Индэр    
2020 оны 6 сарын 2
Зураг
Нийтлэлч

“Би амьсгалж чадахгүй байна” АНУ-ын иргэдийн тэмцлийн сургамж

Зураг
Photo credit: New York Times

Ардчиллын өлгий болсон АНУ-д өнгөрсөн долоо хоногийн турш иргэдийн жагсаал, цуглаанаар амьсгалж, иргэдийн бослого тэмцэл үймээн самууны байдалд хүрч томоохон хотууд  гал дунд дүрэлзэж байгаа дүр зургийг бид хэвлэл мэдээллээс харж байна. Одоогоор  АНУ-ын  120 хотод иргэдийн жагсаал цуглаан өрнөж, зарим томоохон хотуудад эмх замбараагүй байдал үүссэн тул Лос Анжелес, Нью Иорк зэрэг 40 хотуудад хөл хорио тогтоож, холбооны цэргийн хүчийг нэмэлт хамгаалалтанд татаж эхэлсэн.

Зөвхөн АНУ төдийгүй Лондон, Берлин, Ванкувер, Аддис Абба зэрэг хотуудад иргэдийн жагсаал болж байна. Дэлхийн анхаарлын төв болсон энэхүү иргэдийн уур бухимдал, тэмцлийн гол шалтгаан нь АНУ-ын Миннеаполис хотод 5-р сарын 25-ны өдөр хар арьстан 46 настай Жеорж Флойд дэлгүүрт тамхи авахын тулд хуурамч 20 дэвсгэрт өгсөн байж болзошгүй гэсэн дуудлагаар очсон цагдаагийн гарт амь үрэгдсэнээс үүдэлтэй. Жеорж Флойд эсэргүүцэл үзүүлээгүй байхад гавлан нэг цагдаа нь хүзүүн дээр өвдөглөн сууж 8 минут 46 секундын турш амьсгалыг нь боож дарснаар ухаан алдан улмаар эмнэлэгт нас баржээ.

Жеорж Флойд “би амьсгалж чадахгүй байна” гэж маш олон удаа эцсийн мөч хүртэл гуйж байсныг нь гудамжинд харсан гэрчүүд бичлэг хийж сошиал дээр тавьснаар энэхүү АНУ-ыг донсолгосон бослого тэмцэл эхэлсэн. “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн лоозон барьсан жагсагчдын гол шаардлага нь АНУ дахь арьс өнгөний ялгаварлал, цагдаагийн хүч хэрэглэхийг эсэргүүцэж байна. Хэдийгээр АНУ-д арьс өнгөөр ялгаварлахыг хуулиар хориглон олон жил болж буй ч нийгэмд бат бөх оршсоор байгаа нь хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаан дээр илэрдэг. Энэ нь АНУ-ын арьс өнгөөр ялгаварлах үзэл тогтолцооны асуудал болсон нь хууль сахиулах байгууллагын хүч хэрэглэх, ялангуяа хар арьстануудыг ялгаварлан хүч хэрэглэх асуудал дээр тод илрэн гардаг.

Статистикаас харахад АНУ-д хар арьстан иргэд цагдаад бусдаас 2.5 дахин илүү баригдан, шалгагддаг байна. АНУ-д гэм зэмгүй хар арьстай иргэд, насанд хүрээгүй хүүхдүүд цагдаагийн гарт амь үрэгдсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээдгүй гарч, үүний улмаас иргэдийн жагсаал цуглаан болж байсан. Гэвч энэ удаагийн тохиолдол өнөөдөр Жеорж Флойд, маргааш өөр хэн нэгэн байхыг тэсвэрээ барсан иргэд тэвчих аргагүйд хүрсэн явдал юм. 

Мөн түүнчлэн энэ тэмцэл зөвхөн хар арьстай иргэдийн асуудал бус бүхий л иргэдийг өргөнөөр хамарснаараа онцлогтой. Учир нь зөвхөн нэг тохиолдол бус олон жилийн бугшсан тогтолцооны гажуудал, нийгмийн тэгш бус байдал, COVID-19 хямралаас үүдэлтэй ажилгүйдэл, санхүүгийн хямралтай нийгмийн хямралын суурин дээр үүссэн олон асуудлын тэсрэлт болж байна. 

