2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр миний бие “Алтны ханшийн дараагийн том давлагаа хэзээ эхлэх вэ?” гарчиг бүхий нийтлэлээ бичиж байв.
Харин одоо яах вэ?
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард АНУ, Хятадын гадаад худалдааны дайн ярианы цөм байсан бол одоо байдал тэс өөр болж. Корона бүхнийг өөрчилж орхисон. Коронагийн тархалт, Хятадад юу болсон, Италид юу болж байгаа талаар дэлгэрүүлэх нь илүүц биз. Харин энэ эрсдлийн эсрэг улс орнууд ямар арга хэмжээ авч байгааг тоймлое. Эндээс ханшийн хэд хүрэх баримжаа гарч ирэх юм.
АНУ-ын Холбооны нөөцийн сан 2008 оны хямралын үеийнх шиг арга хэмжээ авч эхэллээ. Хэрэв та Голомт банкны алтны долоо хоногийн тойм(hybrid@golomtbank.com хаягт бүртгүүлж тогтмол мэдээлэл, анализ авах боломжтой)-ыг дагадаг бол зах зээлд юу болж байгаа талаар бодит мэдээлэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл өчигдөрхөн болсон үйл явдал алтны ханшийг хэрхэн өсгөсөн болоод цаашид ханш хэрхэн хөдлөх боломжтой талаар анализыг хүргэж байна.
Өнгөрсөн шөнө АНУ-ын Конгресс 2 триллион ам.долларын төсөв батлан эдийн засгаа дэмжихгүй гэж шийдмэгц тухайн өдрийн хөрөнгийн зах зээл нээгдэхээс өмнөхөн талд АНУ-ын Холбооны нөөцийн сан нь мэдэгдэл хийлээ.
Тэд хоёр долоо хоногийн өмнө 700 тэрбум ам.доллароор төв банкны үнэт цаас, хөрөнгөөр баталгааажсан үнэт цаасыг банкуудаас худалдан авахаа зарласан бол энэ удаад хязгааргүй хэмжээнд худалдан авалт хийнэ гэж мэдэгдлээ.
Ингэснээр АНУ-ын банкууд одоогийн үнэт цаас болон зээлийн багцаа ХНС-д зарж, бэлэн мөнгөтэй болох ба улмаар дахин зээл, санхүүжилт олгох эх үүсвэртэй болж байна гэсэн үг юм. Ийм арга хэмжээг 2008-2009 оны хямралын үед ХНС хэрэгжүүлж байлаа. Тухайн үед 3 жилийн хугацаанд 2.5 триллион ам.долларын үнэт цаас худалдан авсан байдаг. Ер нь АНУ ч гэлтгүй дэлхийн бүх томоохон төв банкууд мөнгөний зөөлөн бодлого баримтлахын зэрэгцээ засгийн газрууд ч сангиийн тэлэх бодлого баримтлаад эхэллээ.
Том гүрнүүдийн яаралтай шийдвэрүүд хямралыг зөгнөж байгаа гэлтэй: SAXO Bank-ны шинжээчийн гаргасан G7-ийн коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээг багцлан доор харууллаа.
Дээрх хариу арга хэмжээнүүдийг харвал айдас төрүүлэм байгаа юм. Учир нь 2008 оны хямралын үед ч том гүрнүүд ийм богино хугацаанд ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч байгаагүй юм. Ингээд бодохоор коронавирус бол зүгээр ч нэг сорилт биш. Энэ бол бодит аюултай эрсдэл.
Гуравдугаар сарын 9-нөөс эхлэн АНУ-ын Доу индекс буурахад алтны ханш 1,700-аас огцом буурч 1,450 хүрсэн билээ.
