-Нэг удаа танд аз таарч болох ч насан туршид тань аз түшихгүй-
2017 онд юм даг. Гадаад зах зээлд гарч байснаа санаж байна. Таньдаг хүнээсээ 150 сая төгрөг зээлээд Австралийн биржид бүртгэлтэй хайгуулын компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн юм. 2017 оны наймдугаар сард ханш 0.9 австрали доллар байхад гэрээ хийж эргээд ханш өсөхөд нь бүгдийг зарав. Сар гарны дараа зарж дуусахад дундаж зарсан ханш 2.01 австрали дээр хүрсэн байлаа.
Ингээд зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөөд гар дээр 150 саяын бэлэн мөнгөтэй үлдэж билээ. Одоо нөгөө компанийн ханш маань бүр 0.027 австрали доллар болж. Тэр үед зараагүй үлдсэн бол дуусаа. Будаа!!! Одоо бодоход их л эрсдэлтэй зүйл хийж. Дахиж хэзээ ч ийм юм хийхгүй. Та ч битгий хийгээрэй. Танд нэг удаа аз таарч болох ч насан туршид тань аз түшихгүй шүү.
Гадаад зах зээлд сонголт арвин, өргөн. Хэдэн арван мянган компанид хөрөнгө оруулах боломжтой. Тэр чинээгээрээ хэцүү, хүнд. Гэхдээ зөв хөрөнгө оруулж чадвал ашиг ихтэй. Жишээ нь, миний бие 2018 оны наймдугаар сард Голомт Капитал ҮЦК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа харилцагчдад хамгийн бага эрсдэлтэй, гэхдээ өгөөж өндөр хувьцааг санал болгох зорилгоор судалдаа эхэлсэн нь Хятадын банкнуудын хувьцаа байсан юм. Тэдгээр банкуудын хувьд жилдээ 6-7 хувийн ногдол ашиг өгдөг. Монгол дахь ам.долларын хадгаламжийн хүү 2%-д хүрсэн энэ үед тун чиг боломжийн өгөөж. Дээрээс нь ханш өсчихвөл нэмэлт ашиг олно. Унавал мэдээж алдагдал хүлээнэ.
Ингээд 2020 оны есдүгээр сараас эхлэн Хятадын ICBC банкны хувьцааг харилцагчдад санал болгов. Дэлхийн 48 оронд үйл ажиллагаа явуулдаг уг банк 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 5.5 их наяд ам.долларын баланстай. Жилийн 171.5 тэрбум ам.долларын орлоготой, 49.6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай. Эздийн өмчийн өгөөж нь 11 орчим хувь, P/E харьцаа нь 4.11, P/B харьцаа нь 0.42-той байна. Голлох хөрөнгө оруулагчид нь Хятадын Сангийн яам, төрийн хөрөнгө оруулалттай сангууд, Нийгмийн даатгалын сан болон барууны томоохон сангууд бас байдаг.
Ингээд хамгийн бага эрсдэлтэй боловч боломжийн өгөөж өгч болох компани гэдгийг нь мэдэж аваад хэд хэдэн харилцагчид танилцууллаа. Бүгд л боломжийн юм гэж байна. Нэг харилцагч маань 150,000USD-аар 4 доллар дээр авчихлаа. Ингээд 2020 оны 9-р сараас 2021 оны 3-р сард 5.5 долларт хүрч 37.5 хувиар өссөн юм.
Харилцагч маань ханш 5 доллар даваад ирэнгүүт “Яах вэ? Зарах уу? Мөнх-Эрдэнэ ээ” гэж асууж эхэллээ.
Тэр үед харилцагч 25 хувийн ашиг олчихсон байлаа. Би ч “ханшийн өсөлтийн дийлэнх хэсэг нь явчихлаа, одоо зарсан нь зөв болов уу” гэж зөвлөгөөгөө өглөө. Яг хэд дээр зарсныг санахгүй байгаа ч 20 гаруй хувийн ашгийг 6 сарын хугацаанд хийсэн юм даг. Харин харилцагчийг зарсны дараа ханш 5.5 долларт хүрч эргээд 2021 оны арваннэгдүгээр сард буюу яг жил гарны дараа 4.2 долларт хүрч буурав.
