Индэр    
2019 оны 7 сарын 1
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

Гадаад худалдааны дайн: Их хоёрын эв найрамдалтай өдрүүд

Зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин нар Японы Осака хотод Их 20-ын уулзалтад оролцлоо. Тэд яриа хэлэлцээр үр дүнтэй болсон талаар мэдэгдэж цаашид нэмэлт тариф тавихгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон байна. 

Эргэн санавал 2018 оны зургаадугаар сар гэхэд 50 тэрбумын бүтээгдэхүүнд 10 хувийн тарифыг АНУ-аас Хятадын бүтээгдэхүүнд ногдуулснаар албан ёсоор эхэлсэн гадаад худалдааны дайн яг нэг жилийнхээ ойн дээр улам хүндэрч Хятадын Хуавей компанийг АНУ хар жагсаалтдаа оруулж технологийн дайн руу шилжихийн зэрэгцээ АНУ нь Хятадын бүтээгдэхүүнд тавьсан тарифынхаа хэмжээг 10 хувиас 25 хувь болгож өсгөсөн билээ. Ийнхүү гадаад худалдааны дайн дараагийн шатандаа албан ёсоор шилжиж нөхцөл байдал хурцадсан юм.

Одоогоор АНУ нь Хятадын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулаад байгаа бол Хятад нь АНУ-ын 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулаад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон процессыг Хятадын тал тайлбарлахдаа “Бид олон улсын эдийн засаг, гадаад худалдааны асуудал хурцадмал хүнд үед нөхцөл байдлыг зөв тал руу нь чиглүүлэн залж өөрсдийн үүрэг хариуцлагыг амжилттайгаар гүйцэтгэж чадлаа” гэсэн тайлбарыг өгч дэлхийн тавцанд өөрсдийн дүр төрхийг баатарлагаар бүрдүүлэхийг зорьж байна. Харин АНУ-ын зүгээс уулзалт амжилттай болж эерэг үр дүн хүлээж байгаагаа мөн илэрхийлээд байгаа. 

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд талууд хэн хэн нь ч ийм ижил утгатай мэдэгдлийг нэг зэрэг хийж байсан удаагүй. Ихэнхдээ АНУ-ын ерөнхийлөгч твиттерээрээ дамжуулан эерэг, сөрөг мэдээлэл цацаж байсан бол Хятадын зүгээс бид хэлэлцээрт нээлттэй хандаж байгаа гэхээс илүү зүйл хэлж байгаагүй юм. Тэгвэл энэ удаад Хятадын тал албан ёсны хүчтэй мэдэгдэл хийж эхэлсэн. Энэ нь нөхцөл байдал хүнд үеэ давсныг илэрхийлэх нэг дохио буюу “асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл найдвар”-ыг зах зээлд өгч эхэллээ.

Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд гадаад худалдааны дайнаас үүдэн Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашдын өсөлтийн талаарх хүлээлтээ өнгөрсөн жил хагасын хугацаанд гурван ч удаа бууруулсан.

Бүр АНУ-ын төв банк энэ сарын мөнгөний бодлогын хурлаараа гадаад худалдааны дайн хүндэрч буйтай холбоотойгоор сүүлийн дөрвөн жилийн хугацаанд найман удаа өсгөсөн бодлогын хүүгээ бууруулахад “нээлттэй” байгаагаа зарлаад авсан. Төв банкны уг мэдэгдэл нь эрсдэл бодитоор ирж буйг илэрхийлэх бодит үйл хөдлөл болж алтны ханшийг суга өсөхөд ч нөлөөлсөн билээ.

“ЦУВРАЛ 2: Алт дэлхийн зах зээлд гялалзах уу?” нийтлэлийг энд дарж үзнэ үү.

Хэрвээ энэ удаагийн уулзалт бүтэлгүйтсэн бол АНУ-ын зүгээс Хятадын 325 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд шинээр тариф тогтоохоо зарлаад байсан юм. Нөхцөл байдал энэ тал руу эргэсэн бол үнэхээр дэлхийн эдийн засаг, Хятад, АНУ-ын цаашдын эдийн засгийн төлөвт хүнд цохилт ирэхээр байлаа. Алт дэлхийн зах зээлд гялалзах бус харин галзуурч эхлэх байв. Дэлхийн хөрөнгийн зах зээлд ч огцом уналтууд орж ирэх байв. Аз болоход нөхцөл байдал энд хүрээд түр намжаад байна.

Гэхдээ энэ хүрээд асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш ээ. Зөвхөн түр зогсолт хийж байна. Талууд ямар ч гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж харилцан тохиролцоогүй бөгөөд одоогийн бие биедээ оногдуулаад буй тарифт өөрчлөлт оруулаагүй хэвээр байна. Дахин хэлэхэд зөвхөн зогсолт хийж байна. Гэхдээ “итгэл найдвар тээсэн зогсолт”. Учир нь Хятадын талын энэ удаагийн мэдэгдэл нь асуудал удахгүй шийдэгдэж магадгүй гэсэн итгэл найдварыг тээж байгаа юм. Тэд найдвар муутай асуудлын талаар албан ёсны мэдэгдэл хийх нь бараг үгүй. Харин нөгөө талаас 

Тааварлашгүй Трамп 
Твиттер хуудсаараа 
Тас хийтэл юу жиргэхийг
Түүнээс өөр хэн ч мэдэхгүй. 

Үйл явдал өрнөсөнтэй холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээлд дараах огцом өөрчлөлтүүд ороод байна. Мөн хөрөнгийн зах зээлд хэсэгтээ л эерэг хүлээлт бий болох нь дамжиггүй юм. 

Алт: Өнөөдөр өглөө олон улсын зах нээгдэхэд алтны ханш 1,410-аас 1,385 хүртэл 25 ам.доллараар огцом буурлаа.

 

Брент нефьт: Өнөөдөр өглөө олон улсын зах нээгдэхэд брент газрын тосны үнэ 64.3-аас 66 ам.доллар хүртэл огцом өслөө. Брент газрын тосны үнэ нь манай улсын бензиний үнэд нэг сарын дараанаас нөлөөлдөгийг энд дурьдах нь зүйтэй болов уу.