Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Гэр бүлийг дэмжих үйлчилгээг ХУУЛЬЧЛАХ хэрэгтэй юу?

Зураг

Гэр бүл гэдэг бол эцэг эх, үр хүүхдийг багтаасан нийгмийн хамгийн анхдагч нэгж билээ.

Гэвч Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримтыг авч үзвэл 2018 онд 21,020 хос гэрлэлтээ баталгаажуулж, 4,201 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Гэр бүл цуцлалт нэмэгдэх болсон шалтгааныг мэргэжилтнүүд өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг ч ихэнх нь Гэр бүлийн тухай хууль, хариуцлага сул гэж дүгнэдэг. Тиймээс ч Гэр бүлийн тухай хуулийг яаралтай шинэчилж батлах хэрэгтэйг тэд онцолдог.

Уг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан ч өнөөг хүртэл хэлэлцээгүй, хэлэлцэх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

Өнөөдөр манай улсын 894,000 орчим гэр бүлийг төрөөс дэмжих үйл ажиллагаа байна уу? Энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан болов уу?


2017 оноос Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлжээ. Туршилтын хөтөлбөрийн хүрээнд хийсэн “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, үйлчилгээний хэрэгцээ” судалгаанд 42,970 орчим гэр бүлийг хамруулсан байна.

Энэхүү судалгаагаар манай улсад амьжиргааны түвшин, гэр бүлийн гишүүдийн харилцаа, нийгэмд эзэлж буй байр суурь, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргээрээ ялгаатай 12-13 хэв шинжийн гэр бүл байна хэмээн дүгнэжээ.

Харин гэр бүлийн хөгжлийг дэмжихэд хэв шинж бүрт тохирсон нийгмийн ажлын үйлчилгээний нэр төрөл, практик арга зүйг бий болгож, хуульд тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тухайлбал, Судалгаанд хамрагдсан ядуу гэр бүлийн амьжиргааны нөхцөл байдлаа маш тааруу учраас ажил орлоготой болж амьжиргаагаа дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал.

Харин архины хамааралтай гэр бүлийн гишүүд асуудлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх ганцаарчилсан зөвлөгөө, гэр бүлд чиглэсэн бүлгийн зөвлөгөө, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн сургалтанд хамруулж, эрүүл мэндийн байгууллагатай хамтран үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй аж.

Энэ саналаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулахаар өгсөн ч ороогүй талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлсэн юм.

Тэрбээр "Хэвийн харилцаатай гэр бүлүүд, эсвэл дэмжлэг шаардлагатай буюу Хүүхэд хамгааллын тухай хуулиар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг дэмжихийн тулд эцэг, эхийнх нь үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд яах аргагүй гэр бүлийн хөгжлийг дэмжих практик арга зүй хэрэгтэй.

Нийгэмд хэдийгээр гэр бүл гэсэн нэг ойлголтоор л нэрлэгдэж байгаа боловч үнэндээ 10 гаруй хэв шинжийн гэр бүл байгаа нь судалгаагаар нотлогдсон. Эдгээр хэв шинжийн 8,100 гэр бүлд бид 2017 оноос хойш туршилтын хөтөлбөрийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байна. 

Хэв шинжээр нь аваад үзэхээр өрх тус бүрт өөр өөр төрлийн үйлчилгээ хэрэгтэй гэдэг нь ажиглагдсан. Мөн халамжийн олон янзын хөтөлбөрийн олон төрлийн өрх, гэр бүлд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн үйлчилгээг гэр бүлүүдийн онцлогийг харгалзсан байдлаар хүргэх бодлогыг боловсруулах шаардлага байгаа юм.

Тийм ч учраас бид Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгад Гэр бүлийн хөгжлийг дэмжих, хамгаалах үйлчилгээний төрөл хэлбэрүүдийг бий болгохоор тусгаж өгөөч гэж хууль боловсруулах Ажлын хэсэгт саналаа явуулсан. Харамсалтай нь, үйлчилгээ нь нэр төрлөөрөө орж чадаагүй" хэмээн ярив.

Мөн "Гэр бүлийн хөгжлийг дэмжих дээрх үйлчилгээг төрөлжүүлж, хэрэгжүүлэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэх Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой тусгаж баталбал, бодит үр дүн авчирна гэж салбарын мэргэжилтнүүд, судлаачид найдлага тавьж, нийгэмд хүлээлт үүсээд удаж байгаа" гэв.

Харин хуулийн төсөлд Гэр бүлийг хамгаалах, дэмжих талаар бүтэн зүйл заалт тусгагджээ. Тус зүйл заалтад төрөөс дэмжлэг үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор:

  • 5.2.3-д Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх,
  • 5.4-д Гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулж, дэмжинэ гэж тусгасан байна.​

Энэ талаар мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлэхдээ "Тус хуулийн төслийн 5-р зүйлд үйлчилгээг дэмжинэ, олон төрөлт үйлчилгээнүүдийг төр үзүүлэхийн тулд Засгийн газар журам гаргана гэсэн өгүүлбэр орсон. Гэхдээ бодит амьдралд буй олон асуудлыг шийдэхийн тулд олон төрийн, төрийн бус байгууллагууд энэ саналыг гаргаж ирсэн.

Хуульд яаж, ямар үг өгүүлбэрээр туссанаас тэр ажил хэр амжилттай явах нь шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг.

Үйлчилгээ гэдэг нэр төрлөөр зөвхөн "үйлчилгээ байна" гээд орсон болохоос яг ямар үйлчилгээ байх талаар нарийн тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ гэсэн нэгдсэн ойлголтын хүрээнд суусан гэж харж байна.