Эндээс бид зөв хувьцаагаа авсан бол эргээд зөв цагтаа гарах нь маш чухал болохыг мэдэж авлаа. Хэрвээ тухайн харилцагч тухайн үедээ ашгаа авч гараагүй бол одоо багахан л ашигтай байж.
Энэ жил бол өнгөрсөн хоёр жилийн хугацааны өсөлт удааширсан, бүр огцом уналтууд орж ирсэн, эрсдэлтэй жил байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилүүдийн сэтгэл баясгасан өсөлт ховор тохиож, эрсдэл, тодорхой бус байдлаар дүүрэн байх болов уу. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын стратегиа илүү консерватив болгож “bluechip” хувьцаанд хөрөнгө оруулахыг зөвлөж байна.
“Blue Chip” хувьцаа гэдэг нь урт хугацааны туршид ашигтай ажиллаж, ногдол ашиг тогтмол тараадаг томоохон компанийн зэрэглэл өндөртэй хувьцаа юм. Ийм хувьцаанд ихэвчлэн олон нийтэд танигдсан, томоохон, тогтвортой, санхүүгийн сайн үзүүлэлттэй компаниудын хувьцаа хамаардаг. Ерөнхийдөө “Blue chips” хувьцааг олон жилийн туршид зах зээлийг тэргүүлж ирсэн түүхтэй эсхүл гайхалтай амжилтууд үзүүлсэн зах зээлийн үнэлгээ өндөр компанийн хувьцаа гэж ойлгоно. Үүнээс гадна энэ төрлийн хувьцаа нь ихэвчлэн зах зээл дээрх томоохон, гол тоглогчдыг хамруулсан зах зээлийн индекс үзүүлэлтийг тооцдог багцад багтсан байдаг. Тиймээс энэ хувьцаа нь ихэнх тохиолдолд маш бага эрсдэлтэй гэж тооцогддог бөгөөд хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулалтын багцад байлгах сонирхол ихтэй байдаг.
Жишээ нь, миний өмнө дурдсан ICBC банк бол яах аргагүй “Blue Chip” юм. Хувьцааны үнэ одоо түүхэн доод түвшин орчимд хэлбэлзэж байна. Эндээс бид суурь шинжилгээгээ техник шинжилгээтэй уялдуулан харвал цаашид ханш өсөх магадлал өндөр байна.
Долоо хоногийн график: Ханш өсөлтийн хандлагатай суваг дотор арилжаалагдаж байгаа бөгөөд сувгийн хүчтэй дэмжигч болох шал ханш дээр ирж бага зэрэг өсөлт үзүүлсэн байдалтай байна. Энэхүү өсөлт жижиг сувгийн оройн эсэргүүцэх шулуун хүртэл үргэлжлэх магадлалтай бөгөөд хэрэв тэрхүү эсэргүүцэгчийг дээш сэтэлбэл цааш тааз ханш хүртэл өсөлт үзүүлэх магадлалтай.
Өдрийн график: Жижиг цагны ханшийн график дээр falling wedge гэх өсөлтийг илэрхийлсэн ханшийн хэлбэр үүсэж дээш задарсан байгаа бөгөөд MACD индикатор “divergence” үүсгэсэн байна. Энэ нь хандлага эргэж байгааг илэрхийлж байгаа бөгөөд ханш цааш өсөлт үзүүлэх магадлалтай байна.
Хэрэв та энэ мэтчилэн мэдээлэл, судалгааг хоцролгүй авч хөрөнгө оруулалтын шийдвэрээ оновчтой гаргая гэвэл миний өөрийн фэйсбүүк хуудас болох Munkh-Erdene Gochoo-оос авч болно.
Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалт зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно. Хэрэв та арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол бие даан шийдвэр гаргана уу. Таны шийдвэр таны эрсдэл.