Индэр    
2019 оны 8 сарын 24
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 26: Хүүхдээ ухаалаг болгон хүмүүжүүлэх ТАВАН АРГА

Зураг

Тархи судлаач, био инженер Жон Медина 2010 онд “Brain rules for baby” номоо гаргажээ.

Ном таван бүлэгтэй бөгөөд жирэмсэн байхаасаа эхлэн хүүхдээ аз жаргалтай, ухаалаг хүн болгон хүмүүжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэйг өгүүлснийг UNLOCK подкасттай хамтран хүргэж байна.

"Brain rules for baby" номын тухайг сонсох:

"Brain rules for baby" ном нь таван бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт жирэмсэн үед анхаарах зүйлс, баримтлах зөвлөгөөг хүргэсэн бол хоёрдугаар бүлэгт гэр бүлийн харилцааны талаар хөнджээ. Тухайлбал, 

Америк гэр бүлийн харилцаанд судалгаа хийхэд тэдний 83 хувь нь хүүхэдтэй болсны дараа харилцаа нь муудсан гэжээ.

Учир нь хүүхэдтэй болсноор хосуудын нэгэндээ зарцуулах цаг гурав дахин багасдаг.

Тиймээс гэр бүл, найз нөхдөөсөө тусламж хүсэж, хамгийн багадаа долоо хоногт нэг удаа хосууд хоёулхнаа цагийг өнгөрүүлж байх хэрэгтэйг номын зохиогч Жон Медина зөвлөжээ. Түүнчлэн хүүхдээ хөхүүлэхээс эхлээд асрах, халамжлах үүргийн ихэнх нь ээжид оногддог тул аавууд гэр орны ажлаа хийх нь оновчтой юм.

​Хэрэв эцэг, эх нь хоорондоо маргаж, энэ байдал нь хэд хоног үргэлжилбэл хүүхдийн тархинд цочрол үүсдэг. Дөрвөн долоо хоногийн турш ямар ч маргаан гарахгүй тохиолдолд л тэрхүү цочрол нь арилдаг байна.

 

Хэрүүл маргаантай гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий зантай, ууртай нэгэн болдог тул эцэг, эхчүүд гэр бүлийн харилцаандаа амар тайван байдлыг эрхэмлэх нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд онцгой нөлөөтэй.

Хүүхдээ ухаалаг нэгэн болгож төлөвшүүлэх зарчмууд

 

Ухаалаг хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?

Энэ асуултын хариуг “Brain rules for baby” номын гуравдугаар бүлэгт “Сониуч, шинэ санааг эрэлхийлдэг, тэвчээртэй, ирээдүйн эрсдлийг зөвөөр үнэлдэг, зоригтой алхам хийдэг, хэл ярианы чадвар нь багаасаа сайн хөгжсөн хүмүүс ажил хэрэгтээ амжилттай явах магадлал өндөр байдаг” хэмээн тодорхойлжээ. 

Тэгвэл хүүхдээ хэрхэн ийм болгож төлөвшүүлэх вэ?

1. Хамгийн багадаа нэг жил хөхөөр хоолло. Хөхөөр хооллосноор тархинд хэрэгтэй маш олон төрлийн шимт бодис очдог.

2. Хүүхэдтэйгээ их ярилц. Хэл яриа хөгжсөнөөр тархины бусад хэсэг хамт хөгждөг. Хүүхэд төрснөөсөө хойш 42 минутын дараагаас хүнтэй харилцах чадвартай болдог аж. Хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох олон төрлийн үгээр ярилцах хэрэгтэй.

 

3. Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх тоглоомуудаар тоглуул. Айл гэр болж тоглох нь нийгмийн харилцаанд бэлдэж буй нэг хэлбэр. Ингэж тоглосноор хүүхдүүд нийгмийн харилцаанд хэн нь ямар үүрэг хүлээдгийг танин мэдэж эхэлдэг байна.

 Хэрэв эцэг, эх нь хүүхдүүдээ тоглож дууссаны дараагаар тоглох явцад үүссэн бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн болон юуг ойлгож авсан бэ зэргээр ярилцвал үр дүн нь нэмэгдэнэ. Мөн эвлүүлдэг тоглоом ч хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд тустай.

4. Зөв магтах. Хүүхдээ ухаантай гэж биш хичээл зүтгэлтэй байгааг нь магт. "Ухаантай хүүхэд шүү" гэх нь төрөлхийн гэсэн утгатай учраас хүүхдүүд би угаасаа ухаантай гэсэн байдлаар хүлээн авдаг.

Гэвч сургуульд орж, анги ахих тусам хичээл зүтгэл их шаардагдахад ч, муу дүн авсан ч хичээл зүтгэл гаргадаггүй. Харин "Улам их хичээгээрэй", "Чи хийж чадах ёстой", "Чиний амьдрал чиний гарт байгаа" гэж ойлгуулах буюу өсөн хөгжих сэтгэлгээтэй болгох хэрэгтэй. 

Хичээл зүтгэлээрээ магтуулсан хүүхэд ухаантай гэж магтуулсан хүүхдээс 50 хувь илүү дүн авдаг нь судалгаагаар гарчээ.

5. Зурагт бага үзүүл. 0-2 настай хүүхдэд зурагт үзүүлэх хор уршигтай. Яагаад гэвэл, энэ насны хүүхэд зурагтаар гарч буй зүйл болон бодит байдлыг ялгадаггүй.

Харин 2-5 насны хүүхэд ээж, аавынхаа хяналтад цуг үзэх ёстой. Ингэхдээ өдөрт 1-ээс бага цаг үзүүлнэ. Харин 5-аас дээш насанд агуулгаасаа хамааран үзүүлж болохыг "Brain rules for baby" номд өгүүлжээ. Гэхдээ зурагт их үзүүлснээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадамж буурдгийг ч сануулсан байна.

Та энэхүү холбоос дээр дарж, хүүхдээ хүмүүжүүлж буй өөрийн арга барилыг хэр оновчтой байгааг 20 асуултаар шалгах боломжтой.