Индэр    
2020 оны 5 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 64: Жэймс Коми АНУ-ын Холбооны мөрдөх товчооны даргын ажлаасаа чөлөөлөгдөх болсон ШАЛТГААН

Зураг

Unlock подкасттай хамтран бэлтгэдэг номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт 2018 онд дуулиан тариад байсан Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Жэймс Комигийн бичсэн “A Higher Loyalty: Truth, Lies and Leadership” хэмээх дурсамж номыг танилцуулж байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны даргын албан тушаалын томилгоо нь 10 жилийн хугацаатай байдаг бөгөөд тус албан тушаал нь тус улсын хувьд бие даасан шийдвэрлэх түвшнийх гэгддэг.

Тус байгууллага нь 1935 онд байгуулагдсан цагаасаа хойш зургаан даргын л нүүр үзсэн түүхтэй.

Харин Жэймс Комигийн хувьд 2013 онд уг суудалд томилогдсон ч АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа буюу гурван жил, найман сар, таван өдрийн хугацаанд ажилласны эцэст 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

Тэр бүү хэл, Жэймс өөрийг нь ажлаас нь чөлөөлж байгааг зөвхөн хэвлэлүүдээр гарсан мэдээллээс л сонссон тухайгаа өөрийн энэхүү дурсамж номд тэмдэглэн үлдээжээ.

Номын тухай подкастыг сонсох:

Холбооны мөрдөх товчоо гэх байгууллагыг товчхон тайлбарлахад, АНУ-ын улс төр, засгийн газартай холбоотой хэргүүдийг мөрддөг, тус улсын Засгийн газар, улс төрөөс хамааралгүй томоохон байгууллага.

Жэймс Комигийн хувьд, АНУ-ын шүүх, хуулийн байгууллагуудад нэлээд танигдсан нэгэн бөгөөд түүнийг АНУ-ыг төлөөлсөн өмгөөлөгч байх хугацаандаа мафийн сүлжээтэй зоригтойгоор тэмцэж чадсан нэгэн гэдгээр нь олон хүн мэдэх билээ.

Номд тэмдэглэн үлдээсэн дурсамжуудаас тоймлон хүргэе.

Жэймс Комиг прокурор мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв?
 

Номын эхлэл хэсэгт тэрбээр өөрийнхөө бага насны тухай дурсан бичжээ.

Түүнийг 16 настай байхад дээрэмчид дүүд нь буу тулгаж, гэрийг нь дээрэмдэж байсан аж. Энэ явдал түүний сэтгэлд маш гүн толбо үлдээсэн байна.

Тэрхүү үйл явдлаас хойш Жэймс маш их айдастай болсон бөгөөд унтахдаа хүртэл хутга дэрлэдэг болов.

Энэ нь түүнийг хууль, хүчний байгууллагын карьер хөөхөд шууд нөлөөлсөн гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн тавдугаар ангид байхад нь түүний гэр бүл Нью-Йорк мужаас Нью Жерси рүү нүүсэн байдаг.

Ингээд шинэ хотод ирэхэд Нью-Йоркийн аялгатай ярьдгаас гадна хувцасны стиллээсээ болж хүүхдүүдэд нэлээд дээрэлхүүлдэг байсан аж.

Түүний эцэг, эх нь хүүхдүүддээ олны шийдвэрийг дагах нь тийм ч таатай зүйл биш бөгөөд аливаа асуудалд өөрийн гэсэн, биеэ даасан үзэл бодлын үүднээс хандах хэрэгтэй гэдгийг сургамжилдаг байв.

Тийм ч учраас Жэймс өөрийн гэсэн үзэл бодол амьдралд хамгийн чухал зүйл гэдгийг бага наснаасаа ухамсарлаж ирсэн хэмээн бичсэн байна.

Манлайлагчдаас олж харсан шинж чанарууд

Дэлгүүрийн менежер

Ахлах сургуульд байхдаа тэр нэгэн дэлгүүрт цагийн ажил хийдэг байсан бөгөөд тус дэлгүүрийн менежерийг хамгийн зөв удирдагч байсан хэмээн одоо ч бодож явдаг аж.

