Индэр    
2020 оны 7 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 73: Эверестийн оргилыг зорьсон хүмүүст тохиолдсон 1996 оны золгүй явдал

Зураг

Далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул бол Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил Эверест юм.

Эверестийн оргилд маш олон хүн авирсан тухай намтар байдаг ч амиа алдсан нь цөөнгүй билээ.

"Unlock" подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт “Into thin air” номыг танилцуулж байна.

Уг номд дэлхийн ноён оргил Эверестэд олон уулчин амь эрсэдсэн жилүүдийн нэг гэгддэг 1996 оны үйл явдлыг өгүүлдэг.

Номын зохиол Жон Кракауэр Эверестэд авирах хүн бүрийн хийж чадахгүй зүйл бөгөөд асар хүнд даваа болохыг энэ явдлаар гэрчлэн хүргэхийг зорьжээ.

НОМЫН ТУХАЙ ШУУД СОНСОХ:

Нийт 21 бүлэгтэй Into thin air номын онцлох үйл явдлаас хэсэгчлэн хүргэж байна.

Анх 1852 онд Энэтхэгийн одон орончид Гималайн нурууны ойролцоо дэлхийн хамгийн өндөр оргил байгаа тухай таамаглал дэвшүүлж байжээ. Түүнээс хойш найман жилийн дараа буюу 1865 онд Их Британийн судлаачид 8,848 метр орчим өндөр гэдгийг албан ёсоор тогтоосон түүхтэй.

Улмаар тус судалгааны багийг ахалж байсан Жорж Эверестийн алдраар ноён оргилыг нэрлэх болсон. Харин Төвд хэлнээ тус оргилыг Жомулунгма буюу Эх дэлхийн ээж гэж нэрлэдэг.

Энэтхэгийн одон орончид анхны таамгийг дэвшүүлснээс хойш 101 жилийн дараа буюу 1953 онд хамгийн анхны хүн Эверестийн оргилд гарсан юм.

Уулчид оргил руу мацахаас өмнө 3-4 долоо хоног өндөрт биеэ дасгах дасгал хийдэг

1996 оны Эверестэд авирах экспедицэд дөрвөн багийн хүмүүс оролцдог. Зохиолч Жон Кракауэрийн багийг туршлагатай уулчин Роб Холл /Роберт Эдвин Холл/ ахалсан бөгөөд баг 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр аяллаа эхлүүлжээ.

Тэдний 10 орчим нь л мөнгөө төлөөд дээш авирсан бол үлдсэн нь нутгийн туслах хүмүүс байсан гэж номд тэмдэглэсэн байна.

Эверестэд хоёр талаас нь авирах боломжтой бөгөөд уулчид аль нэг талаас нь авирах сонголт хийдэг. Харин тэд Непал улс буюу Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс талаас авирчээ.

Зохиолчийн хувьд өмнө нь 30 гаруй жил ууланд авирсан бөгөөд 41 насандаа Эверестийн оргилд хүрч, амьд гарч чадсан юм.

Уулчид бөөлжих, даралт хэлбэлзэх зэрэг бусад эрсдлээс сэргийлж биеэ өндөрт дасгах дасгалыг дөрвөн долоо хоног орчим хийдэг аж.

Ингээд 1996 оны гуравдугаар сарын 31-нд Эверестийн ойролцоох жижиг тосгонд очиж 2-3 хоносны дараа уг дасгалдаа орсон байна.

Тухайн үед Эверестэд авирахад хоорондоо 600 километрийн зайтай нийт таван кэмп байсан гэдэг. Ингэхдээ Бэйс кемп буюу хамгийн эхний кэмпээс дөрөвдүгээр кэмп хүрэхэд л 7,900 метрийн өндөрт гарахуйц байв.

Бэйс кэмпээс гуравдугаар кэмп хүртэл явахад зам нь налуу байсан бол 3-4 рүү явахад нэлээд эгц болж эхэлдэг гэж номд бичжээ. Гэхдээ зам нь налуу ч мөсөн блокуудын голоор маш том ангал, цав үүссэн байдаг учир замыг туулах тийм ч амар гэж ойлгож огтхон ч болохгүй.

Тэд өндөрт биеэ дасгах анхны оролдлогоо дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хийсэн бөгөөд тухайн өдөр 04:45 цагт Бэйс кэмпээс гарч нэгдүгээр кэмпэд хүрээд 10:00 цагт тэндээсээ буцаад бэйс кэмп дээрээ ирэх ёстой байв.

Учир нь 10:00 цагт буцаад доошоо буухгүй бол өдрийн наранд ээгдэх мөснүүд байрлалаа сольж буцах замд өөрчлөлт орох аюултай.

Тэвчээр ба зорилго

"Эхний дасан зохицох сургуулилалт амжилттай болсон ч миний толгой маш их өвдөж, дотор нь муухайрч, ээрч эхэлсэн бөгөөд хэзээ ч өмнө нь байгаагүйгээрээ тархи хэвийн бус ажиллаж байсан.

