Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 46: Таван өдрийн дотор бүтэх шинэ бүтээгдэхүүн

Зураг

Аливаа бизнесийн байгууллага бүр шинэлэг санаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлага бий.

Харин санаагаа хэрэглэгчдэд хүрэх хүртэл бэлтгэхэд хэр их хугацаа зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Ялангуяа бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөөн бий болсон өнөө цагт хэн түрүүлж сэтгэж, санаагаа хэрэгжүүлж чадсан нь амжилтаа хүртэх эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг билээ.

Ингээд уншигч болон Unlock подкаст сонсогчдын амралтын өдөрт зориулан бэлтгэж буй бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт Жэйк Кнаппийн “Sprint” хэмээх номын тэмдэглэлийг хүргэж байна.

Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдэн гарснаасаа хойш New York Times болон Wall Street Journal-ийн бэстселлер номын жагсаалтад олон удаа бичигдэж байсан бөгөөд өдгөө 20 гаруй хэл дээр хэвлэгджээ.

Байгууллагын том болон жижиг асуудлын оновчтой шийдлийг хэрхэн тавхан хоногийн дотор гаргаж, загвар шийдлээ хэрэглэгч дээр турших вэ гэдэг энэхүү Design Sprint арга нь өдгөө дэлхийн томоохон компаниудын хувь заяаг өөрчилсөөр ирсэн юм.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Номын зохиолч Жэйк Кнапп Google Компанид 10 гаруй жил ажилласан бөгөөд шинэ санааг харьцангуй хурдан туршиж цаг хэмнэх Design Sprint нэртэй аргачлалыг бодож олжээ. Энэ нь өдрийн турш үргэлжлэх таван үе шатаас бүрддэг.

Design Sprint гэх аргаараа тэрбээр дэлхийн томоохон стартап болон Google, Uber, Slack, Lego зэрэг компанийг дадлагажуулж иржээ. Шинэ санааг хурдан турших энэхүү аргыг дан ганц компани гэлтгүй хувь хүн ч ашиглах боломжтой юм.

Ингээд номын тухай подкастаас Жэйк Кнаппийн таван үе шат бүхий Sprint вакум сургалтын арга барилаас хүргэе.

Энэхүү сургалт нь таван өдрийн турш 10:00-17:00 цагийн хооронд явагдах бөгөөд цагийг маш хатуу баримтахыг шаарддаг.

I өдөр. Асуудалтайгаа танилцах

Эхний өдөр бүх өдрийн сургалтыг базаж өгөх бөгөөд Design Sprint бол төгсгөлөөсөө эхэл гэсэн дүрмийг баримталдаг. Энэ нь танай баг хамгийн түрүүнд урт хугацааны зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэсэн үг.

Зарим компанийн хувьд урт хугацааны зорилго нь маш хурдан тодорхойлогддог. Харин зарим нь хоорондоо маргадаг. Гэхдээ хоорондоо мэтгэлцэж удаан бодоход санаагаа чилээх хэрэггүй. Учир нь тодорхойлсон зорилгоосоо хамаарч, цаашид танай багийн юу хийх нь тодорхой болно.

Гэхдээ маш богино хугацаанд их зүйлийг бодож, төлөвлөж гаргах ёстой болохоор цаг сайн баримтлах нь спринтийн гол зарчим гэдгийг мартаж болохгүй.

Зорилгоо тодорхойлсныхоо дараа эрсдлийг тооцоолох нь зүйтэй. Дараа нь танай багийн бүтээгдэхүүнийг хэн хэрэглэхээс эхлээд тодорхой диаграмм гаргана.

Яг энэ диаграммаа таван өдрийн турш хадгалах шаардлагатай.

Үдийн хоолны дараа зорилгодоо хүрэхэд ямар саад тулгарч болох талаар мэргэжилтнүүдээс буюу компани дотор ажилладаг, тухайн компанийг хамгийн сайн мэддэг хүмүүстэй ярилцана. Нэг хүнээс хамгийн ихдээ 15-20 мин ярилцлага авахаар тусгасан байна.

Ингэхдээ өөрсдийгөө сэтгүүлч мэтээр төсөөлж, тухайн мэргэжилтний хариулах боломжтой бүх өнцгөөс санаагаа чөлөөтэй асууж, өөрт хэрэгтэй санаагаа олж авах хэрэгтэй. Мэдээж мэргэжилтнүүд хаана ямар асуудал байгаа тухай хэлнэ.

