Индэр    
2020 оны 2 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Сонгуулийн жилийн ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Сонгуулийн жилийн төсөвт барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх, стратегийн барааг улсын нөөцөд байршуулах гэх мэтэд зориулан 3.7 их наяд төгрөг тусгасан нь 2019 оноос 13.4 хувиар өссөн дүнтэй байна.

Нийгэмд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт болох сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулах зардал, мөн музей, театруудыг шинээр барих, засварлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор ийнхүү өсгөснийг Сангийн яамнаас эрхлэн гаргасан “Иргэдийн төсөв - 2020” товхимолд дурджээ.

3.7 их наяд төгрөгийн 86 хувь нь бүтээн байгуулалтын төслүүдэд, үлдсэн 14 хувь нь их засвар хийх, тоног  төхөөрөмж  худалдан авах, ТЭЗҮ, зураг  төсөв боловсруулахад шаардлагатай санхүүжилт байна.

Зураг 1: Бүтээн байгуулалтын төслүүдийг задалж харвал,

 

Зураг 2: Онцлох төслүүдийг харвал соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарын төслүүд зонхилж байна.

 

Музейнүүд болон зарим хуучин барилгыг сэргээн засварлахаар болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, суурин дээр нь барих Чингис хааны музейн ажилд Засгийн газар анхаарлаа хандуулан, эрчимжүүлж байна. Тус музейг шинээр барихад шаардагдах 53 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт бүтнээр нь суулгасан.

Харин 94.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөж, 2020 онд 31.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар болоод байна.

Үндэсний урлагийн их театрын барилга мөн он дамжих бөгөөд 152.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг бүтээн байгуулалтын энэ онд санхүүжигдэх дүн 30 тэрбум төгрөг.

Хүлээлт үүсгээд буй бүтээн байгуулалтууд

 

Эдгээрээс гадна он дамжин хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа олон жил үргэлжилж буй эмнэлгийн барилгууд сонгуулийн жилд ашиглалтад оруулж чадах уу гэдэг нь эрх баригчдын хувьд том сорилт болоод байна.

Он дамжин хэрэгжиж буй төслүүдээс энэ онд ашиглалтад орох хамгийн их хүлээлттэй байгаа нь Дарханы зам.

2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдана" гэж мэдэгдсэн.

Мөн "Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байгаа" хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байлаа. 

Өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал Үндэсний баяр наадам, Цагаан сарын баярын үеэр хоёр дахин нэмэгдэж, өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна.

Харамсалтай нь, ийм өндөр ачаалалтай орон нутгийн уг замын ажил сайд, дарга нарын хэлж байгаагаар хэрэгжсэнгүй. Бодит байдал дээр хуучин замаа ч хуулж дуусгалгүй өвөлтэй золгосонд Дархан-Уул аймгийн оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна.

Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил 10 жил үргэлжилж, Түлэнхийн төв ГССҮТ-д толгой хоргодсоор...

Гэрэл зургийг mpa.mn

Олон жил үргэлжилж буй бүтээн байгуулалтуудыг харвал Дөрөвдүгээр төрөх эмнэлэг, Түлэнхийн төв гээд нэн шаардлагатай байгаа хэдий ч 7-10 жил үргэлжилж буй барилгууд анхаарал татна. 10 жилийн өмнө эхэлсэн Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах амлалтыг хотын дарга С.Амарсайхан өгч, энэ асуудлыг өөрөө Ерөнхий сайдад танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Үүнээс гадна Түлэнхийн төв манай улсад нэн шаардлагатай эмнэлгүүдийн нэг билээ. Долоон жилийн өмнө буулгасан, улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдох “Түлэнхийн төв"-ийн шинэ барилгын угсралтын ажил 60 хувьтай байгаа.

Гэрэл зургийг mpa.mn

Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулан 8 сая ам.доллар/20 тэрбум төгрөг/-ын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэх гэрээнд /2017.05.23/ гарын үсэг зурсан бөгөөд 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Түүнээс гадна хүн ам ихтэй дүүргүүдийн эмнэлгийг дахин барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа ч хуулийнхны барилга шиг хурдтай босохгүй байгааг "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Б.Энхзаяа Хуулийн байшинг нэг жилд босгож, төрөхийн барилгыг 10 жил царцаах нь ард түмэндээ хандах улстөрчдийн нүүр царай нийтлэлдээ онцолсон.

Эмнэлгийн барилгууд ийнхүү нэг биш, олон жил дамнан үргэлжилж, тэр хэрээр төсөвт өртөг нь нэмэгдэж, бараг мартагдах шахаж байхад хуулийнхны барилгууд найман сарын дотор ч босож болдгийг зарим барилгаас харж болж байна. Тэр ч бүүхэл Хууль зүй, дотоод хэргийн яам өрөөнүүдээ өндөр үнэтэй засвар, үйлчилгээ, худалдан авалтууд хийж байгаа талаар баримтуудыг "Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус дэлгэснээс ямар ШУДАРГА БУС байгаа нь тод харагдана.

Гэрэл зургийг mpa.mn

Нэн шаардлагатай байгаа эрүүл мэнд, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтуудыг сонгуулийн өмнө ашиглалтад оруулах уу гэдгийг иргэд анхааралтай ажиглаж байна.

Түүнээс гадна шинэ коронавирусийн халдвар буюу урьдчилан тооцоолоогүй онцгой нөхцөл байдал үүсчихээд буй. Үүний улмаас зөвхөн эхний нэг, хоёрдугаар сард 200 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасарсан бөгөөд энэ байдал цаашид үргэлжилбэл төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа. Гэхдээ одоохондоо төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй гэдгийг тэрбээр хэлсэн. 

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжлээд төсөв нэг их наяд төгрөгөөр тасарвал дээрх бүтээн байгуулалтууд 2020 ондоо хэрэгжиж чадах уу гэдэг эрсдэлтэй болж мэднэ. 

Тиймээс эсэргүүцэлтэй тулгаран байж эхлүүлсэн музейн шинэчлэлийн ажлууд, дээр дурдсан томоохон төсөл хөтөлбөрүүд 2020 онд хэрхэн өрнөх бол гэдгийг харах л үлдлээ.