Индэр    
2020 оны 5 сарын 13
Зураг
Нийтлэлч

Коронавирусээс аюултай хүчирхийлэл-2

Зураг

Шинэ коронавирусийн аюул эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, зөрчил  эрс  нэмэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд онцгой эрсдэл үүссэн талаар миний бие өнгөрсөн сард нийтлэл бичсэн.

Энэхүү нийтлэлдээ хохирогч эмэгтэйчүүд, хүүхдүүд хөл хорио цээр дэглэмийн үеэд очих газаргүй, хүчирхийлэгчтэйгээ гэртээ байгаа энэ цаг үед Засгийн Газар коронавирусийн дэгдэлттэй холбоотой бодлого шийдвэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг цаг тухайд нь хамгаалах талаар анхаарлаа хандуулах шаардлагатай талаар дурдсан.

Хоёр долоо хоногийн өмнө УИХ “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэхээр заасан. Энэхүү хуулийн  7.1.20. зүйлд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх” гэж заажээ. Ийнхүү уг хуульд тодорхой заалт орсон нь сайшаалтай боловч бодит байдал дээр энэ заалт хэр үр дүнтэй вэ.

Уг хуульд заасан шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв болон төсвийн өөрчлөлтийг зөвхөн УИХ-аар баталдаг. Иймээс COVID 19-ын нөхцлөөс үүдэлтэй  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалтыг УИХ-аар төсвийн тодотголоор хэлэлцэхгүй бол 2021 шинэ төсөв батлагдахыг хүлээхээс өөр аргагүй болж байна. Гэтэл дээр дурдсанаар хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 сард дуусгавар болно. УИХ төсвийн тодотгол ойрын хугацаанд хийхгүй л бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд энэ хуулийн заалт ач холбогдолтой эсэхэд эргэлзээтэй  байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай зүйл бол төсөв, санхүү юм. COVID 19-ийн байдлаас болж хүчирхийлэл огцом өсч буй энэ цаг үед тухайн чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх, шинэ хандлага, зохион байгуулалт нэн даруй хийх шаардлага байгаа.

Гэтэл дээр дурдсанаар хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 сард дуусгавар болно. УИХ төсвийн тодотгол ойрын хугацаанд хийхгүй л бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд энэ хуулийн заалт ач холбогдолтой эсэхэд эргэлзээтэй байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн талаар бид хэвлэл мэдээлэл, цахим, сошиолоор сүүлийн үед нэлээд ярьж, нэлээдгүй хэлэлцүүлэг, уулзалт болж байгаа боловч  хохирогч хамгаалал, ялангуяа COVID-19-ийн нөхцөлд бодитой үр дүн гаргаж чадаж байна уу.

Энэ хугацаанд  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой томоохон ажил гэвэл иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Хайр өвтгөдөггүй” арга хэмжээг Цагдаагийн байгууллага НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр өнгөрсөн 3-р сард зохион байгуулжээ.

Урьдчилан сэргийлэх ажил чухал боловч саяхан гаргасан НҮБ-ын зөвлөмжөөр төрөөс нэн тэргүүнд авах арга хэмжээнд хохирогч хамгааллыг эрчимжүүлэх, үүнд түр хамгаалах байрны хүртээмж үйлчилгээг сайжруулах, хүрэлцээ муу бол хувийн хэвшлийн зочид буудал ашиглах зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжөөр тухайлбал Франц улс хувийн хэвшлийн зочид буудлуудтай хамтран хохирогч хамгааллын үйлчилгээг өргөжүүлж байна.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв 29 байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрт хохирогчийг 90 хүртэл хоногоор  байршуулж сэтгэл зүй, цогц хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Анх түр хамгаалах байрны үйлчилгээг зөвхөн ТББ байгууллага буюу Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хэрэгжүүлдэг байсан бол одоо 29 болтол нэмэгдсэн нь том дэвшил.

2014 онд анх удаа төрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрыг Хууль Зүйн яамнаас санхүүжилт гаргаж  байгуулж байсан. Энэ байр бүх аймаг, дүүргийн иргэдийг хүлээж авах боломжтой боловч 30 хүн хүлээх авах багтаамжтай, барилга чанарын шаардлага хангахгүй нөхцөлд байдаг. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс эдгээр түр хамгаалах байрны багтаамж болон чанарыг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн ТББ-уудад гэрээгээр чиг үүргээ гүйцэтгүүлэн үйлчлэгчдийн тоогоор санхүүжүүлж байсан хуучин туршлагыг сэргээх хэрэгтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай өөр нэг гол хүчин зүйл нь тухайн чиг үүргийн байгууллагуудын орон тооны асуудал юм.  Цагдаагийн ерөнхий газар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг  өнгөрсөн онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулсан байна. Энэ хэлтэс цаашдаа өргөжих хэрэгцээ шаардлага байгаа.    Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдэх тусам анхан шатны цагдаагийн нэгжийн ажлын ачаалал нэмэгддэг. Хэсгийн байцаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээс гадна тухай нутаг дэвсгэрийн бүхий л хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл дээр ажиллан ачаалал ихтэй байдаг. Эдгээр анхан шатны нэгжийн орон тоог нэмэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сургалтад системтэй, бүрэн хамруулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн чиг үүрэг хэрэгжинэ.

Тодорхой цаг хугацааны дараа УИХ  “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай”  хуулийн хэрэгжилтийн хяналтыг тавина гэж найдаж байна. Ингэхдээ дээр дурдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой заалт болох төсөвтэй холбоотой заалтын бодит хэрэгжилтийг гаргаж олон нийтэд танилцуулахыг хүсэж байна. Учир нь энэ чухал цаг үед хүчирхийллийн тулгамдсан асуудлыг хуулийн нэг хэрэгждэггүй заалт болгон орхимооргүй байна.