Хэрвээ тухайн санаанд чинь ямар нэг байдлаар боломжгүй асуудал гарч ирвэл түүнийг илүү өөдрөгөөр харж асуудлыг бизнесийн боломж болгон хувиргах хэрэгтэй гэж номд бичжээ.

II өдөр. Шинэ санаа олох

Шинэ санаа олоход сэдэл болох мэдээллүүдээ цуглуулна. Ингэхдээ компанийнхаа өмнө хэрэгжүүлж байсан төслүүдээс эсвэл өөр ижил төстэй компаниудын шийдлүүдээс хайж болно.

Цуглуулж олж авсан санаагаа хүн бүр гурван минутад багтаан танилцуулна. Харин шийдвэр гаргагч буюу сургалтыг зохион байгуулагч 10-20 санааг олж аваад шилдэг санааг тэмдэглээд орхино.

Үдийн цайны дараа дөрвөн дарааллаар санаагаа цуглуулах бөгөөд хүн бүр 20 минут хэн нэгэнтэй юм ярихгүйгээр зөвхөн өөрөө эргэцүүлэх юм.

Цаг дууссаны дараа спринт сургалт эхлэхэд л толгойдоо орсон бүх л санаагаа цаасан дээр хүссэнээрээ сараачих хэрэгтэй. Ингэхдээ мөн л дүрэм ёсоор А4-ийн цаасийг 8 хувааж нэг нүдэнд нэг минут зарцуулахаар цагаа тооцож нүд тус бүрт зорилгодоо хүрэхэд чиглэгдсэн нэг санааг бичнэ.

Гол нь 8 минутын дараа цаасан дээр 8 өөр төрлийн санаа бичигдсэн байх ёстой. Бүтэхгүй эсвэл огт хэрэггүй мэт сонсогдож болох ч шат дарааллаар нь, ийм богинохон хугацаанд санаагаа багтааж буулгах ёстой болоход хүн тархиныхаа бүх эсийг ажиллуулж эхэлдэг аж.

Энэ аргыг туршиж үзээд өөрөөс нь маш сайн санаа гарсан эсэхдээ эргэлздэг тухай ч unlock хөтлөгчид өгүүлсэн юм.

Цаг дууссаны дараа хамгийн шилдэг гэж бодсон нэг санаандаа "инээдтэй" нэр өг.  

Гэхдээ тэр үед та өөрийнхөө нэрийг өгч болохгүй. Учир нь санааг хэн гаргасан нь сургалт дуусах хүртэл нууц байх ёстой.

 
III өдөр. Гол санаагаа сонгох

Гурав дахь өдөр гол санаагаа сонгох ажиллагаанд орно. Ингэхдээ спринт дүрмийн дагуу таван шат дарааллаар санаа сонгох үйл явц явагдах ёстой.

  1. Ханан дээр санаагаа наана. Ингэхдээ уран зургийн галерейд байгаа мэтээр нүдэнд тусах байдлаар байрлуулна.
  2. Санал өгөх жижиг стикерүүдийг өгөөд зөвхөн самбар дээр байгаа санаанд наалт наах хэлбэрээр санал өгнө.
  3. Хамгийн өндөр санал авсан санааны талаар хүн бүр яагаад тус санааг шилдэг гэж бодсон тухай тайлбарлах хэрэгтэй. Шалгарсан санаа хэнийх гэдэг нь энэ хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэний санаа гэдгийг мэдэхгүй байх үедээ хүмүүс хүнд нь биш гаргасан санаанд л төвлөрч ярилцдаг.
  4. Дараагийн удаа шилдэг санааг гаргасан хүн дутуу орхисон зүйлсээ нэмж тайлбарлах хэрэгтэй.
  5. Хэрвээ шилдэг санааны оноо ижилссэн тохиолдолд тухайн баг заавал аль нэгийг нь сонгох шаардлагагүй бөгөөд хоёулан дээр нь туршилт явуулж болно. Эсвэл хоёр өөр зүйлд ашиглаж болно.

Үдийн цайны дараа шалгарсан санаа цаашид ямар байдлаар өрнөх тухай баг ярилцана.

