Индэр    
2020 оны 2 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 52: Хором, агшнуудын ХҮЧ

Зураг

Амьдрал гэнэтийн зүйлээр баялаг учир санаандгүй үеийн хором мөч бидний амьдралыг бүхэлд нь өөрчлөх чадалтай.

Та бүхэнд Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар Чип Хийт болон Дэйн Хийт ах, дүү нарын бичсэн “The Power of Moments” буюу “Хором агшнуудын хүч” номыг танилцуулж байна.

Бидний дурсамжид өдөр тутмын үйл явдал гэхээс илүү өөрийгөө ойлгосон, бахархал төрүүлсэн, дотно хүмүүстэйгээ өнгөрөөсөн мөчүүд тодоор хадгалагдан үлддэг.

2017 онд хэвлэгдсэн энэхүү номонд яагаад зарим үйл явдал, мөч хором нь бидний амьдралд асар том нөлөө үзүүлдэг болон тэрхүү чухал мөч хормыг хэрхэн бий болгох боломжтойг тайлбарлажээ.

Шууд сонсох:

Ялангуяа, өөрийн бизнесийг хөгжүүлэхэд чухал хором агшнуудыг ашиглаж, үйлчлүүлэгч, ажилчдадаа гүн сэтгэгдэл үлдээж чадвал амжилт гаргах боломжтой гэсэн санааг зохиолчид энэхүү номондоо буулгасан байна.

Амьдралынхаа чухал хором, агшныг зориудаар бүтээ

 

Хором агшнуудыг чухал болгон бүтээх боломжтой.

Ахлах сургуульд байсан үеэ дурсахад хүн бүрт төгсөлтийн баяр бодогдохгүй нь тодорхой.

Бага орлоготой айлын хүүхдүүд явдаг нэгэн ахлах сургуулийн захирлын тухай дурсамжид тодоор үлдсэн нь сагсны тэмцээн, урлагийн үзлэг байсан аж.

Тэрбээр төгсөлтийн баярыг яагаад сагсны тэмцээн эсвэл суралцаж байх үед нь тохиолдсон мартагдахгүй дурсамжтай үлдээж болохгүй гэж хэмээн бодож, төгсөлтийн баярыг онцгойгоор зохион байгуулах болжээ.

Дээр дурдсанчлан тус сургуульд ихэвчлэн бага орлоготой хүүхдүүд суралцдаг учир тухайн үед төгсөж чадсан сурагчид гэр бүл дотроосоо хамгийн анхны их сургуулийн элсэгч болохоор байв.

Энэхүү чухал мөчийг нь хэзээ ч мартагдахааргүй байлгахаар сургуулийн удирдлагууд санал нэгдэж, төгсөлтийн баярыг зориуд тэмдэглэдэг болсон байна.

Сурагчид ахлах сургуулиа төгсөх мөчид өөрт нь баяр хүргэхээр ирсэн олон хүний өмнө нэг нэгээрээ зогсоод ямар сургуульд элсэн орсон тухайгаа дуулгаж, дүүрэн алга ташилтаар үдүүлжээ.

Анхны төгсөлтөд цөөн хүн ирсэн ч одоо тус сургуулийн төгсөлтийн баярт хэдэн мянган хүн ирдэг болж, төгсөгчид стадион дүүрэн хүнтэйгээр баяраа хуваалцдаг болсон.

Сургуулиа амжилттай төгсөөд дээд боловсрол эзэмшихээр зогсож байгаа тэднийг харсан бусад хүүхдэд тэдэн шиг амжилттай сургуулиа төгсөж, алга ташилтын чимээ сонсох хүсэл төрөх нь тодорхой.

Энэ бол бусдын амьдралд мартагдахгүй чухал агшныг зориудаар бүтээж чадсан нэгэн жишээ юм.

Ихэвчлэн бид амьдралдаа гэнэтийн эсвэл аз таарсан зүйлсийг нууцхан хүлээсээр байдаг. Харин зохиолчдын зөвлөж байгаагаар "Амьдралдаа тохиох чухал мөчүүдийг хүлээх шаардлагагүй, өөрсдөө бүтээхэд л хангалттай" гэжээ.

