Банкны дилерийн зорилго бол чиглэлээсээ хамаарч банкны илүүдэл нөөц хөрөнгийг санхүүгийн зах зээлийн янз бүрийн хэрэгслүүдэд байршуулж, хамгийн үр ашигтай, эрсдэл багатайгаар удирдах юм. Энэ ч утгаараа Монголд банкны системд анх дилерийн албан тушаал бий болсон байдаг. Монголбанкны алтны дилер, арилжааны банкны валютын дилер гээд та бүхэн сонссон биз ээ.
Банканд байршуулсан таны мөнгөнд/харилцах, хадгаламж/ банк өдөр бүр хүү төлж байдаг. Харин тэр мөнгийг хадгалж буй банк нэг л өдөр зүгээр суух юм бол нүдээ аниад маргааш нь босоод ирэхэд өрөнд орох нь тэр. Гагцхүү таны банканд хадгалуулсан тэр мөнгийг банк өөрийн үндсэн бизнес болох зээлд гаргаж байж л дундаас нь ашигаа хийнэ. Гэвч зээл гаргана гэдэг тийм хурдан, хялбархан процесс биш. Эхлээд харилцагчаа олно, мэдээлэл цуглуулна, судална, шинжилнэ. Дараа нь хурлаар хэлэлцэнэ. Тэгээд эцэст нь зээл олгох эсэхээ шийднэ. Энэ хооронд харилцагч таниас авсан мөнгөнд банк хүүгээ төлсөөр л байгааг мартаж болохгүй. Гэвч тэр мөнгөө зээлэнд гаргаж, орлогоо олж чадахгүй байсаар л байна. Тэгэхээр энэ хооронд банк зүгээр суугаад байж болохгүй. Тэр мөнгийг өсгөж үржүүлэх ёстой. Ядаж л танд төлж байгаа хүүгийн зардлаа нөхөх хэмжээний орлогыг олох ёстой шүү дээ.
Монголын банкны системд мөнгөний захын дилер, валютын дилер гэх албан тушаалууд элбэг. Харин цор ганц Голомт банканд алт, валют, түүхий эд гэх зэрэг нарийвчилсан чиглэлээр гадаад зах зээлд ажилладаг дилерүүд байдаг.
Би банкандаа ажиллаад 4 жил болжээ. Анх алтны дилер, хувьцааны дилер, тэгээд ахлах дилер, одоо хэлтсийн захирал хүртэл дэвшив. Эхлээд биет алтны арилжааг хөгжүүлж, банкаа энэ чиглэлээр тасархай ТОП1 болгож чадлаа. Зөвхөн биет алт авч зарахаас гадна цэвэр алтан гулдмайг гаргасан нь хүмүүсийн бие биедээ бэлэглэдэг өвөрмөц содон бэлэг болсон билээ. Тун удахгүй Голомт банк биет алтаар баталгаажсан арилжааг хийж Монгол хүн бүр алтанд хөрөнгө оруулах боломжийг нээх гэж байна.
Алтны бизнесийн хажуугаар гибрид хадгаламжийг тасралтгүй хөгжүүлж дэлхийн санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх боломжийг харилцагчдадаа нээж өглөө. Өнөөдөр л гэхэд манай алтны гибрид хадгаламж эзэмшигч жилийн 52%-ийн хүүг хүртэж байна. Үүнтэй зэрэгцэн хеджингийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж алт, газрын тос, зэсийн ханшийг хедж хийдэг болов. Ийнхүү эцэст нь гадаад арилжааны албыг шинээр байгуулж, дэлхийн санхүүгийн зах зээлээс ашиг олох гарцаа улам өргөжүүлсэн билээ.
Олон улсын зах зээлд ажиллана гэдэг тоглоом биш. Эрсдлээ буруу үнэлбэл гамшиг авчирна. Харин зөв тооцоолол хийвэл гайхамшиг бүтээх албан тушаал. Иймээс банкны дилерийн албан тушаал бол өндөр хариуцалагатай ажил юм. Түүнийхээ хэрээр өндөр ур чадвар, туршлага шаардсан ажил билээ. Ялангуяа, олон улсын санхүүгийн зах зээлд арилжаа хийж ашиг олж чадна гэдэг ховорхон авъяас, ур чадвартай хүний гаргах үр дүн билээ.
Эхлээд өөрийгөө хэн бэ? гэдгээ таних хэрэгтэй.
Хүн бүр байгалиас заяасан янз бүрийн өгөгдөлтэй. Зан авир, үзэл бодол, юмыг харах өнцөг, асуудалд хандах байдал гээд. Тиймээс эхлээд би хэн бэ? Юу хийж чадах вэ? Юу хийх дуртай билээ? гэх мэтээр өөрийгөө чагнах хэрэгтэй. Ингээд үнэхээр дилерийн ажил надад зохих билүү? гэж нухацтай дүгнэ. Бодитоор дүгнэхийн тулд дилер хүн юу хийдэг талаар мэргэжлийхнээс асууж болох юм. Ингээд үнэхээр нийцгүй байвал “дилер л гоё ажил гэсэн, дилер л болох хэрэгтэй байна, яаж ийж байгаад дилер болчихвол” гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Учир нь дилерийн ажлын амжилт хувь хүний зан араншин, сэтгэлзүйн онцлогоос ихээхэн хамааралтай байдаг.
Мэргэшлийн зэрэг заавал ав.