Өөрөөр хэлбэл, Үйлчлүүлэгч гаргасан шинэ санаа бүхий аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хүртэл ямар шат дамжлагаар явах талаар гишүүд ярилцана гэсэн үг. 

Ярилцах явцад өөр өнцгийн шинэ санаа дахин гарч ирэх магадлал өндөр. Энэ үед нэгэнт шилдэг гэж сонгосон зорилго болоод санаагаа хэрэгжүүлэх гэж ярилцах учраас өөр шинэ зүйлд цагаа дэмий үрэхгүй байхыг Жэйк Кнапп зөвлөжээ.

Магадгүй та хэрэгжүүлэхээр сонгосон санаагаа ямар нэг байдлаар сайжруулмаар байвал хэрэггүй гэж өмнөх өдөр орхигдсон саналаас нэмж болно хэмээн өгүүлсэн байна.

IV өдөр. Гол санаандаа тохирсон шийдлээ загварчил

Алтан дунджийг барьсан загвар бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Хүн нэг зүйлтэйгээ удаан зууралдах тусмаа түүнээсээ салж, ямар нэг байдлаар өөрчлөлт хийх хэцүү байдаг.

Тиймээс хэрэглэгчидтэйгээ ярилцаж, саналыг нь сонсоход нэг өдөр л хангалттай хэмээн номд өгүүлдэг.

Ямар бүтээгдэхүүн гэдгээсээ шалтгаалж, загвар дизайн нь ямар ч байж болно. Гэхдээ зөвхөн зөв гэж бодож буй аргаа л загварчлалдаа ашиглах хэрэгтэй.

Хэрвээ веб сайт, мобайл аппликейшн хөтөлж байгаа тохиолдолд загварчилгаа хийхдээ powerpoint гэх мэт зүйлсийг ашиглаж болно. Харин биет зүйл бол 3D принтерийг ашиглаж болно.

Эдгээрийн аль нь ч тохиромжгүй санагдаж байгаа бол видеогоор танилцуулах аргыг ашиглаж, загварчиллаа сонгох нь зүйтэй гэжээ.

Мэдээж шинэ санаагаа загварчилж бусдад танилцуулахдаа бэлдэхэд багийн хүн бүр тодорхой хэмжээнд үүрэг хүлээсэн байх ёстой.

Хэрэв цагаасаа өмнө дуусгасан бол цаг дуусах хүртэл хэрэглэгчийн оронд өөрсдийгөө тавьж, туршиж үзэхийг зөвлөж байна.

 
V өдөр. Загвар бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах

Номд зөвлөснөөр загварчилж бэлэн болсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таван төрлийн хэрэглэгч дээр туршихад хангалттай гэжээ.

Тавхан өдөрт, тавхан хүнд гэхээр бага мэт санагдаж болох ч таван үйлчлүүлэгчээс санал авсныхаа дараа байгууллага тухайн асуудлынхаа 85 хувийг олдог гэсэн судалгаа байдаг аж.

Магадгүй дахиад 10 хэрэглэгчтэй ярилцаж, санал сонсоход 85 дээр 1, 2 хувь нэмэгдэж болох юм.

Гэхдээ Жэйк Кнаппийн спринт сургалтын богино хугацаанд 85 хувийн асуудлаа олж харна гэдэг нь өөрөө хангалттай тоо гэж үздэг байна.

Үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй ярилцах нь төгсгөлийн шатны хамгийн чухал зүйл учраас аль болох үйлчлүүлэгчдэдээ найрсгаар хандаж, нээлттэй байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Мөн үйлчлүүлэгчийн асуултад дундыг барьсан хариулт, үйлчлүүлэгчээс саналыг нь "зөв гэж бодож байна уу" гэх мэтээр тулгаж асуух хэрэггүй.

Энэ үед багийн бусад гишүүн үйлчлүүлэгчийн хөдөлгөөн хариулт болон асуулт бүрийг тэмдэглэж, ярилцлага бүрт адил шинж чанар байгаа эсэхийг нягтална.

Ингэж нягталснаараа юун дээр алдаа гаргаснаа олж харж болох аж.

Энэхүү ном 2016 онд бичигдэхэд Спринт сургалтыг таван өдрөөр хийдэг байсан ч одоо дөрвөн өдрийн шинэ хувилбар гарсан гэдгийг дуулгах нь зүйтэй.

Видео: