Индэр    
2020 оны 3 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 55: Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг

Зураг

Амьдралд тохиолдох аливаа асуудалд уурлаж бухимдалгүй, зөвхөн утга учиртай, өөрт чухал зүйлсэд анхаарах хэрэгтэй. Энэ бол тоомжиргүй амьдрах урлагийн ухаан юм.

Ингээд iKon.mn болон Unlock подкаст хамтран хүргэдэг Номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн “The Subtle Art of not giving a F*сk” буюу “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” хэмээх бүтээлийг танилцуулж байна.

Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор багтсаар байсан бөгөөд гурван сая гаруй хувь хэвлэгдсэн байдаг.

"The Subtle Art of not giving a F**к" номыг сонсох:

Бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн тус бүтээл нь: Сэтгэлийг ямагт зовоож байдаг алдахаас эрсдэл, эргэлзээг даван туулахад алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг ойлгуулахыг зорьжээ.

Хичээх хэрэггүй

АНУ-ын алдарт яруу найрагч, зохиолч Чарльз Буковскийн чулуун дээр “Битгий хичээ” гэсэн үг бичээстэй байдаг. Тэрбээр 50 гаруй насандаа бичсэн ном нь олонд шагшигдаж, алдаршсан юм.

Тухайн номд Буковски өөрийн залуу насандаа мөрийтэй тоглож, архи уудаг байсан алдаагаа бодитоор буулгасан нь уншигчдын анхаарлыг татжээ.

Үүнтэй адилаар хийж байгаа зүйл, өнгөрсөн дурсамжаа заавал сайхан болгож, дурсах гэж хэт хичээх хэрэггүй. Заримдаа энгийн байдал бусдын сэтгэлийг илүү хөдөлгөдөг.

Өнөөдөр бид мэдээллийн эрин зээнд амьдарч байна. Тиймээс ч сайн, муу маш олон мэдээллээр цаг тутамд "бөмбөгдүүлж" байгаа билээ.

Гэхдээ олж авсан мэдээлэл бүртээ анхаарлаа хандуулах нь стрессдэх уршигтай гэж номд тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл хүн олон зүйлд анхаарал хандуулах тусмаа стресстэх нь илүү байдаг аж.

Олон зүйлд анхаарлаа хандуулж, асуудалд хэтэрхий тоомжиртой хандсанаас болж буруу шийдвэр ч гаргах эрсдэлтэй.

Үүнээс болж хэн нэгэнд уурлачихаад дараа нь хэрэггүй, ач холбогдолгүй зүйлд уурлаж, бусдыг гомдоосондоо гэмших тохиолдол цөөнгүй.

Өөрийгөө буруутгасан тэрхүү бодолдоо бухимдаж, дахиад л өөр хэн нэгэнд уураа гаргах байдлаар уурыг тойрогт ордог байна.

Үүнийг номд “Тамын бодлын тойрог” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэхүү тойргоос гарахын тулд өөрийгөө бусадтай харьцуулж хэт их хичээхгүй байх нь чухал бөгөөд аливаа асуудлыг гүн гүнзгий хүлээж авахгүй байх хэрэгтэй.

Үүний оронд асуудлыг хүлээн зөвшөөрч, түүнээсээ шийдлийг олох нь хувь хүнд илүү эерэг зүйлсийг авчирдаг.

Үүнийг сэгтэл зүйн шинжлэх ухаанд "Буруу харсан дүрэм" хэмээн нэрлэдэг.

Аз жаргалыг буруугаар ойлгох хэрэггүй

Хүмүүс бид ямар нэг зүйл хийчихвэл, төлөвлөгөө зорилгоо биелүүлчихвэл аз жаргалтай болох мэтээр төсөөлдөг. Гэвч аз жаргал гэдэг нь өөрөө хариуг нь олж болдог тэгшитгэл биш юм. 

Энэ тухай номын зохиолч Марк Мэнсон “100 хувь аз жаргалтай хүн гэж байдаггүй. Харин зовлон шаналал гэдэг хүн төрөлхтний хувьд салшгүй бөгөөд тойрч гарч болохгүй зүйл юм.

Аз жаргал гэдэг нь тухайн үеийн зовлон, бэрхшээлийг хэрхэн шийдэж байгаагаас шалтгаалдаг хүчин зүйл” хэмээн хэлжээ.

