Индэр    
2019 оны 8 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Монгол Улсын эдийн засаг дахь Японы дэм

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлэл

ДНБ-нээсээ хоёр дахин их хэмжээний төсвийн алдагдалтай гээд Япон улс бусад орны хөгжилд хувь нэмэр оруулахаас хойш сууж, гар татдаггүй нь одоогоор өгөхөөсөө авах нь давамгайлж буй манай улсын хувьд ичгэвтэр мэт.

Гэвч энэ орны татвар төлөгчдийн мөнгө өөр нэг улсын эдийн засагт ямар их дэм болж байгааг Монгол Улсын жишээнээс л харж болохуйц.

Япон улсаас хөгжлийн албан ёсны тусламж хамгийн их авч буй 30 орны 2017 оны жагсаалтын тавдугаарт Монгол Улс бичигджээ. Нарийвчлан хэлбэл гаднын улс орнуудад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн нийт зарцуулалтын хэмжээ, буцалтгүй тусламжийн хамтын ажиллагаагаар 15, техникийн хамтын ажиллагаагаар 13, Засгийн газрын зээлийн хэмжээгээр 4-р байрт явааг Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийн судалгаанаас харж болно.

2013-2017 онд ямар хэмжээний тусламж авсныг харвал:

Хүснэгт 1. Монгол Улсад зориулсан хөгжлийн хамтын ажиллагааны үзүүлэлтүүд(100 сая иен) 

 Санхүүгийн жил

Зээл Буцалтгүй тусламж Техникийн хамтын ажиллагаа
2013 117.36 31.85 24.17(18.21)
2014 - 23.94 25.92(19.35)
2015 368.5 9.91 25.08(24.05)
2016 - 48.4 25.11
2017 320 48.97 23.58

Эх сурвалж: Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийн улс орнуудын дата - ЖАЙКА-ийн хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны төслүүд

Ийнхүү Монгол Улс Япон улсын 2017 оны санхүүгийн жил(тус улсын санхүүгийн жил тухайн оны дөрөвдүгээр сараас эхэлж, дараа оны гуравдугаар сард дуусдаг)-ийн эцэс буюу 2018 оны гуравдугаар сарын байдлаар

  • 157.9 тэрбум иенийн зээл
  • 117.8 тэрбум иенийн буцалтгүй тусламж 
  • 47.6 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны төслийг Япон улсаас хүртжээ.
Энэ нь нийтдээ ойролцоогоор 323 тэрбум иен буюу 3.04 тэрбум орчим ам.доллар. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт, зээл, тусламж үзүүлсэн гэсэн үг.

Япончууд яг л шоргоолж мэт ажиллана. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл, зарим нь гэртээ харихыг ч умартан хөдөлмөрлөнө. Ажил, гэрийн хооронд хурдлах метро, галт тэргэндээ л амсхийдэг болов уу гэмээр, арай л дэндүү их ажилладаг нь цөөн хоног саатаж, цөөнгүй хүнтэй танилцсан уулзалтаас ажиглагдав. Гэртээ хоол хийн тухлаад байх зав, ялангуяа ганц бие хүмүүсийн хувьд үгүй тул өдрийн цайны цагаар ч, орой ч тэр ойр хавийнхаа дэлгүүрээс худалдаж авсан хоолоо барьж алхахтай тааралдана. Эсвэл ресторан орох нь мөнгөнөөс илүүтэй цаганд хэмнэлттэй гэх. Тиймээс ажлын цагаар хувийн ажлаа амжуулах, цайндаа орох нэрийдлээр хэдэн цагаар алга болох ойлголт энэ улсад үгүй ажээ. Хэдийгээр энэ нь бүтээмж өндөртэй нийгэм бүрдүүлэхээр зорьж буй Ерөнхий сайд Абэгийн бодлогод нийцэх боломжтой хэв маяг. Гэвч Засгийн газар иргэдийнхээ ажил амьдралаа тэнцүүлэх, зөв хослуулах тал дээр анхаарал хандуулж, зарим өдрийг албан ёсоор амралт болгон зарлах үзэгдэл шинэ тутам бий болж буйг арлын оронд уулзалдсан эртний танил маань хуучилсан юм.