АНУ-д COVID-19 хямрал хүндээр тусаж, нас баралт, халдварлагдсан хүний тоогоор дэлхийд тэргүүлэхээс гадна үүний улмаас үүссэн нийгэм, санхүүгийн хямрал улс орон даяар хүндээр тусаж байна. Ялангуяа, хар арьстан иргэд хамгийн их өртөж буйг статистик тоо харуулдаг. Нийгмийн тэгш бус байдал, үүний улмаас эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжгүйгээс хар арьстай иргэд суурь өвчнөөсөө шалтгаалан COVID-19 халдвараар илүү их нас барсан. Хар арьстан иргэдийн 100,000 хүн тутамд 50.3 хүн нас барсан бол цагаан арьстай хүмүүсийн 20.7, Өмнөд Америк гаралтай 22.9, Ази гаралтай 22.7 иргэн нас барсан байна. Ийнхүү эрүүл мэнд, нийгэм, санхүүгийн хямрал нийгмийн эмзэг давхаргад хамгийн хүндээр туссан үед Жеорж Флойдын тохиолдол гал дээр тос асгасан мэт газар авч, иргэдийг тэмцэхэд хүргэжээ. 

Хэдийгээр тайван жагсаал цуглаан зарим хотод дээрэм, тонуул болон хувирсан, зарим хотод цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн боловч ерөнхий дүр зургаараа АНУ-ын иргэд ардчиллаа хамгаалан тэмцэж байна. Энэхүү тэмцэл нийгэмд хуримтлагдан бугшсан асуудлыг гаргах боломж болж байна. Зөвхөн арьс өнгөөр ялгаварлах асуудал бус нийгмийн томоохон асуудал болох шударга бус байдал, тэгш бус байдал, баян хоосны ялгааг эсэргүүцсэн бухимдлын илрэл болж байна. Жеорж Флойдын тохиолдол асуудлын мөсөн уулын орой болж, асуудлын шалтгаан болсон олон хүчин зүйлсийг гаргаж ирсэн.

Түүнчлэн хууль сахиулах тогтолцооны шударга бус байдал, хууль сахиулах байгууллага, цагдаагийн хүч түрэмгийлсэн хандлага, уламжлалт “Дайчны сэтгэлгээ”-гээ өөрчилж аливаа ялгаварлалгүй иргэнээ хамгаалдаг,  иргэндээ үйлчилдэг тогтолцоог бий болгох хууль сахиулах байгууллагын шинэчлэл хийхийг иргэд шаардаж байна. 

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама энэхүү үйл явдлын талаарх байр сууриа илэрхийлсэн нийтлэлдээ иргэдийн энэхүү тэмцэл олон жилийн бугшсан асуудлыг иргэдийн хурц тэмцлийн хүчээр олны анхааралд оруулах давуу талтай. Иргэдийн уур бухимдал, тэсрэлтийг нийгмийн томоохон өөрчлөлтийн эхлэл болгон өөрчлөх цухал цаг үе ирлээ. Харин тогтолцооны бугшсан асуудлыг өөрчлөхийн тулд ардчилсан нийгмийн гол зарчим болох сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалжээ. 

Хэдий хаа холын Америкт болж буй үйл явдал бидэнд хамаагүй, арьс өнгөөр ялгаварлах асуудал Монголд байхгүй мэт санагдавч манайд улам нэмэгдэж буй шударга бус, нийгмийн тэгш бус байдал, ядуурал, хуулийн эрх тэгш бус байдал, COVID-19-ийн улмаас сульдсан эдийн засаг, сунжирсан карантин тойрсон унтууцал, хүүхдүүддээ ээлгүй орчноос болсон харамсалтай үхэл зэрэг олон асуудал нийлээд Монголчууд биднийг  ч бас амьсгалахад бэрх болгож байна. Бидэнд бас хууль сахиулах байгууллагын хандлагын өөрчлөлт, иргэнээ хамгаалдаг,  иргэндээ үйлчилдэг хууль сахиулах тогтолцоо хэрэгтэй байна. Энэ олон асуудал АНУ шиг мөсөн уулын орой болон тэсрэхэд хүргэж болзошгүй байна. 

Нийгмийн өөрчлөлт жижиг зүйлээс эхэлж болдгийг “Эрвээхэйн дэвэлтийн хүч” нийтлэл дээрээ дурдаж байсан. Нийгэмд олон жил хуримтлагдсан асуудлыг тогтолцоогоор өөрчлөхийн тулд иргэд бид зөвхөн сошиал орчноор хязгаарлагдахгүйгээр идэвхтэй оролцоотой, байнгын дуу хоолойгоо хүргэж байхаас гадна ардчиллын зарчим болсон сонгуульдаа идэвхтэй оролцохоос эхний алхам эхэлнэ.