Хэрэв та дотоодын мөнгөний зах ба валютын дилерийг сонирхож байгаа бол ACI зэргийг заавал авах хэрэгтэй. Энэ зэрэг танд банкны нөөцийн удирдлагыг ойлгоход маш их хэрэг болно. Харин олон улсын түүхий эд, валют, хувьцааны зах зээлд арилжаа, хөрөнгө оруулалт хийх бол CMT болон CFA зэргийг авах нь маш чухал. CFA/Chartered Financial Analyst/ бол хөрөнгө оруулалтын салбарыг таны өмнө нээж өгөх маш чухал зэрэг юм.
Ялангуяа, хувьцааны хөрөнгө оруулалтаар мэргэших хүсэлтэй залуус энэ зэргийг заавал авах хэрэгтэй. Мөн арилжааны чиглэлээр мэргэшихийг хүсвэл CMT/Chartered Market Technician/ зэрэг чухал байдаг. Гадаадад их сургууль төгссөн бакалавр, мастер авчихсан бол дилер хийж чадна гэж бодвол эндүүрэл шүү. Тусгайлсан мэргэшлийн зэрэггүйгээр энэ ажлын нарийн ширийнийг ялгаж салгах боломж үндсэндээ байхгүй.
Программчлалын хэл сур.
Санхүүгийн зах зээл, тэр тумсаа олон улсын зах зээлд хэдэн тэрбум дата, биг дата бий. Тэндээс өөрт хэрэгтэйг сонгон авч, боловсруулалт хийн зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Гэтэл нөгөө талд чинь ханш секундээр хэлбэлзэхийг мартаж болохгүй. Энэ бүхнийг богино хугацаанд зөв хийхийн тулд технологи ашиглана. Иймээс эртхэн программчлалын хэл эзэмш. Санхүүгийн зах зээлд англи хэлтэй ижил түвшинд хэрэглэгдэх бас нэгэн хэл бол энэ билээ.
Бодит оролдлого хийсэн байх.
Багахан ч мөнгөөр хамаагүй арилжаа, хөрөнгө оруулалт хийж үзэх нь бас нэгэн давуу тал болно. Арилжаа, хөрөнгө оруулалт хийж мөнгө олохдоо гол нь бус, харин ямар зүйл байдгыг нь ойлгож, ухамсарлан бодит төсөөлөл, баримжаатай болох нь чухал. Өөрөө бие дааж тогтмол арилжаа хийдэг бол бүр сайн. Дахиад хэлье. Ашиг олох, олохгүй нь хамаагүй. Гол нь алдаасаа суралцаж зах зээлийн талаар бодит ойлголт, төсөөлөлтэй болох нь маш чухал.
Бүтээлч байх.
Монголд энэ чиглэлийн бизнес хангалттай хөгжөөгүй гэж хэлж болно. Хэрвээ та өөрөө бүтээлч, санаачлагатай байж чадвал хийх ажил маш их бий. Гаргах бүтээгдэхүүнүүд олноороо байна. Гагцхүү бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд та бүтээлч байх хэрэгтэй. Үүний хэрээр та амжилтанд хүрнэ.
Өөрийгөө үргэлж хөгжүүлж байх.
Биднийг унтаж байхад дэлхий эргэж байдаг. Дэлхийн нөгөө талд өдөр болж амьдрал ид буцална. Трамп жиргээгээ хийж, Повел мэдэгдлээ хийнэ. Энэ бүхний үр дүнд юмс байнга өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт, хөгжил дэвшлийг үргэлж дагаж өөрийгөө хөгжүүлж байхгүй бол хэзээ ч амжилт олохгүй. Ялангуяа дилер хүн үргэлж мөнхөд сурж, хөгжиж байх ёстой. Эс бөгөөс маш хурдан зэвэрнэ. Хэн ч биш болно.
Авхаалж самбаатай, шалгамгай байх.
Арилжаа, хөрөнгө оруулалт гэдэг хүнээс их хурд шаардсан ажил байдаг. Иймээс нөхцөл байдал өөрчлөгдөхөд түргэн хувьсан өөрчлөгдөж чаддаг уян хатан, шаламгай байх шаардлагатай. Хэрвээ та тийм биш бол өөр ажил сонгосон нь дээр шүү. Дилер болох гэж цагаа гарздаад хэрэггүй. Өөрт тань тохирох ажил байж л таараа. Хувь хүнийнээ зан чанарт нийцсэн ажил хийвэл амжилт олоход илүү хялбар.
Багаар ажиллах чадвар.
Мэдээж энэ чадвар бүх ажилд чухалд. Харин арилжаа, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахын тулд багаар ажиллан судалгаа шинжилгээгээ хийж бодит дүгнэлт гаргах нь чухал байдаг. Ингэснээр учирч болох эрсдэлээ бүрэн дүүрэн харах, үнэлэх боломж нэмэгддэг. Мэдээж эцсийн шийдвэрийг дилер өөрөө бие даан гаргана. Хариуцлагаа ч өөрөө хүлээнэ.
Ёс суртахуунтай байх.
Санхүүгийн салбар бол хүний өөрийн мөнгө нэг саванд багтан холилдож байдаг газар. Энэ салбарт та хэн байх вэ? гэдэг нь таны хэр зэрэг ёс суртахуунтай вэ? гэдгээс ихээхэн хамаарна. Олон ч тохиолдолд та өөрийн эрх ашигийг хойно тавих шаардлага гарна. Тэгэж байж урт хугацаанд карьер өснө. Харин та үүнд бэлэн үү?