Зураг
Зураг
Индэр    
Ид шидийн орон бол ХАНДИВ биш ТЭМЦЭЛ
Зураг
2019 оны 11 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ид шидийн орон бол ХАНДИВ биш ТЭМЦЭЛ

Талбай дээр жагсаагүй ч энэ бүгд та бидний тэгш бус боломж, шударга бус нийгмийн эсрэг хийж байгаа, ирээдүй хойчийнхоо төлөө, өөрсдийн үр хүүхдийнхөө төлөө хийж байгаа маш хүчтэй тэмцэл юм гэх Ч.Ганжавхлангийн нэгэн тэмдэглэл яг голыг нь олоод хэлжээ.

Монголын ард түмэн хоёр жилийн өмнө сэтгэл, зүрхээрээ нэгдэн “Ид шидийн орон 1” төслийг амжилттай эхлүүлсэн.

Тэрбум гаруй төгрөгийн бодит тусламж, хандиваар боссон “Ид шидийн орон 1” өнөөдөр үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилж байна.

Ч.Ганжавхлангийн өгсөн мэдээллээр “Ид шидийн орон 1”-ийн зөвхөн хамгаалах байраар гэхэд 2018 онд 53 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол 2019 оны өнөөдрийг хүртэлх хугацаанд 88 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ.

Хамгаалах байранд долоон дүүрэг, хоёр аймгаас хүүхдүүд хүлээн авдаг бөгөөд хүүхдүүд дунд биед нь гэмтэл учруулсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гээд бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг байна.

“Ид шидийн орон 1” нь хамгаалах байр, цэцэрлэг, номын сан, гэр бүлийн бүх гишүүнд зориулсан сургалт, хөгжлийн төв гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.

Харин удахгүй нээлтээ хийх гэж буй “Ид шидийн орон 2” төсөл нь өмнөхөөсөө гурав дахин том орон зайг хамарна.

Ингээд “Ид шидийн орон 2”-оор хамтдаа аялцгаая.

2018 оны намар
 

2018 оны арваннэгдүгээр сарын 14-н буюу одоогоос жилийн өмнө "Ид шидийн орон 2" төслийн барилгын ажлын 50 хувь болох 740 сая төгрөгийг “Энержи Ресурс” компани санхүүжүүлэхээр болсныг бид мэдээлж байсан.

Хэдийгээр “Ид шидийн орон 2” төслийг хийх санаа Ч.Ганжавхланд байсан ч санхүүжилтээ хэрхэхээ шийдээгүй учир зориглож эхлээгүй үе бол 2018 оны хавар.

Харин “Энержи Ресурс” компани ийм боломжийг олгосноор "Лантуун дохио"-ийн залуучууд газраа яаравчлан хайж гэмт хэрэг, хүчирхийллийн эрсдэлтэй бүсийн нэг Улиастай, Шар хадны эцэс орчим дахь 10 айлын газрыг сонгон авжээ.

460 сая төгрөгөөс олон уулзалтын дүнд газраа 220 сая төгрөгөөр хямдруулан авч чадсан байна.

Газраа худалдан авсан даруйдаа “Ид шидийн орон 2”-ын зураг төслийн ажлыг эхлүүлж мөн л зураг, төслүүдийг “Ид шидийн орон 1” дээр хандиваар ажилласан залуус гаргаж өгцгөөжээ.

2019 оны хавар
 

“Ид шидийн орон 2”-ыг ашиглалтад оруулах хугацаа энэ намар гэж зорьсон учир барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн “Ид шидийн төгөл” байгуулах ажлыг өнгөрсөн хавар зохион байгуулж 17 төрлийн таван мянга орчим мод тарьжээ.

Энэ намар зарим жимсний модноосоо багагүй ургац авсан тухайгаа ч Ч.Ганжавхлан хуучлав.

Намрын зураг:

 

Мод суулгах ажилд олон ч компани, хувь хүн, сайн дурынхан өөрсдийн биеэр ирж оролцжээ. Ремакс компанийн 150 ажилчин гэхэд нэг бүтэн өдөр ажиллаж өөрсдийн төглийг байгуулалцсан байна. Ид шидийн төглийг амжилттай болгохын тулд анхнаас нь мэргэжлийн цэцэрлэгчидтэй хамтран ажилласан байна.

“Ид шидийн орон 2” нь:

  • байгаль,
  • хүүхэд,
  • гэр бүл гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагдана.

Байгаль гэдэг нь Ид шидийн төгөл орчныг хэлнэ.

Гэр бүл гэдэг нь арай баригдаж амжаагүй байгаа аав, ээжүүдэд зориулсан үйлдвэрлэл бүхий ажлын байраар хангах хэсэг байх аж.