"Оюутнууд, ажлын туршлагагүй учраас алдаа их гаргадаг байсан.

Тэр жижигхэн дэлгүүрийн менежер байсан ч шилдэг манлайлагч байсан. Учир нь тэр ажилчдаа ямар ч алдаа гаргахад хэзээ ч чанга дуугаар загнаж байгаагүй бөгөөд юу болсон шалтгааныг олох гэж хичээж, алдаагаа засах боломжийг үргэлж олгодог байсан нь урам өгдөг байсан" тухай бичжээ.

Энэ бол түүний амьдралдаа харсан хамгийн зөв удирдагчийн шинж чанар юм.

Ажилтандаа урам өгдөг манлайлагч.

1987 онд Жэймс АНУ-ын Өмгөөлөгчийн ажилд орж байсан бөгөөд ажлаа тэр өөрийнхөө мөрөөдлийн ажил гэж бодож байв.

Улмаар 1993 онд Вашингтоны ойролцоо байдаг дүүрэг рүү нүүж, АНУ-ын Прокурорын туслахаар ажиллах болсон байна.

Тодруулбал, АНУ-ыг төлөөлдөг нийт 93 прокурор, өмгөөлөгч байдаг бөгөөд тэдний нэг болох маш сайн прокурор эмэгтэйн туслахаар ажилладаг.

Ажиллах хугацаандаа ч удирдагчийн шинж чанарыг алхам тутамдаа олж харсан бөгөөд Жэймс Комигийн өсөх карьерт нь хамгийн их нөлөө үзүүлж чадсан хүн гэж тэр тэмдэглэжээ.

Тэр Жэймсийг сонинд өгсөн ярилцлагад прокурорын туслах биш, өөрийн нь оронд прокурор гэсэн албан тушаалтай оруулсан байхад ч юу ч хэлэлгүй, түүнийг нэр хүндээ өсгөхөд яаж тус болох тал дээр харж, тусалж байсан аж.

Түүний энэ чанар доод албан тушаалтандаа маш их урам өгдөг байсан бөгөөд тэднийг ч бусадтай хэрхэн харьцах тухай манлайллын шинж чанарт суралцуулж байлаа.

Эхнэрээсээ олж харсан манлайлал.

 

Амьдралд нь нөлөөлж чадсан өөр нэг удирдагч бол түүний эхнэр байлаа.

Тэднийг дөрөв дэх хүүхэд төрөх эмнэлгийн буруугаас болж, хэдхэн хоног л хорвоо дээр амьдарсан тухай тэр номдоо тэмдэглэжээ.

Тодруулбал, Жэймсийн эхнэр жирэмсэн байх хугацаанд нь эмнэлэг шинжилгээг нь дутуу хийсний улмаас нярай төрснийхөө дараа эндсэн байна. Хэрэв түүнийг жирэмсэн үед нь хяналт, шинжилгээг бүрэн хийж чадсан бол хүүхдийг хэвлийд нь байхад үрэвсэлт өвчнийг анагааж болох байлаа.

Тэр 5, 7 настай жоохон хоёр охиндоо хүртэл нялх дүүг нь тэврүүлж байгаад “Та нарын дүү болж хорвоо дээр ирсэн бяцхан сахиусан тэнгэр хорвоог орхиж байна. Тэр дахиж эгч, ахтайгаа уулзаж чадахгүй учир түүнтэй одоо салах ёс гүйцэтгэх хэрэгтэй” гэж тайлбарласан нь тийм жаахан хүүхдүүдэд ч амьдралын утга учрыг ойлгуулахыг хичээж байгааг илтгэнэ.

Мөн түүний эхнэр үрээ алдсандаа гашуудаж, зүгээр суугаагүй юм.

АНУ-ын эрүүл мэндийн зарим байгууллагын дутуу шинжилгээ хийсний хор уршгийг өөр эмэгтэй битгий амсаасай гэсэндээ жирэмсэн эмэгтэйчүүдийг бүх төрлийн шинжилгээнд хамруулж, эрүүл ургийг аврах кампанит ажлыг орон даяар явуулжээ.

