Зураг
Зураг
Индэр    
2019 оны 9 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 31: "Эго" бол таны дайсан

 

Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэнд Райан Холидэй зохиолчийн бичсэн “Ego is the enemy” буюу “Эго бол таны дайсан” номыг танилцуулж байна.

Хүн бүрийн дотор “Эго” гэдэг зүйл нь их, бага хэмжээгээр оршиж байдаг бөгөөд тэр өдөр тутам гаргаж байгаа шийдвэрүүдэд тань нөлөөлж, амжилт гаргах боломжоос тань хойш татаж байдаг гэдгийг энэхүү номд маш олон жишээгээр тайлбарласан байдаг.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Олон алдартнуудын ном дээр ихэвчлэн та бүхнийг хийж чадна. Та бол бусдаас өөр гэх мэтээр бичсэн байх нь түгээмэл. Харин энэхүү номд тэр үзэл бодол нь улам сул дорой болоход хүргэдэг хэмээн бичжээ.

Ингээд та бүхэнд эго гэж чухам юу болох, түүнийгээ хэрхэн захирах тухай хүргэж байна.

Эго гэж юу вэ?
 

Эго гэдэг нь хүмүүсийн хэтэрхий өөрийгөө төвийлгөдөг амбиц буюу өөрийгөө бусдаас онцгой гэж бодсон эрүүл бус итгэл үнэмшлийг тодорхойлсон нэр томьёо юм.

Ихэнх хүмүүс өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй бөгөөд бусдаас болсон мэтээр өөрийгөө хамгаалахыг оролддог.

Энэ процесс бол мөн л эгогийн илрэл.

Таны гаргасан аливаа алдаа гаднын нөлөөлөлөөс бус зөвхөн өөрөөс чинь шалтгаалж байдаг учраас доторх эгогоо дарж сурах хэрэгтэй хэмээн номд өгүүлжээ.

Мөн миний хөдөлмөрийг үнэлсэнгүй, миний хийж байгааг анзаарсангүй эвсэл өрөвдсөнгүй гэж гомдлох нь ч эготой хүний шинж бөгөөд энэ байдал нь улам асуудалд оруулдаг төдийгүй цааш дэвшихэд нь саад болж байдаг аж.

Харин эгогоо дарж, захирч чаддаг хүн өөрийгөө мундагийг бусдад баталж харуулахын оронд хийж байгаа зүйлдээ шамдаж, түүнээсээ үр дүн гаргах гэж оролддог учраас илүү их амжилтад хүрдэг байна.

Түүнчлэн ажлын албан тушаалд томилогдсон, мундаг сургуульд сурсан, хэдэн фентэй болж, хэр их мөнгө олсноо бусдад гайхуулах нь тухайн хүний Эгог илэрхийлж байдаг аж.

Харин эгогоо дарахын тулд аливаа зүйлс амьдралд хандаж байгаа хандлагынхаа үнэ цэнийг барих ёстой.

Хүн бүр бүтэлгүйтэлтэй тулгардаг. Ажил дээрээ алдаа гаргах, компани чинь дампуурах гэх мэт зүйл нь тийм ч том бүтэлгүйтэл биш бөгөөд өөрийнхөө бодсон аминчхан үзлээс болж өөрийнхөө гаргашгүй үнэ цэнийнхээ эсрэг зүйл хийх нь бодит бүтэлгүйтэл юм гэдгийг тайлбарласан байдаг.

Суралцагч байх нь эгогоо дарах эхний алхам
 

Боксын алдарт тамирчин Мухаммед Али “Чи над шиг нэр алдард хүрэх юм бол даруухан байна гэдэг нь маш хэцүү зүйл” хэмээн хэлсэн байдаг. Нэр алдарт хүрэх тусам эгог дарах нь улам л хэцүү болдог аж.

Өөрөөр хэлбэл амжилт гаргаж, алдартай болох тусам хүмүүсийн биеэ тоох, өөрийгөө мундаг гэж итгэх итгэл нь улам нэмэгддэг байна.

