Индэр    
2019 оны 11 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 37: Дуугүй хүмүүсийн хүч чадал

Зураг

Та чөлөөт цагаа олон нийтийн газар өнгөрүүлж, олны өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг уу?

Хэрэв тийм бол та "Экстроверт" төрлийн хүн юм. 

Бид Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт зохиолч Сьюзан Кайны бичсэн "Интроверт" буюу дотогшоогоо чиглэсэн гэгдэх хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" номыг хүргэж байна. 

Энэхүү ном нь 2012 онд анх хэвлэгдэн гарч, дөрвөн жилийн турш Нью-Иорк таймсын шилдэг номоор шалгарч байснаас гадна TedTalk дээрх яриаг нь 14 сая дахин хүн үзжээ. ТedTalk дээрх яриа нь Билл Гэйтсийн хамгийн дуртай ярианы нэг аж. 

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:
Интроверт болон Эксроверт гэж  ямар хүмүүсийн хэлдэг вэ?
 

Интроверт хүмүүс олон нийтийн газар цагийг өнгөрөөхөөс илүү ганцаараа байрыг эрхэмлэдэг. Тэд олны дунд үг хэлэх дургүй бөгөөд ичимхий төрлийн хүмүүс юм.

Харин Эксроверт хүмүүс нь эсрэгээрээ олон анхаарлын төвд байх дуртай, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байдаг нүүрэмгий төрлийн хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн жүжигчид, илтгэгчид байдаг хэмээн номд өгүүлжээ.

Дээрх хоёр төрлийн ойлголтыг анх 1921 онд алдартай сэтгэл судлаач Карл Юнг “Сэтгэл зүйн хувь хүний шинж чанарууд" гэсэн номд бичиж, нэр томьёог бий болгожээ.

Интроверт хүмүүс аливаа зүйлийн утга учрыг олж, үр бүтээлтэй хийхийн тулд маш их хүчин чармайлт гаргадаг. Мөн ганцаараа байхдаа өөрийгөө цэнэглэж байдаг бөгөөд нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж маш удаан ажилладаг аж.

Ийм төрлийн хүмүүс бусдын яриаг удаан сонсохыг илүүд үздэг.

Харин Экстроверт хүмүүс бусадтай олон сэдвээр ярилцах дуртай бөгөөд ярьж байгаа зүйлээсээ эрч хүчээ авч байдаг аж. Энэ төрлийн хүмүүсийг зарим тохиолдолд дуусашгүй яриатай, чалчаа ч гэж тодорхойлж болох юм.

Ийм төрлийн хүмүүсийн давуу тал нь олон зүйлд нэг зэрэг анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд эрсдэл үүрэхээс айдаггүй байна.

Дэлхийн хүн амын 30-50 хувь нь "Интроверт" хүмүүс байдаг ч одоогийн нийгэм өөрөө Эксроверт буюу гадагшаа чиглэсэн соёлыг илүүд үзэх болсон учир өөрийгөө гадагшаа болгохын тулд л хичээсээр байдаг.

Зарим тохиолдолд тэд өөрийгөө интроверт хүн гэдгээ ч мэддэггүй бөгөөд эцэг, эхчүүд нь ч багаас нь эксроверт төрлийн хүн болгох гэж оролддог нь харамсалтай.

Учир нь бидний амьдарч буй энэ нийгэм өөрөө экстроверт хүмүүсийн хувь зан чанарыг илүүд үздэг. Ийм соёл, нийгэм ялангуяа барууны орнуудад түгээмэл ажиглагддаг.

"Экстроверт зан төлөвтэй хүмүүс ч илүү манлайлагч харагддаг"
 

Генетикийн хувьд Европчууд Африк болон Азийн иргэдийг бодоход эксроверт шинж чанартай байх магадлал илүү байдаг аж.

Өнөөгийн энэ нийгэмд экстроверт чанарыг илүүд үзэх үзэл нь 20-р зууны эхэн үеэс уран илтгэгч Дэйл Карнегийн үеэс эхлэлтэй хэмээн номд тодорхойлжээ.

Түүний “Илтгэх урлаг ба бизнесийн орчинд бусдад нөлөөлөх нь” ном нь илтгэх урлаг бол бизнесийн ертөнцөд амжилт олоход зайлшгүй шаардлагатай ур чадвар гэх ойлголтыг эхлүүлсэн байна.

Тэр үеэс л хүн бүр хүүхдэдээ Эксроверт хүмүүсийн төлөвийг суулгахыг хичээдэг болсон аж.

1920-оод оны үед хүмүүс ч Холливүүдийн одуудыг эд шүтэн биширч эхэлсэн бөгөөд тэдний олон нийтийн өмнө гаргадаг төлөв байдлыг дуурайдаг байсан төдийгүй тухайн үед Америкийн рекламууд ч эксроверт шинжийг түлхүү агуулсан байжээ.

