Нойрсох буюу унтах нь бидний бие махбод болон тархинд үзүүлэх хамгийн сайн үйлчилгээтэй зүйл гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.
Эрүүл мэндээ хамгаалж, сэтгэл санаагаа засахын тулд өөртөө хийж чадах хамгийн зөв зүйл бол нойроо сайн авах явдал гэдгийг та мэдэх үү?
Та бүхэнд нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмтэн Мэттью Уолкерын бичсэн “Why We Sleep” буюу "Бид яагаад унтдаг вэ" номыг "Unlock" подкастынхаа бичмэл хөрвүүлгийн шинэхэн дугаартаа танилцуулж байна.
2017 онд хэвлэгдсэн энэхүү номоор дамжуулан нойр бидэнд ямар хэрэгтэй талаар болон бид яагаад унтдаг, мөн яагаад зүүдэлдэг тухай мэдэх боломжтой.
Шинжлэх ухааны талаасаа унтах гэдэг нь гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, гаднаас ирж байгаа мэдээллүүдийг авахаа болих, мэдрэхүйгээ алддаг гэж тодорхойлдог ч эргээд хэвийн байдалдаа хурдан шилжиж болдог.
Хүний унтах үйл явц нь:
Хүн дөнгөж унтах эхлэх явцад гүн нойрсолт явагдаж байна гэж үздэг. Энэ нь тархинд байгаа хэрэггүй мэдээллийг хааж, тархийг амраах зорилготой.
Харин сэрэх дөхөхөөр гүехэн нойрсолтод шилждэг аж. Гүехэн нойрсолтын үед шилжсэний дараа хүн зүүдэлдэг бөгөөд гүехэн нойрсолт нь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байдаг аж.
Түүнчлэн хүмүүс эрт сэрдэг хүнийг сайн, мундаг гэж ойлгож, оройтож босдог хэмнэлтэй хүмүүсийг залхуу мэтээр ярьцгаадаг.
Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд шинжлэх ухааных нь үүднээс авч үзвэл хүн бүрийн биологийн унтах цаг харилцан адилгүй байдаг.
Тиймээс шөнө унтаж, өдөр сэрдэг хүмүүсийг энэхүү номд өрөвдөлтэй хэмээн тайлбарласан байна.
Дэлхий дээрх хүмүүсийн 40 хувь нь өглөө эрт босож орой эрт унтдаг өглөөний хүн байдаг бол 30 хувь нь оройн хүн буюу орой унтаж орой сэрдэг хүн байдаг. Харин үлдсэн 30 хувийг холимог буюу хэтэрхий орой ч биш, эрт ч биш сэрдэг хүмүүс эзэлдэг аж.
Энэхүү унтах цагийн хэмнэл нь насан туршид өөрчлөгдөж байдаг бөгөөд гэдсэнд байгаа ураг гүн унталтаар унтдаг байна.
Түүнчлэн төрөөд удаагүй нялх хүүхдийн хувьд олон удаа богино хугацаанд унтаж сэрж байгаа нь гүн нойр болон гүехэн нойр нь төлөвшөөгүй байгаагийн илрэл.
Түүнчлэн тэдний орыг аяархан хөдөлгөж, бүүвэйлэх нь гүн унталтад оруулахад тусалдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.
Харин 12-18 насны хүүхдүүдийн хувьд 24 цагийн хэмнэл нь оройхон байх хандлагатай байдаг аж. Тиймээс ч 10 жилийн хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа нойрмог царайтай байдаг.
Энэ нь физиологийн хувьд хэвийн үзэгдэл учраас хүүхдээ өглөө нойрмоглоход нь залхуурч байна гэж ойлгож буруутгах хэрэггүй хэмээн эцэг эхчүүдэд зөвлөж байна.
Нас ахих тусам нойр багасдаг гэж ярьцгаадгийг шинжлэх ухаанаар тайлбарлавал нойрны нэг элемент болох гүехэн унталт нь багасаж байгаа гэсэн үг юм.
Гэхдээ үүнийг нас ахих тусам нойр багасах ёстой мэтээр буруу ойлгож болохгүй бөгөөд нойр дутуу явах нь биед тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх аюултай учир настай хүмүүсийг ямар нэг аргаар өдөрт найман цаг заавал унтаж байхыг номд анхааруулан тэмдэглэжээ.