Нийгэм тэр аяараа хөдөлж, Засгийн газартайгаа хамтран төсвийн алдагдлаа бууруулах, цаашлаад 2025 он гэхэд алдагдалгүй төсөв батлахаар зорьж буй ч “бусдад” туслах эдийн засгийн хамтын ажиллагаагаа япончууд хаялгүй авч явсаар.

Японы Засгийн газрын гадаад улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА гүйцэтгэдэг бөгөөд энэ нэрээр овоглосон олон төсөл Монгол орны өнцөг булан бүрт хүрснийг манай иргэд хүлээн зөвшөөрөх биз ээ.

2000 оноос хойш 20-оод жилийн нүүр үзэхэд нэг ч удаа засвар хийгдээгүй Нарны зам, төмөр замын хөдөлгөөнийг нэг минут ч зогсоолгүй гүйцэтгэсэн Нарны гүүр, хөдөө орон нутаг, хот гэж ялгалгүй барьсан, стандарт хангасан сургуулийн олон барилга цөм Японы татвар төлөгчдийн хөлс шингэсэн бүтээн байгуулалт. "ДЦС-4"-ийг цаашид 35 жилийн турш тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж, турбин зуухнуудыг бүрэн автомат удирдлагад шилжүүлээд зогсохгүй тэтгэвэртээ гарсан инженерүүд нь Монголд ирж туршлагаасаа хуваалцсан талаар ч бид сурвалжилж байв. Япондоо ч хамгийн дэвшилтэт техникт орох орчин үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон цоо шинэ эмнэлгийг байгуулж өгснөөр өмнө нь манай улсад эмчлэх боломжгүй байсан 26 төрлийн өвчнийг анагаах боломж бүрдсэн. Хэдхэн сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар Японы консорциум бэлтгэлээ базааж буй.

 
Гэрэл зургийг MPA.mn

Япон улсын хэрэгжүүлсэн эдгээр төслөөс чанар, чин сэтгэл, төгс гүйцэтгэл ханхалдаг нь яалт ч үгүй үнэн. Тэднээр овоглосон төсөл бүр олон жилийн настайгаас гадна нийгмийн хэрэгцээг мэдэрч, нүдээ олсон байдаг тул тэр биз.

Ил харагдаж байгаа энэ мэт төслөөс гадна нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч ирээдүйд асар том баялаг болох оюуны хөрөнгө оруулалтыг ч харамгүй хийсээр буйг дурдах хэрэгтэй. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулж, 1,000 инженер бэлтгэхээс эхлээд ЖАЙКА-ийн санаачилгыг тоочвол урт жагсаалт хөвөрнө.

Монгол Улс ийнхүү Япон улсаас авсаар байгаа бөгөөд цаашид ч олон ажил хүлээгдэж буй ажээ.

ЖАЙКА 2017-2022 онд Монгол Улсад хэрэгжүүлэх үндсэн төслүүд, хамтын ажиллагааныхаа чиглэлийг хэдийнэ гаргасан. Ингэхдээ гурван салбарыг тэргүүлэх чиглэлээр сонгосон бөгөөд энэ хүрээнд хөгжлийн тулгамдсан найман асуудлаар хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж.

Хамгийн нэгдүгээрт “Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх” гэсэн уйтгартай нэртэй ч улсын хувьд үнэхээр өгөөжтэй хоёр ажлыг энд багтаасан байна. Түүнчлэн агропаркийн нэмүү өртгийн сүлжээ байгуулах, малын эмч бэлтгэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхээс эхлээд агаарын бохирдол, хүлэмжийн хийг тоолох, гамшгаас хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих гэх мэт Монгол Улсын хөрөнгө хийгээд сэтгэл дутаж буй, хүртээмжтэй нийгмийг бий болгоход чиглэсэн чухал салбарт хүрч ажиллах найман тулгамдсан асуудлыг чиглэлээ болгожээ. 

Хүснэгт 2. ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны тойм ба төсөөлж буй төслүүдийн нэр

Хөтөлбөр

Хамтын ажиллагааны тойм

Төслийн нэр
ба салбар

Тэргүүлэх чиглэл: 1
Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх
 
1. Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах

- Төрийн санхүүгийн зохистой менежмент явуулах үүднээс төсвийн дэмжлэгийн зориулалттай иенийн зээл олгох асуудлыг судална. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр (PIP) боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Төрийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх үүднээс орлого, зарлагын менежменттэй холбоотой засаглалыг (татвар, дотоод аудит) бэхжүүлнэ.

Санхүүгийн дэмжлэг, УХОУ(PIP), олон улсын татвар хураалт, ногдуулалт, дотоод аудит зэрэг 
2. Эрчимтэй зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх

- Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх үүднээс үнэт цаасны болон бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


- Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд нээлттэй хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бүрдзүүлэхэд чиглэсэн хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгийн зах зээлийн чадавх, шударга өрсөлдөөний орчин
Тэргүүлэх чиглэл: 2
Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах
3. Аж үйлдвэрийн төрөлжилтийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн стратегийг бэхжүүлэх

- Аж үйлдвэрийн төрөлжилтийн хурдасгах үүднээс үндсэндээ ЖДҮ-д төвлөрөн хувийн салбарын хөгжлийг дэмжиж (МАА, газар тариалан, МАА-н гаралтай бүтээгдэнүүх боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал зэрэг салбарыг дэмжих) импортыг орлох, экспортыг дэмжих арга хэмжээг сайжруулна. Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.


- Эдийн засгийн хөгжлийн коридорыг тогтоосноор бүс нутгийн хөгжлийн боломжийг эрэлхийлж, бүс нутгийн хөгжлийн стратегийг бэхжүүлнэ.


- Уламжлалт МАА ба аж үйлдвэрийн хөгжлийг зохистой хослуулах үүднээс байгаль орчин, зудаас хамгаалах арга хэмжээ, аюулгүй, тайван байдлыг хангасан МАА, газар тариалангийн тогтвортой тогтолцоог бий болгохыг зорьж, агропаркийн нэмүү өртгийн сүлжээ байгуулах ажлыг дэмжинэ.


- Ирээдүйн аж үйлдвэрийн салбарын инженерийн боловсон хүчнийг бэлтгэх, япон төвийг ашиглан хөдөлмөр, бизнес эрхлэхэд лэмжлэг үзүүлэхийн хамт коосэний сургалтын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг авч үзнэ. 

Агропаркийн нэмүү өртгийн сүлжээ байгуулах, малын эмч бэлтгэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, япон төв, хоёр үе шаттай зээл, үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөө, инженерийн дээд боловсролыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, коосэн, уул уурхайн хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг.
4. Өсөлтийг дэмжих өндөр чанартай дэд бүтцийг байгуулах

- Улаанбаатар хот ба ойролцоох бүс нутагт тээвэр, нийтийн тээврийн дэд бүтэц байгуулах(шинэ нисэх буудал, гүүр). Тэрчлэн ХАА-н гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийг саадгүй болгох зэргээр ХАА-г дэмжих асуудлыг тэргүүн зорилт болгон тавьж, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг авч үзнэ.


- Хотын тогтвортой хөгжил, ирээдүйд Япон улсын ААН-д Монголын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх зэргийг бодолцон тогтвортой хөгжих боломжтой өндөр чадвартай дэд бүтцийг байгуулахад чиглэсэн техникийн дэмжлэг, тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.


- Цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн хамт сүлжээний ашиглалтын чадавхыг бэхжүшүлэх замаар сэргээгдэх эрчим хүчийг түгээн дэлгэрүүлж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дэмжинэ.

Шинэ нисэх буудал, ложистикийн дэд бүтэц, ДЦС-4, барилгын аюулгүй байдал, замын хучилтын стандарт зэрэг
5. Хүрээлэн байгаа орчинд ээлтэй, аюулгүй хотыг хөгжүүлэх

- Хотын орчны асуудалд анхаарал тавина. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой хамтын ажиллагаанд хот байгуулалтын төлөвлөгөө боловсруулах(эрх зүйн орчин, төсөл боловсруулах) ажлаас хот байгуулалтын төсөл (гэр хорооллыг дахин хөгжүүлэх төсөл) ажилд шилжинэ.