Тэр мэдрэмжээ дарж, илүү их амжилт гаргах боломжоо алдахгүйн тулд байнгын суралцагч байх ёстой гэдгийг Райан Холидэй сануулжээ.

Мэдэхгүй зүйл их байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх нь Эгог дарахад тусалдаг аж.

Тухайлбал, 100 саяас илүү альбом борлуулж чадсан дэлхийн хамгийн алдартай "Металлика" рок хамтлагийн гоцлол гитарчин Кирк Хэмметт
хүртэл өөрийн гэсэн багштай байж, үргэлж суралцсаар байжээ.

Багштай байхын давуу тал нь өөрөөсөө илүү чадвартай хүн байдаг гэдэг мэдрэмжийг авч байдаг бөгөөд энэ нь эгог дарахад тусалдаг хэмээн энэхүү номд тэмдэглэжээ.

Мөн хүн өөрийгөө амжилтад хүрчихлээ гэж бодох үеэс буцаад уруудах эхлэлээ тавьдаг гэдгийг Райан Холидэй онцолсон байна.

Тиймээс бардамналаасаа болж алдаа гаргахгүйн тулд байнгын суралцагч л байх хэрэгтэй болж байгаа хэрэг.

Мөн дөнгөж карьераа өсгөж яваа хүнд эго үргэлж гай болдог нь илүү ихийг сурч чаддаггүй, алдаагаа ухаарч чаддаггүй.

Хамгийн чухал зүйл нь өөрөөсөө өндөр албан тушаадтандаа бүх талаар нь туслах хэрэгтэй.

Хэн нэгнийг дэмжиж тусалснаар өөрийнхөө дотор байгаа эгогоо дарж тухайн хүнээсээ суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг байна.

Уур хилэн бол ялагдлын эхлэл
 

Хэн нэгэн таныг үл тоох доромжлох маягаар харьцахад хүн бүр дотроо түүнд хэн болохоо харуулаад өгнө гэж бардамнаж боддог.

Энэ мэдрэмж хэзээ ч сайн зүйл авчрахгүй бөгөөд гол хийх ёстой зүйлийн чинь анхаарлыг сарниулна гэдгийг анхааруулж, алдартай хүмүүсийн хэрхэн уур хилэнгээ дардаг тухай номд жишээ болгон тайлбарласан байна.

АНУ-ын анхны өнгөт арьстай бэйсболын тамирчин Жаки Робинсоныг анх мэргэжлийн бэйсболлын лиг элсэж байх үед түүний дасгалжуулагч нэг л болзлыг тавьсан нь "Ямар ч нөхцөлд уур хилэнгээ ил гаргахгүй, зодоон үүсгэж болохгүй" гэжээ.

Тухайн үед анхны өнгөт арьстан байсан учраас өдөө хатгалаг доромжлол түүнд байнга учир байсан ч тэр бүхнийг тэсэж үл тоож лигт байсан есөн жилийн хугацаанд нэг ч удаа хэрүүл зодоон хийж байгаагүй аж.

Тэр түүхэн дэх хамгийн амжилттай бэйсболын тамирчин бөгөөд тэр зорилгоосоо өөр хэрэггүй зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал гэдгийг тэр ойлгосон нэгэн.

Бид өдөр тутамд хэн нэгэн таныг дорд үзэх юм бол түүнийг март, хэрвээ тэр үг нь таныг тийм их өвдгөөд байгаа бол түүнийг хэсэг хугацаанд тэвчих хэрэгтэй.

Алдартай хүмүүс энэ хүмүүс “Тэд намайг доромжилж дорд үзлээ гээд би тийм болчихгүй. Ингэснээр тэд өөрийнхөө л мууг харуулж байгаа хэрэг" гэх мэтээр өөрийнхөө дотор буй эгог дарж чаддаг байна.

Учир нь тэд хэрвээ уур хилэндээ захирагдчих юм бол энэ тэмцээнд ялж чадахгүй. Уур хилэн бол ялагдлын эхлэл гэж үздэг аж.

