Индэр    
2020 оны 8 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

Хаана хөрөнгө оруулалт хийх вэ?

Зураг
Photo Credit: Shutterstock.com

За байз, хаана хөрөнгө оруулалт хийх вэ?

Уг зарчим нь хөрөнгийн үнэ чинь бух зах зээлээр өсөж, баавгай зах зээлээр унаж байх ёстой.

Энэ үеүдэд ямар нэгэн хөрөнгө оруулалтуудын шийдвэр гаргахад харьцангуй тодорхой байдаг. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар, олон улсад үсэрч, буурсан имж зах зээл үргэлжилсээр...

Харин Монголд арай л өөр. Олон улсын санхүүгийн зах зээл шиг тэгтлээ хөдөлгөөн бол илрэхгүй. Тиймээс хөрөнгө оруулалт хийх шийдвэрт арай л дөхөм болно.

Хөрөнгө оруулалтын өгөөжийг сүүний өрөм гэж төсөөлье. Ямаа, үхэр, сарлагаас нь хамаараад сүү нь хүртэл өтгөн, шингэн, тослогоороо ялгаатай. Ямааны сүү нь үхрийн сүүгээ бодвол шингэн, тослог багатай учир сүүний өрөм нь харьцангуй нимгэн. Харин ямаа, үхрийг бодвол сарлагийн өрөм бол илүү зузаан. Яг түүнтэй адил хөрөнгө оруулалтын өгөөж нь хүртэл харилцан адилгүй байдаг.

Ямааны өрөм буюу эрсдэл багатай хөрөнгө оруулалтын өгөөж

Ямааны өрөм нь үхэр, сарлагийн өрмийг бодвол харьцангуй нимгэн. Тиймдээ ч биед ямар нэгэн хор шаргүй. Яг түүн шиг хөрөнгө оруулалтын бага өгөөжтэй шигээ эрсдэл нь харьцангуй бага байна. Зах зээлд энэ төрлийн хөрөнгө оруулалт юу байна вэ?

Банкуудын хадгаламжийн хүү

Банкуудын төгрөгийн хадгаламжийн самбарын хүүг харвал, жижиг банкнуудын хүү 14 хувьтай байна. Харин Хас, Хаан банкны хувьд, хамгийн бага байна. Мэдээж та бид банкаа сонгохдоо Монголбанкнаас шаарддаг санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд хангаж байгаа эсэхийг сайн нягтлах хэрэгтэй. Ерөнхийдөө том банкуудтай харьцуулахад жижиг банкуудын хүү 0.8 орчим хувиар илүү байна.

График 1, Банкуудын хадгаламжийн хүү (төгрөгийн), 2020.08.04

Долларын нэг жилийн хугацаатай хадгаламжаар Транс болон Кредит банкууд хамгийн өндөр байна. Харин том банкууд нь жижиг банкуудаас 2 дахин бага хүүг долларын хадгаламж дээр өгч байна. Долларын хадгаламжийг жилээр нь тооцохдоо ханшийн уналтыг харгалзаж үзэх хэрэгтэй. Өнөөдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,840 орчимд байна. Хамгийн хүү өндөртэй банканд жилийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр хадгалсан гэж бодъё. Тэгвэл жилийн дараа ханш 6 орчим хувиар сулрахад (ханш жилийн дараа 3,010 төгрөг), нийтдээ 12 хувийн өгөөж хүртэх нь ээ. Энэ нь төгрөгийн хадгаламжийн хүүгээс бараг л ялгаа алга гэсэн үг.

График 2, Банкуудын хадгаламжийн хүү (ам.долларын), 2020.08.04

Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх нь мэдээж үнэ цэнээ хадгалж чадна.

Эрсдэл бага шигээ өгөөж ч бага. 2019 оноос эхлэн орон сууцны үнийн индекс аажмаар буурч байна(ҮСХороо). Тэр дундаа стандарт орон сууцны борлуулалт буурч байгаа бол тансаг зэрэглэлийн орон сууц, таун хаусын борлуулалт харьцангуй тогтвортой байна. Цар тахлаас шалтгаалан иргэдийн хэрэглээ хумигдаж байгаа учраас цаашид стандарт орон сууцны үнэ буурах хандлагатай байна. Харин бид үл хөдлөхийн үнэ доод түвшиндээ хүрлээ гэх тэр мөчид нь худалдан авалт хийх хэрэгтэй.

График 3, Орон сууцны үнийн индекс, 

Үхрийн өрөм буюу дундаж өгөөжтэй хөрөнгө оруулалт

Үхрийн өрөм нь ямааны өрөмтэй харьцуулахад зузаан.

