Индэр    
2019 оны 8 сарын 10
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 24: Nike-ийг үүсгэн байгуулагч Фил Найтыг амжилтад хүрэхэд нөлөөлсөн ЗУРГААН ЧАНАР

 

Unlock подкастынхаа бичмэл хувилбарын энэ удаагийн дугаарт Nike брэндийг үндэслэн байгуулагч Фил Найтын бичсэн “Shoe dog” номыг хүргэж байна.

Фил Найт бол Nike брэндийг хамтран үүсгэн байгуулагч бизнесмэн хүн бөгөөд 2016 онд эд хөрөнгөөрөө дэлхийд 24-т бичигдэх баян хүнд тооцогдож байсан юм.

Тэрбээр, АНУ-н Орегон мужийн их сургуулийг төгсөж, Стэнфордын их сургуульд Бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалжээ. Ореганы их сургуульд сурч байх хугацаандаа хөнгөн атлетикаар хичээллэдэг, гүйлтийн спортод сонирхолтой байсан нь түүнийг энэ амжилтанд хүрэхэд их нөлөөлсөн гэж хэлж болох юм.

Энэхүү номд 20 гаруйхан настай Фил Найт анх жижигхэн гутлын дистрибьютороос л бизнесийн гараагаа эхэлж хэрхэн Nike брэндийг үүсгэн байгуулсан тухай өгүүлдэг.

Өдгөө Nike-г хүн бүрийн мэддэг дэлхийн нэртэй брэнд болгоход олон асуудал, бэрхшээл тулгарч байсан нь мэдээж.   

Зарим номд ихэвчлэн амжилтанд хүрсэн тухайгаа өгүүлэхдээ азтай үеээ дурдсан байдаг бол Фил Найт “Shoe dog” номдоо Nike-г үүсгэн байгуулахад ямар хүндрэл тулгарч байсан болоод тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан тухайгаа бичсэн гэдгээрээ онцлогтой.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Номд өгүүлсэнээр Фил Найт бага байхдаа бейсболлын багаас хасагдсан төдийгүй коллежид сурах хугацаандаа хөнгөн атлетикийн багт байсан хэдий ч тэмцээнд нэг ч удаа түрүүлж үзээгүй. Мөн чухал гэрээ хэлэлцээр, уулзалтын өмнө ярих зүйлээ олон удаа давтаж цээжилдэг байв.

Тэр бүтээгдэхүүн зохион бүтээх зохиох тал дээр огт авьяасгүй нэгэн бөгөөд хэзээ ч өөрөө гутлаа зохион бүтээж байгаагүй аж. Энэ бүхнээс түүнийг хувь хүн талаасаа ичимхий, ямар нэг гоц авьяасгүй жирийн л хүн байсныг харж болох юм.

Гэхдээ түүнийг ийм өндөрлөгт хүрэхэд нь хэд хэдэн чанарууд нь нөлөөлсөн юм.

Шинэлэг, зоригтой алхам хийж чаддаг
 

Их сургуулиа төгсөөд шууд л том компанид ажиллах боломж Филд байсан боловч тэр ааваасаа мөнгө зээлэн дэлхийг тойрон аялахаар шийддэг.

Ингэхдээ тэр зүгээр ч нэг аялж, өөрийгөө зугаацуулах талаар бодоогүй юм. Аялах хугацаандаа Японы гүйлтийн гутлыг АНУ-д оруулж ирж зарах төлөвлөгөөг дотроо боловсруулсан байсан нь гайхшрал төрүүлмээр.

Тодруулбал, Тэр Японы Оницука гэх гутлын нэртэй том компанитай гэрээ хийж, тэдний үйлдвэрлэдэг Tiger брендийн пүүзийг Америкд борлуулах эрх авахыг үүргэвчтэй аяллынхаа гол зорилго болгож зориг шулуудсан байлаа.

Тухайн үед гүйлтийг хүмүүс зүгээр л тэнэг хүмүүсийн хийдэг цаг үрсэн зүйл гэж боддог байсан бол Фил харин гүйлтээр олон хүн хичээллэвэл эрүүл мэнд, сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлнө гэж итгэдэг байв.

Оницука компанийн төлөөлөлтэй уулзах үе ирэхэд түүнд компани битгий хэл гутлыг нь зарж борлуулчих лангуу ч байгаагүй юм. Түүнээс тухайн компанийнхан ямар газраас санал тавьж байгааг асуухад тэр зүгээр санаанд орсон нэрээ хэлж тэдэнд итгүүлж чадсан.

