Индэр    
2019 оны 6 сарын 29
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 18: "Намайг ийм амьдралаас гаргаж чадсан зүйл зөвхөн боловсрол"

Зураг

Америкийн залуухан түүхийн профессор Тара Вестоверийн бичсэн "Educated" буюу “Боловсорсон” номыг unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт хүргэж байна.

Шашны хэт туйлширмал үзэлтэй, ядуу гэр бүлд төрж, багаасаа хүнд хэцүү амьдрал туулсан зохиолч, түүхч Тара Вестоверийн хэрхэн Кeмбриджийн их сургуулийн доктор болтлоо суралцсан талаарх бодит түүхийг өгүүлсэн тус ном нь 2018 онд гарсан цагаасаа л “New York Times”-ийн шилдэг бэстсэллэр болжээ.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Хатуу зарчимтай шашин, хүйтэн хөндий гэр бүл болоод хүчирхийлэл дарамт дунд өссөн тэр нэг ч удаа сургуульд сууж үзээгүй, бүр шалгалт хэрхэн өгөх талаар ч огт мэддэггүй байсан учраас их сургуульд шууд элсэн ороход маш олон саад бэрхшээл тохиолдож байсан нь мэдээж. 

Тара Вестоверийн боловсрол хэрхэн эзэмшсэн товч түүхийг хүргэж байна.

Зорилго ба тууштай байдал
 
Тара Весторверийн бага нас

Тара Вестовер 1986 онд АНУ-ын Айдохо гэх алслагдсан мужийн долоон хүүхэдтэй Мормон шашинтай гэр бүлд төрж, нэг эгч таван ах, эцэг эхийн хамт өсжээ. Түүний эцэг эх шашны хэт туйлширсан үзлээсээ болоод нэг ч хүүхдээ сургуульд явуулаагүй. Тэр бүү хэл эмнэлгийн тусламж ч авдаггүй байв. 

Тэд хүүхдүүдээ төмрийн хог боловсруулах цэгт ямар ч хамгаалалтгүй ажиллуулдаг байсан бөгөөд нэг удаа Тарагийн дунд ах хогийн цэг дээр гарсан галын улмаас биеийн нь тал хэсэг түлэгдчихээд байхад эмнэлэгт хүргээгүй. Харин ээжийнх нь ургамлаас гаргаж авдаг байсан тос тэдний гэр бүлийг олон хүнд шархнаас авардаг тухай номд өгүүлдэг.

Түүний аав хоёр туйлт сэтгэцийн өвчтэй байсан төдийгүй, сахиусан тэнгэрүүд бидний талд байгаа гэх мэтээр шашны хийсвэрлэл дунд амьдардаг нэгэн. Дээрээсээ хоёр дахь ах болох Шонн нь гэрээсээ зугтсан. Гурав дахь ах болох Тайлор төрөл бүрийн CD цуглуулах дуртайгаас гадна ажилд явахаасаа өмнө эртлэн босож, их сургуулийн шалгалтад хувиараа бэлддэг байв. Энэ байдал нь Тараг боловсролын замыг хөөхөд хамгийн их нөлөөлжээ.

Тара анх есөн настайдаа төрсний гэрчилгээ авч байсан бөгөөд тэр үед эцэг эх нь түүнийг хэзээ, хаана төрснийг мэдэхгүй байсан гэдгээс хүүхдүүддээ хэрхэн анхаарал тавьдаг нь ойлгомжтой.

Гэсэн хэдий ч Тара дөрвөн настайдаа уншиж сурч, долоон настайгаасаа төмрийн хаягдал боловсруулах талбай дээр ажиллаж эхэлсэн. 13 настайдаа бэртэж, хэсэг хугацаанд төмрийн хаягдал боловсруулах цэг дээр ажиллаж чадахгүй болсон учраас ойролцоох тосгонд хүүхэд харах цагийн ажил хийхээр болдог.

Тэр айлын эзэгтэй Тараг өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй хамт бүжгийн дугуйланд явахыг санал болгодог. Тухайн үед гэр бүлийн байдлаасаа шалтгаалж, нэг ч найзгүй байсан учраас сонирхолтой санагдаж, зөвшөөрдөг. Гэвч эцэг эх нь бүжгийн хувцаснаас болж уурласан учраас тэр найрал дууны дугуйланд явж эхэлдэг.

