Индэр    
2019 оны 7 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 21: Хайрын таван хэл

Зураг

Unlock подкастынхаа бичмэл хувилбарын энэ удаагийн дугаарт Гери Чепманы бичсэн "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг хүргэж байна.

25 жилийн өмнө хэвлэгдсэн цагаасаа хойш олон сая гэр бүл, хосуудын амьдралд эерэгээр нөлөөлж чадсан энэхүү ном нь дэлхийн даяар 11 сая хувь борлогдож, олон удаа “New York Times”-ийн шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ.

Хайрын таван хэл ном нь гэр бүл, хүүхэд, ганц бие хүмүүст зориулсан гэх олон төрөл байдаг.

Тус номын зохиогч Гери Чепман нь 20 гаруй наснаасаа л гэр бүлийн зөвлөгөө өгч ирсэн бөгөөд салалтын эрмэг дээр байсан олон мянган хосын харилцааг сэргээхэд тусалжээ.

Хосууд бие биедээ хайраа илэрхийлж, хүлээн авахын тулд таван төрлийн хайрын хэлийг ашиглах хэрэгтэй гэдгийг энэхүү номд өгүүлдэг. 

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Хосуудын харилцааны хамгийн том төөрөгдөл бол хайр, дурлал хоёрыг ялгадаггүй байдал юм. Үүний улмаас зарим хүн гэрлэснийхээ дараа харилцаандаа сэтгэл дундуур байх тохиолдол бий.

Номонд дурдсанаар хайр, дурлал гэдэг бол өөр хоорондоо ялгаатай зүйл бөгөөд дурлал ердөө хоёрхон жил үргэлжилдэг богино хугацааны мэдрэмж байдаг бол хайр урт хугацааны турш, насан туршид үргэлжилдэг аж. Өөрөөр хэлбэл, дурлалын дараах үе шат нь хайрлах гэсэн үг юм.

Тиймээс дурлалын сэтгэл хөдлөлийг биш, жинхэнэ хайрыг ойлгоход цаг хугацаагаа зориулах нь зүйтэй алхам. 

Хосуудад нийтлэг тохиолддог зүйл бол гэрлэсний дараа хайр нь алга болчихлоо гэх мэтээр гомдоллодог. Учир нь тэд хоорондоо хайрын ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүйн улмаас ийм үл ойлголцол төрдөг байна.

Мөн хүн гэдэг өөрөө байгалиасаа хайрыг мэдрэх гэж тэмүүлж байдаг сэтгэлийн амьтан учраас хүн бүрт хайрын сав байдаг.

Тиймээс хосууд бие биеийнхээ хайрын савыг дүүрэн байлгах нь урт хугацааны гэрлэлтийн үндэс гэдгийг энэхүү номд тайлбарлажээ.

Мэдээж тэрхүү савыг дүүрэн байлгахын тулд та түүнийхээ хайрын хэлээр ярих хэрэгтэй. Хосынхоо хайрын хэлийг мэдэхгүй байх нь хоёр өөр улсын хэлээр хоорондоо яриад байгаатай адил гэсэн үг юм.

Хосуудын хоорондоо харилцдаг хайрын таван хэл

1.Урмын үгс
 

Хэрвээ та түүнээр ямар нэг зүйл хийлгэхийг хүсэж байгаа бол үглэж уурлах хэрэггүй. Харин оронд нь урмын уг, магтаалаар хэлэх үзэх нь зөв. Магадгүй хос тань энэ төрлийн хайрын хэлтэй бол түүнд зориулсан урмын ганц үг түүнийг маш их аз жаргалтай болгоно.

Тиймээс сэтгэлээс гарах сайхан үгсийг хайртдаа харамгүй хэлж байх хэрэгтэй. Мэдээж бүгдийг нь нэг дор биш л дээ. Ядаж л өдөрт нэг удаа магтаалын үг ханьдаа хэлдэг байх хэрэгтэй юм.

Ингэхдээ та түүнийг магтаж болно, дэмжиж болно, эелдэг үг хэлж болно. Энэ нь гагцхүү таны хэлэх үгний өнгө аясаас ихээхэн шалгаална гэдгийг санаарай.