Азаар л гэрээ хэлэлцээр нь амжилттай болсон бөгөөд тэр харин буцаж очсоныхоо дараа л "Blue Ribbon Sports" гэх анхны компаниа байгуулсан тухайгаа номд бичжээ.

Филийн энэ мэт зоригтой алхмууд маш олон жишээн дээрээс ажиглагддаг.

Тэр Адидас, Пума зэрэг том том брэндүүдийг огт авч хэлэлцдэггүй байсан бөгөөд Фил энгийн нэг оюутнаас гарсан санааг шинэ загвар болгон туршиж үзэн, энгийн болон хортой нөхцөлд ажиллах байдлыг шинэ технологиор сайжруулах, шинэ бүтээгдэхүүнээ өөр өрсөлдөгчиддөө үнэгүй өгөх гэх мэтээр үргэлж шинэлэг алхмуудыг туршдаг байсан тухай номд гардаг.

Хийх зүйлдээ төвлөрч чаддаг
 

Мөн дэлхийн II дайн дуусаад удаагүй байсан үед Япон руу явна гэдэг хэний ч толгойд оромгүй зүйл байсан юм. Дээрээс нь Фил Япон хэл огт мэддэггүй байж хэлэлцээр хийж чадсан нь сонирхол татмаар.

Япон руу явж байхдаа Фил "Япончуудтай хэрхэн хэлэлцээр хийх вэ" гэсэн гарын авлага уншиж, түүнийгээ маш сайн цээжилсэн. 

Тэнд очсон хойноо ч гэсэн нутгийн сэтгүүлчидтэй уулзан Япон хүмүүс ямар байдаг, тэдэнтэй хэрхэн харьцах хэрэгтэй гэдгийг судалж, ярих гэж байгаа зүйлээ Япон хүмүүсийн өнцгөөс харахыг хичээсэн нь ихэнх хүмүүст байдаггүй нэгэн чухал чанар нь байсан гэж хэлж болох юм.

Тэр телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа "Ямар нэг зүйл хийхдээ бүх зүрх сэтгэлээ зориулж, бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Бизнес хийхэд хар бараан зүйл маш их тулгардаг түүнийг л даван гарах хэрэгтэй" хэмээн хэлсэн байдаг.

Өөртэйгөө адилхан хүсэл, сонирхолтой хүмүүсээр багаа бүрдүүлэх
 

Түүний бүрдүүлж чадсан хамгийн эхний хүн нь дасгалжуулагч нь байв.

Фил Найт аяллаас буцаж ирсэн даруйдаа их сургуульд өөрийг нь хөнгөн атлетикийн багт дасгалжуулж байсан Билл Боуэрман гэх дасгалжуулагчаа "Blue Ribbon Sports" компанийн хамтран үүсгэн байгуулагчаар сонгодог.

Боуэрман бол угаас гүйлтийн гутлын талаар маш их сонирхдог байсан. Бүр тамирчиддаа өөрийн хийсэн гутлыг цөөнгүй өмсгөж байсан аж.

Ихэвчлэн түүний хийсэн гутлыг Фил өмсөж, туршилтын туулай болж байсан тухайгаа номд дурдсан байдаг.

Тэр хоёр нэг сонирхолтой байсан учраас Филийг коллежид байх үеэс л хоорондоо их гүйлтийн гутлын талаар их ярилцдаг байв. Тиймээс ч Билл Боуэрман гутлыг хэрхэн сайжруулах талаар шинэлэг санааг гаргаж Японы компанид хэлж өгдөг байжээ.

Мөн түүний  анхных нь ажилчид компанийг амжилтанд хүргэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн тухай номд бичсэн бөгөөд Nike гэдэг нэрийг ч ажилчид нь бодож олжээ.

Фил үргэлж өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг хамтрагчаараа сонгож авсан учраас л тэд ажилдаа маш дуртай ажилладаг байсан. Ажилдаа тэд дуртай учраас юу хийх ёстой талаар нарийн заах шаардлагагүй байдаггүй байв.

Мөн номоос уншихад Фил Найт ихэвчлэн нягтлан бодогч эсвэл хуульч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байсан нь сонирхол ихэд татаж байгаа юм.

