Зураг
Зураг
Индэр    
2020 оны 4 сарын 14
Зураг
Нийтлэлч

Коронавирусээс аюултай хүчирхийлэл

Зураг

Шинэ коронавирусийн аюул, түүнээс үүсэж буй үр дагавар хүн амын эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд үзүүлж буй томоохон сорилт болж байна.

Үндэсний аюулгүй байдлыг уламжлалт цэрэг, дайны заналхийлэлтэй холбох ойлголт өөрчлөгдөн, COVID-19 вирусийн улмаас нийгмийн аюулгүй байдал түүн дотроо хүний аюулгүй байдлын асуудал вирусээс илүү аюул занал учруулах боллоо. 

COVID-19 шинэ төрлийн вирусээр нас барах магадлал Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зарласнаар 3.4% хувь байна. Гэтэл цар тахлаас үүдэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл коронавирусээс өндөр байна.

Шинэ коронавирусийн аюул эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага дэлхийн улс орнуудад эрс нэмэгдсэн. Тухайлбал, Франц улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар,  Аргентинд 25 хувь, Сингапурт 33 хувиар өсжээ. Харин манай улсад он гарснаас хойших хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 87.4 хувиар буюу бусад улс орнуудын дунджаас 2 дахин өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хувьд 170 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь 1.7 хувиар буурсан байна.
 
Гэр бүлийн хүчирхийлэл манай улсад хүний аюулгүй байдлын тулгамдсан асуудал юм. НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогч байдаг байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хүн амиа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэний 89 хувь нь эмэгтэйчүүд, 7.7 хувь нь хүүхэд байсан байна. 

Улсын хэмжээнд хоногт дунджаар хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Эдгээр тоо бол албан ёсоор цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шийдэгдсэн хэрэг, зөрчлийн тоо. Үүнээс гэрийн хаалганы цаана, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй нь цөөнгүй. Олон улсын судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн зөвхөн 40 гаруй хувь нь дуудлага өгдөг гэжээ. 

Цар тахлын үеэр дэлхий нийтээр авч буй нэг арга хэмжээ нь хөл хорио цээрийн дэглэмээр гэртээ байх, гадагшаа гарахыг хориглосон ба одоогоор дэлхийн хүн амын тал хувь нь хөл хорио цээрийн дэглэмд байгаа. Гэтэл хамгийн аюулгүй байх ёстой гэр орон гэр бүлийн гишүүддээ хамгийн аюултай газар болжээ. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой комисс, Засгийн газраас хөл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой гэрээсээ ажиллах, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явахгүй гэртээ байгаа болон ихэнх гэр бүлд санхүү, эдийн засгийн хүндрэл тулгарсан, цаашдын тодорхойгүй байдал сэтгэл зүйд нөлөөлж байгаа зэргээс шалтгаалан гэр бүлд байсан хүчирхийллийн уур амьсгал өдөөгдөж улмаар, гэмт хэрэг, зөрчил болон даамжирч байна. Зарим тохиолдолд ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Гэвч архидалт гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан бус зөвхөн хянан барих чадваргүйгээр хүчирхийллийн зан араншинг өдөөх хүчин зүйл болдог. 

Дэлхийн улс орнуудад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн ч хөл хорио цээрийн дэглэм тогтоосноос үүдэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний эрэлт буурчээ. Тухайлбал, Итали, Франц улсад хамгаалах байраар үйлчлүүлэх хүсэлт 55 хувиар буурсан нь хөл хорио цээрийн үеэр очих, үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдсантай холбоотой. Манай улсад одоогоор төрийн болон төрийн бус байгууллагын нийт 10 гаруй түр хамгаалах байр ажиллаж байгаа боловч энэ хорио цээрийн дэглэмийн үед хохирогчид үйлчлүүлэх боломж хязгаарлагдсан. 

Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга коронавирусийн цар тахлын үеийн гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг онцлон хөндөж, энэ бол хүн төрөлхтний эсрэг аюул тул улс орнуудыг онцгой анхаарал хандуулахыг уриалсан. Үүний үр дүнд 124 улс орнууд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой арга хэмжээ яаралтай авахаар үүрэг амлалт аван, гарын үсгээ зурсны дотор Монгол Улс бас нэгдэн гарын үсгээ зурсан нь тун сайшаалтай. 

Энэхүү уриалгад цар тахлын үеэр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах, хохирогч хамгааллыг онцгойлон анхаарах, ингэхдээ хохирогчийн нүдээр асуудлыг шийдвэрлэхийг уриалсан. Түүнчлэн, эмэгтэйчүүдийг дан ганц хохирогч гэж харалгүйгээр онцгой байдлын үеийн шийдвэр гаргах бүтэц, механизм, шийдвэр гаргах процесстоо оролцуулах шаардлагатай гэжээ.

Манай улсад онцгой нөхцөл байдалд гол шийдвэр гаргах бүтэц Улсын Онцгой комисс бөгөөд Шадар сайд ахалж, яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга, хотын захирагч, агентлагийн дарга зэрэг 27 гишүүн байдгаас Эрүүл мэндийн сайд, Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр л эмэгтэй байна. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд хүчирхийллийн асуудлыг ойлгож, шийдвэрлэх ёстой гэсэн утгатай биш бөгөөд энэ онцгой цаг үеийн шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүдийн оролцоог хангахын чухлыг онцолсон юм. 
 
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс үүдэн нийгмээрээ хүндрэлтэй тулж байгаа боловч эмэгтэйчүүдэд илүү хүндрэлтэй тусаж байгаа. Хорио цээрийн улмаас хязгаарлаад байгаа жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, албан бус хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Түүнчлэн коронавирусийн дэгдэлттэй тэмцэж буй гол салбар болох  эрүүл мэндийн салбарын  дийлэнх нь эмэгтэйчүүд ба уртасгасан цагаар ажиллах, өвчтөнүүдийн хамт хөл хорионд орж байгаа. Магадгүй эрүүл мэндийн ажилтнаас нэлээдгүй нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон боловч ажлын шаардлагаар онцгой нөхцөл байдалд ажиллаж байхыг үгүйсгэхгүй.

Хохирогч эмэгтэйчүүд, хүүхдүүд хөл хорио цээр дэглэмийн үед очих газаргүй, хүчирхийлэгчтэйгээ гэртээ байгаа энэ цаг үед Засгийн Газар коронавирусийн дэгдэлттэй холбоотой бодлого шийдвэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг цаг тухайд нь хамгаалах талаар анхаарлаа хандуулах шаардлагатай байна.Хүний аюулгүй байдалд тулгарч буй бодит эрсдэл тул чиг үүрэг бүхий яам, агентлаг болон бусад байгууллагууд бодитой арга хэмжээ авах, бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулах нь вирусийн дэгдэлттэй тэмцэхтэй адил чухал асуудал юм.