Тухайлбал,

  • Аливаа асуултад зөөлөн, намдуухан өнгө аясаар хариулах нь ямар ч уур хилэнг дарж чаддаг. Тиймээс та хостойгоо аль болох тайван, зөөлөн харьцах хэрэгтэй. Ямар ч асуудал гарсан зөөлөн байдлаар хандан уучилж сурах хэрэгтэй.

  • Төлөв даруу үгнүүдийг ашиглах хэрэгтэй. Хайр гэдэг нь ямар нэг зүйлийг шаарддаггүй харин хүсэлт гаргадаг зүйл учир та өөрийгөө даруу байдлаар илэрхийлэх нь чухал.

  • Хосоо бусдын өмнө магтаж бай. Хайртай хүнийхээ сайхан байдлыг олон хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрнө гэдэг түүнд үзүүлж буй маш том хүндлэл юм.

Энэ хэлээр ярьдаг хүмүүс үгийг өөртөө маш гүнзгий хүлээж авдаг учраас хэлэх үгэндээ анхаарах хэрэгтэй аж.

Мөн энэ төрлийн хайрын хэлийг хүн бүр их хэрэглээд байдаггүй бөгөөд тухайн хүн ямар орчинд өссөнөөс шалтгаалж хайрын хэл нь өөр өөр байх магадлалтай. 

2.Хамтдаа цагийг өнгөрүүлэх
 

Ханьдаа зориуд зав гаргаж, зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулах хэрэгтэй. Гэхдээ хамтдаа цагийг өнгөрүүлэх гэдэг нь зөвхөн хамт амьдрах, хажууд байхын нэр биш учир өнгөрүүлж буй цагаа та хоёр аз жаргалтайгаар нэг нэгэндээ нөлөөлж чадаж байгаа эсэхээ бодох нь чухал.

Хосууд хэдийгээр хамт амьдарч байвч, өөр өөр зүйлд анхаарлаа хандуулах нь буруу.

Энэ тал дээр бидний нийтлэг гаргадаг алдаа нь хосынхоо хэлж байгаа үгэнд анхаарал хандуулалгүй, энгийн яриа мэтээр хүлээн авч, зөвлөгөө өгөхийг урьтал болгодог. Гэвч энэ төрлийн хайрын хэлтэй хүмүүс зөвхөн зөвлөгөө авах гэж биш, аргадуулж, хайр халамж авахын тулд асуудлаа хосдоо ярих нь элбэг.

Тиймээс хэрвээ хос тань танд асуудлаа ярьж, гомдоллож байвал зөвлөгөө өгөхөөсөө өмнө аргадаж, энхрийлээрэй.

Хамтдаа цагийн өнгөрөөхийн тулд:

  • Хайртынхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий

  • Үгийг нь таслалгүй, сэтгэлийг нь ойлгохыг хичээ

  • Аялалд хамт яв

  • Хамтдаа хөгжилд

  • Хоол хийхэд нь тусал

3.Чин сэтгэлийн бэлэг
 

Бэлэг өгнө гэдэг нь хайраа илэрхийлэх нэг төрлийн хэл аж. Энэ төрлийн хэлээр хайраа илэрхийлдэг, хүлээж авдаг хүмүүст хайртай хүнийх нь өгсөн бэлэг гэдэг үргэлж онцгой бөгөөд хэзээд үнэ цэнэтэй байдаг учраас том эсвэл жижиг бэлэг гэдэг нь гол нь биш юм.

Харин чин сэтгэлээсээ өгч байгаа бэлэг гэдэг нь хамгийн чухал. Ихэнх хүн зөвхөн баяр тохиолдуулж, эсвэл онцгой үйл явдлын үеэр бие биедээ бэлэг өгдөг гэсэн ойлголттой байдаг. 

Гэхдээ таны хосын хайрын хэл нь чин сэтгэлийн бэлэг хүлээн авах байвал заавал баяр ёслолыг хүлээлгүйгээр түүнд бэлэг өгдөг нь зүйтэй. Энэ нь таны өөрсдийн хайрандаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг санаарай.