Харин түүнийг бүтээхийн тулд бид ямар нэг зүйлийг хэрхэн санадаг талаар ойлголттой болох хэрэгтэй.

Чухал мөчүүдийг хэрхэн бүтээх вэ?

 

Эрдэмтдийн ажиглалтаар хүн өөрт тохиолдсон ямар нэг үйл явдлын хамгийн чухал, мартагдахааргүй хором мөчийнхөө эхлэл болон төгсгөлийн сэтгэгдлээс хамаарч ой тойндоо үлдээдэг байна.

Тухайлбал, ихэнх хүн хамт олонтойгоо зугаалсан үедээ сэтгэлээ онгойтол ярьсан эсвэл зугаалга дуусахын өмнө буюу буцах замдаа хамт олноороо дуулсан дуугаа санадаг аж.

Үүнийг ашиглаж, мартагдахгүй чухал агшнуудыг бүтээх боломжтой хэмээн номд өгүүлжээ.

Үүнд нэгэн жишээ дурдвал, Диснейд байрлах "Magic Castle" зочид буудал ойр хавийнхаа алдартай буудлуудаас онцгойрох содон зүйлгүй  ч үйлчлүүлсэн хүмүүсийн 95 хувь нь таван од өгдөг гэх судалгаа байдаг аж.

Учир нь тус буудлаар үйлчлүүлсэн хүмүүст уух зүйлийг нь үнэгүй өгдөг байна.

Зүгээр ч нэг үнэгүй өгөхгүй бөгөөд усан сангийн хажуугийн нэгэн утсаар уух зүйл захиалахад хэдхэн минутын дараа мөнгөн поднус дээр захиалсан зүйлийг нь маш хүндэтгэлтэйгээр хүргэн өгдөг.

"Magic Castle" зочид буудал зөвхөн уух зүйлээр үйлчлэх энэхүү агшнаараа л үйлчлүүлэгч бүрээсээ үнэлгээ авч чаддаг гэжээ.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдэд тухайн зочид буудлын сэтгэлд нь нийцээгүй тавилга, зохицол муу өрөөний өнгө, дизайныг мартаж зөвхөн өөрийг нь гайхшруулсан онцгой агшнуудыг л санаж тус буудалд өндөр үнэлгээ өгсөн гэж номондоо бичжээ.

Энэ нь хүмүүс зөвхөн онцгой, сэтгэлд үлдсэн зүйлсийг л тод санаж үлддэг гэдгийг илтгэж байна.

Магадгүй бид бусад хүнийг ямар нэг зүйлийг хэрхэн ой тойндоо үлдээдэг гэдгийг мэдэж, энэ мэтээр бизнестээ өндөр үнэлгээ авах боломжтой юм.

Номд өгүүлснээр тухайн онцлог агшныг бий болгохын тулд дөрвөн төрлийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой аж.

  • Ердийн өдрүүдээс илүү сэтгэлд хоногшуулах мөчүүд
  • Өөрийгөө гүн ойлгох боломжийг олгох
  • Өөртөө бахархал төрүүлэх
  • Хүмүүстэй холбоотой байх

Эдгээрээс нэг болон түүнээс олныг болж байгаа үйл явдал агуулж чадсан бол бидний сэтгэлд хоногшиж, санаанд үлддэг хэмээн номд бичжээ.

Анхны болон сүүлийн сэтгэгдэл мартагддаггүй

Зарим тохиолдолд эхлэл, төгсгөл эсвэл тодорхой зорьж байсан зүйлдээ хүрсэн агшнууд болон сэтгэл шаналгаж, зовлон учирсан үеүдэд анхаарлаа хандуулах шаардлага тулгардаг.

Тэгвэл аливаа зүйлийн эхлэлийг яагаад зөв хийх хэрэгтэй вэ?

Ямар нэг ажлыг эхлүүлэхэд бид шинэ бүхнээр өөрийгөө цэнэглэдэг. Эхлэл гэх зүйлийг хийхдээ хүн маш их эрч хүчтэй байдаг бөгөөд анх удаа хийж байгаа зүйл сэтгэлд маш тод хоногшиж үлддэг.

