Индэр    
2019 оны 12 сарын 25
Зураг
Нийтлэлч

Нийгмийн сүлжээний дам нөлөө

Зураг

Монголчууд бид нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид нэгэнт болжээ.

Өмнөх нийтлэлдээ би Монголчуудын твиттерийн хэрэглээ Ази тивдээ дээгүүр ордог талаар дурдаж байсан.  Сошиол сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болж байнга уулзаж чадахгүй ч ойр дотныхоо хүмүүстэйгээ холбоотой байх, чухал мөчийг хуваалцах,  үлгэрлэн дуурайдаг хүмүүсийнхээ  амьдрал, үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авдаг чухал платформ болсон.  Түүнчлэн бид нийгэм, улс төрд болж буй үйл явдлын талаар мэдээлэлтэй болж дуу хоолойгоо хүргэх, оролцооны хувьд зохион байгуулалтанд орох боломжтой болж байгаа.  Бид энэхүү ач холбогдлыг сайн мэдэх боловч бидэнд үзүүлэх нөлөөний талаар хэр мэдэх вэ.

Та сошиол сүлжээндээ хэр их цаг зарцуулж байна вэ, фейсбүүк,инстаграм, твиттэрээ байнга шалгаж, авсан лайк, ретвийтээ үзэн кайф авдаг уу, селфи зургаа байнга тавьмаар санагддаг уу? Дээрх хувь хүний үйлдэл өөрт төдийгүй нийгэмд нөлөөлдөг гэвэл та итгэх үү?

Бид сошиолд анзааргагүй зарцуулсан цагаа харан цочирдож цагийн дайсан гэж үзэх нь бий.  Судалгаагаар дэлхий дахинд сошиол сүлжээнд зарцуулах цаг жилээс жилд өсөж  2019 онд өдөрт дунджаар 153 цаг буюу ойролцоогоор 3 цаг зарцуулдаг болжээ. Энэ нь хүн насан туршдаа бараг 7 жилтэй тэнцэх хугацааг нийгмийн сүлжээнд зарцуулдаг  ба өдөр тутмын зарим үйлдлээсээ илүү их цаг зарцуулж байгаа гэнэ. 

Нийгмийн сүлжээний хэт их хэрэглээний нөлөөний нэг нь тухайн хүний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө байдаг.

Өдөрт 2-оос илүү цаг зарцуулахад сэтгэл зүй, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар болдог бол өдөрт цаг зарцуулахад амьдралын сэтгэл ханамж 14 хувиар буурдаг байна. Ялангуяа залуучууд, өсвөр насныхны хувьд эрсдэл өндөр байдаг байна. 

Фейсбүүк их  хэрэглэх тусам бидний зан байдалд өөрчлөлт орж сэтгэл гутралын хам шинжийг нэмэгдүүлдэг байна. “Фейсбүүкийн сэтгэл гутрал”  гэдэг ойлголт хүртэл бий болон энэ талаар олон судалгаа хийгджээ.

Мөн Инстаграм байнга ашигладаг, өөрийн танихгүй олон хүнийг дагадаг бол сэтгэл гутралд нөлөөлдөг гэнэ. Твиттерийн хэт их хэрэглээ бас нөлөөлөх бөгөөд тухайн хүний твиттэрийн постыг судалснаар сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй эсэхийг урьдчилж харах боломж 70 хувьтай болохыг судалгаа харуулжээ. Түүнчлэн 7-11 сошиол платформ зэрэг хэрэглэдэг хэрэглэгчийн хувьд  сэтгэл гутрал болон санаа сэтгэл тавгүй байдалд хүргэдэг байна. 

Үүний шалтгааны нэг нь өөртөө итгэх итгэл сул байдгаас бусдаар өөрийгөө үнэлүүлэх гэсэн комплекс байдаг байна. Энэхүү хандлага олон нийтийн цахим сүлжээнд элбэг тохиолдох бусдаар өөрийгөө үнэлүүлэх, баталгаажуулахыг эрмэлзэх хандлага юм.  Өөрийн цахим сүлжээгээ байнга шалгах, лайк, фав авсан тоог чухалчлан үзэх нь өөрийгөө бусдаар баталгаажуулах гэсэн оролдлогын илрэл юм. Сошил орчинд цаг зарцуулснаар өөрийгөө бусадтай байнга  харьцуулах, өөрийнхөө амжилт, авьяас, ач холбогдлыг дөвийлгөх, бусдаар сайшаалгаж байж таашаал авах, зөвхөн үүгээр өөрийн болон бусдын амжилтыг хэмжих болон бусдын анхаарлыг татах, анхаарлын төвд байх хүсэлтэй байх, бусдын шүүмжид амархан гомдох, үл тоомсорлолд эмзэглэх, бусдаар өөрийгөө зөвхөн магтуулахыг хүсэх зэргээр илэрдэг байна. Энэ байдал нь тухайн үедээ таашаал авах  боловч урт хугацаандаа аз жаргалтай байхад сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь өөртөө итгэлгүй байх комплексоос гадна өөртөө сэтгэл хангалуун бус байдлаас бас үүдэлтэй. Гэхдээ нийгмийн сүлжээний хэт хэрэглээ нь сэтгэл зүйн дээрх симптомын шалтгаан гэхээс илүүтэй тухайн хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлыг даамжруулах хүчин зүйл болдог ажээ. 