Сэтгэлд ханамжтай байхын тулд хүн ямар нэг бэрхшээлийг заавал шийдэх хэрэгтэй болдог. Гэхдээ "Ямар асуудалд нь шаналах ёстой вэ" гэдэг нь таны өөрөөсөө асуух чухал асуулт юм.

Өөрөөр хэлбэл, та яг юуны төлөө шаналахаа зөв сонгож чадвал, тулгарсан бэрхшээлийг даван туулах хугацаандаа аз жаргалыг мэдэрдэг гэж номд өгүүлсэн байна.

Орчин үеийн хүмүүсийн хувьд:

  • Эхлээд, үгүйсгэлээ арилгах хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ асуудлыг огт байхгүй мэтээр төсөөлж, амьдралд гутранги үзэл хэрэггүй, өөдрөг байх ёстой гэж эрсдлийг үгүйсгэдэг нь бухимдлыг ойр ойрхон төрүүлдэг.
  • Хоёрдугаарт, хохирогчийн сэтгэлгээнээсээ сал. Өмнө тулгарсан бэрхшээлд бусдыг буруутгаж, шийдвэрлэхээс зайлсхийдэг хохирогчийн сэтгэлгээтэй байх нь өөрийг чинь аз жаргалтгүй байдалд хүргэдэг.
Аз жаргал биднээс үргэлж тэмцлийг шаарддаг. Харин юуны төлөө тэмцэж байгаагаар нь хэн нэгнийг тодорхойлдог хэмээн зохиолч Марк Мэнсон энэ бүлэгт тайлбарлан бичжээ.

"Онцгой биш" гэдгээ хүлээн зөвшөөр

1960-аад оны үед сэтгэл зүйн судлаачдын хийсэн нэгэн судалгаанд "Хэрвээ тухайн хүн өөрийгөө бусдаас илүү гэж итгэж, өөрийгөө үнэхээр сайхнаар төсөөлдөг бол асуудал бага гардаг" гэжээ.

Гэтэл үнэндээ өөрийгөө бусдаас илүү гэсэн үзэл бодол нь өөрт нь л сайхан мэдрэмж төрүүлэхээс хэтрэхгүй.

Харин эсэргээрээ бүтэлгүйтэл, бэрхшээл нь сэтгэлийн хаттай болон амжилттай хувь хүн болоход зайлшгүй хэрэг болох зүйл юм.

Хүн бусдаас илүү гэж бодох тусам ямба сууж, эгогоо хооллож байдгаас гадна амьдралд тулгарах бэрхшээлээс зугтах, эрсдэл үүрэхээс айдаг болж хувиргадаг байна.

Үнэндээ ихэнх хүн дундаж буюу бусадтай адилхан нийтлэг ур чадвартай.  Гэхдээ зарим гоц хүмүүсийн үгүйсгэх гэсэнгүй.

Зүгээр л өөрийгөө гоц хүмүүстэй адилхан байх ёстой мэтээр сэтгэж болохгүй. Ингэх нь танд илүү ачаалал нэмж, санааг тань зовоох болно.

Түүний оронд өөрийгөө нийтлэг, дундаж гэдгээ хүлээн зөвшөөрч маргаашийн төлөвлөгөөндөө цагаа зарцуулах хэрэгтэй.

Зовлон, шаналал ба үнэ цэнэ

Зовлон шаналал бол тойрох боломжгүй зүйл бөгөөд амьдралд учрах ёстой зүйлсийн нэг хэсэг. Харин юуны төлөө шаналахаа та өөрөө сонгох хэрэгтэй.

Ингэхийн тулд өөрөө өөрийгөө ойлгох нь хамгийн чухал зүйл болж байгаа юм. Өөрийгөө ойлгоно гэдэг нь сонгины хальс арилгахтай адил.

Сонгины хальс арилгахад санаандгүй байдлаар нүднээс нулимс урсдагтай адил хүн өөрийгөө ойлгох тусам учир нь мэдэгдэхгүй байдлаар уйлж эхлэх болно гэж номд бичсэн байна.

