Индэр    
2019 оны 9 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Ахмад настнуудын 67.9 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна"

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад нийт 408 мянга гаруй иргэн /үүнд ахмад настан болон хөнгөлөлттэй нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан иргэд хамаарна/ өндөр настны тэтгэвэр авч байна.

Эдгээр иргэд сард дунджаар 372.5 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг аж.

Гэтэл энэ тэдний амьдралд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө мөн үү?

Монгол Улсад нийт 300 мянга гаруй ахмад настан бий. Гэвч тэдний нийгэм, эдийн засгийн асуудлыг бид төдийлөн анхаардаггүй.

Харин сүүлийн үед Юнител группийн "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" маркетингийн кампанит ажил эхлүүлсэн нь хоцрогдож, мартагдаад буй ахмадын асуудалд нийгмийн анхаарлыг төвлөрүүлэх болсон.

Энэ мэтээр зарим хувийн байгууллагууд ахмад настны нийгэм, эдийн засаг, халамжийн асуудлыг хөндөж, санаа тавьж эхлэх болсон нь сайн хэрэг.

Үүнтэй холбоотойгоор бид "Ахмад настны нийгмийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал"-ыг судлан, сурвалжиллаа.

"Өнөөдрийн зах зээлд 320 мянган төгрөгөөр сар амьдарна гэдэг хэцүү"

Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулсан хүмүүс бол яах аргагүй ахмад үеийнхэн билээ.

Тэд улсад ажилласан нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг өндөр настны тэтгэврээсээ хүртдэг. Өөрөөр хэлбэл ахмад настнуудын санхүүгийн эх үүсвэр нь ихэнх тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж байдаг.

Судалгаанаас харахад ч өрхийн тэргүүн нь ажиллах хүчнээс гадуур бол тухайн өрхийн орлогын дийлэнхийг буюу 64.6 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа юм.

 
Эх сурвалж: ҮСХ

Энэ талаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны ахмад настан Д.Тунгалаг "Би тэтгэвэрт гараад дөрвөн жил болох гэж байна. Өмнө нь 72 дугаар сургуулийн тогоочоор 20 жил, мөн барилгын салбарт 12 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан.

Анх гарахдаа хамгийн доод хэмжээгээр нь буюу 250 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож байсан. Харин одоо нэмэгдсээр 320 мянга болсон ч өөрчлөгдсөн зүйл алга. Учир нь тэтгэврийн мөнгө хэд нэмэгдсэн нь хамаагүй, нэмэгдсэн гэх сургаар л бүх газар барааныхаа үнийг нэмчихдэг.

Тэгэхээр худалдан авах чадвар нь багасна. Өнөөдрийн зах зээлд 320 мянган төгрөгөөр сар амьдарна гэдэг хэцүү. Тэглээ гээд амьдралаа босгож яваа хүүхдүүддээ нэмэр болж чадахгүйн дээр бас зулгаамааргүй байх юм.

Тиймээс надад таарсан ажил олддог бол юу ч байсан хийж, нэмэлт орлоготой л болмоор байна. Мэдээж зарим хувийн байгууллагын 10-12 цагийн ажлыг хийж дийлэхгүй л байх. 

Уг нь ахмадууд бидний хувьд хүүхдүүддээ дарамт болохгүй хоногийнхоо мах, сүүний мөнгөөр л цалинжиж байвал болох нь тэр" гэж ярилаа.

 Улсын хэмжээнд 55 болон түүнээс дээш насны 119,609 иргэн хөдөлмөр эрхэлж байна

Монголын ахмадын холбооноос жил бүр хийдэг дотоод мэдээллийн судалгаагаар нийт ахмадуудын 67.9 хувь нь буюу 190 мянга гаруй ахмад настан хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэсэн дүн гарчээ.

Ахмад настнууд олноороо ингэж ажил хайж байгаа нь мөн л эдийн засгийн байдлаас үүдэлтэй гэдгийг тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлсэн юм.

Мөн тэрбээр "Зөвхөн тэтгэврээрээ амьдардаг ахмад настан олон. Жил бүр улсаас өндөр настны тэтгэврийг 20-25 мянган төгрөгөөр нэмдэг ч энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад бага байгаа бөгөөд тэдний амьжиргаанд хүрэлцдэггүй.

Тиймээс ихэнх нь ажил хөдөлмөр хийж, орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байдаг.

Түүнээс гадна ахмадуудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч чаддаггүй.  Банк, санхүүгийн байгууллагаас тэтгэврийн зээлээс өөр ямар нэг зээл өгдөггүй болохоор бизнес эхлүүлэх боломжгүй байдаг нь харамсалтай.

Энэ нь манай нийгмийн ахмад настай хүн зээлээ эргэн төлөх чадваргүй гэсэн зохиомол үзэлтэй шууд холбоотой. Одоогийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй ахмад настан бий. Түүнээс 56.9 мянган ахмад нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэг" гэж байв.

Харин Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаанаас үзэхэд 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 55 болон түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлж байгаа нийт 119,609 иргэн байгаа юм.

Гэхдээ Ахмад настны тухай хуулийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэйг ахмад настанд хамруулан үздэг гэдгийг сануулах нь зүйтэй.

55 болон түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сүүлийн дөрвөн жилийн статистик:

Манай улсын хууль тогтоомжид ахмад настны хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байдаг.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болох бөгөөд ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болох тухай заасан байдаг.

Мөн 2017 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийн есдүгээр зүйлд Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай найман заалтыг тусгасан байна.

Хуулийн тодорхой заалтууд байсаар байхад Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуулийн хүрээнд төрөөс ямар арга хэмжээ явуулж буй талаар холбогдох албанаас хэлж өгөх хүн олдсонгүй.