Нийгмийн сүлжээний хэрэглээ, тухайн хүнд ямар нөлөө үзүүлэх нь хувь хүний сонголтын асуудал мэт боловч энэ нь нийгэмд тэр байтугай улс төрийн оролцоонд хүртэл хамааралтай байдаг байна. Бид өөртөө сэтгэл хангалуун бус байх, сэтгэлд гутралд өртөмтгий байх эсэх нь нийгэм бүхэлдээ аз жаргалтай, сэтгэл  хангалуун байхад мэдээж нөлөөлнө.

Саяхан гаргасан Дэлхийн улс орнуудын Аз жаргалтай байдлын индексээр Монгол улс нийт 132 орноос 83-т орон Нигери, Киргизстан, Туркменистан зэрэг улстай ойрхон жагсжээ. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд нэлээд ахиц дэвшил гарсан улс орнуудын нэгд орсон байна.  Энэхүү тайланд дурдснаар аз жаргалтай байдлын хувьд доогуур орсон улс орнууд хямрал, дотоод, гадаад мөргөлдөөн, улс төрийн хурц зөрчилд өртөмтгий байдаг байна. Өөрөөр хэлбэл иргэдийн сэтгэл хангалуун байдал нь сул байх нь нийгмийн тогтворгүй байдалтай шууд хамааралтай байна.

Нөгөө талаас иргэд нь сэтгэл хангалуун, аз жаргалтай байх тусам тэдний нийгмийн идэвхтэй оролцоо ялангуяа улс төрийн оролцоо, сонгуульд оролцох оролцоо нь нэмэгддэг байна. Түүнчлэн нийгэмдээ зориулсан сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэнэ.

Тэр ч байтугай иргэд амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь улс төрд популистуудыг сонгоход нөлөөтэй гэнэ. Судалгаанд дурдсанаар Их Британы Брекситийн санал асуулгын дүн болон АНУ-ын 2016 оны сонгуулийн дүн үүнийг харуулдаг байна.

Эндээс үзэхэд бид өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байх тусам нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөн улмаар улс төрийн сонголт, иргэдийн идэвхтэй оролцоонд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг байна.

Бидний нийгэмдээ сэтгэл хангалуун бус байгаа нь мэдээж дан ганц нийгмийн сүлжээний нөлөө бус өнөөгийн нийгмийн болон хувь хүний өөрийн амьдралын болж бүтэхгүй байгаа асуудлаас үүдсэн бухимдал, стрессээс хамаарч байгаа. Гэхдээ зарим тохиолдолд сошиол хэрэглээ стресс, бухимдлыг сэдрээн, дэвэргэж, сэтгэл зүйн комплексоо даван туулах платформ болгох гэж төөрөгдөн оролдсоноороо бид өөрийнхөө болон нийгмийнхээ сэтгэл хангалуун байдалд  нөлөөлөх вий гэсэн сэрэмжлүүлэг юм.  

 

 



Ашигласан материал:

  • Social media and young people's mental health and wellbeing Royal Health Survey
  • Social Media Use and Children’s Wellbeing  Emily McDool Philip Powell Jennifer Roberts Karl Taylor 2016
  • “Association between Social Media Use and Depression among U.S. Young Adults” Liu yi Lin et al
  • Facebook Use Predicts Declines in Subjective Well-Being in Young Adults Ethan Kross et al Psychology Department, University of Michigan Psychology Department
  • Instagram #Instasad?: Exploring Associations Among Instagram Use, Depressive Symptoms, Negative Social Comparison, and Strangers Followed Katerina Lup, MA, Leora Trub, PhD, and Lisa Rosenthal, PhD
  • De Choudhury, M. Gamon, M. Counts, S. Horvitz, E. 2015. Predicting depression via social media.
  • Use of multiple social media platforms and symptoms of depression and anxiety: A nationally-representative study among U.S. young adults University of Pittsburgh School of Medicine
  • Using Social Media for Social Comparison and Feedback-Seeking: Gender and Popularity Moderate Associations with Depressive Symptoms. Nesi J1, Prinstein MJ2.
  • World Happiness Report 2019 John F. Helliwell, Richard Layard, and Jeffrey D. Sachs