Харвардын их сургууль ч оюутан элсүүлэхдээ экстоверт төлөвтэй хүүхдийг илүү чухалчлах тухайгаа олон нийтэд чөлөөтэй илэрхийлдэг байв.

Ийм зан төлөвтэй хүмүүс ч илүү манлайлагч харагддаг. Эсвэл улс төр бизнесийн салбарт илүү амжилт гаргаж чадсан байдаг.

Гэвч үнэндээ Америкийн нийт хүн амын тал хувийг нь интроверт хүмүүс эзэлдэг хэмээн номд өгүүлжээ.

Бүтээлч сэтгэлгээ шаардсан зүйлд интроверт хүмүүс амжилт гаргадаг
 

Интроверт хүмүүсийн манлайлсан хамгийн ойр нэг жишээ нь Америкийн хамгийн алдартай илтгэгчдийн нэг болох Энтони Робенс юм.

Мөн Харвардад сурч байх хугацаанд дүнгийнх нь 50 орчим хувь нь ангидаа хэр их ярьж, хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулснаараа үнэлэгддэг.

Гэтэл тэр дунд интроверт төрлийн хүн байвал дунджаар 90 оюутны өмнө гарч ярих нь маш хэцүү даваа байдаг аж.

Гэхдээ энэ бол хүнд байдаг зан чанар. Харин Интроверт хүмүүс өөрийнхөө энэ чанарыг давуу тал болгон зөв ашиглах нь чухал гэжээ. Учир нь  интроверт хүмүүс бүтээлч сэтгэлгээ шаардсан зүйлд амжилт гаргаж чаддаг байна.

Тухайлбал, Apple компьютерыг магадгүй Стив Жобсыг зохион бүтээсэн гэж ихэнх хүмүүс боддог байж болох юм.

Гэвч үнэндээ энэ бүхний ард Стив Возниак буюу түүний хамтрагч нь чухал нөлөө үзүүлсэн. Возниак багаасаа л интроверт шинжтэй, бусадтай харилцдаггүй, хичээлдээ сайн, нойрмог хүүхэд байсан аж.

Тэр хүүхэд агуу цоо шинэ бүтээлийг гаргаж ирэхэд яалт ч үгүй өөртөө төвлөрч ганцаараа ажиллах шаардлагатай байсан. Тэгж чадсанаараа магадгүй та бүхний хэрэглэж буй Apple-ийн комьютер бүтсэн юм.

Үүгээр зохиолч маань экстроверт зан чанар нь бүтээлч сэтгэлгээг дарж байдаг бөгөөд интроверт хүмүүс чимээгүй орчинд ганцаараа цагийг өнгөрөөснөөр илүү бүтээлчээр сэтгэдэг гэсэн санааг илэрхийлсэн байдаг.

Гэвч ихэнх сэтгэл судлаачид багийн ажиллагаанаас бүтээлч сэтгэхүй хөгждөг гэж үздэг. Тийм ч учраас хүмүүс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд ихэнх том компаниуд том оффис дотор ажилтнуудынхаа ширээг нь ойртуулж байрлуулсан байдаг аж.

Харин зохиолч Сьюзан Кайн үүнтэй огтхон ч санал нийлээгүй бөгөөд тэр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд ганцаараа байж, олон зүйлийг эргэцүүлж бодох хэрэгтэй гэжээ.

Тухайлбал 10 хүн нэг баг болоход экстроверт хүмүүс ярьж эхэлдэг. Харин багийн бусад гишүүд тухайн хүнийг ямар нэг шинэ санаа олчихно гэдэгт итгэж, анхаарлаа сайн хандуулдаггүй. Эсвэл олон хүмүүст санаагаа хэлэхээс төвөгшөөдөг зэрэг шалтгааны улмаас бүтээлчээр сэтгэх боломжоо үгүй хийдэг аж.

Түүнээс гадна нэг хүн олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь тухайн ажлаас гарах үр дүнг нь багасгаж байдгаас гадна алдаа гаргах магадлалыг нь өндөр болгож байдаг.

Эксроверт хүмүүс олон зүйлд анхаарч интроверт буюу дуугүй хүмүүс нэг зүйлд анхаарлаа хандуулж түүнээсээ үр дүнг хүлээдэг учраас ганцаараа байх хэрэгтэй болдог байна.

Мөн дуугүй хүмүүс илүү амгалан амьдардаг.

Учир нь экстроверт хүмүүс ямар нэг зүйлээс таашаал авах мэдрэмж нь маш өндөр байдаг учраас аливаа эрсдэлтэй алхмуудыг бодлогогүйгээр хийх магадлалтай байдаг хэмээн номд өгүүлжээ.

Бидний төрөлхийн зан араншин ямар төрлийн хүн болохыг тодорхойлдог
 

Зан авиртай холбоотойгоор Харвардын их сургуулийн нэгэн профессорын хийсэн маш удаан хугацааны судалгаагаар хүүхдийг бага байхаас нь интроверт эсвэл экстроверт болохыг тодорхойлж болохоос гадна тэрхүү зан авир нь төрхөөрөө л тодорхой байдаг хэмээн дүгнэжээ.