Одоогоор энэ төрлийн хөрөнгө оруулалт нь дотоодын нээлттэй, хаалттай бондууд байна. Нэг үеэ бодвол, бонд зах зээлд ихээхэн гарч байна. Саяхан л гэхэд Ленд ХК-н 3 тэрбум төгрөгийн нээлттэй бонд 17 хувийн өгөөжтэй гарав. Ленд ХК нь хөрөнгийн захад нээлттэй, санхүү тайлан ил тод компани учраас хүн бүр л энэ бонд руу хөрөнгө оруулалт хийсэн биз ээ. Иймэрхүү нээлттэй бондуудыг бид бүхэн зарласан даруйд нь хөрөнгийн захаас худалдаад авчхаж болно. Одоогоор нээлттэй бондын хувьд, хэд хэдэн газрууд төлөвлөж буй ч коронагаас шалтгаалан хойшилж байгаа сурагтай.

Харин хаалттай бонд нь өгөөж өндөртэй, богино хугацаатай байхаас гадна тодорхой тооны харилцагчдад чиглэж явагддаг. Тиймээс төдийлөн мэдээлэл нь нийтэд нээлттэй биш.

Банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12-13 хувь орчимд байдаг учраас түүнээс арай ахиу өгөөжтэй буюу дунджаар 17-18 орчим хувьтай байдаг. Харин та, бид энэ тал дээр сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй байхын тулд андеррайтор компаниудын харилцагч, хэрэглэгч байх хэрэгтэй болов уу.

Үхрийн өрөм дотроо хамгийн амттай нь гэх үү дээ. Эрсдэлгүй хөрөнгө оруулалт бол Засгийн газрын бонд билээ. Одоогоор засгийн бонд гарахгүй байгаа хэдий ч оны төгсгөлд эсвэл 21 он гараад гарах магадлалтай. Учир нь төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээндээ хүрсэн шүү дээ. Энэ удаад Засгийн бондын өгөөж төдийлөн өндөр байхгүй. Хадгаламжийн хүүтэй ойролцоо түвшинд байх болов уу. Учир нь хөрвөх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ найдвартай хадгалахын тулд банкнууд ямар ч үнээр хамаагүй засгийн бонд худалдаж авна. Сангийн сайдын хэлснээр, Засгийн бонд гаргах бол иргэд худалдан авах боломжтой байдлаар зохицуулалт хийнэ гэжээ. Тиймээс эрсдэлгүй, өгөөж өндөртэй Засгийн бондыг бид мартаж болохгүй.

Сарлагийн өрөм буюу өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын өгөөж

Сарлагийн өрөм нь хамгийн зузаан ч идэхэд заримдаа биед халтай. Түүн шиг өгөөж ихтэй хөрөнгө оруулалтын ард их хэмжээний эрсдэл хуримтлагдаж байдаг. Энэ нь түүхий эдийн зах(алт, газрын тос, мөнгө), Фьючерсийн зах(валют, үүсмэл хэрэгсэл), хувьцааны захаас маржин арилжаа хийх тухай юм.

Цар тахал, геополитикийн хямрал нь тодорхой бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Улмаар зах зээл яг л имж шиг үсэрч, бууж байгаа учраас валют, хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь өөрөө эрсдэл өндөртэй болоод байна. Тиймээс ч хөрөнгө оруулагч нар түүхий эдийн зах руу хошуурсан нь алтны үнэ түүхэн хэмжээндээ хүрснээс харж болно. Хэрвээ та 2019 онд алтад хөрөнгө оруулсан бол 44 хувийн өгөөж зөвхөн үнээс нь хүртэх байсан. Одоогоор алтны үнэ бараг л ханасан гэж үзэж байгаа учраас хөрөнгө оруулагчид мөнгө, газрын тосруу орж байна.

Энэ зах зээл рүү хэрвээ орох хүсэлтэй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс нь юуны түрүүнд асууж, судлах нь биднийг эрсдлээс хамгаална.

График 4, Алтны үнэ, ам.доллар

 

Шар тос буюу урт хугацааны хөрөнгө оруулалт

Өрөм, зөөхий хайлуулснаар шар тосыг гаргаж авдаг. Шар тосыг тохируулж, зөв хэрэглэвэл хүний биед нэн тустай.

Яг ийм төрлийн хөрөнгө оруулалт нь урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Хэдийгээр богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй ч гэсэн урт хугацаандаа үнэ цэн нь нэмэгдэнэ. Жишээ нь, 2008 онд АПУ, Сүү ХК-н хувьцаа худалдаж авсан бол өнөөдрийн шар тос болохоор байлаа. Тиймээс дотооддоо хувьцаа худалдаж авахаар бол та бид тухайн компанийн үнэ цэнэ өсөх боломжийг нь 10, 20 жилээр харах хэрэгтэй.  

Харин гадаад зах дээр цар тахалд өртсөн компаниудын хувьцааны үнэ нь шалаар нэг байна. Цар тахалтай холбоотой агаарын тээвэр, аялал жуулчлал, зочид буудлын компаниудын хувьцааны үнэ огцом унасан. Яг энэ мөчийг нь ашиглан Норвегийн тэтгэврийн сан агаарын тээврийн компанийн хувьцааг худалдаж авч байх жишээтэй.

Мэдээж энэ чиглэлийн хөрөнгө оруулалт харж байгаа бол та бид тэвчээртэй, урт хугацаагаа харсан байх шаардлагатай.