Индэр    
2020 оны 6 сарын 16
Зураг
Нийтлэлч

ӨМНӨХ СОНГУУЛИЙН АМЛАЛТЫГ ЭРГЭН САНУУЛЪЯ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэд улс төрийн сонголтоо хийхэд  чухал шаардлагатай  мэдээллийн нэг нь улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр юм. Сонгогчийн боловсролын гол  зарчим нь нэр дэвшигчдийг хувь хүний хувьд шинжихээс илүүтэй тухайн нэр дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөртэй танилцаж, дүгнэлт хийж сонголтоо хийх явдал юм. Үүнээс одоогийн эрх барьж буй намын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг  эргэн харж хэрэгжилтийг нь дүгнэх нь сонгогчийн хийх ёстой чухал алхмын нэг.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч, УИХ-д дийлэнх олонх болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэхүү мөрийн хөтөлбөрөө эрх барьж буй намын хувьд бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг салбар, салбараар эргэж харах нь энэ сонгуулиар сонголтоо хийх гэж буй сонгогчдын боловсролд чухал холбогдолтой юм. 

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт олон салбарт  үйл ажиллагаа зааснаас хүний эрх, хууль, эрх зүй, төрийн байгууллага, шүүхтэй холбоотой заалтуудыг ялган авч хэрэгжилтийн байдлыг үзлээ. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт дээрх чиглэлээр 4 багц бүлэгт хуваан нэлээдгүй арга хэмжээ оруулсныг  заалт тус бүрээр нь  хэрэгжилтийн  байдлаар нь checklist гаргасантай танилцана уу. 

 
 

Өмнөх Засгийн Газар 2016 онд 13 яамтай байсан бол одоо 14 яам, харин агентлагийн хувьд өмнөх шиг 27 агентлаг хэвээр байна.  Харин төсвийн байгууллагын хувьд 2017 оны 1 сард  4302-аас  2020 оны 1 сард 4623 болон 321-ээр өссөнийг Үндэсний Статистикийн үзүүлэлтээс харж болно. Үүнд төрийн өмчит үйлдвэрийн газар шинээр 52-оор нэмэгджээ.

 

Яамдын ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг харахад иргэний нийгмийн төлөөлөл оруулсан зөвлөл байсангүй. Мөн иргэний үнэлгээний картын систем нэвтэрсэн эсэх талаарх мэдээлэл олдсонгүй. 

 

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо дорвитой нэмэгдээгүй. Үндэсний Статистикийн гаргасан мэдээллээр төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь яамдын төрийн нарийн бичгийн түвшинд 7.7%, агентлагийн даргын түвшинд 3.3%, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байна.  Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын түвшинд 12.5%, дэд сайдын түвшинд 38.0%, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд байхгүй байна.

 
 

Энд  заасан орон нутагт хүний эрхийн зөрчил, гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэх хүний эрхийн төлөөлөгч томилогдоогүй байна. Орон нутагт хүний эрхийн зөрчил гарсан хэвээр бөгөөд Хүний эрхийн Комиссын орон нутгийн төлөөлөгч тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын Газрын ажилтан давхар хашиж ирсэн ба гомдол шийдвэрлэх эрх хэмжээгүй байдаг. Саяхан 1 сард шинэчлэгдсэн Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулинд орон нутагт комиссын ажилтан гомдол, мэдээлэл хүлээн авах,шалгаад тогтоогдсон нөхцөл, байдлыг саналын хамт Комиссын гишүүнд танилцуулах чиг үүрэгтэй байхаар заажээ. 

 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр нэлээдгүй өрнөсөн. Ялангуяа Эрүү болон Зөрчлийн хуулинд сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой заалт орсоноос үүдэн нэлээдгүй хэрэг, маргаан үүсч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг хязгаарласан талаар энэ чиглэлээр ажиллан, нийгэмд танигдсан Глоб Интернешнл байгууллагын тайлангаас харж болно. 

Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх заалт хүчингүй болохоос өмнө 2 жил хагасын хугацаанд  2017 онд 28, 2018 онд 486, 2019 оны (10 сарын байдлаар) 355 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс, 2017 онд 4 сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 оны (10 сарын байдлаар) 4 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүр торгох шийтгэл хүлээсэн талаар энэ тайланд дурджээ. 

УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцсон нь ойлгомжгүй, илт худал мэдээллийн тодорхойлолт байхгүй. хуулийг нэг мөр хэрэглэх эсэх, эрх бүхий албан хаагч өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэх гэх мэт завхрал гарах эрсдэлтэй болсон байна.  Анхны томьёолол болох 2019.09.17-ны өдөр УИХ-д өргөн барьсан төсөлд Гүтгэх заалт байсан боловч ийнхүү өөрчлөгдсөн байна. 

 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн Газрын шийдвэрээр төрийн чиг үүргийг түүн дотроо эрх олгох, хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг шилжүүлсэн тохиолдол гараагүй байна. Засгийн Газрын шийдвэрийн санг шүүж үзэхэд чиг үүргийг шилжүүлэхтэй холбоотой 3 шийдвэрийн нэг нь энэ оны 2 сард буюу сонгуулийн жилд Монгол Эмэгтэйчүүдийн Холбоонд  аливаа сонгон шалгаруулалтгүйгээр  охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр нийгмийг соён гэгээрүүлэхэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, таниулах, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулахад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төсөв хөрөнгө гаргах шийдвэр гарсан байна. Мөн 2016 оны 10 сард ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан.  2018 онд Монголын автомашин, мотоциклын спортын холбоотой холбоотой шийдвэр гаргасан байна.

 

Хувь хүний хувийн мэдээлэл, захидал харилцаа, мэдээллийн нууцыг зөвхөн хуулиар хамгаалах бөгөөд гол хууль болох Хувь хүний нууцын тухай хууль анх 1995 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл шинэчлэгдээгүй байна. 

 
 

Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлж буй байдлын талаар сүүлийн үеийн шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой хэвлэлээр гарч буй маш их мэдээлэл гарах болсон. Шүүхийн бие даасан, хараат бус байдал бэхжсэн эсэх нь эргэлзээтэй байгааг эдгээр мэдээлэл харуулдаг. 

 

Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны улмаас иргэд хохирсоор байгааг Хүний Эрхийн Үндэсний комиссын 2017,2018,2019 оны тайлангууд харуулдаг.  Үүнийг таслан зогсооход чиглэсэн хууль тогтоомж шинээр батлагдан гараагүй. Цагдаагийн албаны тухай хууль 2015 онд шинэчлэгдэсний дараа 2017 онд дахин шинэчлэгдэн батлагдсан боловч цагдаагийн байгууллага иргэндээ чиглэсэн, иргэн төвтэй, иргэдийг хохироохгүй байх чиглэлээр зохицуулалт алга байна. 

 

Сүүлийн үед хуулийн өмнө тэгш бус байдал, даргад болон иргэнд өөр өөр үйлчилж буйд иргэд хамгийн бухимдалтай байгаа. Хуулийн байгууллагын албан тушаалтанд ялгаварлал, давуу байдал бий болгосон үйлдэлд хариуцлага тооцох үр дүнтэй механизм болон бодит жишээ хараахан алга.

 

Хуулийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чирэгдэлгүй болгосон томоохон, ахицтай хууль эрх орчин, шийдвэр гарч бодитойгоор хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй. 

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль  2012 онд батлагдаж  2019 онд нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү зөрчлийн оноо тооцох зохицуулалт байхгүй. Дашрамд дурдахад шүүгчийн үйл ажиллагааг үнэлэх дээрх  дэлхий нийтийн чиг хандлагаас өөр, тохиромжгүй арга зам юм. 

 
 

Эдгээр заалтад зааснаар гэмт хэргийн хохирогч хамгааллын цогц бодлого байхгүй, одоогийн хэрэгжилт сул байгаа нь тухайлбал гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүчин, бага насны хохирогч хамгаалал зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг дээр илэрч байгаа.

Ташрамд дурдахад  Засгийн Газраас 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлан. хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах талаар яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагад үүрэг болгосон боловч энэ хугацаанд төрийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж олон хүүхэд золгүйгээр амь насаа алдсан.

Дараагийн нийтлэлээрээ УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй гол намууд болох МАН, АН болон ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүний эрх, хууль эрх зүйн салбартай холбоотой хэсгийг харьцуулсан дүгнэлт танилцуулах болно.