Судалгааны явцад гурав орчим сартай хүүхдүүдийг 45 минутын турш танихгүй хүнээр авхуулах, шаар хагалах гэх мэтээр туршилт хийхэд ямар хариу үйлдэл хийж байгааг ажиглан тооцоолсон байна.

Ингэхдээ тухайн хүүхэд хариу үйлдэл бага гаргаж байгаа бол том болоод экстроверт хүн болох магадлалтай. Харин хариу үйлдэл бараг гаргахгүй, хүмүүсийн хийж байгаа үйлдлийг огт тоохгүй байгаа хүүхэд интроверт болох магадлалтай гэж үзжээ.

Олон жилийн дараа ч энэхүү тооцоолол амьдрал дээр яг бодитоор биеллээ олсон аж.

Судалгааг тайлбарлахдаа жоохон хүүхэд биологийн зан төлөвөөрөө тийм зүйлд хариу үйлдэл илүү байна гэдэг нь их чимээнд дургүй байгаагаа шууд л илэрхийлж чаддаг гэжээ.

Чанга дуу чимээ гаргахад хариу үйлдэл бараг үзүүлэхгүй байгаа хүүхдэд хэвийн санагдаж байгаа учраас экстроверт хүн аж.

Интроверт хүүхдийг тайван байлгавал илүү их амжилт гаргах магадлалтай 
 

Инроверт шинж чанарыг яг л резин шиг зөвхөн тодорхой түвшинд л өөрчлөгдөх боломжтой.

Тэд нээлттэй байхад суралцах боломжтой ч экстроверт хүмүүс шиг болж өөрчлөгдөх боломжгүй гэсэн үг юм.

Интроверт хүмүүсийг цахирмаа цэцэгтэй зүйрлэж болох юм.

Тодруулбал, цахирмаа цэцгийг сайн арчилбал маш сайхан ургадаг мөртлөө жаахан л буруу арчилгаа хийж эхэлбэл тэр дороо үхдэг аж.

Үүнтэй адил интроверт хүүхдэд илүү хайр халамж үзүүлэн, гэр бүлийн орчин нь тогтвортой байвал амжилт гаргах магадлал их байдаг. 

Интроверт хүмүүсийг багаас нь тайван байлгах хэрэгтэй гэжээ.

Нөгөө талаас интроверт хүмүүс өөрийгөө нээлттэй болохын тулд өөрт утга учиртай санагдах ажлаа сонгох нь чухал. Гэхдээ өөртөө үргэлж ганцаараа байх боломжийг ч мөн өгч байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ.

Интроверт  хүмүүстэй хэрхэн харьцах вэ
 

Хосуудын ихэнх нь эсрэг шинжийн хүмүүстэйгээ гэр бүл болсон байдаг аж. Эсрэг шинжийн хүмүүс хоорондоо их тохирдог ч зарим тохиолдолд маш том асуудал үүсгэх магадгүй хэмээн номд өгүүлжээ.

Жишээлбэл, нөхөр нь экстроверт, эхнэр нь интроверт тохиолдолд нөхөр нь эхнэрээ зожиг гэх мэтээр хэлж, маргаан үүсгэх нь бий.

Иймд тохиолдолд хоёр хүн харилцан ойлголцох хэрэгтэй бөгөөд ялангуяа экстроверт хүн нь интроверт хүмүүсийг илүү ойлгох нь чухал аж.

Учир нь интроверт хүмүүсийг гаднаа нийгмээс тусгаарлагдсан, ганцаардмал мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч тэд ойр дотныхоо хэдхэн хүмүүст л илүү анхаарал тавихыг хүсдэг..

Түүнчлэн интроверт хүмүүст энэ байдлыг нь ил хэлж, уцаарлах тусам магадгүй улам дотогшоо болох эрсдэлтэй.

Эцэг эхчүүдэд анхааруулах зүйл нь таны хүүхэд олон хүүхэдтэй харилцан тоглодоггүй, бусдаас ичдэг байвал түүнийг заавал битгий ич, хүүхдүүдтэй тогло гэх мэтээр ятгах нь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй.

Магадгүй та хүүхдийнхээ энэ байдлыг зөвөөр хүлээж авч хөгжүүлж чадвал хүүхэд тань экстроверт төрлийн хүүхдээс ч илүү их амжилтад хүрэх боломжтой.

Мөн үүнийг өвчин эмгэгтэй андуурах хэрэггүй бөгөөд зүгээр л байгалиасаа заяасан зан авир хэмээн номд өгүүлсэн байна.

 

Хэрэв та өөрийгөө ямар төрлийн хүн болохыг мэдэхгүй байгаа бол ЭНДЭЭС үзэж, өөрийгөө сонжих боломжтой.