Зураг
Зураг
Индэр    
Профессорын хүүхэд л профессор, сайдын хүүхэд л сайд болдог нийгмийг бид хүссэн үү?!
Зураг
2019 оны 5 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Профессорын хүүхэд л профессор, сайдын хүүхэд л сайд болдог нийгмийг бид хүссэн үү?!

   "Суурь боловсролын ялгаатай байдлыг бууруулахгүй, арилгахгүй байх нь нийгмийн давхаргад өөрчлөлт орж чадахгүй л гэсэн үг. Профессорын хүүхэд профессор л болдог. Өмгөөлөгчийн хүүхэд л өмгөөлөгч болдог. Хэрэв чи малчин хүний хүүхэд болбол малчин л болдог ийм байдал үүснэ" гэж Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс iKon.mn сайтын "Гуравласан яриа" ярилцлагад оролцохдоо хэлсэн юм.

Бид "Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь", "Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя" гэх цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсээр байна.

Хэрэв бид өнөөдөр л энэ тухай нухацтай ярилцаж, бодлого, шийдвэртээ анхаарахгүй бол "Нийгмийн давхарга хоорондын шилжилт явагдахгүй болоод ирэхээр нийгэмд ямар ч инноваци орж ирэхээ больдог. Тиймээс ч эдийн засгийн өсөлт саардаг. Тэгэхээр нийгмийн давхарга хоорондын шилжилт хөдөлгөөн идэвхтэй байх нь ямар ач холбогдолтойг ойлгож байгаа болов уу" гэж "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг ярьж байлаа.

Дээрх хоёр эшлэлийг уншихаар та бүхэнд саяхан болж өнгөрсөн нэгэн үйл явдал санаанд тань бууж магадгүй. Яагаа вэ, нөгөө сайдын хүүхэд сайд болдог. Үүнийг бид жирийн л зүйл мэт хүлээж аваад сурчихсан уу?

 

Ингээд бидний ээлжит "Гуравласан Яриа" салбарын эрдэмтэн, иргэний нийгмийн хүчтэй төлөөлөгчтэй үргэлжилж байна. 

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Өнөөдөр хүүхдүүд хаана амьдарч байгаагаасаа хамаарч маш их ялгаатай боловсрол авч байгааг бид элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) үзүүлэлтээр танилцуулсан. Гэхдээ өнөөдөр энэ нь бидний хэмжиж чадаж буй ганцхан үзүүлэлт. ЭЕШ-ын энэхүү зөрүүтэй үзүүлэлт тэгш бус байдлын хэлбэр мөн эсэх дээр та тайлбар хийхгүй юу?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

ЭЕШ-ын оноо зөрүүтэй байгаа нь боловсролын тэгш бус байдлын нэг хэлбэр гэж хэлж болно.

Боловсролын тэгш бус байдлыг тодорхойлохдоо гурван зүйлийг харах ёстой. Нэгдүгээрт, орц талаасаа буюу сургуульд орж байгаа хүүхдүүдийн ялгаатай байдал буюу зарим нь цэцэрлэгт явсан, яваагүй, эсвэл боломжтой, боломжгүй айлын хүүхэд үү, эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавьдаг эсэх, хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлсэн эсэх гэх мэт ялгаатай. Өөрөөр хэлбэл, эдгээр хүүхэд нэг ижил сургуульд орж сурсан ч ялгаатай байна.

Хоёрдугаарт, тухайн сургуулийн ялгаатай байдал буюу үйлдвэрлэлийн процессын ялгаатай байдал. Сургууль болгон өөр. Сүхбаатар дүүрэг яагаад дандаа нэгдүгээр байрт ордог вэ гэхээр дандаа сайн сургуулиуд нь байх жишээтэй. Сургууль дотроо багш нарын арга барил, мэдлэг боловсрол өөр.

Ингээд энэ хоёр ялгаатай байдлаас үүдэн гарц ялгаатай болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, бидний хэмжиж чадаж буй ЭЕШ-ын ялгаатай үзүүлэлт нь гарц талыг хэмжиж буй хэлбэр юм.

Гэхдээ ЭЕШ-ын оноо нь гарцын тал дахь үр дүнг бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Учир нь тухайн жил 12-р анги төгссөн бүх хүүхэд ЭЕШ өгдөггүй. Монгол хэлээс бусад хичээлийг хүүхдүүд сонгож, цаашдаа үргэлжлүүлэн их, дээд сургуульд сурах сонирхолтой нь өгдөг шалгалт юм.

Малчин болоод үлдэх, эсвэл өрхийн жижиг бизнесээ залгамжлаад явах, үгүй бол өөр бусад ажил хийх сонголт хийж байгаа хүүхдүүд ЭЕШ өгөх албагүй. ЭЕШ-ын оноо бүх нийтийг хамарч чадахгүй. Өөрөөр хэлбэл, цаашдаа сурах хүсэлтэй хүүхдүүдийг шалгаж байгаа болохоос тэр дунд үлдсэн хүүхдүүдийг мөн орхигдуулаад л байна гэсэн үг. Юу гэхээр асуудал одоогийнхоос ч дор байх магадлалтай гэсэн үг.

Гэхдээ өөрсдөө хүсээд шалгалт өгч байгаа хүүхдүүд ч ийм хэмжээний ялгаатай байна гэдэг ялгаатай байдлын нэг үзүүлэлтийг л харуулж байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та сүүлд хэвлүүлсэн тэгш бус байдлын тухай судалгаагаа танилцуулахгүй юу?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Үндэсний статистикийн хорооноос гаргадаг Нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг ашиглаад 48 мянган иргэний буюу 12 мянган өрхийн хамрагдсан дата дээр боловсролын жинийн индексийг тооцсон. Хоёроос 23 нас буюу яг цэцэрлэг, сургуулийн насны хүмүүсийг хэмжсэн.