Анхны сэтгэгдэл харах өнцгийг ч өөрчилдөг гэдгийг зохиолчид номондоо тэмдэглэсэн байна.

Магадгүй ажлын гараагаа дөнгөж эхлүүлсэн өдөр чинь хэн ч чиний ирснийг анзаарахгүй, халуун дотноор хүлээж аваагүй бол ажлаа тарах үед яах гэж тухайн ажилд орсноо өөрөөсөө хэдэн удаа асууж, стресстэж эхлэх бөгөөд ажилдаа үлдэх магадлал нь буурдаг.

Харин анх ажилд орж байгаа хүнээ халуун дотноор хүлээж авбал тууштай болон эрч хүчтэй ажиллах үндэс нь болдог талаар номд бодит жишээгээр тайлбарласан байдаг.

Түүнчлэн зориудаар аливаа зүйлийн эхлэлийг сайхан байлгах тал дээр анхаарвал энэ мэт эерэг өөрчлөлт гарч болно гэдгийг номд онцолжээ.

Нөгөө талаар төгсгөл ч мөн хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Тиймээс чухал болгохоор зорьсон мөчүүдийнхээ төгсгөлийг сайнаар бүтээх хэрэгтэй.

Онцгой сэтгэгдэл бий болгохыг хичээ

Бидний амьдралд өдөр тутам хийж байгаа зүйл нь нэгэн хэвийн болсон байдаг. Харин тодорхой далд мөчүүд нь бидний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачиж, гайхашруулдаг бөгөөд тухайн үеийн хормоос бид урам авдаг.

Үүнийг нэгэн жишээгээр тайлбарласан байдаг нь, Калифорни мужийн ахлах сургуулийн хоёр багш хичээлээ заахын тулд маш их цаг хугацаа, сэтгэл гаргаж байхад сурагчид нь хичээлээ эргэж санахгүй байгааг гайхжээ.

Тэд өдөр бүр хичээж заасан хичээлийг нь санадаггүй мөртлөө онцгой мөчүүдийг илүү санадаг болохыг анзаарсан байна.

Тиймээс хичээлээ сонирхолтой болгохын тулд хүн төрөлхтний үндсэн мөн чанарыг шалгасан "шүүх хурал" зохион байгуулахаар шийджээ.

Ингэхдээ хүн төрөлхтний сайн муу чанаруудыг сайшаасан болон няцаасан байдлаар хүүхдүүд үнэлгээ өгөхөөр төлөвлөж.

Энэ нь сурагчдад их онцгой санагдсан учир тухайн шүүх хуралд бэлдэж байх хугацаандаа хичээлээ маш сайн уншиж байсан аж.

Түүнчлэн тухайн хичээлийн даалгавар ямар дүнтэй болохыг хэн ч асуугаагүй бөгөөд зөвхөн хийж байгаа зүйл нь сонирхолтой байсан учраас мэрийсэн гэж хариулжээ.

Дараа нь төгсөгчдөөс ахлах сургуульд дурсамжтай үе, дуртай хичээлийнх нь талаар санал авахад хамгийн дуртай оролцдог байсан сагсан бөмбөгийн тэмцээнийх нь хэмжээнд хүртэл тус хичээлийг санадаг болох нь мэдэгджээ.

Тогтсон дүрмээ өөрчил

Тогтсон дүрмээс онцгой зүйл хийх нь бусад хүнд их гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг.

Нэгэн жишээг дурдъя. Нэгэн гэр бүл аяллын явцдаа буусан буудалдаа хүүгийнхээ хамгийн хайртай чихмэл болох Анаашийг мартаж, гэртээ харьсан даруйдаа санасан аж.

Хүүхэд нь тэр тоглоомгүйгээр унтаж ч чаддаггүй учраас тэд хүүгийнхээ санааг зовоохгүйн тулд "Тэр буудалд үлдээд бага зэрэг л амарч байгаа учраас санаа зовох хэрэггүй" хэмээн тайлбарлажээ.

Орхисон зочид буудал руугаа ярьтал тэд тоглоомыг нь олон зургийн хамт шуудангаар явуулсан байна.