Өөрийгөө ойлгоход хийх алхмууд:

  • Сэтгэлийн хөдөлгөөнөө олж харах
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө зөв мэдэрч байгаа эсэхээ дахин нэг өөрөөсөө асуух
  • Хувь хүний үнэ цэнээ ойлгох

Хамгийн сүүлийн дотоод хүнээ ойлгох алхам бол үнэ цэнээ олох явдал бөгөөд гагцхүү хувь хүний үнэ цэнэ л хэн гэдгийг чинь тодорхойлж өгөх болно.

Номд хэд хэдэн буруу үнэ цэнийн тухай жишээг гарган тайлбарласан байдаг нь зугаа цэнгэл хөөх, тааламжтай байдлаа нэгдүгээрт тавих гэжээ.

Хүн бүр тааламжтай байдлыг хүсдэг ч энэ нь аз жаргалын шалтгаан нь биш юм. 

Мөн бүх зүйлд эерэг бодолтойгоор хандах нь буруу. Аливаа сэтгэл зүйн номд асуудалд эерэгээр хандах хэрэгтэй гэж бичсэн байдаг.

Харин энэхүү номд өгүүлснээр амьдрал маш олон өнгөтэй учир хүн бүрт уйлмаар, шаналмаар, гунигтай үе заавал тохионо. Тэр бүрт эерэг хандах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. 

Бүх зүйлд эерэг хандах нь асуудлаас зайлсхийж байна гэсэн үг.

Бүх зүйл чиний сонголтоос шалтгаална

Харвардын их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийг үндэслэгч, АНУ-ын Сэтгэл зүйн шинжлэх ухааны эцэг гэж нэрлэгддэг алдартай профессор Уэлин Жэймс бага байхаасаа л өөрийгөө гэр бүлийнхээ хамгийн бүтэлгүй нь гэж боддог байжээ.

Ах, эгч хоёр нь алдартай зохиолчид болсон нь түүний сэтгэл зүйд ингэж нөлөөлсөн байна.

Түүний аав нь Харвардын их сургуульд оруулж өгсөн ч тэр сургуулиа хаяж, Амазон руу аялахаар явсан ч халдварт өвчний улмаас хүндээр өвдөж, арай хийн амьд эх орондоо иржээ. Ирснээсээ хойш тэр сэтгэл зүйн гүн хямралд орсон байв.

Энэ үедээ тэр "Аливаа асуудал надаас болсон ч, болоогүй ч би оролцсон л бол  ямар нэг хариуцлага хүлээх ёстой" гэж бодсон нь түүний амьдралд том өөрчлөлт авчирсан тухайгаа тэмдэглэлийн дэвтэртээ бичин үлдээсэн байдаг.

Энэ байдлаас суралцах зүйл нь алдаа бол хүний өнгөрсөн цагт үлддэг. Харин алдаа дээрээ тулгуурлаж ирээдүйд хэрхэн хариуцлагатай байх вэ гэдэг нь одоо гаргаж болох шийдвэр юм.

Аливаа алдааг хэний буруугаас болсныг олж, түүнийг шүүмжлэх гэхээс илүү цаашид яах вэ, алдаагаа хэрхэн засах болон хэн хариуцлагыг нь үүрэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Үзэл бодлууд чинь буруу байна

Хувь хүний өсөлт хөгжил гэдэг бол дахин давтагдашгүй, төгсгөлгүй үйл явц юм.

Бид ямар нэг зүйлийг шинээр мэдэж авах болгондоо өмнө нь байсан зүйлээсээ шууд зөв рүү үсэрчихдэггүй. Харин аливаа зүйлсийн учир шалтгааныг бага багаар мэдэж авах бүртээ нэг зөв алхам хийж байдаг.

Хэрвээ бүх зүйлийг тодорхой байна гэж өөртөө итгүүлбэл энэ нь эсрэгээрээ таны өсөлт, хөгжлийн дайсан болдог. Тиймээс бид өөр өөрсдийн бодолд үргэлж эргэлзэж, дахин дахин өөрөөсөө асууж байх хэрэгтэй.

Өсөлт дэвшилтдээ саад болохгүйн тулд зохиолч зайлсхийх зүйлсээ дараалан бичжээ. Үүнийгээ "Мэнсоны зайлсхийх хууль" гэж нэрлэсэн байна.