Чингис хаан ч байнгын суралцагч байсан
 

Энэхүү номд Чингис хааныг ертөнцийг эзэгнэсэн агуу хаан болоход ямар зан чанар нь нөлөөлсөн,тэр эгогоо хэрхэн захирч чаддаг байсныг жишээ болгон тайлбарласан байдаг.

Чингис хааныг агуу удирдагч байсан гэдгийг хүн бүр мэддэг ч байнгын суралцагч байсан гэдгийг нь харин мэдэхгүй. 

Тэр үргэлж эзэлсэн газрынхаа уламжлал, ялсан дайсныхаа тактикаас суралцаж байсан хэмээн номд өгүүлжээ.

Мөн түүнийг хаана ч очсон тухайн газрын эмч, доктор, философчид гэх мэт хамгийн ухаантай гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн тэдний юу зөвлөхийг сонсож тунгаан бодсоны үндсэн дээр шийдвэр гаргадаг байсан учир тийм их амжилтад хүрсэн гэдгийг номд дурдсан байдаг.

Түүнчлэн Чингис хаан залгамжлагч нартаа “Чи хэрвээ бардам зангаа дарж чадахгүй бол манлайлагч, удирдагч болж чадахгүй.

Бардам зан гэдэг бол үнэндээ араатныг номхруулахаас ч хэцүү” гэдгийг захисан хэмээн бичсэн нь зохиолч Райан Холидэй дэлхийг эзэлсэн, маш их эрх мэдэлтэй тийм агуу хаан хүртэл үргэлж суралцагч байж, эгогоо захирч чаддаг байсан тухай хэлэхийг оролджээ.

Амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөх нь чухал
 

Чи өөртөө хөрөнгө оруулж байна гэдэг үүднээс сурч, хөдөлмөрлөхийг илүүд үзэх хэрэгтэй гэдгийг номд дурджээ.

Бидний гаргадаг хамгийн том алдаа нь бид хэтэрхий бага залуу насандаа бардам болчихдог. Бардам сэхүүн зан гэдэг нь жижигхэн амжилтаа хэтэрхий дөвийлгөж хараад түүндээ итгэсэн буюу эготой хүний шинж тэмдэг  юм.

Хэтэрхий эрт амжилтдаа бахархаад цааш явах замаа харж чаддаггүй.

Хэрвээ өөрийгөө улам амжилтад хүрнэ гэж бодсон хүн ирээдүйдээ төвлөрч, илүү хөдөлмөрлөдөг.

Хэн илүү хөдөлмөрлөнө тэр хэмжээгээрээ үр шимийг нь хүртэнэ гэж номд тэмдэглэсэн байна.

Хамгийн гол өөрт чинь юу чухал гэдгийг тодорхой болгох хэрэгтэй бөгөөд хийж, хичээж буй зүйл чинь ямар утга учиртай гэдэгт хариулж чадах хэрэгтэй хэмээн бичжээ.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх
 

Хүн бүтэлгүйтэх үед эго нь улам илрэх магадлал бий.

Эготой хүмүүс жижигхээн бүтэлгүйтэлтэй учирхаар өөрийгөө хэтэрхий амин хувиа бодож бусдыг буруутгаж бусдыг үзэн ядаж эхэлдэг. Гэтэл тэрхүү үзэн ядалт нь тухайн хүний сэтгэл зүйд маш их дарамт учруулдаг аж.

Хүн бүр эрсдэлд орж эрсдэлтэй зүйлүүд амьдралд нь тохиолдож байдаг. Хамгийн гол нь түүнийхээ хариуцлагыг үүрч, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал.

Өөрийнхөө гаргасан алдааг бусдын өмнө хүлээн зөвшөөрч байж аливаа зүйлийг бодитоор харж, өөрийгөө цааш хөгжүүлэх боломжийг олгодог байна.

Түүнчлэн эгогийн эсрэг хамгийн том арга хэмжээ бол бусдыг хайрлах явдал гэдгийг номд онцолжээ.