Харин бид гэр бүлийг дэмжиж, хамгаалахын тулд тусгай үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэдгийг нэр төрлөөр нь заах байдлаар саналаа явуулсан. Хувь хүн, гэр бүлийн амьдралыг үйлчилгээгээр дамжуулж цэгцэлж болно гэж би мэргэжилтний хувьд харж байна" гэлээ.

Тэгвэл гэр бүлийг дэмжих үйлчилгээ яагаад чухал гэж? Олон улсад энэ төрлийн үйлчилгээг хэрхэн үзүүлдэг вэ?

Өндөр хөгжилтэй орнуудад Гэр бүл салахад хүүхдийг эцэг, эхтэйгээ ойр өсөх боломжийг олгосон үйлчилгээнүүд олон байдаг тухай Хүүхэд, гэр бүл судлаач, гэр бүлийн маргаан шийдвэрлэх төслийн зохицуулагч С.Энхтуяа өнгөрсөн зургаадугаар сард болсон "Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр хэлж байв.

Тэрбээр "Энэ тал дээр Австрали улс нэлээд өндөр туршлагатай төдийгүй хүүхдэд ээлтэй гэр бүлийг бүтээх гэсэн суурь зарчмыг баримталж ажилладгаараа давуу талтай" гэсэн юм.

Австралид гэр бүлийн мэргэжлийн үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд гэр бүлийн харилцааны төрийн болон төрийн бус олон тусгай байгууллага ажилладаг байна.

Тэдгээр байгууллагаас гэр бүлүүд хүүхэд хүмүүжлийн тухай, гэр бүлийн маргааны үед асуудлаа хэрхэн шийдвэрлэж, харилцаагаа сайжруулах талаар олон төрлийн зөвлөгөө авах боломжтой байдаг аж.

Энэ тухай Австрали улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, хуульч, сэтгэл зүйч Катерин Жонсон "Гэр бүлд асуудал үүсэж, хосууд салах эсэх нь өөрсдийнх нь сонголт байдаг ч салсныхаа дараа тэд хамтдаа үр хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, цаашдын амьдралаа ямар нэг сэтгэлийн шархгүй өнгөрүүлэх хэрэгтэй.

Салсан ч тэд хүүхдийнхээ хувьд нэг гэр бүл хэвээрээ байх ёстой. Ийм зарчмыг бид баримталж, зөвлөгөө өгч ажилладаг" гэж байв.

"Аль ч улс үндэстэнд, ямар ч гэр бүл сайхан харилцаатайгаа үлдэж салдаггүй. Харин салах үед нь тэднийг салсан ч эцэг, эх хэвээрээ үлдэнэ гэдгийг хажуугаас нь мэргэжлийн хүн хэлэх хэрэгтэй. Энэ бол гэр бүлийг дэмжих үйлчилгээний хамгийн чухал асуудал.

Гаднын улсуудад гэр бүл маргалдах тохиолдолд хүүхдийнх нь хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг тухай эцэг, эхэд нь зөвлөж, зан үйл засах сургалтад хамруулдаг үйлчилгээ бий. Үүнийг хуулиар нь зохицуулсан байдаг бөгөөд шүүхийн шийдвэрээр гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл, гэр бүл бол маш үнэ цэнэтэй бөгөөд бат бөх харилцаан дээр тулгуурладаг. Харин тэр үнэ цэнийг нь гэр бүлийг дэмжих үйлчилгээгээр дамжуулж ойлгуулж байх учиртай.

Маргаантай байгаа гэр бүлийг нэг удаа сургалтад суулгаж, мэдээлэл өгөөд тэд хүлээж авахгүй. 

Үйлчилгээ гэхээр олон нийт аль нэг байгууллагаас явуулж буй сургалт сурталчилгааны ажил гэж харж байгаа нь буруу. УИХ-д өргөн баригдсан хуулийн төслийг харахад мэдээллийн үйлчилгээ гэсэн байна. Мэдээллийн чанартай сургалт сурталчилгаа бол нэг л удаа явагдана.

Харин дэмжих үйлчилгээ гэдэг нь урт удаан хугацааны тасралтгүй үйл ажиллагаан дээр тулгуурласан байдаг учраас бид үйлчилгээг илүү чухалчилж байна.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудлаар төрийн тогтолцооны талаар ямар ч хуульд заагаагүй. Гэр бүлийн тухай хууль шинэчилж батлагдаж байж магадгүй гэр бүлийн асуудлын тогтолцоо бий болно" гэдгийг мэргэжилтэн Л.Бадамцэцэг онцолсон юм.

Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 8,100 гэр бүл дотроос хүчирхийллийн харилцаатай 1,200 гэр бүл байна.

Хөтөлбөрийн хүрээнд үр дүнд нэг аймагт ажиллаж буй хүчирхийллийн харилцаатай 40 гэр бүлийн тав нь хүчирхийлэл үйлдэхээ больсон бол архины хамааралтай 30 гэр бүлийн тавд нь эерэг өөрчлөлт гарчээ.

Өөрөөр хэлбэл, хуульчилсан зохицуулалт, дэмжлэг байвал боловсрол, мэдээлэл олгох замаар гэр бүлүүдийг салгах биш, бат бөх болгож, ойлголцуулж, хариуцлагажуулж болдгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91,503 байна. Үүний 72,035 нь буюу 78.7 хувь нь эмэгтэйчүүд байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Үүний цаана төдийн хэмжээний гэр бүлд хүүхдүүд өнчирч байгаа билээ.