Индэр    
2019 оны 10 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хяналтгүй" тамхидалтын хэрэгждэггүй хууль

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхий боловсролын сургуулийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг бөгөөд судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна.

Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан байдаг.

Тэгвэл тус хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Ч.Улаан сайд өчигдөрхөн УИХ-д өргөн барьсан юм.

Гэвч өргөн барьсан хуулийн төсөлд зөвхөн тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээгээр хязгаарлах талаар л тусгаснаас биш одоогийн хэрэгжиж буй хуулийг сайжруулах өөр санал ороогүй аж.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тамхины хяналтын тухай хуулийн хамгийн чухал заалт нь тамхи татах газруудыг хязгаарлах замаар хяналт тогтоох.

Тодруулбал, хуулийн 9 дүгээр бүлэгт "Утаат тамхийг хориглосон" газруудыг тодорхой заасан бий. 

Гэвч автобусны буудал, тоглоомын талбай, сургуулийн орчинд хэнэггүйхэн татаж зогсох нь хэвийн үзэгдэл болоод удлаа.

Тэгвэл "Тамхины хяналтын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хэн хянаж байна вэ?

 Он гарсаар эхний есөн сарын байдлаар 13 хуулийн этгээд, 1,247 иргэнд 136.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Уг нь 2012 онд тус хууль шинэчлэгдсэнээс хойш хэрэгжилт нь сайн байсан ч 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зарим зүйл заалтыг сулруулсан талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг хэлж байлаа.

Тэрбээр "Тамхины хяналтын тухай хулийн төрийн хяналтыг зөвхөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гадна Засгийн газар, Засаг дарга нар, Цагдаагийн байгууллагын эрх олгосон байцаагч нар болон аж ахун нэгж байгууллагын удирдлага хяналт тавих үүрэгтэй.

Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага ч хяналт тавих эрхтэй.

Манай байгууллагын хувьд хамгийн түрүүнд тамхины экспорт, импорт, худалдаалалт болон үйлдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг бөгөөд худалдаалах тал дээр зөрчил элбэг гардаг.

Харин хориглосон газарт утаат тамхи хэрэглэж байгаа зөрчилд Цагдаагийн байгууллага илүү анхаарч ажилладаг.

Хориглосон газар тамхидалт явагдаж байгаа нь хориглосон газарт зарж байгаатай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн ойролцоо 500 метр радиус дотор тамхи татах, зарж борлуулахыг нь хориглоод ч нууж зардаг асуудал тасрахгүй байна" гэв. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаараа Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг давхар шалгадаг аж. Энэ онд л гэхэд хууль зөрчиж худалдаа хийсэн тохиолдлууд дээр 20 гаруй сая төгрөгийн торгуул ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.3-т "Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.

Харин Тамхины хяналтын хуулийг зөрчсөн зөрчилд 2017 оноос хойш Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч эхэлсэн байна.

Одоо нийслэлийн хэмжээнд энэ төрлийн зөрчлийн тоо хоёр дахин нэмэгдсэн тухай нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан хэлсэн юм.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд 2017 онд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн 170 иргэн, хуулийн этгээдийг 36 сая төгрөгөөр, 2018 онд 304 зөрчил илрүүлж, 292 хүн болон хоёр хуулийн этгээдийг 76.2 сая төгрөгөөр торгож, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан бол энэ оны эхний есөн сард 13 хуулийн этгээд, 1,247 иргэнд 136.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн эхний есөн сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах гэсэн зөрчилд олон нийтийн газар нус, цэр, шүлс, тамхины ишээ хаясан нийт 32,441 иргэн, хуулийн этгээдийг 327 сая 95 мянган төгрөгөөр торгож, арга хэмжээ авсан аж.

Хошууч Э.Баярбаясгалан хэлэхдээ "Иргэд өөрсдөө цэвэр аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх үүднээс хуулийн зөрчлийг Цагдаагийн байгууллагад мэдээлэх нь ихсэж байна. Тиймээс зөрчлийн тоо нэмэгдсэн гэж бодож байна" хэмээв.

"Утаат тамхийг хориглосон газар татсан, татах боломж олгосон хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломж бий" гэв

Зөрчлийн тухай хуулиар бол олон нийтийн газар зүй бусаар биеэ авч яваа буюу тамхины ишээ хаях, нус цэрээ хаях болон тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар байдаг гэдгийг Э.Баярбаясгалан нэмж тодрууллаа. 

"Тухайн зөрчил гарснаас хойш зургаан сарын дотор хуулийн байгууллага үүнийг шалгах эрхтэй гэсэн үг.

Иргэд өөрсдөө энэ талаар маш сайн мэдээлж байх хэрэгтэй.

Олон нийтийн газар, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал, нийтийн зориулалттай байрны орц зэрэгт тамхи татахыг хориглосон байдаг гэдгийг иргэд мэдэж байх хэрэгтэй.

Ийм зөрчилтэй учирсан буюу хуулиар хориглосон газар дам тамхидалтад өртсөн иргэд Цагдаагийн байгууллагад хандах эрхтэй.

Ялангуяа, олон нийтийн газрууд нийслэлийн хэмжээнд бүрэн камержсан байгаа учраас тухайн зөрчил гаргагч этгээдийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой.

Хуулийн хэрэгжилтийг хангуулдаг эрх бүхий этгээд дэргэд нь байхгүй, өөр хүн хараагүй гээд хариуцлагаас мултарна гэж ойлгож болохгүй. 

Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломж байсаар байдаг. 

Хуулийн хэрэгжилтийг хангах нь хууль сахиулах байгууллагын үүрэг. Тиймээс утаат тамхийг хуулиар хориглосон газар татсан, татах боломж олгосон хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжтой" хэмээн тэрбээр хэлсэн юм.

Дам дамхидалтад өртөж байгаа иргэд хариуцсан байгууллагад хандаж, асуудлуудыг шийдвэрлүүлэх эрхтэй

Харин Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой гомдол иргэдээс ирэх нь бага байдгийг Н.Одончимэг хэлж байв.

Мөн "Хориглосон цэгт анхааруулга байх ёстой. Анхааруулга дээр гомдол мэдээллийг хүлээж авах албан тушаалтны холбогдох утас байх ёстой.

Холбогдох хуулийг зөрчсөн этгээд шаардлагыг хүлээж авахгүй бол тухайн анхааруулга дээр байгаа хариуцсан байгууллага, албан тушаалтанд хандаж, шийдвэрлүүлэх эрхтэй" гэдгийг хэлсэн юм. 

Тус хуулийн 9.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэсэн байдаг.

Түүнчлэн 9.3-д заасны дагуу аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байршуулсан байх ёстой бөгөөд түүн дээр гомдлыг хүлээж авч шийдвэрлэх албан тушаалтны хаяг, утасны дугаар байх ёстой аж.

Түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориглодог. Мөн тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдахыг хориглосон байдаг.

Гэвч эдгээр заалт бүрэн хэрэгжиж чадахгүй байгааг тамхи ширхэглэсээр байгаа жижиг дэлгүүрүүд, байшингийн буланд утаа баагиулан тамхи сорох хүүхдүүдийн төрх илчилнэ. 

Харин батлан гаргасан хуулиа хэвшил болтол мөрдүүлдэг хяналт, шаардлага дутуугаас иргэд, хүүхэд багачууд дам тамхидалтад өртсөөр.