АНУ нь Хятадыг өөрийн эдийн засгийг удирдаж буй арга барилаа өөрчлөхийг шаардаж буй нь Хятадын хувьд хамгийн хүнд сорилт болж эхлээд байна. АНУ-ын зүгээс Хятад улс чөлөөт эдийн засаг, чөлөөт худалдааг дэмжиж байгаа юм бол өөрийн эдийн засгийн салбаруудыг нээлттэй болгож Хятадын эдийн засагт чөлөөт өрсөлдөөнийг бий болгохыг шаардаж буй юм. Төрийн өмчит олон тооны компанитай, нэгдсэн чиг удирдлагаар хөдөлдөг Хятадын хувьд АНУ-ын шаардлагыг шууд хүлээж авах боломжгүй нь тодорхой. Иймээс өнгөн дээрээ талууд тодорхой асуудлуудаар тохиролцож болох ч гэлээ АНУ-ын шаардлагыг бүрэн биелүүлэхэд хүндрэлтэй юм.
Трампад ч тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэх нь улс төрийн орчинд хэрэгтэй байгаа билээ. Харин дунд хугацааг харвал АНУ-ын Хятадад ногдуулсан тарифын сөрөг нөлөөлөл дөнгөж эхэлж байна гэж хэлэхэд болно. 2018 оны хоёрдугаар хагасаас эхлэн томоохон тарифууд ногдуулсан нь өдгөө эдийн засаг сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа бол 2019 оны есдүгээр сард ногдуулсан дараагийн ээлжийн томоохон тарифуудын сөрөг нөлөөлөл ирэх жилийн хоёрдугаар хагасаас хүчтэй нөлөөлж эхлэх юм. Энэ нь алтны ханш өсөх суурь шалтгаануудыг нэг болох юм.
Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Ази болон Европын орнууд мөнгөний зөөлөн бодлого барьсаар байгаа нь алтны ханшийг дэмжиж байна. АНУ улс ч зөөлөн бодлогоруу өнгийж эхэлсэн нь алтны ханш өсөх томоохон суурь шалтгаан болох юм. Европ, Японы төв банкуудын бодлогын хүү олон жилийн доод түвшинд хүрж бодит хүүгийн өгөөж буурах, сөрөг түвшинд хүрээд байна. Ийм нөхцөлд үнэ цэнээ үл алдах алтны ханш өсдөг жамтай.
Би өмнө нь Хятад болон ОХУ-ын төв банк алтны нөөцөө өсгөсөөр байгаа талаар дурьдаж байсан. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн алтаар баталгаажсан сангуудын алтны эзэмшил өссөөр байгаа нь анхаарал татаж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Хойд Америк болон Европын сангуудын алтны хэмжээ хурдацтай өсч аравдугаар сарын эцсийн байдлаар 1,460 тн болон 1,319 тн-д хүрчээ. Магадгүй энэхүү өсөлт нь ирээдүйн томоохон өсөлтийн талаарх сигнал байж болох юм.
Давлагааны онолын дагуу ханшийн гуравдахь өсөлт тодорхой хугацааны дараа үүсэх магадлалтай байна. Гагцхүү ханшийн өсөлтийг дэмжих томоохон суурь шалтгаан юу байж болох талаар анхааралтай судлах нь маш чухал юм. Нарийвчилж харвал тодорхой хэмжээний уналт үүссэний дараа ханшийн өсөлт үүсэх магадлалтай гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!