Тэр АНУ даяар жирэмсэн эхийн биед байх бактери илрүүлэх шинжилгээг хуулиараа бүх эмнэлэг хийх ёстой гэсэн шинэ системийг тогтооход их хувь нэмэр оруулсан юм.

Худал хэлэх амархан ч хариуцлагаа үргэлж нэхэж байдаг
 

Хүн бүр амьдралдаа их, бага хэмжээгээр худал хэлж байсан гэдэг нь үнэн.

Гэхдээ багахан худал үг ч олон удаа давтагдвал маш том аюулд хүрдэг бөгөөд бага, багаар томорсоор маш их худал зүйлийг хаан зогссон байх нь мэдээж хэрэг.

Тэгвэл олон жижиг худал зүйлс, ямар том хор уршиг учруулж болохыг энэхүү бүлэгт тодоор харуулсан байдаг.

2002 оны нэгдүгээр сард жижигхэн биотехнологийн компанид нэг асуудал гарсан нь, Сайм Уэксол гэх эзэн нь 2001 онд Анколог гэх компанийнхаа хувьцааг нийтэд мэдээлэхээсээ өмнө хувьцаагаа зарсан байна.

Түүнийг хувьцаагаа зарсан өдөр хамт зарсан байсан хүмүүсийн дотор АНУ-ын нэг телевизийн нүүр царай болох Марта Стюарт байжээ.

Дотоод мэдээллийг ашиглаж, хувьцаа арилжих нь хууль бус үйлдэл бөгөөд Марта энэхүү хавтаст хэрэгт шалгагдаж байхдаа хувьцааны үнэ унах гэж байгааг огт мэдээгүй гэж худал мэдүүлжээ.

Бодит байдал дээр тэр хувьцаа зарсан компанийн захиралтай сайн найз төдийгүй, нэг брокер диллерийн компанийн үйлчлүүлэгч байж таарчээ.

Ингээд Марта өөрийн дотоод мэдээллийг ашиглаж жижигхэн зүйл дээр худал мэдүүлснийхээ төлөө таван сар хоригдох ял авч байсан нь тухайн үед багагүй дуулиан тарьж байсан билээ.

Үүнээс зохиолч "Хуулийн өмнө худал мэдүүлсэн хэн ч шийтгэлээ амсах ёстой. Хууль нь гэдэг жижигхэн бурууд ч хариуцлага хүлээлгэдэг байж улс, орны нийгэм, эдийн засгийн систем зөв горимоор ажилладаг.

Тэгж байж иргэд хуулийн системдээ итгэж байдаг бөгөөд тэдний итгэлийг жижигхэн зүйлд алдаж болохгүй" гэдгийг энэ бүлэгт хэлэхийг зорьжээ.

Террорист халдлагын эсрэг нэрийн дор иргэдийн хувийн мэдээлэл алдагдах аюултай байжээ
 

Жэймс Коми Вашингтон хотод ажиллах хугацаандаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дор ажилладаг байсан ч даргадаа бус хуульд нийцсэн заримдаа үнэнч байсан юм.

Тухайлбал, АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд гарсан терроризм халдлага болсноос хойш дахин тийм зүйл болохоос сэргийлэхийн тулд тагнаж, чагнах программ Тагнуулын газар гаргаж иржээ.

Гэхдээ тэр программ нь террорист халдлагын эсрэг нэрийн дор энгийн иргэдийн мэйл болон утсыг шалгах боломж бүрдүүлээд байсан юм.

Энэ бол мэдээж ёс зүй, хуулийн хувьд ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл.

Тиймээс Жэймс үүнийг эрс эсэргүүцэж, үүнийг хуулийн дагуу засаж, залруулахгүй бол тухайн үеийн Холбооны мөрдөх товчооны даргын хамтаар ажлаа хүлээлгэн өгөх болно гэдгээ хүртэл мэдэгдэж байв.

Ингэсний эцэст 2004 онд Жорж Буш болон АНУ-ын Засгийн газар хуулийн дагуу өөрчлөлт хийж байсан юм.