- Дээр дурдсанчлан УБ хотод дэмжлэг үзүүлэхэд гамшгаас хамгаалах асуудлыг чухалчлан үзнэ. Гамшгаас хамгаалах төв байгууллагыг бэхжүүлэх замаар гамшгаас хамгаалах асуудлыг зонхилох хандлага болгож, бусад хотын гамшгаас хамгаалах арга хэмжээг дэмжинэ.  

Агаарын бохирдол, хүлэмжийн хийн тооллого, гэр хорооллыг дахин хөгжүүлэх, бүс нутгийн гамшгаас хамгаалах асуудал зэрэг
Тэргүүлэх чиглэл 3:
Хүртээмжтэй нийгмийг бий болгох
6. Нийгмийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад хүрэх

- ЭЗ-ийн өсөлттэй уялдсан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг бүс нутаг ялгаагүй хүртэх боломжийг хангахын тулд Япон, Монголын сургалтын эмнэлгийг түшиглэсэн техникийн хамтын ажиллагаа хэрэгжүүлэн, эрүүл мэндийн боловсон хүчнийг бэхжүшүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


- Дундаж давхаргын өсөлтийг дагалдсан өвчлөлийн бүтцийн өөрчлөлтөд чиглэн өвсний үндэс болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны схемийг бүтээлчээр ашиглан эрүүл мэндийн системийг бүрдүүлэхийг зорино. 

Япон-Монголын сургалтын эмнэлэг, төгсөлтийн дараах сургалт, жирэмсэн болон төрсний дараах үеийн эрүүл мэнд, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг
7. Нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах

- Эдийн засгийн өсөлт тэнцвэртэй, эрүүл нийгмийг бий болгохын тулд нийгмийн суурь үйлчилгээг (суурь боловсрол, нийгмийн хамгаалал) иргэн бүр ялгаваргүй хүртэж байхуйцаар уг үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилт тавина.

Загвар сургууль барих, суурь боловсрол, нийгмийн даатгал, тэтгэвэр гэх мэт.
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах

 - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орох(хөгжлийн бэрхшээлийг эрт оношлуулах)-оос гарах(ажилд орох, нийгмийн амьдралд оролцох) хүртэл тууштай дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэрэгцээндээ таарсан хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ авч чадахужйц загвар бий болгож, улсын хэмжээнд дэлгэрүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих гэх мэт. 

Эх сурвалж: ЖАЙКА (Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага)

Гэвч тэр холоос сэтгэл гарган санаачилсан төслүүд энд хэрэгжих явцад үүсдэг нэг том асуудал нь манай төрийн тогтворгүй байдал гэдгийг тус байгууллагын ажилтнууд онцлов.