Энэ тухай тэрбээр "Нягтлан бодогч, Хуульч мэргэжлийг тухайн хүн эзэмшихийн тулд маш их хөдөлмөр гаргаж, маш их даван туулдаг учраас ердийн жижиг саад бэрхшээлийг хялбар шийдэж, хөдөлмөрлөж чаддаг болсон байдаг.

Мөн тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд үргэлж арга замыг хайдаг гэдгийг анзаарсан" хэмээн номд бичжээ.

Зөвхөн энэ номноос ч биш бусад амжилттай яваа том компаниудын намтрыг харвал үргэлж л хүмүүсээ анх авахдаа ажилдаа хэр дуртай эсэхээр шалгаруулдаг байсан нь анзаарагддаг. Яах аргагүй чанартай баг бүрдүүлэх нь бизнесийн хамгийн чухал хүчин зүйл юм.
Учирч болох эрсдлүүдийг маш бодитоор харж, сайн тооцоолсон
 

Номынхоо турш тэр Nike хөл дээрээ босох хүртэл ямар их хүнд бэрхшээлтэй тулгарч байсан тухайгаа нэг бүрчлэн бичсэн байдаг.

Гэсэн ч Фил эрсдлүүдийг сайн тооцоолж, асуудлыг бодитоор харж чаддаг байсан учраас л тэр бэрхшээлүүдийг давж чадсан нь номыг уншиж байх явцад анзаарагдана. 

Тухайлбал, Компани бэлэн мөнгөгүй болсон ч жил ирэх тусам барааны эргэлтээ нэмэгдүүлж байсан.

Энэ их эрсдэлтэй алхмыг банк хүлээж аваагүй учраас зээл өгөхгүй, Японы компани нь бараагаа товлосон цагтаа явуулахгүйн улмаас бэлэн мөнгө нь орж ирэхгүй байсан бөгөөд банканд зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байсан гэх мэт маш олон асуудал зэрэг зэрэг үүсч байжээ.

Сүүлдээ Оницука Филийг худлаа хэлж хэлэлцээр хийснийг, мөн "Blue Ribbon Sports"-г маш жижигхэн компани болохыг олж мэдсэн даруйдаа АНУ-д зах зээлээ илүү өгсөхөөр арай том борлуулагч хайж эхэлсэн. Үүнийг Фил бодит байдлын үндсэн дээр гадарлаж, одоогийн бидний мэдэх Nike брэндийг үүсгэсэн түүхтэй.

Оницука болон Nike-н хоорондын энэхүү зөрчилдөөнөөс болж шүүх хуралд хүртэл Фил Найт дуудагдаж байсан бөгөөд маш олон зүйлийг даван туулсны дараа Билл Боуэрманы гаргасан санаанууд Nike-н өмч болон үлддэг.

Энэ явдал намжаагүй байхад Nike-н үсрэнгүй хөгжилд атаархсан зарим өрсөлдөгч, эрх мэдэлтнүүдэд нөлөөлж Nike-г их хэмжээний татварыг нөхөн төлөлтийн хэрэгтэн болгосон гэх мэтээр үнэхээр олон саад бэрхшээл тэдэнд тулгарч байв.

Nike-г байгуулагдсан цагаасаа хойш эхний 10 гаруй жилийн хугацаанд хэзээ ч дампуурахад бэлэн байсан юм.

Энэ бүх цаг үед тэд үйл ажиллагаагаа явуулсаар байсан нэг шалтгаан нь Фил Найт нөхцөл байдлыг бодитойгоор харж чаддаг байсантай холбоотой.

Энэ талаар Фил болон түүний ажилчид дампуурлын ирмэгт байсан компанийн бодит нөхцөл байдлыг байгаагаар хүлээж авч, үнэхээр аргагүй дампуурсан тохиолдолд дахин эхнээс нь хийхээс өөр аргагүй гэх сэтгэлийн бэлтгэлтэй байсан хэмээн номд өгүүлжээ.

Итгэлцэл
 

Nike брэндийг үүсгэн байгуулахад итгэлцэл маш чухал нөлөөлжээ.

Мөн хүмүүс хоорондын итгэлцэл удаан хугацаанд бий болдог гэдгийг Филийн өмнө нь олон жил хамтран ажиллаж итгэлийг хүлээж чадсан байдлаас анзаарч болох юм.

Фил болон түүний нөхөд анх зүгээр л Японы нэг компанийн гутлыг худалдаалдаг байсан бол тэд энэ удаа өөрсдөө гутал үйлдвэрлэхээр болсон одоогийн Nike билээ.