Түүнээс гадна тэр АНУ-ын түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг мафийн гэр бүл болох Гамбиногийн гэр бүлийн эсрэг АНУ-ын төрийг төлөөлж тэмцэж байсныг хэлэх хэрэгтэй болов уу.

Үүний дараа 2004 онд АНУ-ын гадна Цэргийн баазуудад нь байгаа олзлогсдыг зодох, олон хоног хоол өгөхгүй байх, нүүр дээрээс нь их хэмжээний ус асгаж ухаан алдуулах зэргээр тарчлаан зовоож байгаа бичлэг олон нийтэд ил болсон байдаг.

Энэ бол олон улсын хууль, хүний эрх талаасаа буруу зүйл байсан учраас АНУ-ын хуулийн байгууллагын хоёрдогч албан тушаалтны хувьд зүгээр орхиж чадаагүй юм.

2002 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушд хуульч, прокурорууд нь иймэрхүү байдлаар олзолсон хүмүүсээсээ мэдээлэл авч болох талаар буруу зөвлөгөө байдаг.

Үүнийг өөрчлөх гэсэн ч ерөнхийлөгч болон АНУ-ыг төлөөлөгч прокурорууд нэг итгэсэн зүйлдээ баттай итгэсээр байжээ.

Энэ тухай Жэймс Коми “Улстөрчид, өнөөдөр албан тушаалтнууд өөрийн хийсэн  буруу үйлдлээ би мэдээгүй, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь карьерийнх нь хувьд амиа хорлохтой адил байдаг. Тиймээс тэд хэчнээн том алдаа гаргасан байсан ч өөрийгөө зөвтгөж, зүтгэдэг” гэж тэмдэглэсэн байна.

Энэ хэцүү үед Жэймс Коми 2004 оны төгсгөл хүртэл тус хэргийг хариуцаж авч, хүний эрхийг зөрчсөн маш буруу зүйл гэх баримт цуглуулж, хүчээр болиулах ажлыг зохион байгуулсан байдаг.

Энэ бол Жеймсийн ажилдаа үнэнч байсны өөр нэг илрэл. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төр, засгийг олон улсын өмнө буруутгагдах алхам хийхээс хамгаалж зогсох мэргэжилтний нэг нь тэр өөрөө байсан юм.

Ингээд 2004 онд Жорж Буш дахин сонгогдож, улмаар АНУ-ын прокурорын албан тушаалыг буюу Жэймсийн даргыг ажлаас нь халжээ.

Уг нь АНУ-ыг төлөөлөх Прокурорын байгууллага ямар нэг улс төрөөс ангид биеэ даасан байгууллага байх ёстой. Гэвч Жорж Буш өөрийн талын хүнийг тэр албан тушаалд тавьсан учир ямар ч өөрчлөлт гараагүй.

Тиймээс хүний эрхийн эсрэг, буруу ажиллагаа явуулдаг газар удаан ажиллахгүй гээд тэр хайртай албаа орхиход хүрсэн гэж тэр тэмдэглэсэн байна.

Жэймс Коми АНУ-ын Холбооны Мөрдөх товчооны даргаар томиглогдов
 

Жэймс 7-8 жил хувийн байгууллагад ажилласны эцэст 2013 онд Барак Обама ерөнхийлөгч болсны дараа түүнийг Холбооны мөрдөх товчооны даргаар томилохоор дууджээ.

Тухайн үед гайхах нэг шалтгаан нь  Барак Обама Ардчилсан намын гишүүн, харин Жэймс Бүгд найрамдах намын гишүүн байсанд байгаа юм.

Тэр Обамаг өөрийнхөө сөрөг хүчнийхээ намын гишүүнийг яах гэж багтаа авна гэж хэмээн бодож, тавьсан саналд нь итгээгүй аж.

Ямартай ч Обаматай уулзахад түүнд хандаж “Холбооны мөрдөх товчоо болон Дээд шүүхийн байгууллага нь манай улсын хамгийн чухал албан тушаалын нэг.