Харин Ц.Сүхбаатарын хэлснээр "Уг нь Засгийн газраас ахмад мэргэжилтнийг бүртгэж байгууллагуудад Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгосон. Үүнд манай холбоогоор дамжуулан нийт 768 ахмад настан бүртгэлтэй. 

Мөн өндөр мэргэжилтэй ахмад настнуудыг сонгож, залуусыг дагалдан сургах хөтөлбөр бий. Гэвч үүнд цөөн ахмад настан хамрагдсан. 

Өнгөрсөн онд гэхэд ахмад настны хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих чиглэлээр улсаас 1.2 тэрбум төгрөг зарцуулна гэсэн ч хэчнээн ахмадуудад зориулагдсан тухай тодорхой тоо гараагүй.

Мөн зарим байгуулагад ахмад настнуудын мэргэжилтнээр ажиллуулахдаа тухайн ажлын байрны цалингийн дөнгөж хагастай тэнцэхүйц өртгөөр цалинжуулах тохиолдол бий. Энэ бол ахмад настны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг.

Манай нийгэм ахмад настнуудыгаа насаар нь биш, зөвхөн хөдөлмөрийн чадамжаар нь үнэлэх хэрэгтэй" гэлээ.

Энэ тухай "Хороонуудад зөвлөх үйлчилгээ гэх мэтээр ахмадыг ажиллуулах орон тоо бий. Гэхдээ түүнд нь ажил хийх хүсэлтэй бүх ахмадууд хамрагдаж чадах биш. 

Төр засаг маань олон хүнд хүрэх аргаа олохгүй л байгаа болохоос уг нь юм хийх гээд л байгаа" гэж иргэн П.Тунгалаг хэлж байв.

Мөн тэр ажил хийхийг хүсэж байгаа өөр нэг шалтгаанаа "Хамт олон" гэж тайлбарласан юм.

"Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудад хамт олон хамгийн чухал"

Тэтгэвэрт гарсан хүн яваандаа ажилтай байх үеийн амьдралын хэвшил нь бодогдож, сэтгэл санаа нь хямарсны улмаас тэтгэврийн өвчин тусах буюу өөрийнхөө биеийг чагнаж эхэлдэг гэсэн албан бус яриа бий.

Ахмад настан хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь залуусын ажлын байрыг нь бөглөөд сууна гэсэн үг биш бөгөөд Монголын Ахмадын холбооноос хийсэн судалгаагаар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудын дийлэнх нь өөрийн хийж чадах ажлаа хийнгээ, хамт олонтой байхыг хүсдэг аж.

Мөн манай улсад одоогоор ахмад настныг тэтгэвэрт гарахаас өмнө бэлтгэлийг нь сайтар хангаж өгөх буюу тэтгэвэрт гарсны дараа ямар ажил хийх боломжтой тухай мэдээлэл өгдөггүй байна.

Ц.Тунгалаг энэ тухай ярихдаа "Тэтгэвэртээ суухаар эдийн засгийн хямралд амархан өртөхөөс гадна өөр нэг шалтгаан бий. Хүмүүс тэтгэвэртээ гараад сайхан амарна гэж боддог боловч олон жил хамт олон дунд явсан хүн чинь их ганцаарддаг юм байна. 

Хүн олон жил ажиллаж байгаад гэнэт гэртээ суухаар бие ч өвдөөд эхлэх шиг. Гэрт байхаар биеэ чагнаад байна уу эсвэл хөдөлгөөнгүй байгаад тэр үү гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Ахмадууд бид хийх юмаа хийсэн учраас эрч хүчтэй залуусдаа ажлаа өгөх нь зөв л дөө. Гэхдээ бидний насны онцлогт тохирсон, улсдаа хэрэгтэй ажил байвал хийхэд бэлэн байна.

Өнгөрсөн хугацаанд би цэвэрлэгч, жижүүр гэх мэт ажил хийж үзсэн. Цэвэрлэгч хийхээр хөл нугаларч өгөхгүй болохоор чадахгүй юм билээ. Хүн хөгширхөөр хөл л их өвддөг болдог юм.

Биднийг тоож авах ажил ердөө орц, оффис зэргийн жижүүрийн орон тоо байх юм. Гэхдээ энэ нь дандаа шөнийн цагийнх. Өдрийн цагаар залуу бас царай сайтай хүмүүс нь жижүүр хийдэг.

Шөнө жижүүр хийхээр дараа өдөр нь шөнийнхөө нойрыг нөхөж чадахгүй бага зэрэг ядарч байсан ч хийж болохоор. Гэхдээ шөнө ганцаараа жижүүр хийх нь хамт олон дунд бужигнахгүй учраас хийгээгүйтэй л ялгаагүй" гэв.

Мөн бид "Алтан боломж" хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвөөс ахмадуудыг ажлын байранд зуучлах тохиолдол хэр олон байдаг талаар тодруулахад "Ахмад настан гэхээсээ илүү тэтгэврийн насны буюу эрт тэтгэвэрт гарчихсан, ялангуяа цагдаа хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэдийг харуул хамгаалалтын ажилд авах нь элбэг. 

Манай байгууллага сард 4-5 тэтгэврийн насны хүмүүсийг энэ төрлийн ажилд зуучилдаг. Харин ахмад настан буюу 55, 60-аас дээш насны иргэдийн хувьд ажил хайж асуудаг байгаа хүн ч ховор, эрэлт нь ч ховор байдаг" гэдгийг хэллээ.

Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн "Ахмад настны нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлт"-ийн судалгаагаар Монгол Улсын хувьд 60, түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байгааг дурдсан байна.