Үүнд:

  • Хувь хүн, бие хүн гэдэгтээ хүн өөрөө итгэх хэрэггүй
  • Өөрийгөө ямар хүн гэдгээ тодорхойлж хэзээ ч битгий  шийдвэрээ гарга
  • Өөрийгөө өдөр бүр олохыг хичээж мэрийх мөртлөө өөрийгөө олох хэрэггүй

Өөрийгөө олох гэж цаг тутамд мэрийснээр бусад хүмүүсийн төлөө хүлээмжтэй байдлаар хандах чадвартай болно гэж тэр бичжээ. Иймд өөрийгөө үргэлж үгүйсгэж байх хэрэгтэй.

Бүтэлгүйтэл бол урагшлах эхлэл

Бүтэлгүйтэл бол харьцангуй ойлголт бөгөөд зарим хүний бүтэлгүйтэл бусдад амжилт болж харагдах тохиолдол бий. Ямар өнцгөөс харж байгаагаас хамаарч бүтэлгүйтэл тодорхойлогдоно.

Бүтэлгүйтэлд дуртай хүн гэж байхгүй бөгөөд бүх л хүн бүтэлгүйтлээс зугтаадаг. Гэхдээ бүтэлгүйтэхээс айна гэдэг нь хүмүүсийн зорилгоо буруу тодорхойлсноос болдог гэж номд бичжээ.

Түүний оронд илүү баяжуулалт дээр тулгуурласан үнэт зүйл, зорилгоо тодорхойлж чадвал илүү хялбар байх болно. 

Тухайлбал, бусадтай харьцах харьцаагаа сайжруулах... Үүнийг зайлшгүй хүлээн зөвшөөрөх ёстой зүйл нь уйтгар гуниг, шаналал. 

Польшийн нэгэн сэтгэл зүйч 1950-онд буюу дэлхийн хоёрдугаар дайны дараа тус дайнд дотнын хүмүүсээ алдсан хүмүүс дээр сэтгэл зүйн судалгаа хийжээ.

Ойр дотнынхоо алдаж, маш их сэтгэлийн гүн шаналал эдэлсэн хүмүүс амьдралыг хэрхэн туулдаг эсэхийг харахад: Сэтгэлийн гүн шаналал эдэлж, зовлон үзсэн хүмүүс сэтгэл зүйн хувьд маш чанд бөгөөд багахан зүйлд буюу амьдралаас сайхан зүйлийг олж харж баярладаг аж.

Туулсан зовлон маань биднийг амьдралыг өөр өнцгөөс харж, сайхан зүйлсийг илүү их мэдрэхэд тусалдаг.

Татгалзлын ач холбогдол

Бидний амьдарч буй нийгмийн эрх чөлөө гэдэг нь өргөн утгаараа маш олон боломжуудыг олгож байна. Харин маш олон боломж байна гэдэг нь юу ч байхгүй гэсэн үг гэж зохиол тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Бүх зүйлд оролцох боломжтой байна гэдэг нь нөгөө талаар нэг зүйлд бүх хүчээ чадлаа дайчлах боломжийг үгүй хийж байдаг аж.

Амьдралдаа ямар нэг чухал зүйлийг бүтээхийг зорьж байгаа бол тэр олон сонголтоос татгалзаж сурах хэрэгтэйг зөвлөжээ.

Ямар нэгэн зүйлээс татгалзах нь таны амьдралыг илүү сайжруулах ач холбогдолтой.

Аз жаргал, баяр баяслыг мэдрэхийн тулд зарим зүйлд олон жилийг зарцуулах шаардлага гардаг.

Тодруулбал, арван жилийн турш нэг ажилдаа бүх зүйлээ зориулж, хүч хөдөлмөрөө дайчилсан болоод нэг ажиллаж үзээд ажлаа хаясан хүний хооронд асар том ялгаа бий.

Тиймээс олон боломж сонголтуудад үгүй гэж зоригтой хэлж, хийхээр зорьсон нэг зүйлдээ л анхаарлаа маш ихээр хандуулах нь чухал юм.

Үүнийг Марк Мэнсон "Эрх чөлөө илүү олон боломж олгодог боловч түүний гайхамшгийг мэдрэхийн тулд нэг боломжийг сонгож, бусдаас нь татгалзах шаардлагатай. 

Нэг зүйлийг сонгож эрх чөлөөгөө хязгаарласнаар тухайн зүйлээ илүү хурц өнцгөөр харж, бусад олон санаа зовоох асуудлаас өөрийгөө тусгаарлаж чадна" гэж тэмдэглэжээ.