Энэ үеэс гэрээсээ зугтсан Шонн гэх том ах нь буцаж ирснээр түүнд маш хэцүү болж эхэлдэг. Учир нь тэр эмэгтэй хүнийг дорд үздэг байсан төдийгүй Тараг зодож дарамталдаг байв. Тара энэ байдлаасаа гарахын тулд л коллежид явахаар шийддэг. Харин аав нь эсэргүүцэж, хичээл хийлгэхгүй байх бүхий л аргаар саад болж байсан ч тэр сурах чин хүсэл эрмэлзлээсээ няцаагүй юм. 

Шалгалт болоход тэр хэрхэн шалгалт өгөхөө ч мэдэхгүй байжээ. Эхний удаа шалгалтдаа тэнцээгүй ч өөрийн бодож байснаас арай илүү оноо авсандаа урамшиж, хэсэг хугацааны дараа дахин шалгалт өгч, коллежид элсэн суралцахаар болдог. Шалгалтад бэлдэж байхдаа заримдаа нэг ойлгоогүй бодлого таарахад, хэдэн долоо хоног ч хамаагүй сууж, зөвхөн тэр бодлогоо болдог байжээ.

Хөдөлмөр, хичээл зүтгэл
 

Тара Вестовер Коллежид орохдоо 16 настай байсан бөгөөд өөр муж руу нүүж, дотуур байранд амьдрах болдог. Харин энэ хүртэлх хугацаанд олж авсан түүний боловсрол нь шашны хатуу зарчим, хэдэн сарын турш бэлдсэн шалгалтын бодлогууд л байсан юм.

Богино юбка, задгай энгэртэй цамц өмссөн охидоос эхлээд Коллеж түүний хувьд цоо шинэ ертөнц мэт санагдана.

Тэр хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг байсан ч сургалтын төлбөрт нь хүрэлцэхгүй учир тэтгэлэгт хамрагдах хэрэгтэй болдог. Мэдээж ингэхийн тулд бүх хичээл дээрээ онц дүн авах ёстой. Түүний хувьд энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан ч эргээд тэр харанхуй амьдрал руу буцахгүйн тулд хичээхээс өөр арга байгаагүй.

Тарад зарим зүйлийн талаар энгийн мэдлэг ч байгаагүй учраас бусад оюутнуудаас хэд дахин илүү цагаар хичээллэх шаардлагатай болжээ. Тэр Европыг тив биш зүгээр л нэг улс гэж боддог байсан бөгөөд түүний ердийн асуултуудыг ч хүмүүс тоглоом гэж ойлгодог байлаа. Тиймээс энэ миний байх ёстой газар биш гэж шантрах үе гарч байсан тухай номд өгүүлдэг.

Ингээд маш их хичээсний эцэст нэг хичээл дээрээ В, бусад хичээл дээрээ А үнэлгээ авч, хагас тэтгэлэгтэй суралцах боломжтой болдог. Харин тэр шалгалтад бэлдэж байхдаа хичээлд зориулсан сургуулийн сурах бичиг, гарын авлага байдаг гэдгийг анх удаа мэдэж авсан юм. 

Эхний семистрийн амралт дуусаж гэртээ ирэхэд Шонн өндрөөс унаж тархи нь гэмтсэний улмаас аюултай зан чанарууд нь гарч эхэлдэг. Тара зодуулж, дарамтлуулах бүртээ өөрийгөө "би ямар нэг буруу зүйл хийсэн учраас шийтгүүлж байна. Ах минь намайг хамгаалж байна" гэж өөртөө итгүүлэхийг хүсдэг байв.

Удалгүй дараагийн семистр эхэлж буцан явах болов. Тэр энэ семистрт өөрийнхөө чадахгүй, хүнд гэсэн хичээлүүдийг /Математик, Биологи/ сонгожээ. Харин биологийн хичээлээрээ дамжуулан аавыгаа хоёр туйлт сэтгэцийн өвчтэйг мэддэг. Олон жилийн турш өөрийгөө болон гэр бүлээ тэр өвчний золиос болж байснаа ухаардаг. Сургууль, гэр хоёрын байдал нь огт өөр ертөнцийг санагдуулдаг байлаа.

