Индэр    
2020 оны 3 сарын 6
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТЭГЛЭХГҮЙ юм үлдэх үү?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайд нь хамгийн олон солигддог Боловсролын яам маань нам гүм байсны эцэст нэгэн том шийдвэрийн ард гарчээ.

Энэ нь боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах шийдвэр огтхон ч биш. Харин төрөөс зээлээр сурсан хүмүүсийнхээ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ шийдвэр юм.

Өнгөрсөн удаа ахмадуудын зээлийг тэглэсэн бол энэ удаад залуучуудын зээлийг тэглэхээр зэхэж байна.

Дотоод, гадаадад сурах хөтөлбөрийн зээлийг тэглэнэ гэх ч энэ хоёрын хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий.

Дотоодын зээлтэй 1 оюутан ихдээ л 6 сая төгрөгтэй тэнцэхүйц өртэй бол гадаадын зээлийн хөтөлбөрийн жилийн дундаж төлбөр нь 140 орчим сая төгрөг юм. Тэгэхээр гадаадад зээл авсан ганц оюутан нь дотоодын зээл авсан 25 хүнтэй тэнцэж байна.

Гол нь гадаадад суралцах төрийн сангийн зээлээр хэн суралцдагийг ЭНЭ дараах нийтлэлээс харах боломжтой. Тэр чигээрээ л УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүд хамрагдсан байгааг харж байгаа байх.

БСШУС-ын яамны мэдээллээр “2008 оноос хойш 14,000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаана” гэжээ. Харин 16 тэрбум төгрөгийн дийлэнх хувийг гадаад зээлийн сангийн хөтөлбөр эзэлж байгаа нь гарцаагүй.

Тэгш хуваарилалт хаана байна?

Монголд угаас хөрөнгийн тэгш бус байдал маш өндөр.

Нийт өрхөөр авч үзвэл ядууралд өртсөн эрсдэлтэй бүлэг 45 хувийг нь эзэлдэг. Дайран дээр давс гэсэн шиг боловсролын салбарт ч бас энэ тэгш бус байдал бий. Харин дээрх шийдвэр нь тэрхүү тэгш бус байдлыг хөхиүлэн дэмжсэн хэрэг боллоо. Тухайлбал, хөдөө орон нутагт хүүхдүүд боловсролтой болох гэж 1 ширээнд 3-уулаа сууж, 1 номыг 3-уулаа хэрэглэж байна. Уг нь боловсролын энэхүү тэгш бус байдлыг буулгах гэж л төсвийн орлогын дахин хуваарилалтыг хийдэг бус уу? 

Өөрөөр хэлбэл, боломжоос хүртэхгүй байгаад нь хүртээх учиртай байтал тэр боломжийг нь Боловсролын яам маань улам хааж өгөв. 

Үр дүнд нь хөдөлмөрийн зах зээл...

Иймэрхүү бодлого нь хөдөлмөрийн зах зээлийг гажуудуулдаг.

Дэлхийн ямар ч орноос илүүтэй Монголд үйлчлэгч, цэвэрлэгч хийх нь мэдлэг ур чадвар ихээр шаарддаг болоод буй. Жил бүр дунджаар 46,000 оюутан, суралцагч төгсөж байгаагаас ердөө 30 хувь нь л ажилд орж байна. Өөрөөр хэлбэл, 3 хүн тутмын 1 нь ажилд орж байна гэсэн үг. Үнэхээр ажлын байр олдохгүй байна уу? Эсвэл бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний боловсрол мэдлэг дутуу байна уу?

Зураг. Төгсөгчдөөс ажлын байранд орж буй хувь

 
Эх сурвалж: ҮСХ

Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч буй ажилтнуудын 4 хүн тутмын нэг нь бизнесийн чиглэлээр суралцаж байна. Энэ нь мэдээж одоогийн ажлын олдоц, боломжийг харж сонголт хийж байгаагийн үр дүн. Үнэндээ диплом үнэгүйдэж, Монголын боловсролын салбар тэгтлээ үнэгүйдсэн байгааг харуулж байна. Түүнээс гадна 40-өөс дээш насны эмэгтэй хүнд ажил олдох боломж бага байгааг Дэлхийн банкны судалгаа харуулсан.

Саяхан ахмадуудаа ялгаварласан, энэ удаад залуучуудаа дахин ялгаварлалаа. Дотоод, гадаадад хөлс, хүч хөдөлмөрөө шавхаж буй олон мянган залуусаа төр нь ялгаварлалаа.