2020 оны 4 сарын 20
Зураг
Нийтлэлч

Эрх зүйн салбарын алсын хараа

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын  Засгийн Газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулан УИХ-аар ойрын үед хэлэлцэн батлах гэж байна. Энэ төсөлд ирэх 30 жилийн хугацааны хөгжлийн бодлого чиглэлийг есөн тулгуур, 50 зорилттойгоор боловсруулснаас хууль эрх зүйн салбар, хууль сахиулах, хүний эрхтэй холбоотой  хэсгийг нь анхааран судаллаа.

Хууль эрх зүй, шүүх, хууль сахиулах салбартай холбоотой  5-р зорилт “Хүн, нийгмийн амар тайван байдал” болон  7-р зорилт “Хууль сахиулах салбарын хөгжил“ гэж  тодорхойлон тухайн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааг жагсаажээ. Тухайлбал, хууль сахиулах салбарын эрх зүйн орчинг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ гэж заажээ. Гэтэл энэ зорилтод хүргэх үйл ажиллагааг харвал шинээр барилга барих, үйлдвэр байгуулах, сургалтын төв байгуулах, машин, техник авах, төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг сайжруулах, түүн дотроо нэр заан Оюуны өмчийн газрын байр, сургалтын төв, хөгжлийн төвийн цогцолбор барилгыг барихаар оруулжээ. Эдгээр барилга, байшингийн жагсаалт  хууль сахиулах салбарын хөгжил, 30 жилийн алсын хараа мөн үү.

Салбарын дэд бүтцийн хөгжил мэдээж чухал боловч дан ганц барилга, байшин, шинэ машин авснаар энэ салбарын хөгжил дэвшил тодорхойлогдохгүй. Тэр байшинд ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны стандарт, хууль эрх зүйн орчин, хандлага, арга барилын өөрчлөлт зэрэг чухал хүчин зүйлээс хамаарна. Энэ баримт бичигт барилга байшин барих тухай биш харин хүний эрх, эрх чөлөөг хангаж, хууль дээдлэх ёсыг хангах, иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц бодлогын суурь багтах ёстой.

Энэ төсөлд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний эрхийн болон эрх зүйн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлнэ гэж заасан боловч хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар дээрх барилгын жагсаалт шигээ тодорхой заасангүй. Мөн уг төсөлд  жендэрийн мэдрэмжтэй бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр огт тусгагдаагүй байна.  Олон улсад мөрдөж буй хөгжлийн бүх баримт бичигт хөгжлийн гол үндсийн нэг нь  жендэрийн эрх тэгш байдал гэдгийг нэгэнт тогтоосон байдаг. 

Энэхүү баримт бичгээс үүдэн урган гарч буй нэг асуулт нь Монгол Улсад эрх зүйн салбарын  урт хугацааны бодлого байна уу.  Хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, бодлогоос харахад энэ салбарын ирээдүйн хөгжлийн бодлоготой холбоотой баримт бичиг алга. Эрх зүйн салбарын ганц бодлого болох Эрх зүйн шинэчлэлийн стратеги бодлогын баримт бичиг 1998 онд батлагдаад 22  жил өнгөрчээ.  Мөн хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаас хойш ийм төрлийн баримт бичиг батлагдаагүй. 2016 онд батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030  баримт бичигт эрх зүйн салбар болон хууль сахиулах салбартай холбоотой зорилт ороогүй байдаг. 

Хууль, эрх зүйн салбарын хөгжлийн урт хугацааны бодлого байхгүйгээс болж сонгуулийн 4 жилээр  энэ салбарын бодлого тодорхойлогдож ирсэн.  Энэхүү байдал нь эрх зүйн бодлогын тогтворгүй байдал, бодлогын залгамж чанар алдагдахад хүргэж  байгаа. Түүнчлэн бодлого байхгүйгээс урсгалаар явж ирэн нийгмийн тухайн үеийн нөхцөл, үйл явдалд хариу үзүүлэх проактив бус реактив байдлаар явж ирсэн. 

Иймээс Монгол Улсад ирэх 30  жилд биш гэхэд ойрын 10 жилдээ баримтлах эрх зүйн бодлогын үндсэн чиглэл, хүрээгээ тодорхойлох шаардлагатай байна. Монгол Улсын хууль зүйн нэгдсэн бодлого  ямар байх, гол дэд бүтэц болсон хууль тогтоомж ямар тогтолцоо, системтэй байх ёстой гэдэг вэ гэдгийг тодорхойлох хэрэгцээтэй байна. Шинээр гарах хууль тогтоомжийн чиг хандлага, одоо хэрэгжиж буй 500 гаруй хууль тогтоомжоо цэгцлэх, цаашид боловсронгуй болгох талаарх бодлого чиглэлээ эртхэн тодорхойлохгүй бол эрх зүйн систем нь холилдсон, орон орны хууль, тогтолцооны замбараагүй бөөгнөрөл болоход хүрч байна.

Түүнчлэн хууль сахиулах бодлогоо нийгмийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэлэгээр тодорхойлох шаардлагатай байна. 100 жилийн өмнөх шигээ арван тавны цагдаагийн загвар, мөн хуучны хорих байраар энэ салбарын ирээдүйг төсөөлөх үү.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо эргэн харж уламжлалт сургалт, сурталчилгаанаас гадна гэмт хэрэг үйлдэгсэд, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг таслан зогсоох чиглэлээр шинээр бодлогоо тодорхойлохгүй бол одоогийн хар тамхи, хүн худалдаалах муухай гэх мэт плакат, зурагт хуудас, сошиал сүлжээний уриагаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлж таслан зогсоох боломжгүй. Мөн хуулийн салбарын боловсон хүчин,  хуулийн сургалт, одоо байгаа 5,000 гаруй хуульч,  Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага зэрэг салбарын чадавхын ирээдүйг тодорхойлох шаардлагатай байна. 

Аливаа улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн хөгжлөөс хамаарахгүй бөгөөд хүний эрхийг хангасан хууль эрх зүй, хууль сахиулах тогтолцоогоос хамааралтай байдаг. Ялангуяа улс орны нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл нь хүн төвтэй эрх зүйн орчин, хэрэгжилтийг хангах хуулийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хангах шударга ёсны тогтолцооноос шууд хамааралтай. Иймээс дэлхий дээр улс орнуудын хөгжлийн индексийн нэг чухал үзүүлэлт нь хууль эрх зүйн тогтолцоо байдаг. Хуульт ёсны зарчим, түүнийг хангах тогтолцоо  хөгжлийн гол зарчим болдог. Дэлхийн  хууль ёсны индексээр Монгол Улс 128 орноос 57-т жагсаж байна. Доогуур үзүүлэлтэд төрийн албаны авлигал, ил тод байдал болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн сул байдал, шударга ёсны тогтолцооны үзүүлэлт оржээ.   

Иймээс хуульт ёсны зарчмыг хангах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах чиг хандлага, арга замуудыг шинээр томьёолж, хүн төвтэй, мэдлэгт суурилсан, инновац, шинэлэг технологи нэвтрүүлсэн бодлого гаргах шаардлагатай байна. Ингэхдээ Монгол Улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөн,  цаашид энэ салбарт шинэтгэл үргэлжлүүлэх, өргөжүүлэх,  олон улсын чиг хандлага, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах нь чухал юм. 

x