Семистрийн дундуур Тара маш хүнд хэлбэрийн гэдэсний өвчин тусдаг. Эргэн тойрны хүмүүс нь түүнийг эмнэлэг яв гэж ятгасан ч үл хайхран, тэтгэлэг авахын тулд шөнөжин сууж зөвхөн хичээлээ л давтдаг байв.

Дараагийн семистрт ч олон жил шүд нь цоорхой явж, эмнэлэгт хандаагүйгээс болж, шүд нь үрэвсэж байж суухын аргагүй өвдөж эхлэдэг. Тиймээс түүнд сургалтын төлбөрөөс гадна шүдээ эмчлүүлэх 1,500 ам.доллар хэрэгтэй болдог. Сүмийн номлогч энэ тухай мэдээд Засгийн газраас тэтгэмж авахыг зөвлөдөг. Гэвч аавынхаа Засгийн газрын тухай ярьдаг байсан хийсвэр үгнээс болж зөвшөөрсөнгүй.

Аргагүй эрхэнд Засгийн газрын тэтгэлэгт гарын үсгийг нь зуруулж явуулав. Харин хэдэн долоо хоногийн дараа түүнд 4,000 ам.долларын тэтгэмж ирэхэд  тэр "Надад ийм их мөнгө хэрэггүй зөвхөн 1,500 ам.доллар л хэрэгтэй" хэмээхэд Засгийн газар "Чи энийг ав эсвэл юу ч байхгүй" гэсэн хариу илгээдэг...

Тэвчээр
 

Нэг өдөр түүнд аав нь эмнэлэгт хүнд бэртэлтэй байгаа учраас хурдан ирэхийг хүссэн захидал ирдэг. Харин аав нь ээжийнх нь гарган авдаг байсан Амин тосны ачаар л мөн аврагддаг. Иймээс тухайн мужид Амин тос алдартай болдог.

Түүний шашны үзлээр бол эрэгтэй хүмүүсийн хийх ёстой хичээлүүдэд Философи, түүх, улс төрийн хичээлүүдэд  илүү татагдаж байв. Тиймээс зөвлөгөө авахаар түүхийн профессортоо хандана.

Ингээд багш нь түүний амьдралын түүхийг сонсоод Кембриджийн их сургуульд ороход нь тусалдаг.

Мөн Кембриджийн их сургуульд элсэхдээ бичсэн эсээ нь тухайн үеийн хамгийн шилдэг эсээ болсон. Харин энэ тухай багш хэлж, баяр хүргэхэд, тэр зугтаах шахам гарч явдаг. Учир нь тэр амьдралынхаа турш хэзээ ч магтаал сонсож үзээгүй учраас эвгүй санагдсан хэрэг.

Түүнийг алдартай сургуульд тэтгэлгээр сурах болсон нь төрсөн орон нутагт нь маш их дуулиан тарьжээ. Харин тэр сонинд ярилцлага өгөхдөө өмнө нь сургуульд явж байгаагүй гэдгээ нуусан.

Энэ удаа Тара Вестовер магистрийн зэрэг хамгаалахаар Англид очоод дахиад л шинэ ертөнцтэй танилцав. Харин өвлийн амралтаараа гэртээ очиход өмнөхөөсөө өөрчлөгджээ. Учир нь ээж нь гаргаж авсан өвчин намдаах, шарх эдгээх зориулалттай тосоороо бизнес эхлүүлсэн байна. Тэдний гэр бүл төмрийн хаягдал дээр ч ажиллахаа больжээ.

Харин Шонн энэ үеэр гэрлэж, нэг хүүхэдтэй болсон байдаг. Нэг шөнө Шонн эхнэрээ буруу жигнэмэг авчирсных нь төлөө зодож, эхнэр нь өвлийн харанхуйд гутал ч үгүй, нойтон цаснаар гүйгээд орж ирэхэд нь гэрийнх нь огт гайхсан шинжгүй, энэ бүхэнтэй эвлэрсэн байсан нь Тарагын дурсамжид тод дүрслэгдэн үлджээ.