Бидний дунд өмнө нь 5,000 метр өндөр ууланд авчирч үзээгүй хүн ч байсан учир тэдэнд өндөрт дасах асар их шаардлага байсан юм" гэж Жон Кракауэр номдоо өгүүлжээ. Энэ нь хэт өндөрт гарсны гажиг илэрч буй хэрэг юм.

Тэр үед Жон эргэн тойрноо ажиглахад өөрөөс нь ч илүү туршлага дутмаг хүмүүс байсан ч тухай ч номд тэмдэглэжээ. 

Тухайлбал, тэдний багийн Японы уулчин эмэгтэй цасны гутлаа хэрхэн өмсөхөө мэдэхгүй бусдаар заалгаж байсан аж.  Мөн зэргэлдээх Тайвань, Өмнөд Африкийн баг ч туршлага дутуу байв.

Нэгдүгээр кэмпээс хоёрдугаар кэмп хүртэл явахад түүний бие өндөрт дасаж эхэлсэн байсан ч хөрш багийн нэлээд туршлагатай нэгэн туслах өндөрлөгийн өвчин тусаж уулнаас буужээ.

Түүний өндөрлөгийн өвчин нэгэнт хүндэрсэн байсан учир уулнаас бууж эмнэлэгт очсон ч удалгүй нас барсан нь ийм өвчин тусахад туршлага хамаарахгүй гэдгийг бусад багийнханд ойлгуулж байв.

Жон Кракауэр эхэндээ багийнхаа гишүүдийг дутуу үнэлж байсан нь үнэн. Гэхдээ тэд яг өөртэй нь адил толгой нь эргэж, бие нь эвгүйрхэж байсан ч ямар нэг шалтаг хэлэлгүй тэсэж байгааг нь хараад тэдний тэвчээрт бахархах сэтгэл төрж байсан аж.

Тухайлбал, түүний багийн нэг уулчин сургуулилалтын явцад хөлийнхөө хуруунуудыг хөлдөөчихсөн байсан ч заавал оргилд нь хүрэх ёстой гэсэн зорилгынхоо төлөө тууштай тэмцсээр байжээ.

Эверестийн оргил бидний амьсгалж байгаа агаараас 3 дахин бага хүчилтөрөгчтэй

Сургуулилалт дуусаад Бэйс кэмп байрлах 5,300 метрийн өндөрт буцан очиход өмнөх шигээ амьсгаа нь давхцаж, ханиалгах шинж тэмдэг ажиглагдаагүй нь энэ сургуулилалт үнэхээр үр дүнтэй болохыг нотолсон гэжээ.

Өндөрт гарах тусам хэцүү болдгийн шалтгаан нь Эверестийн дөнгөж эхний буюу Бэйс кэмп байрлах 5,300 метр өндөрт гарсан хүн энгийн хүнээс  хоёр дахин бага хүчилтөрөгчөөр амьсгалдаг аж.

Харин оргил нь бидний энийг амьсгалж байгаагаас гурав дахин бага хүчилтөрөгчтэй гэж номд өгүүлжээ.

Ингээд сургуулилалтаас хойш 10 орчим хоног амарсны дараа тавдугаар сарын 10-ны өдөр Эверестийн оргил руу мацахаар төлөвлөжээ.

Төлөвлөсөн цагтаа оргил руу мацахын тулд дөрвөн өдрийн өмнө буюу тавдугаар сарын 6-ны 04:00 цагийн орчимд бэйс кэмпээс гарч бусад кэмпүүдээр хоноглон явжээ.

Тэдний багийн ахлагч Роб Холл буцах цаг ямар чухал гэдгийг бүх хүнд захидаг байсан бөгөөд ойролцоогоор 12-13 цагийн үед ноён оргилын хаана ч байсан буцах хэрэгтэй гэсэн хатуу шаардлага тавьдаг байв.

Учир нь авирахаасаа илүү буцах нь хэцүү. Нэгэнт авирсан хүн доошоо буцаж буухад бие нь маш ихээр сульдсан байдаг бөгөөд халтирах, ангал руу унах зэрэг маш их эрсдэл дагуулж байдаг.

7,000 метрийн өндөрт гарсан хүн өдөрт дөрвөн литр ус уух шаардлагатай

7,300 метрийн өндөрт хүн хамраараа амьсгалахад бэрх учраас яалт ч үгүй амаараа их амьсгал авч эхэлдэг. Ийм үед хүн шингэний дутагдалд орох аюултай.

Өөрөөр хэлбэл, ердийн үед хүний биед өдөрт хоёр литр ус хэрэглэх шаардлагатай бол 7,000 метрийн өндөрлөгт хүн дөрвөн литр ус уух шаардлагатай болдог.