Төр гэхээр арай ч том сонсогдож мэдэх юм. Төрийн албан хаагчдын гэвэл зохих байх. Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1.5 гэсэн судалгааг Үндэсний статистикийн хороо гаргаж байсан. Тэгвэл энэ хугацаанд солигдсон хэн нэгэн эрх мэдэлтэн “өөрийн” хүнээ аль том, ашигтай гэсэн албан тушаалд томилдог өвчин Монголд газар аваад удаж буй. Харин тэр хурган дарга нар төрийн албанд дураар дургиж, дуртайгаа халж сольдог нь нууц биш. Яг энэ завхрал урт хугацааны бодлого, олон улсын хамтын ажиллагаанд сэв суулгадаг аж. Ямар сайндаа ЖАЙКА-ийн Зүүн болон Төв Ази, Кавказын салбарын Зүүн Азийн хэлтсийн захирал Яко Ёшито хүртэл энэ талаар сөхөж байх вэ. “Манай байгууллага Монгол Улстай хамтын ажиллагаа  явуулахдаа Монголын Засгийн газар болон хэрэгжүүлэгч агентлагийн холбогдох хүмүүстэй хамтарч ажилладаг. Энэ зарчмын гол шалтгаан нь төсөл хэрэгжиж дууссаны дараа Монголын талын хамтарч ажилласан байгууллага маань тухайн төслийн үр дүнд бий болсон зүйлийг цаашид өөрсдөө улам сайжруулаад, бие даагаад аваад яваасай гэж хүссэнийх. Гэвч Монгол Улсын нэг онцлог нь шийдвэр гаргагчид ойр ойрхон солигддог. Аль нэг яамны сайд солигдоход дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга хүртэл солигдох тохиолдол байдаг. Үүнээс болоод бидэнтэй хамтарч ажиллаж байсан хүмүүс өөрчлөгдсөнөөр төсөл цаашаа амжилттай хэрэгжихгүй, үр дүнгүй болох, бие даан үр дүнд хүргэхгүй байх асуудал үүсдэг” хэмээн ярьсан юм. Тиймээс аливаа төслийг хариуцсан мэргэжилтэн, ажилтнуудын сурч мэдсэн зүйл нь цаашид уламжлагдаад, тогтвортой үргэлжилдэг тогтолцоог бүрдүүлбэл бид баярлах болно гэж учирлав. 

Тэр холоос сэтгэл гарган санаачилсан төслүүд энд хэрэгжих явцад үүсдэг нэг том асуудал нь манай төрийн тогтворгүй байдал

Монгол Улс гэрийн даалгавар муу хийдэг болох нь энэ мэт зүйлээс шалтгаалдаг аж. Түүнээс гадна ОУВС-нд өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн тул Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн II шатны хүрээнд ЖАЙКА-аас олгохоор тохирсон санхүүжилт Монгол руу шилжихгүй хүлээгдэж буй талаар ч бид ярилцаж амжсан. ЖАЙКА-ийн захиас ийм байв.  

Уг нь Монгол Улсын эдийн засагт маш их нөөц боломж байгааг Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-ын Хилийн чанад дахь судалгааны хэлтсийн дарга Като Кожи онцолсон. Байгалийн баялаг, ашигт малтмалын экспортод тулгуурласан эрсдэл өндөртэй эдийн засгийн бүтэцтэй тул уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулснаар тогтвортой бөгөөд өсөлттэй эдийн засаг бий болгох боломжтой хэмээн бидний мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй дүгнэлтийг хийсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс анх удаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь Япон улс. Харин тус улсын хувьд 15 дахь улс нь Монгол.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Японоос Монгол руу гаргаж байгаа бараа эргэлтэд огцом өөрчлөлт ороогүй бол Монголоос Япон руу эспортолж байгаа хэмжээ нэлээд өсөж, заримдаа буурч байгаа ч ноолууран бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг Като Кожи хэлэв. Монголтой хийх худалдааг нэмэгдүүлж, монгол компаниудыг мэдээллээр хангаж буй нэг хэрэгсэл нь Азийн гадаад худалдааг дэмжих форум(ATPF) бөгөөд МҮХАҮТ гишүүн байгууллагаар оролцоод явж байгаа гэнэ. Энэ форумаас олж авсан мэдээллээ Монголын компаниудад түгээж, сүлжээ үүсгэн, холбоо тогтоох зорилготой. 

График 3. Япон улстай хийсэн худалдааны эргэлт (Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн өмнөх хоёр жил ба дараах хоёр жил)

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаас хойших гурван жилд япон машины импорт 70 гаруй хувь нэмэгдсэнээс биш монгол компаниудын гарах боломж хүлээсэн хэмжээнд өсөөгүй гэж монголчууд ярьдаг. Тэгвэл ийм хэлэлцээрийн үр дүнг дүгнэхийн тулд дор хаяж 5-6, цаашлаад 10 жил харах хэрэгтэй гэдгийг хэд хэдэн хүн хэлж байв. Гэвч сайжруулах зүйлс байвал харилцан ярилцаад өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг ГХЯ-ны холбогдох ажилтан хэлсэн бөгөөд одоогоор Монголоос ямар нэгэн санал албан ёсоор гараагүй гэдгийг мөн дурдсан.

