Индэр    
2019 оны 5 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдэдээ биеийнх нь аль хэсэгт хэн хүрч болохыг тайлбарлаж өгье

Зураг

2018 онд 995 хүүхэд хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд хүргэгдсэний 34 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ.

Тэдний 11 нь анх удаа, 11 нь нэгээс хоёр сарын турш, 12 нь гурваас дээш сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Удаан хугацаагаар хүчирхийлэлд өртсөн 23 хүүхэд яагаад анх удаа хүчирхийлэлд өртсөн даруйдаа аав ээждээ болон тусламж үзүүлэх өөр хэн нэгэнд хандсангүй вэ?

Үүнд хоёр шалтгаан байж болох юм. Эхнийх нь тухайн хүүхэд өөрт нь тохиолдож буй зүйлийг хүчирхийлэл гэж мэдэхгүй байх.

Өвөөдөө хүчирхийлүүлсэн есөн настай охин "Өвөө надтай ингэж харьцах ёстой юм байна. Бид ийм харилцаатай байж болох юм байна" хэмээн ярьсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байв. Хэрвээ энэ үнэн бол бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл болон биеийнх нь аль хэсэгт хэн хүрч болох талаар мэдээлэлтэй байгаа эсэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

Хоёр дахь шалтгаан нь айдас. Хүчирхийлэлд өртсөний улмаас айж, ичсэн хүүхэд түүнийгээ нуух нь хүчирхийлэгчийг үйлдлээ давтан хийхэд хүргэж байна. Үүнээс сэргийлэх боломж мөн л эцэг эхчүүдэд бий. Тэр нь хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцаж сурах, бие болон сэтгэл санааг нь зовоож буй асуудлаа аав ээждээ ярьдаг хэвшлийг бий болгох юм.

Хүчирхийллээс урьдчилан сэргийлж хүүхдэдээ ойлгуулах зүйлс
 

1. АЮУЛТАЙ БОЛОН ХҮСЭЭГҮЙ ХҮРЭХҮЙ

Бидний дотуур хувцас өмссөн хэсэг бол биеийн эмзэг нууц газар. Тиймээс дотуур хувцас өмссөн хэсэгт ээжээс нь өөр хэн ч хүрч болохгүй/шаардлагатай тохиолдолд эмч хүрч болно/. Хэн нэгэн хүн биед эвгүй хүрэх эсвэл өвтгөвөл “Болиоч, Надад битгий хүр” гэж хэлэх хэрэгтэйг хүүхэддээ ойлгуулаарай.

2. ТААЛАМЖГҮЙ БАЙГАА БОЛ БИТГИЙ ХИЙ, ҮГҮЙ ГЭЖ ХЭЛ

Хүүхэд хүсээгүй үйлдлийг эсэргүүцэн “Үгүй” гэж хариулах нь жирийн үзэгдэл. Тиймээс чамд тааламжгүй санагдаж байгаа үйлдэлд “Үгүй” гэж хэлэн, хийхгүй байх эрх байдгийг тайлбарлаарай.

3. АЮУЛД ОРВОЛ ТУСЛАМЖ ДУУД

Шаардлагатай нөхцөлд бусдаас тусламж гуйхад ичих зүйл байхгүй гэдгийг ойлгуулаарай. Тусламж хэрэгтэй байгаагаа хэлэхгүй бол хүмүүс өөрийг нь аюулд орсон гэдгийг мэдэх боломжгүйг хэл.  /ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108 дугаарын утас 24 цагийн турш ажилладаг бөгөөд зөвлөгөө болон шаардлагатай яаралтай тусламжийг үнэ төлбөргүй үзүүлдэг/.

4. ААВ ЭЭЖЭЭСЭЭ НУУХ НУУЦ ГЭЖ БАЙХГҮЙ

Ямар нэгэн асуудал тулгарвал аав ээж хоёроосоо нууж болохгүй. Аав ээждээ бүх зүйлийг хэлэхгүй л бол чамд тусламж хэрэгтэй байгааг мэдэхгүй гэдгийг тайлбарлаарай. Хүүхэдтэйгээ өдөр сургууль дээрээ юу хийсэн болон найз нарынх нь талаар ярилцаж, хэвшил болгоорой.



Эхэнд дурдсан 34 гэдэг тоо зөвхөн Түр хамгаалах байранд очсон хүүхдийн тоо. Хүүхдүүд хамаатан садан, аав ээжийнхээ найз нөхөд, холдоо л хөрш, маш цөөн тохиолдолд огт танихгүй хүнд хүчирхийлүүлдэг. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учраас бүх хэрэг шүүхээр шийдвэрлэгддэггүй. Тийм байхад л сүүлийн гурван жилд хүүхэд хүчирхийлсэн 1,000 гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.