Мөн 7,500 метрээс дээш заавал нэмэлт хүчилтөрөгч хэрэгтэй бөгөөд хүчилтөрөгч дутагдаж эхлэхэд хүний бие маш хурдацтай мууддаг гэж Жон Кракауэр номдоо онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн өндрийн өвчин тусвал бөөлжих, уушгинд нь ус хурах, тархи хавдаж шууд үхэлд хүргэх аюултай.

Хэтэрхий их зориг үхэл рүү дагуулна

Тавдугаар сарын 9-ний өдөр хамгийн өндөр кэмпэд хоноглосон гурван багийн нийт 34 хүн ноён оргилыг зорьжээ. Гэвч гурван цагийн дараа дөрвөн хүн замаасаа буцсан. Дараа нь оргилд хүрэхэд ердөө 400 метрийн өмнө л ирсэн байсан гурван хүн дахин буцах шийдвэр гаргасан байна.

Ийм шийдвэр гаргах амаргүй ч магадгүй тэд хамгийн зөв шийдвэрийг сонгож, амиа аварч чадсан болов уу.

Эверестийн 7,800 метрээс дээш өндрийг үхлийн бүс гэж нэрлэдэг. маш хүйтэн, цасаар шуурч байдаг хэмээн номд өгүүлжээ. Энэ тухай зохиолч "Ууланд авирахад зориг хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их зориг үхэл рүү дагуулна" гэсэн байна.

Хамгийн хүнд үе нь оргилоос буух явдал

Үлдсэн хүмүүс Эверестийн оргилд амжилттай гарсан ч буцах зам нь дардан байсангүй. Учир нь нэг хүчилтөрөгчийн баллон 5-6 цаг хэрэглэх нөөцтэй.

Харин Жон оргил дээр гарах үед хүчилтөрөгчийн хэмжээ нь гурав орчим цагийн зайтай очих дөрөвдүгээр кэмп хүртэл хүрэлцэхээргүй байсан тул маш ихээр айж, оргил дээр ширхэг ч зураг авахуулахгүйгээр хоёрхон минут болоод буусан гэж дурсжээ.

Түүнийг ноён оргилоос харахад маш том хар үүл Эверестэд ойртож байв. Гэхдээ түүнийг олон нөхдийнх нь амийг авч одох цаг агаарын үзэгдэл байсныг анзаараагүй нь харамсалтай.

Ингээд хэдэн цагийн дараа дөрөвдүгээр кэмпэд хүрч, амиа аварч чаджээ. Гэвч энэ үеэр Жоноос сүүлд гарсан хүмүүс маш хүнд асуудалд орж байсныг Жон мэдсэнгүй.

Сүүлд гарсан хүмүүсийг буух үед маш хүчтэйгээр цасаар шуурч эхэлсэн бөшөөд гар, хөл нь хөлдчихсөн маш цөөхөн хүн л тэр өдөр дөрөвдүгээр кэмп дээр эргэн хүрсэн.

Тодруулбал, тэд оргилд хүрчихээд хурдан буцна гэж бодож байсан ч цасан шуурганд хэдийнээ олон цаг төөрсөн учраас хүчилтөрөгчийн нөөц нь дуусаж ухаан нь балартаж эхэлсэн тухай амьд үлдсэн хүмүүс ярьцгаадаг.

Жоны багийн ахлагч Роб Холл ч өөрийн багийн хамгийн сүүлд авирсан гишүүнтэй хамтаар өөд болсон. Гэхдээ тэр алга болсноосоо 28 цагийн дараа өөрийн эхнэртэйгээ станцаар холбогдож ямар их хайртайгаа хэлсэн байдаг.

Ярьснаас нь 12 хоногийн дараа түүний цогцос ноён оргилын 8,000 метрийн өндрөөс олджээ. Энэ мэтээр уг золгүй явдлаар нийт 12 хүн нэг дор амиа алдсан баримт бий.

Амьд үлдсэн хүмүүс Эверестийн оргилд хүрснээс хойш тавдугаар сарын 12-ны өглөө чадлынхаа хэрээр аварсан хүмүүсээ аваад уулнаас нэг мөсөн буусан.

Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь бэйс кэмп дээр буцаж ирээд асгартлаа уйлсан гэж номд тэмдэглэсэн байдаг.

Энэ тухай Жон Кракауэр "Би амьд гарчихлаа. Гэхдээ бусад нөхөд маань ирж чадаагүй байхад өөрөө амьд гарсанд харамсаж уйлж байсан" гэж дурсжээ.

Сүүлд тэднийг гэртээ очиход зарим хүн бусдыгаа аварч чадаагүй гэж буруутаж байсан. Гэхдээ тэд ч хамт явсан нөхдөө аварч чадаагүй өөрсдийгөө одоог хүртэл уучлаагүй хэмээн номоо төгсгөсөн байна.

Эверест оргилд 300 орчим цогцос байдаг гэсэн албан бус тоо бий. Ямартай ч зохиолч энэхүү номоороо Эверестэд авирах гэдэг хүн бүрийн хүсэх зүйл биш гэдгийг ойлгуулахыг хичээжээ.