Хөрөнгө оруулах үүд хаалгыг нээсэн энэ хэлэлцээр батлагдсан ч эрсдэл байсаар байгаа учраас Японы талаас дорвитой өсөлт харагдахгүй байж болзошгүй хэмээн Като Кожи хувь судлаачийн зүгээс оношлов. Тодруулбал дараах зургаан эрсдэлийг нэрлэсэн. Үүнд:

  • Хүн ам цөөн
  • Тээврийн зардал өндөр
  • Байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөл
  • Улс төрийн тогтворгүй байдал
  • Монголын компани, ААН, байгууллагуудын мэдээллийг олж авахад нэлээд дутагдалтай
  • Үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа Хятад, Солонгосын олон компани байгаа учраас өрсөлдөөнтэй.

Товчхондоо, тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулаад үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тэр нь ямар хугацаанд, хэдий хэмжээний ашиг орлоготой, ямар байдалтай болох вэ гэдэг цаашдынхаа нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдал нь хөрөнгө оруулагчдыг нэг талаар үргээдэг гэсэн үг.

Сүүлийн үед япончууд манай хамгийн чухал салбар болох боловсролд санаа тавьж буйг онцлох хэрэгтэй болов уу. Тоо хэлье л дээ. Япон дахь гадаад орны оюутны тоогоор Монгол Улс 11-т бичигдэж байгаа юм. 3,124 монгол оюутан тэнд суралцаж байгаа нь 10,000 хүнд ногдох оюутны тоогоороо дээгүүр үзүүлэлтэд орно. Цаашид хиймэл оюун ухаан, инженерийн чиглэлээр монгол оюутнуудыг сургах талаар анхаарч буй зарим нэг хувийн компани байгаа аж. Харин Япон дахь нийт монголчуудын тоо 10,000 давсныг тус улсын Хууль зүйн яамны вэб хуудсаас харах боломжтой. 

Цаашид монгол залуус Японд татагдах нэг хүчин зүйл нь шинэчлэгдээд удаагүй Тусгай мэргэжлийн ур чадвартай ажилтнуудыг хүлээн авах тогтолцоо. Манай залуус япончуудтай ижил түвшинд хөдөлмөрөө үнэлүүлэх боломж нөхцөл үүгээр бүрдсэн билээ. Япончууд монголчуудад төсөөлснөөс илүү элэгтэй мэт сэтгэгдэл эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцах явцад төрж байлаа. 

 

Токио хот төдийгүй Япон улс тэр чигтээ нэг жилийн дараа болох “Токио 2020” олимпоор амьсгалж байна. Ирэх жил бөмбөрцгийн спортын хорхойтнуудыг хүлээн авах бэлтгэлээ базааж, үүнд улс даяараа хувь нэмрээ оруулж буйг олимпын аваргуудад олгох медалийн үйлдвэрлэл дэлхий нийтэд харуулсан биз ээ. Тэгвэл “Тоёото” компани олимпод зориулсан цоо шинэ загварын такси үйлдвэрлэсэн нь үйлчилгээнд хэдийнэ нэвтэрчээ.

Технологийн хөгжлөөр хэдэн арван жил түүчээлсэн энэ орны олон үйлчилгээ автоматжсаныг бие засах өрөөнөөс эхлээд л гаднын гийчдэд мэдрүүлнэ. Тэгвэл таксинд суухдаа та хуучны машин байсан ч тэр, хаалгыг нь татаж, түлхэх ямар ч шаардлагагүй ажээ. Олимпод зориулан үйлдвэрлэсэн, авсаархан хэрнээ өндөр хүн ч хөлөө жийгээд суухуйц зай талбай сайтай тэрхүү хар тэрэгний цонхон дээрх “1.052 км нь 410 иен” гэсэн бичиг өөрийн эрхгүй анхаарал татна. Нэг км биш, 1.052 гэсэн нь япон хүмүүсийн аливаад дэндүү нягт нямбай, яс ханддагийг илтгэх мэт.

Үргэлжлэл бий.