Тухайн зургууд дээр хүүгийн чихмэл тоглоом усан бассейны хажууд коктейл уусан болон элсэн дээгүүр алхаж буйгаар авахуулсан байсан учир хайртай тоглоомынхоо зургийг харсан хүү Анаашаа мартаж яваагүй гэдэгтээ итгэн тайвширчээ.

Ийнхүү бодит дүрмээсээ илүү их сэтгэл гаргаж хийсэн зочид буудлын эздийн үйлдэл нь хэний ч санаанд оромгүй байсан учраас нэр хүнд нь асар их өссөн байна.

Онцгой зүйл хийхэд ердийн ажлаас илүү их цаг, хөдөлмөр шаарддаг ч үр дүн нь гайхалтай байдаг гэдгийг энэхүү жишээ харуулж байна.

Тиймээс тогтсон дүрмээсээ гарч, нэмэлт хөдөлмөр, сэтгэл гаргахыг үйлчилгээний байгууллагуудад зөвлөжээ.

Ихэнх байгууллага энэ мэт илүү дутуу зүйлийг хийх сонирхолгүй байдаг ч үнэхээр үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүрмээр байвал ердийн бус байх хэрэгтэй аж.

Ухаарал хайрлах хором мөчүүд

Бидний амьдралд ямар нэг гүн утга агуулсан зүйлүүд олон тохиодог. Магадгүй та өөрөө биш юм гэхэд хэн нэгний ухаарсан цаг мөчүүдийн талаар түүхийг сонссон байх.

Гэхдээ хэн нэгэнд ярьж зөвлөхөөс илүү өөрт нь мэдрүүлэх боломжийг олгох нь илүү их ухаарал хайрладаг хэмээн номд өгүүлжээ.

Бангладешийн нэгэн тосгонд ил задгай бие засах нь элбэг үзэгдэл байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тал дээр анхаарч, бие засах газруудыг олон барьсан ч тосгоны хүмүүсийн үйлдэлд огт нөлөө үзүүлэхгүй байжээ.

Чухам яагаад боловсон бие засах газрыг иргэд нь хэрэглэхгүй байгааг асуухад "Энэ бол бидний амьдардаг гэрээс ч тансаг байна. Тиймээс бие засаж болно гэж үү" хэмээн хариулжээ.

Аргаа барсан хүмүүс тосгон болгонд илч төлөөлөгч явуулан ил задгай бие засдаг газруудыг нь газрын зураг дээр тэмдэглүүлж, ямар их замбараагүй байгааг нь ойлгуулахаар явуулсан байна.

Тэдэнд төлөөлөгч ил задгай бие засах үед ялгадас дээр сууж дараа нь хүмүүсийн иддэг хоол хүнсэн дээр сууж байгааг бодит жишээгээр буюу ялааны хөлийг үсээр орлуулан бодитоор харуулжээ. Энэ мөчид тосгоныхон анх удаа ил задгай бие засах асуудалдаа анхаарлаа хандуулж эхэлсэн байдаг.

Дээрх жишээгээр хүн ярьж тайлбарлаж хэлэхээс илүү бодитоор харуулах, эсвэл биеэр мэдрүүлэх нь үр дүнтэй аж.

Хүн хийхгүй, эсвэл харахгүй л бол ухаарал гэдэг зүйлийг олж авч чадахгүй.

Ухаарал олгоход зөвлөн чиглүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүнийг хажуугаас нь эерэг дэмжлэг үзүүлэх хэн нэг хүн заавал байх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Бахархал төрүүлэх хором мөчүүд

Бусдыг үнэлэн хүлээн зөвшөөрөх сэтгэгдлийг өөртөө бий болгох нь бахархал төрүүлэх хором мөчүүдийн нэг.

Судалгаанаас үзэхэд шилдэг менежерүүдийн 80 хувь нь өөрийн дор ажилладаг хүмүүстээ сайн ажиллаж байгаа талаар нь үргэлж хэлдэг гэж хариулсан боловч тухайн багийн ажилчдын 20 хувь нь "Дарга маань миний хийж байгаа ажлыг үнэлсэн" гэж хариулсан байна.

