-Цуврал 2-
Цонхноос нь сийгэж, хана нь цана цохиж харладаг угсармал орон сууцаа дулаалах оролдлогыг оршин суугчид, ААН-үүд, хотын захиргаа, төрөөс гээд янз бүрийн байдлаар хийж ирсэн. Гэхдээ орон сууц дулаалах ажил далайцтайгаар хийгдэж чадахгүй байгаа.
Энэ нөхцөлд 130 орон сууцыг иж бүрэн дулаалж, 15,000 өрхийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх "Угсармал орон сууцны шинэчлэл" төсөл хэрэгжих боломжид нэг алхам ойртоод байгаа талаар мэдээллийг хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаад 18 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төсөлд ямар шаардлага хангасан орон сууцнууд хамрагдах талаар мэдээллийг хүргэе.
Төслийн санхүүжүүлэгчийн зүгээс тухайн орон сууцны оршин суугчид байраа иж бүрэн дулаалахыг хүсэж байна уу, тухайн орон сууцыг дулаалах техникийн боломжтой юу гэдгийг голчлон анхаарч байгаа ажээ.
Түүнчлэн төсөлд хотын захиргаа болон оршин суугчдыг татан оролцуулж, тодорхой хэмжээгээр хариуцлагажуулснаар илүү үр дүнтэй хэрэгжинэ хэмээн үзэж байгаа. Төслийг санхүүжүүлэх эсэхийг хандивлагч байгууллага болох НАМА фасилити шийдвэрлэх бөгөөд санхүүжилт шийдэгдсэн тохиолдолд орон сууцаа өөрөө шинэчлэхээр төлөвлөж байгаа оршин суугчдын санхүүгийн бэрхшээлийг бууруулахад чухал дэмжлэг болох юм гэдгийг ДДНХБ-ын хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, төслийн удирдагч Б.Батзаяа хэлж байлаа.
Бусад улс, орнуудад үүнтэй ижил, төстэй төслүүдийг төсөлд зарцуулагдах нийт санхүүжилтийн зарим хэсгийг тодорхой хугацаанд буюу оршин суугчдын санхүүгийн чадавхад нь нийцүүлэн хэсэгчлэн төлөх хэлбэрээр хэрэгжүүлжээ. Ингэхдээ тухайн айлын байрны талбайгаас хамаараад шаталсан төлбөрийн нөхцөлтэй байна.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хандивлагч байгууллагын санхүүжилтээр 130 угсармалаа дулаалаад л энэ ажлыг зогсоно гэж ойлгож болохгүй. Иргэдийн санхүүгийн чадавхад нийцсэн байдлаар дулаалгын нийт зардлын тодорхой хувийг иргэд урт хугацаанд төлөх бөгөөд энэ нь дараа дараагийн орон сууцыг дулаалах тогтвортой санхүүгийн эх үүсвэр болох юм. Ер нь бол орон сууц хувийн өмч учраас тодорхой хэмжээний хөрөнгө гаргах нь бас зүй ёсны хэрэг.
Мэдээж хэрэг орон сууц дулаан болсноор тав тухтай орчин бүрдэхээс гадна өнгө үзэмж нь сайжирч, барилгын үнэ цэнэ өсөх гээд олон давуу талтай” хэмээн тайлбарлав.
Оршин суугчдын олонхоор дэмжигдсэн орон сууцанд тавигдах дараагийн нэг гол шалгуур бол газар хөдлөлтөд тэсвэртэй байх юм. Тиймээс угсармал орон сууцуудад улсын төсвийн хөрөнгөөр хөдлөлтийн үнэлгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 168 барилгыг хамруулаад байгаагийн 104 нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй хэмээн үнэлэгджээ. Энэ нь шууд дулаалах боломжтой гэсэн үг. Харин бусдыг нь хүчитгэж байж дулаалах боломжтой болох аж.
Эхний ээлжийн хоёр үндсэн шалгуурыг хангасан орон сууцыг иж бүрэн дулаална.
Түүнчлэн барилгын зах зээлийн үнэлгээ 15-20 хувиар өсөж, эрчим хүчний хэмнэлт гарах, цаашлаад өрхийн эрүүл мэнд, амьдралын чанарт ч эергээр нөлөөлөх судалгаа, тооцооллыг төслийн багийнхан хийжээ.
130 орон сууцны 15,000 өрх хамрагдах уг төслийг хэрэгжүүлэхэд СӨХ-ны оролцоо хамгийн чухал. Оршин суугчид төслийг дэмжиж байгаа эсэх санал хүсэлт, байр сууриа СӨХ-оороо дамжуулан "Угсармал орон сууцны шинэчлэл" төслийн багийнханд хүргэх юм.
Одоогийн байдлаар тус төсөлд хамрагдах хүсэлтээ 90 орчим СӨХ байгаа ажээ.
Угсармал орон сууцаа дулаалсан иргэдийн туршлагаас үзвэл, шаардлагад нийцэхгүй материал ашиглах, туршлага багатай компаниуд дулаалгын ажлыг гүйцэтгэсний улмаас оршин суугчдад төрөл бүрийн хүндрэл учрах нь бий.
Харин "Угсармал орон сууцны шинэчлэл" төслийн хүрээнд 5, 9, 12 давхар угсармалуудыг дулаалах барилгын ажлын зургийг гаргаж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулаад байгаа. Батлагдсан зургийн дагуу, стандартад нийцсэн байдлаар орон сууцаа дулаалж, гарах зардлын тодорхой хувийг өөрийн санхүүгийн чадавхад нийцүүлэн эргэн төлөх нь алдаж боломгүй боломж.
“Угсармал орон сууцны шинэчлэл” төсөл хоёр дахь шатны шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт авсан тохиолдолд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ төслийг гардан хэрэгжүүлэх юм. Энэ талаар болон төсөл хэрэгжсэнээр гарах эерэг үр дүнгүүдийн талаар мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.