Индэр    
2019 оны 8 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хожуул дээр ургаж буй ой

Зураг

Монгол Улсын хамгийн анхны ойн нөхөрлөлүүд 1998 онд Булган аймгийн Хангал суманд "Хан буян хамтлаг", Сэлэнгэ суманд "Зулзган хамтлаг" нэртэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 1,281 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж ойн санг хамгаалах, арчлах, мод тарих үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Нөхөрлөлийн гишүүд ойгоос гарсан хаягдал модоор бүтээгдэхүүн хийж, дагалдах баялаг болох түгээмэл ургамлыг түүж ахуй амьдралаа сайжруулсаар байгаа юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон хүнд асуудалтай тулгарсан ч өдгөө хожуул дээр ургах залуухан шинэс мэт бат суурьтай, тэмүүлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийн туршлагаас хуваалцъя.


Мөрөн хотоос 170 км газрыг энхэл донхолтой шороон замаар туулан дархад ястан түгээмэл суурьшсан Улаан-Уул суманд хүрэв. Аймгийн төвөөс гарсан цагаас хойш бараг бүтэн өдөр өгсөж явсаар хүрэх уг сум далайн түвшнээс дээш 1,200-3,400 м өргөгдсөн бөгөөд Хорьдол сарьдаг Улаан тайгын хооронд Дархадын хотгорт байрладаг.

Улаанбаатар хотоос 1,000 орчим км алслагдсан Улаан-Уул сумыг зорьсон нь тун чухал ажил хийдэг ч түүнийгээ үнэлүүлэх бус харин зарим хүнд адлагдаж байдаг ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнийг сурвалжлах байв.

Монгол Улсын хэмжээнд 1,281 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагаас 101 нь БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдаж байгаа ажээ.

Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг эдгээр 101 нөхөрлөл л гэхэд таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар, Монгол Улсын нийт ойн долоон хувийг хариуцан хамгаалж байна.
 

"Төслийн хүрээнд ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах, ойн аж ахуйн зарим арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилладаг. Түүнчлэн дээр дурдсан таван аймаг дахь 11 сум дундын ойн анги болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газруудтай хамтран ажиллаж байна.

Иймд өнгөрсөн хугацаанд төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр дүн ололт амжилтыг олонд таниулах, мэдээлэл солилцох зорилгоор ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа" хэмээн Төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго хэлсэн юм.

Ойн нөхөрлөлүүд юу хийдэг вэ?

1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр Монголд ойн нөхөрлөлүүд байгуулагдаж эхэлжээ. Улмаар 2007 онд Ойн хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш нөхөрлөлийн тоо хурдацтай нэмэгдсэн байна. Эхэн үедээ иргэд ойн нөхөрлөлд орох нь ойн дагалдах баялгийг ашиглах, түүнээсээ ашиг олох боломж хэмээн харж байснаас олон нөхөрлөл байгуулагдаж, зарим нөхөрлөлийн гишүүний тоо 300 гаруйд хүрч байсан ч удалгүй энэ байдал өөрчлөгдөж, ойн санг хамгаалах сэтгэл зүтгэлтэй цөөн тооны хүмүүсээс бүрдсэн нөхөрлөлүүд амжилттай үйл ажиллагаагаа явуулах болжээ.

Тэд ойн дагалдах баялаг болох унанги мод, үндсээр модон эдлэл хийх, зарим төрлийн ургамал, жимсийг түүх, шинээр мод тарих ажлыг голлон хийдэг. Шинэс, нарс, хуайс, хайлаас, агч, чацаргана, гүйс, буйлс, голтбор модыг үржүүлгийн талбайдаа тариалж, суурин газруудын ногоон байгууламжид ч нийлүүлдэг байна. Мод үржүүлгийн талбайтай нөхөрлөлүүдийн гишүүд мэргэжлийнхнээс дутхааргүй мэргэшсэн байдгийг төслийн багийнхан онцолж байв.

"Ойн нөхөрлөлүүдийн тариалсан модны суулгацыг орон нутгаас ирж 200-700 төгрөгөөр худалдан аваад, Улаанбаатарт 10,000-15,000 төгрөгөөр худалдаалж байгааг нэг бус удаа харж байсан. Нөхөрлөлүүд газраа чөлөөлөхийн тулд суулгацаа хямд өгөөд явуулдаг байсан ч сүүлийн үед дагнан модны суулгац тариалах бус өөр аж ахуй хамт эрхлэх болсон" хэмээн төслийн Булган аймаг дахь орон нутгийн зохицуулагч Д.Баярмаа ярьж байсан юм.