Нэг удаа Тара Шонн зөвхөн өөрийг нь ч биш эгчийг нь дарамталдаг байсныг олж мэдээд энэ тухай ээждээ хэлэхэд ээж нь “Намайг уучлаарай. Чи бол миний хүүхэд. Тиймээс би чамайг болон эгчийг чинь хамгаалах ёстой байсан. Би чамд хайртай” гэж хэлдэг. Энэ үг түүнийг ямар гэр бүлээс гаралтай, ямар боловсрол эзэмшсэн талаар нээлттэй болоход хүргэсэн. Учир нь тэр өнгөрсөн хугацааг ядуу гэр бүлд өссөнөөсөө биш, хайрлагдаагүйгээсээ болж ичдэг байсан. Тиймээс л хүмүүст нээлттэй байдлаар ярьдаггүй байсан гэж номд тайлбарласан байдаг.

Нэг шинэ жилийн баяраар гэртээ ирэхэд Шонн энэ тухай мэдээд бүр Тараг алахыг завджээ. Түүнийг сургуульдаа буцаж ирэхэд “Би чамайг хүн хөлсөлж алуулна” гэж байнга бичдэг байв. Харин хамгийн сүүлийн зурвасдаа Шонн “Чи миний гэр бүл болон эцэг эхээс минь хол байгаарай. Чамаас бид холбоогоо таслах болно” гэжээ.

Харин үүний хариуд Тараг гэр бүлийнхэн нь чөтгөр шүглэсэн сэтгэцийн өвчтэй гэж ярьж эхэлсэн. Гэсэн ч тэр энэ бүх дарамт, хүчирхийллийг тэвчин суралцсаар докторт үнэгүй суралцах эрхээр шагнуулдаг.

Үзэл бодолдоо үнэнч байдал

Тэр докторт суралцах хугацаандаа АНУ-н Харвардын их сургуульд хэдэн семистр суралцахаар болдог. Түүнийг очиход ээж аав нь ахыгаа буруутган худал гүтгэсэн, чөтгөр шүгэлсэн гэж боддог охиноо Нормон шашнаар адислах зорилготой сургуулийн орчим ирсэн байв. Харин Тара худал хэлж адислагдахыг хүссэнгүй.

 

Тэр эцэг эхдээ хандаж "Би өөрийнхөө үнэн гэж бодож байгаа зүйлд л итгэнэ. Өдийг хүртэл тэдний итгэсэн зүйлээс илүү миний сурсан бүхэн хүчтэй байх болно. Тэр бол Боловсрол” гээд зөвшөөрдөггүй. Үүний улмаас аав ээж нь түүнийг орхиж яваад, дахиж холбоо бариагүй аж.

Харин Тара Вестовер доктороо амжилттай төгсөж, таван жилийн дараа Эмээгийнхээ оршуулгын ёслол дээр эцэг эхээ дахин хардаг. Энэ хугацаанд тэдний шарх эдгээх тосын бизнес цэцэглэж, тухайн орон нутгийн хамгийн баян хүмүүс болсон байв.

Нэг анзаарсан зүйл нь Тайлор, Ричард, Тарагаас бусад хүүхэд нь ямар нэг боловсролгүй, одоог хүртэл ээжийнхээ бизнесийн ачаар л амиа зогоож, өмнөх шигээ л аж төрж байгаа талаар номд өгүүлдэг.

Энэ үед Тара өөрийнхөө бодолд бат итгэн “Гэр бүлд тохиолддог энэ бүх зөрчил бол боловсролтой эсвэл боловсролгүйн л ялгаа. Намайг ийм амьдралаас гаргаж чадсан зүйл зөвхөн боловсрол юм" гэж хэлдэг.

Түүний өнгөрүүлсэн амьдрал, гэр бүлийн байдал түүнийг боловсролтой холбогдохоос өмнө огт гэгээлэг байгаагүй. Магадгүй тэр ийм хүнд амьдралыг даван туулсан болохоор аливаа зүйлд тэсвэр хатуужилтай, хүлээцтэй хандаж боловсрол эзэмшиж чадсан юм болов уу.

Ямартай ч "Боловсрол" хүнийг өөрчилдөг, бүр гэр бүлийн буруу хүмүүжлээс ч хүчтэй байж болохыг Тара Вестовер энэхүү номоороо батлан харуулжээ. 

 

Г.Өлзийхутаг