Онолын хувьд эрсдэл өсөж, хөрөнгийн зах зээл унаж байхад алтны ханш өсөж байх ёстой байв. Гэтэл яагаад алтны ханш 10 хоногт 250 ам.доллараар буурав? Үүнийг шинжээчид хөрвөх чадварын эрсдэлтэй холбон тайлбарлаж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл 2009 оноос хойш тасралтгүй өсөөд байсан билээ. Бүх хүн цаашид өснө гэж таамаглаж байсан нь гарцаагүй. Ийм үед зах зээл хөшүүрэг буюу зээлээр хувьцаа авч эхэлдэг.
Ингээд тодорхой хэмжээний эрсдэл үүсэж, ханш огцом буурах үед мөнгө зээлсэн брокер нь эрсдэлд орохгүйн тулд хөрөнгө оруулагчдын хувьцааг хүчээр зардаг. Олон ч монгол хүн ингэж мөнгөө алдсан даа. Энэ үзэгдлийг “margin call” гэх ба хүчээр зарахыг “liquidation” гэдэг. Яг энэ үзэгдэл Доу индекс тодорхой хэмжээний уналт хийсний дараа үүссэн хэрэг. Нэгэнт “margin call” болж хувьцаанууд хүчээр зарагдаж эхэлсэн бол нийлүүлэлт улам өснө. Ханш дахин унана. Ханш унахаар дараа дараачийн “margin call” болно. Энэ үед хөрөнгө оруулагчид мөнгөө алдахгүйн тулд ашигтай байгаа алтны позицоо хааж, мөнгөө суллан хувьцаа руу байршуулна. Ингээд алтны нийлүүлэлт өсөж ханш унана.
Алтны зах зэлийн багтаамж хөрөнгийн зах зээлийн багтаамж нь тэмээ ямаа шиг зөрүүтэй.
Хөрөнгийн зах зээлийн багтаамж нь алтнаас хэдэн зуу дахин их. Ингэхээр хувьцааны багцаа барьж үлдэхийн тулд хэд дахин их алтны позицоо хаах, зарах хэрэг гарна. Бүр дэлхийн хөрөнгийн зах зээл тэр чигтээ унаж байх энэ үед энэ үзэгдэл улам хүчтэй явагдана. Ингээд ханш 250 ам.доллароор огцом буурсан хэрэг. АНУ-ын Түүхий Эдийн Фьючерсийн Арилжааны Хорооноос гаргадаг тайланг харвал зөвхөн алтны гэлтгүй олон түүхий эд, валютын урт ба богино позицууд хаагдсан байна билээ. Энэ бол системийн хэмжээнд бэлэн мөнгөнгүй болж, ашигтаа позицуудаа хүчээр хаахаас өөр аргагүй байдалд орсон хэрэг.
Энэ үзэгдэл 2008-2009 оны хямралын үед ч тохиож байсан гэж шинжээчид түүх сөхөн ярьж байна. Тэгвэл ийм уналтын дараа ханш яасан бол? Графикаас харахад 2009 оны хямралыг даван гарах ХНС-ийн мөнгөний хэт зөөлөн бодлогын нөлөөгөөр алтны ханш 2009-2011 оны хооронд 7,00-аас 1,900 болтол өссөн түүхтэй. Тэгвэл түүх давтагдах уу?
Төв банк хөрвөх чадварыг дэмжих үүднээс бодлогын хүүг бууруулах, QE хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр ханш өссөн нь энэ. Учир нь ам.доллар шалаар нэг хөглөрсөн хэрэг.
Тэгэхээр урьд шөнийн энэхүү огцом өсөлтийг урт хугацааны ханшийн өсөлтийн давалгааны эхлэл гэж харж байна. Энэ бол дарааийн өндөр зогсоолд хүрэхийн өмнөх тулах цэг байж болох юм.
Техник шинжилгээний үүднээс харвал ханш 1,900 ам.долларт хүрэх магадлал өндөр хэвээр байна.
Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалт зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно. хэрэв та алтны арилжаа хийх гэж байгаа бол заавал өөрийн анализыг хийж бие даан шийдвэр гаргана уу. Таны шийдвэр таны эрсдэл.