Харин холбооны мөрдөх товчоо бол ямар ч хэн нэгний оролцоогүйгээр, эх орныхоо цаашдын удирдагчдыг бэлтгэж, тусалж зөвлөх бие даасан байгууллага байх ёстой. Би чиний ямар нэг намын харьяалалгүйгээр шийдвэр гаргаж, ажлаа чин сэтгэлээсээ хийх чадварт итгэж байна” хэмээн хэлсэн байдаг.

Барак Обамагийн хэд, хэдэн чанараас алсын хараатай хүн гэдгийг тэр олж харсан хэмээн номд бичсэн байна.

Сүүлд Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдож, нийгэмд Жэймсийг үзэн ядалт хөвөрч байх үед ч Барак Обама түүнтэй уулзахдаа “Би үнэхээр шударга байж чадах зөв хүнээ Холбооны Мөрдөх товчооны даргаар томилсон.

Дахин цаг хугацааг ухраах боломж олдсон ч миний энэ сонголт өөрчлөгдөхгүй” хэмээн хэлсэн гэжээ.

Хиллари Клинтон ба АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн хэрэг
 

Хиллари Клинтоны гаргасан том алдаа нь, Хиллари Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн мэйлээрээ төрийн нууцлалтай мэдээллийг хольж ашигласан гэсэн асуудал үүсэж байв

Тэр асуудал даамжирсаар олон нийтийн анхаарлын төвд орж, 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Холбооны мөрдөх товчоо хавтаст хэргийг түүнд нээхээс өөр аргагүйд хүрч байсан юм.

Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол үргэлж улсын нууцтай холбоотой асуудлыг мэдэж байдаг. Гэвч Хиллари Клинтон төрийн ажил хийхдээ хувийн и-мэйлийн системийг ашигласан. Ингэж ажиллах нь хакдуулах эрсдэл өндөр байдаг учраас хориглодог. Тиймээс хууль бус ажиллагаанд тооцогдох боломжтой.

Харин Хиллари Клинтон мэдээлэлд нууц мэдээллийг хувийн и-мэйл хаягаараа дамжуулсан байсан юм. Төрийн нууцыг ингэж хувийн мэйлээр явуулах зорилго нь юу байсан бэ гэдгийг Холбооны мөрдөх товчоо судалж эхэлсэн байдаг.

Түүний хувийн и-мэйлд төрийн нууцтай холбоотой 60 мянга орчим зурвас байжээ.

Энэ хэрэг дээр Холбооны мөрдөх товчооноос 20 хүнтэй баг удаан хугацаанд ажилласны эцэст гэмт хэргийн шинжтэй зүй байгаагүй бөгөөд хүсээгүйгээсээ болж, алдаа гаргасан байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан юм.

Холбооны мөрдөх товчоо үйл ажиллагаагаа олон нийтэд зарлах албагүй байдаг. Гэсэн ч Жэймс Коми нийтэд уг анхаарлын төв байгаа асуудлыг нийтэд үнэнээр нь зарлах сонголтыг хийн зарлажээ.

ОХУ сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй байдал үүссэн нь
 

Дээрх хэргийн хажуугаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинийг АНУ-ын сонгуульд ямар нэг байдлаар нөлөө үзүүлэх гэж байгаа гэх мэдээлэл ирж, мөрдөн байцаалтын ажил явагдаж байсан хэмээн тэр номдоо тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас АНУ-ын Сонгуулийн ардчилалд иргэдийнх нь итгэлийг алдуулах зорилгоор нөлөөлж байсан эсэхийг судалж байсан байна.

Нөгөө талаар ОХУ-ын төрийн тэргүүн Хилларид дургүй байсан учраас Хиллариг унагааж, Дональд Трампыг гаргах зорилгоор нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байжээ.

Ийм хэрэг болоод байсныг олон нийтэд мэдээлэх нь ОХУ-ын хүсээд байсан зүйлийг хийж өгсөн гэлтэй, сонгогчдынхоо сонгуульд итгэх итгэлийг нь унагах байсан учраас нууц байдлаар мөрдөн байцаалт хийж байсан байна.