Ч.Ганжавхлан “”Ид шидийн орон 1” дээр ажигласан зүйл бол хүүхдийг дангаар нь өөрчлөөд үр дүн бага байна. Өөрөөр хэлбэл гэр бүлтэй нь хамт байлгаж, аав, ээж нарыг хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэг дээрээ хэчнээн гоё орчинд байгаад, их зүйл сурсан ч орой нь гэртээ хариад нөгөө л архи, дарс, хүчирхийлэл байгаад байхаар хэрэг алга. Тиймээс ч хоёр дахь төсөл дээрээ бид нийтийн амьдрах байр нь хоёр давхартаа, ажлын байр нь  доороо буюу оёдлын цехтэй байх дэд бүтцийг төлөвлөж байна” гэсэн юм.

“Ид шидийн орон 1”-т мөн адил үүний жижигрүүлсэн хувилбар ажилладаг. Гурван монгол гэрээр нь 9 ээж, 16 хүүхэд ямартай ч амьдралын хүнд үеүдээ даваад гарахад нь үнэлшгүй тус дэмжлэг болсон байна.

Ихэнх тохиолдолд тэжээгчээ алдсан, гэр нь шатсан ч гэдэг юм уу дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу буюу хаашаа ч үгүй болсон хүмүүст тэдгээр гурван гэр амьдрал бэлэглэжээ. Хамгийн гол нь эдгээр хүнийг ажлын байраар хангаж, бага насны хүүхдүүдийг нь цэцэрлэгтээ хамрагдуулдаг онцлогтой.

“Ид шидийн орон 2” дээр үүний томруулсан хувилбарыг бий болгохоор Ч.Ганжавхлан төлөвлөжээ.

Мөн өмнөх төслөөс томсгосон хоёр том хүлэмж барихаар болж. “Ид шидийн орон 1” төсөл дэх хүлэмжид тариалсан ногоогоор цэцэрлэг, ажилчдад нь бүтэн өвлийн хэрэгцээгээ бүрэн хангасан байна.

2019 оны намар
 

“Ид шидийн орон 2” төслийн үндсэн том хүүхэд хөгжлийн байшин бүрэн босоод буй. Гэхдээ дотоод засал гэх мэт хараахан дуусаагүй.

Хандив мөнгө ч шаардлагатай байгааг Ч.Ганжавхлан хэлж байв.

1,400 м2 хүүхэд хөгжлийн ордонд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн холимог анги, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төв, цэцэрлэгийн том, бага 2 бүлэг, сургалтын төвүүд, номын сан, гэр хороолол дундах анхны кофе шоп, зэрэг байна.

Кофе шопын тухайд номын сантайгаа цуг байрлана.

Кофе шоп байрлах газар:

 

Ч.ГанжавхланУлайстай, Шар хадны эцэст сүүлийн 20 жилд нэг л байшин баригджээ. Тэр нь Баянзүрхийн Цагдаагийн 3-р хэлтэс гэж нэг цэнхэр байшин бий. Тэгээд хэдэн худаг байна. Хэдэн PC тоглоомын газар, хэдэн харанхуй гудамж л байна даа.

Гэтэл бид оюунлаг залуус, ирээдүй гэж ярих ямар дуртай болсон билээ. Тэгвэл хүүхдүүдэд унших ном нь ч байхгүй, харилцах зөв нийгмийн харилцаа байхгүй байсаар байна. Энэ үүргийг сүүлийн 20, 30 жил ганц орлож ирсэн зүйл бол Есүс Христийн сүмүүд. Улаанбаатарын гэр хорооллуудад хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн нь хэдэн сүмүүд л байна. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо эрүүл саруулаар уулзах боломжийг сүм л олгож ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэж байв.

“Ид шидийн орон 2”- ын кофе шоп хоёр төрлийн менюгаар үйлчилнэ.

Үндсэн үнэ ба хандивлагчдад зориулсан 2 төрлийн менютай байна. Хандивлагч хүсвэл арай үнэтэй тарифаар кофе шопоор үйлчлүүлж үйл ажиллагаанд нь хандив өргөх боломжоор хангахаар төлөвлөснөө Ч.Ганжавхлан танилцуулж байлаа.

Ямартай ч гэр хороолол дунд бараг анх удаа кофе шоп бүхий номын сан нээгдэх гэж байна.

"Монголчууд нийгмийн олон давхаргад хуваагдаж доод хэсэг нь боломжийн ядуурал гэдэг зүйлд автаад байна" Ч.Ганжавхлан

Сургалтын төвүүдийн тухайд зөвхөн хотын төвийн гангачуудад л хүртээлтэй юм шиг балет, иога, бясалгалын хичээлүүдийг Шар хадны эцэст аваачна.

