Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүртээмжгүй хот төлөвлөлт ба "хөгжлийн бэрхшээлтэй" БАРИЛГУУД

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 105,730 иргэн байгаагаас 35,589 нь нийслэлд амьдарч байна.

Тэдэнд хамгийн их тулгардаг бэрхшээл нь хөгжлийн бэрхшээл биш, хүмүүстээ ээлгүй орчин ажээ. Байрныхаа гадна гарч салхилахаас авахуулаад алхам тутамдаа тэд орчны саадтай тулгарч байдаг учраас бусдын тусламж дэмжлэгийн дор амьдарч, эрүүл аюулгүй амьдрах эрхээ хязгаарлуулсаар байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн дөнгөж 18 хувь нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй буюу стандартад нийцэж байгааг Lead Mongolia төслийнхөн судалж гаргажээ.

Уг нь аливаа хот, суурин газрын авто зам, барилга байгууламж иргэн бүрт тэгш хүртээмжтэй байх ёстой.

Олон улсын барилгын норм, дүрэмд ч бүх иргэдэд хүртээмжтэй байх шаардлагыг тусгасан байдаг.

Барилга байгууламжийн хүртээмжгүй энэ байдал нь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаатай асуудал биш гэдгийг олон хүн дуу нэгтэйгээр хэлэх биз ээ.

Учир нь орон сууцны хувьд л гэхэд өндөр настан, нялх балчир хүүхэдтэй хүн хүртэл орц, гарцны өндөр шатаар хүүхдийн тэрэг, тэргэнцэр орох боломжгүй, хаалга нь нарийн, ариун цэврийн өрөө болон хэзээ ч хөлөө тавьж болохооргүй, хамгаалалтын хашлагагүй огцом налуу зам гэгчлэн тоочвол олон асуудал байна. 

Тэгвэл нийтэд огтхон ч хүртээмжгүй, санаатай эсвэл санаандгүйгээр ялгаварлан гадуурхалтыг нийгэмд бий болгож буй эдгээр барилгыг хэрхэх вэ?


"Зөвхөн лифтний стандартын шаардлагыг л гэхэд 80-90 хувь нь бүрэн хангаж чаддаггүй"

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хот төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин 2004 оноос бүрджээ.

Мөн 2008 онд Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөвлөлтийг зайлшгүй тусгана гэсэн заалтууд хуульчлагдсан байна.

Барилгын тухай хууль 2016 онд шинэчлэгдэж батлагдахдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавигдах шаардлага гээд тусдаа бүлэг багтжээ.

Одоо мөрдөгдөж байгаа норм дүрэм стандартуудаас дурдвал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БД 31-112-11
  • Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага MNS6055:2009
  • “Орон сууцны барилга төлөвлөлт” БНбД
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон зайн төлөвлөлт” барилгын дүрэ “хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” (БНбД 30.01.04)
  • “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” (БД 31-111-11) гэх мэт 10 гаруй норм дүрэм стандарт бий.

Гэвч 2019 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн хяналт, шалгалтын судалгаагаар нийт барилга байгууламжийн 40 хувь нь 2008 оноос өмнө, 60 хувь нь түүнээс хойш баригдсан аж.

Тус хяналт шалгалтаар улсын хэмжээнд нийт 1,287 барилга, орон сууц, олон нийтийн байгууламжийг хамруулсан байна. Үүний 48 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг иж бүрэн тусгаагүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тодруулбал “Шалгалтад хамрагдсан барилгуудын 46.4 хувь нь зураг төсөлдөө огт тусгаагүй, 8 хувь зураг төслийн дагуу баригдаагүй, 4 хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй, 81 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр ариун цэврийн өрөөг төлөвлөөгүй байна.

Түүнчлэн налуу зам хяналт шалгалтад хамрагдсан барилга байгууламжийн 53 хувьд нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарсан.

89 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто зогсоолд тэмдэг тэмдэглэгээг тусгаагүй, 92 хувь нь хараагүй хүний хөтөч төхөөрөмжийг тусгаагүй.