Гэтэл Сонгууль болохоос хоёрхон гаруй хоногийн өмнө 05:00 цагийн орчим Жэймс Комид Холбооны мөрдөх товчооны дэд даргаас мэйл ирсэн нь “Хиллари Клинтоны и-мэйлтэй холбоотой өөр баримт гарч ирснийг яаралтай шалгах хэрэгтэй байна” гэжээ.

Энэ тухай олон нийтэд зарлавал сонгуулийн дүнд ОХУ-ын хүсэж байгаа гэж таамаглаж байснаар Дональд Трамп ялна.

Хэрэв хэлэхгүй нуун дарагдуулсны дараа хэрэв Хиллари Клинтон ерөнхийлөгчөөр сонгогдвол ерөнхийлөгчдөө хавтаст хэрэг нээх байдалд хүрэх эрсдэлтэй. Ийм зүйл болбол улс, орны хэвийн байдал алдагдахад хүрнэ зэрэг олон асуудал хөвөрч эхлэв.

Гэсэн ч тэр өөрийн мэргэжлийн үнэнч байдалдаа хөтлөгдөн, сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө энэ тухай олон нийтэд мэдээлсэн юм.

Ингээд Хиллари Клинтонд дахин хавтаст хэрэг нээсэн. Энэ мэдэгдэл Хилларигийн хувьд өрсөлдөгчөө хол давах өндөр улс,төрийн нэр хүндэд нь ихээр нөлөөлсөн билээ.

Энэ тухай Хиллари Клинтон ч өөрийн бичсэн номдоо ялагдах том шалтгаан болсон хэмээн бичсэн байдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Гэтэл сонгууль болохоос ердөө хоёрхон хоногийн өмнө тэр олдсон мэйлүүд буруу зүйл биш байсныг дахин зарладаг. 

Үүнээс болж иргэд, олон нийт Жэймсийг маш ихээр үзэн ядаж байв.

Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны бие даасан байдалд нөлөөлсөн нь
 

2017 онд албан ёсоор Дональд Трамп ерөнхийлөгчийн суудалдаа суусан юм. Энэ үед түүнд ОХУ-аас өнгөрсөн сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй талаар бид таныг шалгаж байгаа тухайг шударгаар хэлдэг.

Ингэхдээ түүнийг ОХУ-д Трамп айлчлалаар очихдоо биеэ үнэлэгч авсан нууц бичлэг нь байгаа тухай хэлсэн байдаг.

Харин Трамп ийм бичлэг үнэхээр байгаа эсэхийг шалгах бус, харин ийм бичлэг байхгүй гэсэн нотолгоог ямар нэг аргаар гаргаж үзүүлэхийг шахаж байсан гэнэ.

Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа үдэшлэг маягийн арга хэмжээ зохион байгуулж, Жэймс Комиг урьсан байдаг.

Үдэшлэгийн үеэр Дональд Трамп түүнийг олж хараад олны өмнө маш чангаар дуудсан байна.

Хэт их санаа зовж байсан Жэймс Коми олон хүний өмнө дуудагдсан учир очиж гар барихаас өөр аргагүйд хүрсэн аж.

Тэр зүгээр гар бариад өнгөрнө гэж бодсон ч Трамп олны өмнө түүнийг тэврээд, түүний чихэнд шивнэсэн нь олны анхаарлын татаж, маш олон хүнд хардлага төрүүлэх болсон юм.

Гэхдээ Дональд Трамп түүний чихэнд ердөө “Цаашид чамтай хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэснээс өөр зүйл хэлээгүй хэмээн тэр дурсжээ.

Дараа нь Трамп ерөнхийлөгч болоод 21 ч хоноогүй байхдаа холбооны мөрдөх товчоо руу залгаж Жэмс Комитой ярья гэж залгаж, оройн хоолонд орох санал тавьжээ.

Ингээд хооллож байх үед Дональд Трамп түүнд хандаж өөрт нь үнэнч байх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлсэн байна.

Энэ үгээс Жэймс Коми “Тэр өөрийн албан тушаалаа хувийн эрх ашгаар илэрхийлж байгаагаас гадна, сайн удирдагч биш” гэсэн шүүмжлэлт бодол төрсөн гэж номд бичжээ.