Энэ нь бид хүмүүст сайн ажиллаж буйг нь хангалттай хэлсэн гэж боддог боловч нөгөө талаар сонсож буй хүнд нь өөр өөр санагддаг гэдгийг харуулж байна.

Удирдлагууд ажилчдаа урамшуулахдаа сарын шилдэг ажилтныг тодруулдаг. Сарын шилдэг ажилтныг тодруулахад эхлээд үнэ цэнтэй байдаг боловч олон удаагийн дараа шагналынх нь утга учир алдагддаг хэмээн номд өгүүлжээ.

Харин түүний оронд тухайн хүнд нь тохирсон онцгой шагналуудыг бүтээх боломжтой аж.

Энэ шагнал нь тийм ч үнэтэй, эсвэл бүх хүний өмнө зарлан тунхаглах шаардлагагүй байж болох бөгөөд тухайн ажилтныхаа ур чадвар, ахиц дэвшлийг удирдлага хүн сайтар анзаарах нь чухал аж.

Өөрийг нь анзаарсан, ажигласан учраас ур чадвар, өөрийгөө улам хөгжүүлж, сайн болгоход тань зориулан шагнаж байгаагаа ажилтандаа дуулгах нь ажлын бүтээмжийн хувьд ч илүү нэмэгдэнэ хэмээн номд бичжээ.

Ямар нэг том зорилгод хүрэхийн тулд олон жижиг зорилтод хүрэх хэрэгтэй.

Тухайлбал, хоёр жилийн дотор хийл хөгжим тоглодог болох зорилго өөртөө тавьсан гэж бодъё. Харин тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр бага багаар суралцах хэрэгтэй болно.

Үүнийг номд "Аливаа том зорилгыг биелүүлэхэд тодорхой үе шатуудыг давах хэрэгтэй. Яг л видео тоглоом тоглож байгаа мэт. Харин үе шат болгоноо давах бүртээ өөртөө "Чадчихлаа гэсэн урам өгч бай" хэмээн тэмдэглэжээ.

Мөн номд бахархал төрүүлэх хором мөчүүдийг эр зоригтой холбон тайлбарласан байна.

Мэдээж их зориг гарган хийж чадсан зүйлээ эргээд харахад бид өөрсдөөрөө бага ч болов бахархах сэтгэгдэл төрдөг. Энэ нь хүмүүсийн амьдралдаа хийх цаашдын зоригтой алхмуудыг тодорхойлж өгдөг байна.

Бусадтай хуваалцсан хором мөч маш чухалд тооцогддог

Дурсамжинд үлдсэн онцгой хором мөчүүд үргэлж хэн нэгэнтэй холбоотой байдаг.

Энэ хормуудыг бий болгохын тулд мөн л хүчин чармайлт гаргах хэрэгтэй бөгөөд технологи хөгжсөн энэ үед бодитоор уулзаж, ярилцах нь үнэ цэнтэй хормуудыг улам илүү бий болгоно.

Аливаа бэрхшээлтэй зүйлийг хамтдаа даван туулж чадвал хэн хэнийх нь сэтгэлд чухал хором болж үлддэг.

Түүнчлэн байгууллагын удирдлагын хувьд ажилтнуудаа нэг том зүйлд хамт зангидах нь чухал. Ажилчид хийж байгаа ажлаасаа утга учрыг олж харсан бол нэгэнтэйгээ хамтран ажиллаад зогсохгүй, хувийн ажлын бүтээмж нь маш их нэмэгддэг аж.

Мөн хүмүүс хоорондын дотно харилцааны хамгийн гол түлхүүр нь нэг нэгнээ ойлгодог байх нь чухал бөгөөд хэн хэнийхээ тэмүүлж, хүсэж байгаа зүйлийг нь дэмждэг байх хэрэгтэй.

Бусадтай хуваалцсан дотно харилцаа, хором мөчүүдийг богино хугацаанд ч бий болгож болно. Үүний тулд харилцаж буй хүнтэйгээ илэн далангүй байх хэрэгтэй. Илэн далангүй байдлаа өөрөөсөө эхлэх нь зүйтэй.