Нойр бол хүний биед зайлшгүй шаардлагатай хоол, ус, агаартай адил зүйл билээ.
Судалгаагаар дэлхийн хүн амын 3/2 нь ямар нэг байдлаар хангалттай унтаж чадаагүй гэж хариулдаг аж.
Ихэнх хүн их унтаж, амьдралынхаа цаг хугацааг дэмий үрж байгаа мэт ярьдаг.
Харин энэхүү номд эсрэгээрээ буюу бага унтах тусам хүний амьдрах цаг хугацаа ч богиносдог хэмээн өгүүлжээ.
Мөн хүн өдөрт 6-7 цагаас бага хугацаагаар унтах нь дархлааны системийг бууруулж, эмгэг өвчинд амархан өртөх, хавдар тусах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг бөгөөд нойр багатай байх нь их идэх, буруу хооллох шалтгаан болдог аж.
Хүн 24 цагийн хэмнэлээр амьдардаг бөгөөд үүнийг анх 1938 онд Чикагогийн их сургуулийн нэгэн профессор тодорхойлж байжээ.
Унтах нь мэдээж тархи, биеийг амраах ач холбогдолтой гэдгийг хүн бүр мэддэг ч ой санамжийг урт хугацаанд хадгалж үлдэхэд тусалдаг талаар тэр бүр мэдэхгүй.
Ялангуяа хүн гэх амьтны хувьд ой санамжаа хадгалж үлдэх нь маш чухал зүйл бөгөөд өнөөдөр уншсан шалгалтын материалаа сайн тогтоохын тулд унтах нь хамгийн зөв арга гэдгийг Мэттью Уолкер хэлж байна.
Мөн тэрбээр, суралцахын өмнө сайн нойроо авч тархиа бэлдэх хэрэгтэй бөгөөд сурсан зүйлээ ой санамждаа унтаж хадгалах нь үр дүнтэй хэмээжээ.
Тархи сайн унтаж амарсан үед аливаа зүйлийг төгс хийх, сайн сурахад их үзүүлдэг. Тиймээс нойроо бүрэн авч чадахгүйгээр хэчнээн хичээгээд хийж байгаа зүйлээ санаандаа хүртэл та төгс болгож чадахгүй гэсэн үг юм.
Нойр нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байдаг учраас бүтээлчээр сэтгэхийн тулд сайн унтах хэрэгтэй юм.
Хамгийн түрүүнд мэдрэгдэх нэг зүйл нь ядаргаа огт тайлагдахгүй бөгөөд нойр дутуу явж байна гэдэг нь зүрх судасны, амьсгалын, бодисын солилцооны бүх эрхтэн системдээ та амрах боломж олгохгүй байна гэсэн үг юм.
Түүнчлэн ямар нэг дасгал хөдөлгөөн хийх үеийн хөлөргөлтийг ч багасгаж, булчингийн ажиллах хүчийг сулруулдаг аж.
Тиймээс ч спортоор хичээллэдэг хүмүүст тэмцээнд орохын өмнө бүтэн нойроо авах нь маш чухал байдаг.
Хүний унтах ёстой цаг нь 23:00 цаг байдаг. Харин үүрээр гүехэн нойрсолт руу шилжиж зүүдэлдэг.
Энэ нь хэрвээ бид шөнө 02:00 цаг хүртэл унтахгүй сэрүүн байвал гүн нойроо, харин ажлын шаардлагаар хэтэрхий эрт сэрвэл гүехэн нойроо алддаг гэж шинжлэх ухааных нь үүднээс тайлбарласан байна.
Шөнө болтол ажилладаг хүн өөрийгөө гүн нойрны дутагдалд орсноо мэдэхгүй уцаартай явах нь элбэг.
Гүн нойроо алдах нь хүний бие организмын болоод сэтгэл санааны хувьд асар их аюул учруулах магадлалтай.
Тухайлбал, зөвхөн гүн нойр дутагдсанаас болж дархлаа суларч чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах, жин нэмэх магадлалтай бөгөөд үргүйтэж хорт хавдар тусах ч шалтгаан болж болдог хэмээн номд бичсэн байна.