Тухайлбал, Булган аймгийн Хангал суманд байрлах "Эко Хан Буян" нөхөрлөл хоёр жилийн өмнөөс хожуул дээр мод тарин туршиж эхэлжээ. Хожуул доор үндсэнд баригдсан усан сан байдаг тул энд тарьсан мод жирийн хөрсөнд суулгасан модноос илүү ургах чадвартайг тус нөхөрлөлийн дарга Э.Энх-Эрдэнэ тайлбарлаж байв.

Мөн ойн дагалдах баялаг болох ургамал түүж 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл ч байна. Хөвсгөл аймгийн Түнэл суманд байрлах "Талын толгой" нөхөрлөл Их тайга цайны гол орц болох Хөвөн оройт хонгорзул цэцгийг тайгаас түүж, үйлдвэрт нийлүүлдэг. Уг ургамлын хувьд түгээмэл тархацтай бөгөөд тус нөхөрлөл Их тайга цааны үйлдвэртэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд нөөцийн судалгаа хийж, мөн сэлгэн тариалах туршилт хийсэн нь ч амжилттай болжээ.

Ургамлыг түүдэг нутгийн иргэдийн хувьд "Хөвөн оройт хонгорзулыг түүх тусам нэмэгддэг. Мөн шатсан газарт их ургадаг" хэмээж байв.

Нөхөрлөлүүд төр засаг, олон улсын байгууллагаас дэмжлэг хүсэх бус харин хамгаалж буй ойн сандаа түшиглэн зөгийн аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, мод үржүүлгийг эрчимтэй хийх болжээ.

Унанги модоор модон эдлэл хийгээд зогсохгүй үртсээр нь шахмал түлш хийж, хус модноос нүүрс гаргаж авсан нөхөрлөлүүд ч мөн байв.

Тэдэнд талархал ирэх ёстой ч...

Төр засаг, орон нутгийн хөрөнгөөр орон нутагт ойжуулалт хийхдээ хаа хамаагүй газраас нэг компани шалгаруулчихдаг тул нөгөө компани нь ирээд модоо тарьчихаад яваад өгдөг. Тарьсан мод нь ургахаасаа ургахгүй нь элбэг байдгийг нөхөрлөлийн төлөөллүүд ярьж байлаа. Үүний оронд тухайн орон нутагт байгаа нөхөрлөлүүдээр ойжуулалтын ажил хийлгэвэл хариуцах эзэн, хамгаалах хүнтэй байна гэдгийг зөвлөгөөний үеэр онцлон ярилцаж байлаа.

Нөхөрлөлийн гишүүдийн өмнө тулгардаг байнгын бэрхшээл бол орон нутгийнхаа малчид, иргэдтэй зөрчилдөх явдал гэнэ. Хариуцсан талбайдаа 11 жил түймэр гаргалгүй арчилж, шинэ тарьсан ойдоо мал оруулаагүйн төлөө, 50 тарвагыг 500 болтол хамгаалсны хариуд тэдэнд талархал бус харин эгдүүцэл ихээр ирдэг байна.

Гэсэн ч тэдний хулгайн анчид, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тэмцэл зогсохгүйгээр үл барим ойн сангаа нэмэгдүүлэн ажилласаар байгаа нь бахархалтай байв.

Дэлхийн чиг хандлага: Back to nature

Байгаль руугаа буцах буюу ойн санг нэмэгдүүлэх үйл явц Европт эрчимжсээр байна. Тодруулбал, 2018 оны байдлаар Европын холбооны нийт нутаг дэвсгэрийн 42 хувийг ой эзэлж байгаа юм. Ойжуулалт нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн муу нөлөөнөөс зайлсхийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул ойн санг нэмэгдүүлэх хандлага эрчимжсээр байна.

Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-аас эмхэтгэн гаргасан Дэлхийн ойн төлөв байдал-2018 судалгаанд дэлхийн хуурай газрын дөрөвний гурваас дээш хувийг эзэлж буй ой мод жил бүр ойролцоогоор 2 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг талаар дурджээ.

Европтой харьцуулахад манай улсын ой маш бага талбайг хамардаг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 11.8 хувь нь ой хэдий ч уг ой нь маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг.

Тодруулбал, Монгол орны ой гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг эндэгдэл эрсдлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна Сибирийн их тайгын үргэлжлэл, дэлхийн гурван томоохон усан хагалбарыг дагаж ургадаг уулын ой юм./Эх сурвалж: Монгол улсын ойн сан 2017/

Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай багассаар 1950 оныхоос бараг хоёр дахин буураад байна.

Тиймээс чухал ач холбогдол бүхий ойн санг хамгаалахад байгаль хамгалагчид, сум дундын ойн ангиуд үүн дээр ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа онцлох үүрэгтэй юм.

Ойн нөхөрлөлийн гишүүдийн хийсэн бүтээлүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийн ажлын албатай 77110344 утсаар холбогдон ойн нөхөрлөлүүдийн мэдээллийг авах боломжтой.