Мөн оффис үйлчилгээний байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, хүлээж авах өрөө зайлшгүй байх шаардлагатай. Гэвч 90 хувь нь энэ шаардлагыг хангаагүй байна гэсэн судалгаа гарсан” хэмээн МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Д.Ганчимэг хэлсэн юм.

Лифний стандарт л гэхэд гүн нь 1.5, хаалга нь 85 см-ээс багагүй. Тухайн давхрын шал лифтнээс 2.5 см-ээс илүү зөрүүгүй байх ёстой.

Мөн бариул, дуут дохио, толь байх ёстой бөгөөд товчлуур нь бариал бичгээр бичигдсэн байх ёстойг шаарддаг аж.

Гэвч энэ шаардлагыг 80-90 хувь нь бүрэн хангаж чаддаггүй аж.

Энэхүү шалгалтыг хийсний дараа МХЕГ-аас тодорхой барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орц гарц, ариун цэврийн өрөө болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг хийлгүүлжээ.

Хууль, дүрэм журамд тусгасан байхад яагаад улсын комисс хүртээмжгүй барилгыг хүлээн аваад байна вэ гэсэн асуулт хүн бүрт гарч ирдэг.

"Хүртээмжгүй байдал нь экспертүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой юу"

Энэ тухай Улсын ахлах байцаагч Д.Ганчимэг “Нэгэнт зураг төсөлд тусгалгүйгээр батлаад, нэгэнт баригдчихсан барилгаас хүртээмжтэй байдлыг улсын комисс шаардана гэдэг хэцүү.

Гэхдээ зайлшгүй шаардлагатай хийгдэх зүйлсийг үе шаттайгаар арга хэмжээ авдаг.

Уг нь орон зайн төлөвлөлтдөө стандартын дагуу тусгагдсан байж тэр зураг төсөл батлагдах ёстой.

Гүйцэтгэгч яг тухайн зураг төсөлд заагдсан зүйлсийг хийж гүйцэтгэдэг. Түүнийг нь улсын комисс шалгаж, ашиглалтад хүлээж авдаг гэсэн үг.

Тийм учраас анхнаасаа зураг төсөл боловсруулалтын шатанд л маш их алдаа дутагдлууд гарч байгаа хэрэг” гэж учирлав.

Зарим тохиолдолд налуу зам, ариун цэврийн өрөөг тодорхой хуулийн дагуу хийсэн байдаг ч стандартын шаардлагад 53 хувь нь нийцдэггүй аж.

БХБЯ-ны Барилга байгууламжийн зураг төслийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Т.Батцэнд ч “Барилга байгууламжийн хүртээмжгүй байдал нь цэвэр зураг төсөл зохиогч болон зураг төсөлд магадлал хийдэг экспертүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой”-г хэлсэн юм.

Тэгвэл улсын хэмжээнд барилгын зураг төсөлд магадлал хийдэг 194 экспертүүд бий.

Уг нь тэд зураг төсөлд хяналт явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагад нийцсэн төлөвлөлтийг хангуулсныхаа дараа зураг төслийг батлах ёстой.

Магадгүй тэд стандартад нийцсэн зураг төсөл баталдаггүй байсан нь тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага өнгөрсөн оныг хүртэл байгаагүй нь холбоотой байх.

Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулалтад магадлал хийх дүрэм батлагдсан юм.

Тус тогтоолд Барилгын тухай хууль болон норм, нормативын баримт бичгийн заалт, тухайн дүрмийн заалтыг зөрчсөн буруу дүгнэлт гаргасан тохиолдолд магадлал хийх эрхийг нь цуцална гэсэн заалт орсон байна.

“Экспертүүдийн хувьд одоогоор тус тогтоолын дагуу шийтгэгдсэн тохиолдолд байхгүй. Бид магадлал хийхтэй холбоотой дүрэм болоод экспертийг сонгон шалгаруулах журам БХБ-ын сайдын 2016 онд 179 дүгээр тушаалаар батлагдсан.