Мөн зөвхөн материллаг бэлэг байх албагүй бөгөөд түүнд өөрийгөө ч бэлэглэж болно. Энэ нь өөртөө тулгарах асуудлыг үл хайхран, түүний төлөө ямар нэг зүйл хийж өгч болно гэсэн үг юм.

Тухайлбал, Нэг залуу эхнэрийнхээ ээжийн оршуулгын ёслолд оролцож, эхнэртэйгээ хамт  байхын тулд ажлаасаа чөлөө авахаар болжээ. Гэвч дарга нь 2-с илүү цагийн чөлөө өгөөгүй бөгөөд заасан хугацаанаас нь хэтэрвэл ажлаас нь халахыг анхааруулсан байна. Харин тэр залуу өөрийн дуртай ажлыг орхин, бүтэн өдрийн турш эхнэрийнхээ дэргэд байжээ. 

Үүнээс үзэхэд өөрийн хийж чадах бүхнээ хэн нэгний төлөө зориулах нь хайртай хүндээ өөрийгөө бэлэглэх хамгийн том хэлбэр юм гэж Чепман номдоо онцолсон байна.

4. Халамжлан тусал
 

Энэ бол хамгийн нийтлэг байдаг хайрын хэл бөгөөд түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Хэрвээ магадгүй таны хос энэ төрлийн хэлтэй бол жижигхэн тусламж түүнд маш гүнзгий мэдрэмж төрүүлэх болно. Тухайлбал, дуртай хоолыг нь хийх, хоол хийснийхээ дараа аяга таваг угаах, ямагт санаа тавих гэх мэт багахан тусламжаас л тэр таны илэрхийлж байгаа хайрыг тань ойлгоно.

Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ туслах хэрэгтэй. Ингэхдээ энэ бол эхнэрийн эсвэл нөхрийн л хийх ёстой ажил гэсэн бодлоор хандаж болохгүй. Магадгүй та их ажлын ачааллаасаа болж, тусалж амжихгүй үе гарч болзошгүй ч ямар нэг байдлаар заавал хайртай хүндээ туслахыг хичээх хэрэгтэй. 

5.Биеэр мэдрэх
 

Хайртай хүнээ тэвэрч, үнсэх гэдэг нь нэг төрлийн хайрын илэрхийлж байгаа зүйл учраас биед нь аль болох хүрч бай. Ялангуяа эхнэр тань хүүхэд төрүүлэх, өвдөх үед дэргэд нь байж түших хэрэгтэй.

Мөн хайртай хүнийхээ үсэнд нь хүрэх, олон нийтийн газар гараас барих, тэврэх нь энэ төрлийн хайрын хэлийг илэрхийлж байдаг аж.

Хүүхэд байхдаа эцэг эхдээ үнсүүлж, эрхэлж өссөн хүн сэтгэл санааны хувьд эрүүл хөгжилтэй өсдөг байна. Үүний адилаар том хүн ч гэсэн хайртай хүндээ эрхэлж байж сэтгэл хангалуун байдлыг мэдэрдэг гэдгийг Чепман сануулж байна.

Эцэст нь хэлэхэд хайр гэдэг бол сонголт бөгөөд бие биенээ үзэн ядсан нөхцөлд ч хайрыг бий болгох боломжтой гэдгийг тэрбээр бодит амьдралд суурилсан жишээгээр нотолж, энэхүү номд дурдсан.

Харин хэнийг хайрлахаа сонгосон бол түүнийг хэрхэн хайрлахаа мэддэг байх хэрэгтэй.

Хайрыг хайж дэмий хоосон гүйснээс хайрлахад суралцаж, бусдад үйлчлэх чадвартай болох нь чухал.

Хэрвээ та өөрийнхөө болон хайртай хүнийхээ хайрын хэлийг илүү сайн мэдэхийг хүсвэл энд дарж сонжоод үзээрэй.

Мөн та хосынхоо хайрын хэлийг огт ойлгохгүй байвал түүний дургүй зүйлийг эсрэгээр нь хийхэд хангалттай аж.