Тиймээс эрүүл мэнд болон сэтгэл санаагаа засахын тулд өөртөө хийж чадах хамгийн зөв зүйл чинь нойрсох юм. Одоогоор дэлхий дээр нойрыг орлох, гүйцэх ямар нэг эм байхгүй аж.
Түүнчлэн шөнө бүтэн нойроо авч чадаагүй хүн өдөр хэчнээн унтлаа ч шөнийнхөө нойрыг нөхөж чадахгүй гэдгийг зохиолч энэхүү номоор дамжуулж хэлэхийг хүсжээ.
Гүн нойрны дутагдалд орохоор хүний логик сэтгэлгээ алдагдаж, өөрийн сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг байна. Энэ нь хүн нойргүй байх тусмаа уцаарлах нь ихсэж, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө буруу шийдвэр гаргахад хүрдэг гэсэн үг юм.
Оюутнууд шалгалтдаа бэлдэж байгаа нэрээр шөнөжин уншсаар өглөө шалгалтдаа орох нь элбэг. Ингэх нь ой санамжаа хадгалах боломжийг тархиндаа олгохгүй байгаа хэрэг бөгөөд хэчнээн уншлаа ч түүнийгээ сайн тогтоохгүй гэжээ.
Уншсан мэдлэг мэдээллийг ой санамжид хадгалахын тулд сайн унтах хэрэгтэй байдаг учраас шалгалтын өмнө заавал бүтэн нойртой хонох нь илүү зөв шийдэл байх болно.
Түүнчлэн нойр дутуу явах нь их идэх шалтгаан болдгоос гадна үргүйдэх магадлалыг 20 хувиар ихэсдэг байна.
Тиймээс хосууд хоёулаа дутуу нойртой явсаар байх нь хүүхэдтэй болох магадлалаа ч төдий чинээгээр бууруулдаг.
Энэ мэтээр хүн бүтэн нойроо алдах нь ямар их сөрөг нөлөөтэй болохыг номд дэлгэрэнгүй өгүүлжээ.
Зүүдийг ихэнх хүн бурханлаг шинжтэй хэмээн тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ хүмүүсийн 55 хувь нь өөрийн бодож байсан, сэтгэл санаагаа зовоож байсан зүйлээ зүүдэлдэг.
Зарим хүн зүүдээ удирдаж ч чаддаг бөгөөд юу хүсэж байгаагаа зүүдэлж чаддаг байна. Гэхдээ хүн төрөлхтний 10 хувь нь зүүдээ удирдах боломжтой аж.
Зүүд нь:
Нойргүйдлээс болж хүн эмгэг тусаж болдог талаар номд өгүүлжээ.
Гэхдээ энэхүү эмгэг нь өөртөө унтах боломжийг олгохгүйгээс болж нойр нь дутагдаж байгаагаас өөр хэрэг бөгөөд нойргүйдлийн эмгэг гэдэг нь унтах боломж байсаар байхад унтаж чадахгүй байх шинж тэмдгийг хэлдэг.
Энэхүү эмгэг нь шөнө огт унтаж чадахгүй байх унтаж байх хугацаандаа олон удаа сэрэх нь нойргүйдлийн эмгэгийн шинж учраас ийм шинж тэмдэгтэй хүмүүс даруй эмчид хандах хэрэгтэй гэдгийг захисан байна.
Түүнчлэн гар утаснаас ялгардаг хөх туяа нь нойр хүргэлтийг 2-3 цагаар хойшлуулдаг гэдэг нь маш олон судалгаагаар батлагдсан учраас унтахын өмнө гар утас, лед дэлгэцээс хол байх хэрэгтэй.
Мөн хурц гэрэл нь хүний тархинд унтах болоогүй байна гэсэн мэдээллийг өгч байдаг. Тийм учраас оройн цагт айлын гэрэл аль болох бүдэг байх ёстой аж.
Хүний хамгийн тохиромжтой температур нь 18.3 хэм байдаг тухай зохиолч онцолжээ. Хүн хүйтэн температурт хурдан унтдаг учраас нойр чинь хүрэхгүй байвал унтлагын өрөөндөө бага зэрэг салхи оруулж өгөх нь зүйтэй.
Хүүхдүүд бие организмын хувьд том хүнээс илүү олон цаг унтах ёстой байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдээ өдөрт 8-12 цаг унтах боломжийг олгох ёстойг энэхүү номоор дамжуулан сануулсан байна.