Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ганцхан сарын дотор сурах бичгийг нь боловсруулсан ЁС ЗҮЙН хичээлээ зааж эхэллээ

Зураг

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид Ёс зүйн хичээлийг энэ хичээлийн жилээс эхлэн зааж байна.

Тодруулбал,

  • 1-5-р ангийн сурагчдад "Монгол ёс-хүмүүжил",
  • 6-12-р ангид “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл тус тус долоо хоногт хоёр цаг хичээллэхээр болсон юм.

Хүүхдийн ёс зүйн асуудалд төр засаг ийнхүү онцгой анхаарах болсон нь сайн хэрэг боловч хичээл эхлээд аль хэдийн сар гаруй хугацаа өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл тус хичээлийн сурах бичиг нь бэлэн биш, багш нар нь гүйцэд бэлтгэгдээгүй байгаа нь харамсалтай. 

Түүнчлэн 1-5 дугаар ангийн сурах бичгийг ердөө ганцхан сарын хугацаанд боловсруулсан гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Яарч боловсруулсан сурах бичиг, хоёрхон сарын хугацаанд бэлдсэн хөтөлбөр

Энэ талаар "Монгол ёс-хүмүүжил" 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогчийн багийн гишүүн МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Ч.Баттулга "Сурах бичиг бичих хугацаа нь маш богино байсан нь хүндрэлтэй байсан. Таван сурах бичгийг нэг сарын хугацаанд бичнэ гэдэг бол тийм ч амар ажил биш.

Бусад улс оронд сурах бичиг нь хэвлэгдээд гарсны дараа тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сургуулиудад тарааж хэрэглээнд оруулдаг жишиг бий.

Гэвч манай улсын аль ч хичээлийн сурах бичиг тийм хэлбэрээр явж чадахгүй байгаа нь харамсалтай" гэдгийг хэлж байв.

Түүнчлэн "Сайн сурах бичиг хийхийн тулд эртнээс ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл сар гаруйнхан хугацаанд сайн сурах бичиг бичсэн гэх нь ичмээр хэрэг" гэж сурах бичиг зохиогчийн багийн ахлагч, Адмон Группийн Ерөнхий Захирал Р.Энхбат ярьсан юм.

 

Мөн тэрбээр "Шахуу цаг хугацаанаас болоод сурах бичиг маань бидний төсөөлж байсан шиг болоогүй.

Миний хувьд хэлэх гэсэн санаагаа гүйцэд тусгаж, оруулж чадаагүй. Гэсэн ч бид аль чадлаараа хичээж, боловсруулсан.

Харин бусад сурах бичгээс хэд, хэдэн онцлог давуу талтай. Тэр нь нэг багийн хүмүүс 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг хамтарч бичсэн явдал юм.

Өмнө нь ЕБС-ийн сурах бичгүүдийг анги бүрийг өөр хүмүүс бичдэг байсан юм билээ. Тэгэхээр анги хоорондын уялдаа холбоо байгаагүй гэж хэлж болно" гэв.

Уг нь хичээлийн хөтөлбөр сурах бичигт ойлгомжтой туссан байх шаардлага бий.

Гэвч манай улсад нэг хичээлийн хөтөлбөрийг хэсэг эрдэмтэн боловсруулж байхад сурах бичгүүдийг нь өөр хүмүүс хийдэг нь агуулга зөрөх эрсдлийг үүсгэдэг байна.

Харин "Монгол ёс-хүмүүжил" сурах бичгийг бичихэд анх хөтөлбөр боловсруулсан багийн гишүүд оролцсон учраас агуулга нь зөрөөгүй гэж байв.

Тухайн сурах бичгийн үндэслэл болох "Иргэний ёс зүйн боловрол" хөтөлбөрийг арав гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг мөн л хоёрхон сарын дотор буюу 4-6 дугаар сарын хооронд бэлтгэжээ.

2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр БСШУС-ын сайдын А/390 дүгээр тушаалаар тус хөтөлбөрийг батлахдаа өмнө нь ЕБС-д ордог байсан "Иргэний боловсрол" хичээлийг хассан гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. 

Иргэний ёс зүйн боловсролын өмнө орж байсан "Иргэний боловсрол"-ын хичээлийн хөтөлбөр өмнө нь хоёр, гурван ч удаа өөрчлөгдөж байсан бөгөөд ихэвчлэн Монгол ёс заншил, ёс суртахууны тухай мэдлэг олгодог байв.

Гэвч хөтөлбөр нь анги хоорондын уялдаа холбоогүй байсны дээр сурах бичиг нь хүүхдэд зориулагдаагүй байсан гэж ноён Р.Энхбат хэлсэн юм.

Мөн тэрбээр, "Миний хувьд гол нь энэ шинэ хичээлээр хүүхдэд зөв, бурууг ялгах чадварыг суулгах ёстой гэж үзэж, агуулгад нь тусгахыг оролдсон" гэв.

"Иргэний ёс зүйн боловсрол" гэх шинэ хөтөлбөр нь бага ангийн сурагчийг "Монгол ёс-хүмүүжил" гэдэг хичээлээр монгол хүн болох суурийг нь тавих зорилготой бол дунд ангиас нь "Иргэний ёс зүйн боловсрол" хичээлээр Монгол иргэн болгох, харин ахлах ангид ороход нь сургалтын агуулга нь өргөсөж дэлхийд байр сууриа эзэлсэн Монгол иргэн болгож төлөвшүүлэхэд чиглэгдсэн аж.