Барилгын тухай хуулийг дагаж гарсан магадлал хийх дүрэмтэйгээ нийцүүлээд экспертүүдийнхээ хариуцлагыг илүү их сайжруулахын тулд БХБ-ын сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны 213 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Цаашдаа ч энэ журам дүрмийнхээ хэрэгжилтийг хангуулаад хариуцлагыг нь тооцож, мэргэжлийн хяналтынхаа байгууллагатай хамтран ажиллана” хэмээн Барилга байгууламжийн зураг төслийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Т.Батцэнд тайлбарлав.

"Манай улсын барилга байгууламжийн хүртээмжтэй байдлын тухай эрх зүйн орчин олон улсын түвшинд байгаа"

Манай улсын хувьд барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх талаар хууль эрх зүй нь олон улсын түвшинд байгаа ч хэрэгжилт дээрээ л алдаж буй талаар мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Улсын ахлах байцаагч Д.Ганчимэг “Үүнтэй холбоотойгоор МХЕГ Барилга, хот байгуулалтын яам болон бусад холбогдох агентлагуудад зураг төслөө хянахдаа зайлшгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг бүрэн хангасан зураг төслийг хангаж, нарийвчилж оруулах асуудлыг тавиад явж байгаа” хэмээв.

Тэрбээр цаашид хэрхэх талаар хэлэхдээ “Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй ч гэлтгүй жирэмсэн, нас өндөр болсон, нярай хүүхэдтэй иргэд ч тухайн хүртээмжгүй төлөвлөлттэй хотод нийгмийн харилцаанд оролцоход хэцүү.

Тийм болохоор нийтээрээ ашиглах боломжтой төлөвлөлт рүү орох хэрэгтэй” гэсэн юм.

Харин Ахлах мэргэжилтэн Т.Батцэнд "БХБЯ-ны Барилга барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2020 оныхоо төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ХНХЯ, нийслэлтэй хамтраад үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байна.

Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлага хангахгүй байгаа барилга байгууламжийн нийт тоо гарна.

Бид аль болох үйлчилгээний байгууллагуудад үзлэг шалгалтын үр дүнд гарсан шаардлагыг тавиад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Төлөвлөлтийн норм дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, хүүхдэд тавигдах шаардлага хангалттай тусгагдсан байдаг. Мэдээж алдаа дутагдалтай зүйлүүд бий ч 2020 оны төлөвлөгөөнд нэлээд олон норм дүрмийг 2019 оноос эхлэн шинэчилж байна.

Олон улсын жишигт хүрэхүйц батлуулаад түүнийхээ хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

"2019 онд хамгийн олон зураг төсөлд магадлал хийжээ"

2019 онд нийт 2,341 зураг төсөлд магадлал хийж баталжээ. Үүнээс 254 нь орон сууцны барилга байгаа бол 924 нь орон сууцны бус буюу үйлчилгээний оффисын барилга байгууламж байгаа бол бусад нь инженерийн хангамж ерөнхий төлөвлөгөө гэсэн зураг төсөл боловсруулсан байна.

Энэ нь өмнөх жилүүдээс хамгийн олон зураг төсөлд магадлал хийсэн тохиолдол аж.

Мөн дээрх зураг төслөөс 1,523 нь улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн бол 817 зураг төсөл хувийн, гурав нь гадаадын зээл тусламжаар хийгджээ.

Жил ирэх тусам хотжилт маш хурдацтай явагдаж байгаа ч стандартад нийцээгүй, заавал тусгагдах ёстой зүйл нь дутуу орхигдсоор байна.

Магадгүй хуульд заасан дүрэм журам стандартаа хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй хувиа хичээсэн байдал нь манай улсын хөгжлийн бэрхшээл.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Нэг хот-Нэг стандарт" зорилтод жил болгон зарласан гэх.

Үүнийхээ хүрээнд байх ёстой зүйлс нь стандарт, норм дүрэм нь хэдийн орхигдсон, хүртээмжгүй төлөвлөлтөө эргэн харах цаг болжээ.