Цэцэрлэгийн тухайд  “Ид шидийн орон 1” төсөл дээрх цэцэрлэг хоёр удаагийн төгсөлт, гурван удаагийн элсэлт аваад буй. Өнөөдрийн байдлаар гэхэд 62 хүүхэд нэг дэх төслийн цэцэрлэгт хүмүүжиж байна.

Харин хоёр дахь төсөл дээр үүнээс олон хүүхэд бүхий ангиудыг ажиллуулахаар төлөвлөжээ.

Ч.Ганжавхлан энэ бүхнээ базаж дүгнэж хэлэхдээ өнөөдөр монголчууд нийгмийн олон давхаргад хуваагдаж доод хэсэг нь боломжийн ядуурал гэдэг зүйлд автаад байна гэсэн юм.

ОДОО  
https://www.facebook.com/zrameon/videos/2764955333538786/?t=35

Ид шидийн орон 1, 2 хоёулаа нэг ч утаа үйлдвэрлэхгүй гэдэг зорилготой.

Барилга, дэд бүтцийн хувьд бүгдийг шинэ технологи, өндөр чанартай гүйцэтгэх зорилго тавьдаг.

"Ид шидийн орон 2" төслийн хувьд 100 хувь хийн газаар халуун, дулаанаа шийдсэн. "Дашваанжил" компани 27 жилийн ойн хүрээндээ 60 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техник, үйлчилгээг "Ид шидийн орон 2" дээр үнэгүй хийж гүйцэтгэж өгчээ.

 

“Дашваанжил” компанийн энэхүү хийн бойлерийн шийдэл нь байшингийн халаалт, хэрэглээний халуун усыг шийдвэрлэснээс гадна хоолоо газан плитк дээр хийх боломжийг бүрдүүлж өгчээ.

 

Өөрөөр хэлбэл, "Ид шидийн орон 2"-ын цэцэрлэгийн багачуудаас эхлээд бүгд халуун усаар гараа угаана. Мөн цогцолбор тэр чигтээ нэг ч утаа үйлдвэрлэхгүй.

Яг өнөөдрийн байдлаар "Ид шидийн орон 2" төсөлд дээрх зарчмаар 511 сая төгрөгийн хандивын ажлуудыг компаниуд хамтран хийгээд байна.

Энэ бүгдийг оролцуулаад нийт 2 орчим тэрбум төгрөгийн ажил "Ид шидийн орон 2" төсөл дээр хийгдчихсэн явж байна. Гэхдээ энэ эрчээ алдахгүйн тулд дахиад 200-300 сая төгрөг хэрэгтэй.

Хаан Банктай хамтран хэрэгжүүлж буй "Ид шидтэй ах, эгч" төслийн хүрээнд өнөөдөр 6 мянга гаруй хүн өдрийн 100 төгрөг буюу сарын 3,000 төгрөгийг "Ид шидийн орон 2" ашиглалтад орсны дараах урсгал зардалд зарцуулахаар мөнгө нь тусдаа дансанд хуримтлагдаж буй. Гэхдээ 6 биш 25 мянга болж байж урсгал зардал бүрэн санхүүжигдэх боломжтойг Ч.Ганжавхлан ярьж байв.

Өдрийн 100 төгрөг шүү дээ.

Та Хаан Банкны данстай л бол тус банкны дурын салбар дээр очоод л “Ид шидтэй ах, эгч болъё” гэж хэлэхэд л хангалттай.

Ч.Ганжавхлан “Бид гудамжаар хэвтэж байгаа архичид, хэцүүхэн яваа хэн нэгнийг өдөр бүр шахуу л хардаг. Гэхдээ тэдний цаана хүүхэд нь хүлээж байгаа гэдгийг бодохыг хүсдэггүй.  Тэд өнөөдөр гэртээ хариад хүчирхийлэл үйлдэхгүй байлаа ч ирээдүйд тэгэх магадлал хамгийн өндөр. Тиймээс ч бид хүчирхийлэл үйлдсэний дараа биш урьтаж нийгмээ соён гэгээрүүлэх ёстой. "Ид шидийн орон 2" бол яг л ийм нөлөөллийн бүс болох зорилготой” гэж байв.

Өнөө үед дэлхий дахинаа эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлт гэхээсээ хүртээмжтэй, тэгш боломж гэдэг хамгийн чухал бодлого болоод буй.

Харин манай нийслэлийн зах, гэр хороололд гэхэд нээрээ л Есүс Христийн хэдэн сүмээс өөр ямар хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

Өө тийм. Цагдаагийн хэдэн хэлтэс нэмэгдсэн гэсэн байх шүү.

(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

 

 

Ид шидийн орон бол иргэд олон нийтийн ХАНДИВ тусламж гэхээсээ илүү ТЭМЦЭЛ юм.