 

Энэ талаар Ч.Баттулга багш хэлэхдээ,"Монгол ёс- хүмүүжил, Иргэний ёс зүйн боловсрол хичээл нь сурагчдад их мэдлэгийг гүехэн олгох биш, бага багаар их мэдлэг олгох зарчмаар явагдана. Сурах бичгүүд дээр нь ч тийм байдлаар тусгасан" гэлээ.

Сурах бичиг зохиогчид энэ жил тухайн хичээлийн сурах бичгүүдэд анхаарлаа хандуулсаар байх бөгөөд улам сайжруулах бодлолтой байгаагаа хэлж байлаа.

 Хэзээ хэвлэлтэд орох нь тодорхойгүй сурах бичиг...

Өнгөрсөн долоо хоногт "Монгол ёс-хүмүүжил" хичээлийн 4, 5 дугаар ангийн сурах бичиг хэвлэгдэж эхэлсэн бол үлдсэн 1-3 дугаар ангийн сурах бичиг одоог хүртэл хэвлэлтэд ороогүй байгаа аж.

 

"Уг нь хичээл эхэлхээс өмнө буюу наймдугаар сарын 10-н гэхэд зохиогчийн баг сурах бичгийг боловсруулаад дууссан байсан ч БСШУСЯ-аас журмын дагуу тендер зарлаж хэвлүүлдэг учраас ингэж удаж байгаа.

Харин 6-12 ангийн сурах бичгийг хэзээнээс бичих эсэхийг мэдэхгүй байна" гэдгийг Адмон Группийн Ерөнхий Захирал Р.Энхбат хэлж байлаа.

Энэ тухай БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням "Монгол ёс- Хүмүүжил хичээлийн 4, 5 дугаар ангийн сурах бичиг одоогийн байдлаар яг хэвлэн нийлүүлэгдээд дуусаж байгаа.

Харин 1-3 дугаар ангийн сурах бичгийн хэвлэлтийн хувьд хоёр дахин тендер зарлаад амжилтгүй болсон учраас одоо зөвшилцөх шатанд явж байна.

6-12 дугаар ангийн Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичиг хэзээ хэвлэлтэд орох нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх шаардлагатай.

Харин сурах бичиг бичих боловсруулах өртгийн хувьд 1-5 дугаар ангийн таван сурах бичиг болон багшийн номтой боловруулахад нийт 600 сая орчим төгрөг зарцуулагдсан.

Гэхдээ энэ нь нөхөн хангалтын сурах бичгүүдээс хэмнэгдсэн хөрөнгө мөнгө гэдгийг сануулах нь зүйтэй" гэв.

Хичээл заах багш нар бэлтгэгдсээр л байна...

"Иргэний ёс зүйн боловсрол" хичээлийг 6-12 дугаар ангид Түүх, Нийгмийн багш нар заах бол "Монгол ёс-хүмүүжил" хичээлийг 1-5 дугаар ангид ангийн багш нь заах бөгөөд багш нарыг дөрвөн үе шаттай бэлтгэж байгаа аж.

Мөн БСШУСЯ-наас есдүгээр сараас өмнө тухайн багш нарт хичээлийн хөтөлбөр болон зөвлөмжийг хүргүүлж, зааварчилгаа өгчээ.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам "Багш нарыг бэлдэх ажил нь дөрвөн үе шаттай хэрэгжиж байна.

Өмнө нь наймдугаар сард яамнаас бэлдсэн үндэсний 50 сургагч багш бүх аймаг, дүүрэгт хөтөлбөрийг танилцуулж, зөвлөмж өгч, эхний шатны сургалтаа явуулсан.

Энэ сургалтаар хичээл заах багш нар ямар агуулгаар хэрхэн заах талаар арга зүйн нарийн зөвлөмж өгсөн.

Хоёр дахь шатны сургалт аравдугаар сарын 7-ны өдрөөс эхэлнэ. Харин гурав, дөрөвдүгээр шатны сургалтаа арваннэгдүгээр сард болон 2020 оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл ирэх оны тавдугаар сард хичээл заах багш нар бүрэн дүүрэн бэлтгэгдэж дуусна.

Одоогоор багш нарт БСШУСЯ-наас баталсан сургалтын хөтөлбөр, зөвлөмж нь очсон байгаа учраас зөвлөмж хөтөлбөрийн дагуу багш нар сургалтаа явуулж байгаа гэж ойлгож болно" гэлээ.

Багш нарт сургалт явуулах сургагч багш нарыг аймаг, орон нутгаас бэлдэх боломжгүй байдаг аж. Тиймээс нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуулиас  тэргүүлэх болон зөвлөх зэрэгтэй 50 багшийг сонгон бэлджээ. 

Мөн цаашид ёс зүйн хичээлийн суурь болсон агуулга нь цэцэрлэгт ямар байх талаар БСШУСЯ-наас судалж байгаа аж.

Ийнхүү манай боловсролын яам хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинэчлэхдээ нэгээс хоёр сарыг л зарцуулж байна.

Өнгөрсөн хавар БСШУСЯ сурагчдын хичээлийн цаг, агуулгын тохируулгыг дахин хийсэн бөгөөд сурагчдад зайлшгүй шаардлагатай хичээлүүдийг л заах өөрчлөлт хийсэн гэгдэж буй. Бодвол ёс зүйн хичээлийг хамгийн чухал л гэж шинээр оруулахаар болсон биз. Харамсалтай нь хамгийн чухал хичээлийн хөтөлбөр, сурах бичгээ боловсруулахдаа ийнхүү халтуурдаж байна.