Хамгийн анхны бүтээлээ спортын барааны үзэсгэлэн худалдаагаар танилцуулж байсан бөгөөд Японы компанийн Tiger-аас өнгө чанарын хувьд маш муу байсан аж.

Гэвч Фил Tiger-ийн гутлыг зарж, борлуулах хугацаандаа маш олон түншүүдтэй холбоо тогтоож чадсан учраас тэдгээр түншүүд нь анхны үзэсгэлэн дээрэээс нь л шууд захиалгаа өгдөг.

Дөнгөж гарч ирж байгаа чанар муутай брэндээс яагаад авч байгаа талаар хуучны түншүүдээсээ Фил Найт гайхан асуухад тэд "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Blue Ribbon Sports бидэнд зөвхөн хамгийн сайн чанартай гутлыг зарж байсан. Мөн танай ажилчид үргэлж цагтаа бараагаа нийлүүлж байсан учраас бид чамд итгэж байна" гэж хэлжээ.

Харин тэдний гаргасан анхны гутал нь бусад брэндүүдтэй харьцуулахад тийм ч муу байгаагүй. Магадгүй Tiger-ийн гутлууд маш чанартай байсан болохоор Nike-ийн анхны босго хэт өндрөөс эхэлсэн байж болох юм.

Анх хайрцгийг задалж үзэхэд өөрсдийнх нь хүлээж байснаас хэд дахин муу байсан болохоор тэд их сэтгэлээр унадаг.

Гэсэн ч Фил Найт бид ийм муу гутлыг өнөөдөр сайн борлуулж чадвал үүнээс хойш илүү муудна гэж байхгүй. Тиймээс өнөөдөр зарагдах эсэхийг үзээд алдая гэж шийдээд үзэсгэлэнд оролцсон нь тэр байв. 

Харин энэ үед маш сайн түншүүд итгэл найдвэр төрүүлснээр барахгүй тэр өдөр муу гэж бодож байсан гутал нь маш сайн борлогдсон. 

Шаргуу хөдөлмөр ба өөрийгөө олсон байдал
 

Фил Найт "Blue Ribbon Sports" компанид эхний ажилтнаа авчихаад байхдаа Японоос оруулж ирсэн гутлаа зарах дэлгүүргүй байсан учраас гэрээсээ зарж байсан. Ингэхдээ мөн утсаар захиалга аваад шуудангаар явуулж байв.

Гутлууд маш амжилттай зарагдаж байсан ч тэрбээр олсон орлогоо дараагийн авчрах гутлууддаа зарцуулж, өөртөө ч цалин тавьж чадахгүй байсаар нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн.

Тэр амьдарлаа залгуулахын тулд нэгэн аудитын компанид нягтлан бодогчоор, мөн коллежид багшаар ажиллах зэргээр мөнгө олдог байв.

Фил номыхоо төгсгөлд 20 гаруй настай залууст зориулж зөвлөгөө өгсөн байдаг нь "Амьдарлынхаа ажил мэргэжил карьерыг хэт эрт шийдэх хэрэггүй.

Хамгийн гол нь өөрийгөө сайн сонсож, хийхийг хүсэж байгаа зүйлээ олох хэрэгтэй. Дуртай зүйлээ хийж байгаа цагт чи сэтгэлээр унасан ч эргээд улам хүчтэй босож ирэхээс гадна хийж байгаа дуртай ажил чинь чамайг бага ядраана.

Хамгийн сүүлд нь чи дуртай зүйлээ хийж амжилтанд хүрч урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тэр гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно" хэмээжээ.

Хэрвээ та бизнес хийх гэж байгаа бол мөнгөний төлөө биш өөрийн гэсэн мөрөөдөлтэйгээр эхлүүлэх хэрэгтэй гэдэг санааг Фил Найт номын туршид гаргахыг хичээжээ.

Магадгүй тэр өөрөө спортод дургүй байсан бол гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа золиослон байж гутал хийхдээ бүх цагаа зарцуулж, өөртөө цалин ч тавилгүй тийм олон жил явж чадахгүй байсан байх.

Дашрамд дурдахад Nike-г дөнгөж байгуулаад байх үед ажилчиддаа мөрдөх ёстой дүрмийн сүүлд нь “Чи дуртай юмаа хий, Ингэхдээ чин сэтгэлээсээ хий. Ингэж чадвал чи хэзээ нэгэн цагт хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Тийм учраас битгий санаа зов” гэж байжээ.