-Цуврал 1-
"Угсармал орон сууцны шинэчлэл" төсөл 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахад нэг алхам ойртоод байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /ДДНХБ/, ИКЛЭЙ-Тогтвортой Хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны Зүүн Азийн газар болон бусад талууд хамтран төслийн бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой 51 орны төслөөс эхний шатанд тэнцсэн таван төслийн нэг болоод байгаа юм.
Эдгээр орон сууцууд нь дулаан алдагдал ихтэй тул хананаас цан цохих, улмаар чийг болж, байрны булан тохойгоор хөгц мөөгөнцөр үүсэх гэх мэт асуудлаас гадна ихэнх барилгууд хуучирч муудсаар байгаа.
Дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцуудыг дулаалах асуудал олон жил яригдаж, иргэд өөрсдийн зардлаар, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр, ААН-үүд өөрсдийн санхүүжилтээр гээд дулаалсан тохиолдлууд байгаа ч энэ төсөл хэрэгжвэл эхний ээлжид 130 гаруй барилгыг иж бүрэн дулаалах томоохон ажил хийгдэнэ.
ТӨСЛИЙН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:
Эхний ээлжид дулаалах 130 гаруй байранд 15,000 гаруй өрх оршин сууж байгаа бөгөөд санхүүжүүлэгч болох "НАМА Фасилити" уг төслийг баталбал 2021-2025 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэх юм.
Энэ төсөл хэрэгжвэл эхний ээлжид 130 гаруй барилгыг иж бүрэн дулаалах томоохон ажил хийгдэнэ. Иж бүрэн дулаална гэхээр орон сууцны зөвхөн гадна ханыг дулаалаад зогсохгүй цонх, орцны хаалга, дээвэр гээд тухайн барилгыг бүхэлд нь шинэчилж, таны орон сууцны харагдах байдал, тав тух болон үнэ цэнийг өсгөх ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.
Оршин суугчид төслийг дэмжиж байгааг санхүүжүүлэгчдээ батлан харуулж чадвал 2021 он буюу ирэх онд санхүүжилтээ авч, төслийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
18 сая еврогийн буцалтгүй тусламжийг авч, төслөө хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид юу хийх ёстой талаар ДДНХБ-ын хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, төслийн удирдагч Б.Батзаяа "Иргэд уг төслийг дэмжинэ, орон сууцаа дулаалах хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг донор байгууллагад харуулах шаардлагатай болоод байна. Тиймээс угсармал орон сууцанд амьдарч буй оршин суугчдын төлөөлөл 3,000 орчим өрхөөс санал асуулга авна.
"Угсармал орон сууцны шинэчлэл" төсөлд донор байгууллагаас тавигдаж буй гол шаардлага нь бусад улсын жишгээр иргэд, оршин суугчдын санхүүгийн оролцоо буюу төсөлд зарцуулагдах нийт санхүүжилтийн зарим хэсгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх явдал юм. Орон сууцыг бүхэлд нь дулаалах ажлын ихэнх хувийг төслөөс санхүүжүүлэх ба иргэд оршин суугчдаас тодорхой хувийг өрхийн санхүүд хүндрэл учруулахгүй байдлаар эргэн төлөх арга замыг судалж байна. 18 сая еврогийн буцалтгүй тусламж батлагдвал оршин суугчдад хөнгөлөлттэй, төлбөрийн таатай нөхцөлөөр байраа шинэчлэх маш том боломж олдоно.
Дулаалах шаардлагатай 500 орчим байрнаас энэ төслийн хүрээнд 130 барилгыг дулаална гэдэг бол иргэд болон СӨХ-н дунд энэ төсөлд хамрагдчих юмсан гэсэн өрсөлдөөн гарах болов уу гэж харж байна. Мэдээж оршин суугаа байрыг нь бүхлээр нь дулаалж, ая тухтай болгох нь оршин суугчдад л хэрэгтэй. Иргэд өөрийн өмч буюу үл хөдлөх хөрөнгөө өөд нь татаж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд багахан хэмжээний мөнгийг төлөхөд татгалзахгүй гэдэгт бид итгэлтэй байна" хэмээв.
