээр нь авч үлдэх ёстой хариуцлага хүлээж байгааг сануулах нь зүйтэй.

Цахилгаан автомашины тоог ихэсгэх хэрэгтэй
 

Сүүлийн үед дэлхий дахинаа цахилгаан машины талаар их сонирхох болсон. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний хувьд цоо шинэ зүйл биш бөгөөд 20 дугаар зууны эхээр л цахилгаан машины санаа гарч байжээ.

Харамсалтай нь тухайн үед бага овортой батарей үйлдвэрлэж чадаагүй нь асуудал болсон тухай номд тэмдэглэсэн байна.

Одоогоор дэлхий дахинд нэг сая гаруй цэвэр цахилгаанаар ажилладаг машин борлуулагджээ. Цаашид 2035 онд цахилгаан машины хэрэглээ хоёр тэрбум болтлоо өснө гэсэн тооцоолол бий.

Цахилгаан тээвэр нь одоогоор хүн төрөлхтний байгаль экологид ээлтэй хамгийн үр дүнтэй тээврийн хэрэгсэл болоод байна.

Цахилгаан машин нь бензинээр ажилладаг машинаас бага байгаагийн шалтгаан нь автомашин үйлдвэрлэгчид анхаарлаа бага хандуулж байгаатай холбоотой аж.

Дэлхий дээр одоогоор 35-хан цахилгаанаар ажилладаг машины модель байгааг зохиолчид шүүмжилжээ.

Нийтийн тээврийн асуудалд анхаарлаа хандуулах нь

Нийтийн тээвэр дундаас хамгийн зардал багатай нь автобус. Мөн автобусыг хямд төсөр зардлаар аль ч улс, орны үйлчилгээнд хурдан нэвтрүүлэх боломжтой.

Хүмүүсийн орлого ихсэх тусам нийтийн тээвэр ашиглахаа больдог аж. Одоогоор тээврийн хэрэгслийн 37 хувийг нь нийтийн тээвэр эзэлдэг. Энэ янзаараа нийтийн тээврийн тоо ирээдүйд 21 хувь болтлоо буурах магадлалтай.

Тиймээс үүнийг улс, орнууд бодлогын хүрээнд зөвөөр идэвхтэйгээр шийдэж өгөх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж байгальд ээлтэй автобусыг сонгох нь чухал.

Хөргөгч, хөлдөөгч ч байгальд хор нөлөө үзүүлж байна

1987 он хүртэл хөргөгч хөлдөөгчид ашиглагддаг байсан бодис нь азоны давхаргыг цоороход хүргэж байсан гэцгээдэг.

Тэрхүү бодис нь нүүрсхүчлийн хийнээс 100 дахин илүү хүчтэйгээр азоны давхарга болон дэлхийн дулааралд нөлөөлж байсныг судалж гаргасны үндсэн дээр 1987 оноос хэрэглэхийг нь хориглосон юм.

Гэхдээ бидний одоогийн хэрэглэж буй хөргөгч, хөлдөөгчид байгальд ээлгүй байсаар байгаа нь анхаарал татаж байна.

Ялангуяа ашиглалтаас гарсан хөргөгч, хөлдөөгчөөс их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгааг номд онцолжээ. Үүнийг багасгахын тулд дэлхийн 197 орон одоог хүртэл ажиллаж байгаа.

Хэрэв бид хөргөлтийг систем ашиглаж буй химийн бодисоо шинэчилж, байгальд ээлтэйгээр хийж чадвал дэлхийн дулаарлын эсрэг 100 шийдлийн номер нэг нь болох аж.

Эх дэлхийгээ аврахын тулд усаа хэмнээрэй

Бид ундны усаа цэвэршүүлж, гэр рүүгээ зөөхийн тулд маш их энерги зарцуулдаг. Иймд хувь хүн бүр ашиглаж буй усаа хэмнэх шаардлага болж байна.

Ядаж л угаалгын машин, шүршүүр, гоожуур зэргээ аль ус бага зарцуулах шийдлийг сонгох хэрэгтэй. Ингэснээр айл бүр хэрэглээний усаа 45 хувиар бууруулах боломжтой гэж номд бичжээ.

Дэлхий дээрх хуванцрын хэмжээ 2050 онд загаснаас ч их болох аюултай
 

Дэлхийн нэг хүнд жилд 37 килограмм хуванцар ногдохоор их хэмжээний хуванцрыг хүмүүс бид үйлдвэрлэж байна. Энэ тоо 2050 он гэхэд дөрөв дахин өснө гэсэн тооцоолол ч бий.

Бидний амьдарч буй эрин зуунд хуванцар бүх зүйлд ашиглагдаж буй учир шууд татгалзах боломжгүй. Түүний оронд одоо хэрэглэх хуванцраа био пластик буюу дахин ашиглагдах боломжтой эко хуванцраар солих нь зөв шийдэл байх болно.

Яг өнөөдөр дэлхий дахинд хэрэглэж буй нийт хуванцрын 90 хувийг био хуванцраар орлуулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Гэтэл одоогоор бид үйлдвэрлэж буй хуванцрынхаа ердөө 5-хан хувь нь л дахин боловсруулж чадаж байна. Үлдсэн 60 хувийг шатааж, 30 хувийг байгаль шууд хаяж байгаа нь ч хөдлөшгүй үнэн.

Энэ байдлыг өөрчлөхгүй бол 2050 он гэхэд далайд хаягдаж буй хуванцрын хэмжээ загаснаас ч их болно гэсэн тооцоо бий.

Иймд бид хуванцрыг дахин боловсруулан ашиглах тал дээр улс орнууд яаралтай арга хэмжээ авах ёстой. Ингэхийн тулд хувь хүмүүс ч химийн гаралтай болон био хуванцрыг ангилж хэрэглэх шаардлагатай.