Хоол идэхэд дэргэд нь өөр гэрч байгаагүй учраас цаасан дээр юу болсон талаар тэмдэглэл хөтөлж, хоёр хувь хэвлэж хадгалсан байдаг.

Дараагийн удаа Трамп Прокуроруудын уулзалтын дараа өрөөнд нь орж ирээд түүнээс бусдыг өрөөнөөс гарахыг хүссэн.

Энэ нь Жэймс Комигийн хувьд маш эвгүй зүйл байсан бөгөөд тэр ОХУ-ыг сонгуульд нөлөөлсөн хэргийг зүгээр өнгөрөөхийг хүсжээ.

Уг нь АНУ-ын ерөнхийлөгч, Холбооны мөрдөх товчооны даргатай тусдаа уулзах нь ёс зүйн хувьд хориотой.

Тэр Барак Обамаг ерөнхийлөгч байх үед ердөө гуравхан удаа хөндлөнгийн гэрчтэй уулзсан бөгөөд утсаа нэг ч удаа ярьж үзээгүй, бие даасан байдалтай байсан гэж номд өгүүлжээ.

"АНУ түүхэндээ маш хэцүү ерөнхийлөгчтэй таарлаа..."
 

Трамп дахин, дахин Жэймс рүү залгах болсон нь ОХУ-ын сонгуульд нөлөөлсөн талаар судалж байгаа хэргийг зогсоох явдал байсан.

Хамгийн сүүлд ярихдаа Жэймс Коми би энэ талаар мэдэхгүй гээд тасалсан байдаг.

Ингээд 2017 оны тавдугаар сарын 9-ны өдөр Лос-Анжелест ажлаар явж байхдаа телевизийн мэдээнээс өөрийнхөө ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тухай сонсжээ.

Тухайн үед олон хүний өмнө лекц унших байхад хүмүүс түүнд чи ажлаасаа халагдсан гэж хэлэхэд итгээгүй бөгөөд “Та нар надаар сайн наргиж байна” хэмээн тоглоом маягаар хүлээж авсан гэнэ.

Ингээд дахиж хэзээ ч цагаан ордон болно Холбооны мөрдөх товчоо руу орох боломжгүй болсон.

Түүнийг халагдсанаас хоёр өдрийн дараа Трамп Твиттер хуудастаа “Жэймс бид хоёрын ярианы талаарх ямар бичлэг байхгүй гэж найдаж байна” жиргэсэн байжээ.

Үүнийг уншаад тэр хэрвээ бичлэг байсан бол Трампын ямар хүн байсныг бүгд мэдэх байж дээ гэж бодогдож байсан гэж энэхүү номд дурсан тэмдэглэжээ.

Үүнээс зохиолч Дональд Трампыг зөвхөн өөртөө үнэнч байхыг шаардаж, хорвоо ертөнцийг тэр чигтээ өөрийнх нь эсрэг байгаа мэт сэтгэдэг, үргэлж худлаа ярьдаг гэж тодорхойлсон юм.

“Жижиг, том гэлтгүй бүх зүйл дээр худлаа ярьж, өөртөө үнэнч байхыг ёс суртахуун, үнэнээс дээгүүрт тавьдаг” гэж Жэймс Коми бичсэн байна.

Мөн тэр  “Энэ ерөнхийлөгч этикгүй, үнэ цэнэ, үнэн мөнөөс хамааралгүй хүн. Түүний удирдах арга нь наймаалцах, хувиа хичээх, өөртөө үнэнч байдлыг үнэлэх зарчим дээр суурилдаг” гэжээ.

Хамгийн сүүлд "АНУ түүхэндээ маш хэцүү ерөнхийлөгчтэй таарлаа. Энэ бол хамгийн гунигтай зүйл.

Гэхдээ намын хамааралгүй, эх орныхоо төлөө гэсэн залуусын ачаар бид дараагийн ерөнхийлөгч тодрох хүртэл тэсэж чадна" гэсэн утгатайгаар номоо төгсгөжээ.