Оршин суугчдаас барилгаа дулаалуулах хүсэлт их ирдэг тул угсармал орон сууцуудыг дулаалах асуудал олон жил яригдаж байна. Аргаа барсан зарим иргэд өөрсдийн зардлаар зөвхөн өөрсдийн ханаа хэсэгчлэн дулаалсан байдаг ч энэ нь үр дүн муутайгаас гадна стандартын бус учир урт хугацаандаа барилгын хийцэд муугаар нөлөөлдөг.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр цөөн тооны барилгуудын гадна ханыг мөн дулаалсан. Гэвч улсаас 500 гаруй барилгуудыг нэг дор, богино хугацаанд дулаалах боломжгүй. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Адил төстэй цаг агаартай Новосибирск хотын захиргаа болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудаас санхүүжилт татах асуудлаар хэлэлцсэн боловч олон улсын хөрөнгө оруулагчид угсармал орон сууцыг хувийн өмч учир санхүүжилт олгохоос татгалзсан.
Засгийн газар, ИТХ-ын мөрийн хөтөлбөрт орсон энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2017 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлуудаас дурдвал 5, 9, 12 давхар угсармалуудыг дулаалах барилгын ажлын зургийг гаргаж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан. Мөн ДДНХБ-ын санхүүжилтээр орон сууцны эрчим хүчний аудитыг хийлгэсэн. Түүнчлэн дулаалах байруудад газар хөдлөлтөд тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж эхэлсэн. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа.
Эдгээр ажил дээр тулгуурлан ДДНХБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (ЗАА)-тай хамтран “Угсармал орон сууцны шинэчлэл” (УОСШ) төслийн саналыг боловсруулан НАМА Фасилити байгууллагад 2019 онд хүргүүлсэн нь тендерийн эхний шатанд тэнцэж, цаашид 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахад нэг алхам ойртоод байна.
Үндсэндээ ямар материалаар, ямар аргачлалаар дулаалах, аль барилгыг шууд дулаалах боломжтой гээд гол ажлуудаа нугалчихсан. Ингэж тал бүрийн судалгаатай төслөө танилцуулсан учраас төсөл сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн гэж ойлгож байгаа" хэмээв.
"НАМА Фасилити" нь 2012 онд Герман, Их Британийн Засгийн газрууд хамтран хүлэмжийн хийг бууруулах зорилготойгоор санаачилсан, хөгжиж буй орнуудын Засгийн газруудаас шалгарсан, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслүүдэд санхүүжилт олгодог байгууллага юм.
Энэхүү төслийн нэг чухал шалгуур нь тухайн улсын засгийн газрын зүгээс хэр зэрэг анхаарлаа хандуулж, дэмжиж байна вэ гэдэг асуудал бөгөөд төсөл сонгон шалгаруулах явцад Улаанбаатар хотын ЗАА-наас санаачилга гаргаж, "Угсармал орон сууцны шинэчлэл" төслийн нийт санхүүжилтийн 10 хүртэлх хувийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсон нь эхний шатанд тэнцэхэд мэдэгдэхүйц дэмжлэг болсон байна.
Зүүн Европын Польш, Украин, Словак, Армен зэрэг улс угсармал орон сууцуудаа дээрх жишгээр иж бүрэн дулаалж, барилгын насжилтаа уртасгаад байна.
Төслийн хоёр дахь шатны сонгон шалгаруулалтын хариу энэ намар гарах бөгөөд төслийн явцын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл Та энд дарж тогтмол дагаж болно.
Бид үргэлжлүүлэн "Угсармал орон сууцны шинэчлэл" төсөлд хэрхэн, ямар зарчмаар хамрагдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.