Индэр    
2020 оны 5 сарын 6
Зураг
Нийтлэлч

Эрвээхэйн дэвэлтийн хүч

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Амазон мөрний эрвээхэй далавчаа дэвэхэд Японд далайн их давалгаа үүсдэг талаар сонсож байсан уу. Энэхүү “Эрвээхэйн нөлөө” үзэгдлийг санаандгүй жижиг зүйлээс үүдэн томоохон өөрчлөлт бий болгохыг нэрлэдэг байна. Энэ нэр томьео анх АНУ-ын MIT сургуулийн математикч, цаг уурч Эдвард Лоренц  1972 онд  “Таамаглал: Бразилийн эрвээхэйн далавчны дэвэлт Техаст хар салхи эхлүүлэх үү?” сэдэвтэй судалгааны ажлаа хэвлүүлсэнээр цаг уурын хэрэглээнд үүсжээ. 

Орчин үед энэ нэр томьеог цаг уураас гадна нийгэм, улс төрийн өөрчлөлтөнд өргөнөөр хэрэглэх болсон.  Хаа холын жижигхэн эрвээхэйн дэвэлт нөхцөл, тохироо нь таарвал гинжин уялдаатай нөлөө үүсгэдэгтэй адил нийгэм, улс төрийн амьдралд  өөрчлөлт гарч болдог байна. Өөрөөр хэлбэл нийгмийн өөрчлөлт гэнэтийн том хувьсгалаар бий болдоггүй жижиг зүйлээс эхэлж болдог. Үүний нэг жишээ нь алдартай Арабын Хавар хувьсгал юм. Анх 2010 оны хавар  Тунис улсад гудамжинд ногоо зардаг залуугийн ногоог зөвшөөрөлгүйгээр зарсан гэх үндэслэлээр цагдаа хүчээр хурааснаас үүдэн өөрийгөө галдан шатааснаас үүдэн Тунисчууд улмаар бусад Арабын улсуудын жирийн иргэд төрийнхээ хүнд суртал, авилгын эсрэг бослого өрнүүлсэнээс үүдсэн байна. 

Өнөөгийн дэлхий дахинаа тулгарч  буй COVID-19 вирусийн аюул занал ч мөн адил “эрвээхэйн нөлөө”-тэй төстэй. Анх Хятадын Ухань хотын хүнсний захаас бий болсон вирусийн халдвар дэлхийн бүх тивийг хамран, зөвхөн эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, санхүү, ажилгүйдэл зэрэг томоохон хямрал дэлхий дахинд үүсгээд байгаа билээ. 

Орчин үед сошил сүлжээнд хүртэл “эрвээхэйн нөлөө” байдаг байна. Сошил орчинд гарсан нэг пост олон нийтийн анхаарлыг татсанаас нийгмийн уур амьсгал болон улс төрийн шийдвэрт нөлөөлсөн жишээ манайд нэлээдгүй. Гэхдээ ихэнхдээ  энэхүү “эрвээхэйн дэвэлт” зохион байгуулалттай гэхээс илүү санаандгүй үйлдэл байдаг.   

Энэхүү эрвээхэйн нөлөөний зүйрлэл нь өнөөгийн нийгэм, улс төрийн өөрчлөлтийн эхлэлд хамаатай. Аливаа томоохон өөрчлөлтийн эхлэл бидний бодсончлон заавал нүсэр, түвэгтэй бус, энгийн зүйлээс ч эхэлж болдог ажээ. Өнөө үед нийгэмдээ олон жил хуримтлагдсан асуудлыг өнгөц бус, тогтолцоогоор өөрчлөх хүсэл эрмэлзэл байгаа нь жирийн иргэдийн яриа, хэвлэл, сошил орчин дэх хэлэлцүүлгээс харагддаг. Нийгмийнхээ бугшсан асуудалд дор бүрнээ бухимдан сууж, сошил орчиндоо пост оруулах, эсвэл иймэрхүү постыг лайк даран суухаас хэтрэхгүй байснаар өөрчлөлт өөрөө ирэхгүй. Монголчууд бид төрийн төлөө оготно боож үхэв гэж ярьдаг. Гэвч ардчилсан нийгэмд хүн бүр нийгэм, улс төрийн амьдралдаа идэвхтэй байж асуудлаа шийдэх нь зүйн хэрэг.

Бид өөрчлөлт хийхийн тулд заавал Тунисын гудамжинд ногоо зардаг хүн шиг өөрсдийгөө шатаах шаардлагагүй. Мөн заавал бослого, хувьсгал ч гарах албагүй. Нийгмийн өөрчлөлтийн эхлэлийг тавих жирийн эрвээхэйн дэвэлт шиг иргэн бүрийн энгийн үйлдэл хэрэгтэй. Бид өөрийгөө болон өөрийнхөө үйлдлийг өчүүхэн жижиг, үр нөлөөнд хүрэхгүй гэж бодолгүйгээр идэвхтэй байвал эрвээхэйн дэвэлтнээс цунами үүсдэг шиг өөрчлөлтийн эхлэлийг авчирч чадна.

Ялангуяа одоогийн улс төр, сонгуулийн эгзэгтэй цаг үед хүн бүр өөрчлөлтийн түүчээ болж нийгэмдээ идэвхтэй иргэн, сонгуульдаа хариуцлагатай сонгогч байвал бидний эрвээхэйн нөлөөний хүч гарна.