Боловсролын Яам биш, яагаад ҮСХ –ны энэ судалгааг суурь дата болгож байна вэ гэхээр энэ нь улирал хамаарахгүй, бүх цаг хугацааг хамарч чаддаг. Мөн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа эсэхийг яг өрхөөс нь авсан дата юм.

Энэ судалгааны 2002 оныг 2012 онтой харьцуулсан. 2002 онд СӨБ буюу цэцэрлэг мөн их, дээд сургууль дээр жинийн коэффицент өндөр гарсан байдаг. (Жинийн коэффицент нь 0-1 оноогоор хэмжигдэх бөгөөд нэг рүү тэмүүлэх буюу өндөр байх нь сөрөг утга илэрхийлнэ)

Бага, дунд, ахлах боловсролын хамрагдалт бол сайн гардаг. Ингээд 10 жилийн дараа хамрагдалтын хувьд тэгш бус байдал цэцэрлэгийн түвшинд буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бол сайн үзүүлэлт. Гэтэл их сургуулийн хувьд 2002 онд 0.49 гарсан байсан ч 2012 онд энэ тоо буураагүй, ижил гарсан.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2002-2012 оны хооронд их сургуульд хамрагдалт сайжирсан гэж бодоод байдаг нь худлаа болж таарлаа, тийм үү?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Тийм.

2002 оны тухайд хэдэн жил дараалаад зуд болчихсон, уул уурхайн салбарын их орлого орж эхлээгүй, ерөнхийдөө улсын төсөв их жижигхэн ийм үе байсан. Харин 2010, 2011, 2012 оны хувьд хямралыг давчихсан, Оюутолгойн гэрээ батлагдаад хөрөнгө оруулалтууд нь ороод ирчихсэн, төсвийн орлого нэмэгдээд сургууль, цэцэрлэг барих мөнгө нэмэгдчихсэн байсан нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Мөн хүйсийн хувьд ахлах анги, их, дээд сургуулийн оюутан, сурагчдын хувьд эрэгтэй хүүхдүүдийн хамрагдалт өмнөхөө бодвол нэмэгдэж, сайжирсан эерэг үзүүлэлттэй гарсан.

Судалгаанд хамрагдсан 48 мянган хүнээ орлогын түвшнээр таван бүлэгт хувааж үзвэл, өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүд сургуульд суралцаж буй байдал 2002 онд хамгийн ядуу өрхүүдтэй харьцуулахад маш их зөрүүтэй байсан бол 2012 онд энэ ялгаа 40 орчим хувиар буурсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээ сургуульд явуулж чадахгүй байсан, ялангуяа хөдөөгийн өрхүүд банкнаас зээл аваад хүүхдүүдээ сургуульд явуулж эхэлсэн байгаа юм. Энэ нь өрхүүд овоо малтай болсны шинж. Энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, сургуульд хамрагдалтын хувьд тэгш бус байдлыг бууруулж чадаж байна. Ингэхдээ өрхийн орлого, хаана амьдарч байгааг, хүйсээр нь гэх мэт харьцуулж үзсэн байгаа.

Одоо харин бид чанарын ялгаагаа бууруулах ёстой болоод байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Бид чанараа яаж хэмжвэл зөв болох вэ?

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Хэрхэн хэмжих вэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл маргаантай асуудлын нэг. Хөгжингүй орнуудын хувьд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа байдлаар эсвэл хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдсэн байдал гэх мэтээр хэмжих нь бий. Нөгөө талд олон улсын хэмжээний нэгдсэн тест, шалгалтаар хэмжиж, харьцуулж байна.

Харин иргэний нийгмийн хувьд тухайн хүний боловсрол эзэмшсэн эсэхийг олон талын үнэлгээгээр хэмжиж байж чанар ярих ёстой гэж үздэг. Тухайлбал, хүн зөвхөн мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна үнэт зүйл, зарчим, зөв оршин байхад суралцсан байх ёстой гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, чанарт их олон зүйл байгаа учраас өнөөдрийг хүртэл бид үүнийгээ хэмжиж чадахгүй байна. Уг нь сүүлийн таван жилийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвөөс (БҮТ) чанарын түүвэр судалгааг хийж эхэлсэн. Энэхүү судалгаагаар чанарын судалгааг хийхээсээ гадна энэ чанарт нөлөөлөөд байгаа асуудлуудыг давхар судалж байгаа. Жишээ нь, тухайн сурагчийн сурлагад эцэг, эхийн боловсрол, орлого, гэртээ номын сантай эсэх, сургууль, анги нь хэчнээн сурагчтай вэ гэх мэт нөлөөллийн олон мэдээллийг судалж байгаа.

Энэ судалгааг харвал, чанарын тухай үзүүлэлтийг олж харах байх. Гэхдээ энэ нь өөрөө дахиад л нөгөө түүвэр судалгаа учир нийт хүүхдүүдийг төлөөлж чадахгүй байгаа юм. Нөгөө талд энэ судалгааны дата, сан, мэдээллээ нийтэд ил болгохгүй байгаа нь хөндлөнгийн судлаачид ажиллах боломжийг олгохгүй байна.

Албан бичгээр хандаад хүссэн ч мэдээллээ өгөхгүй байна.

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Би ч  бас Боловсролын Үнэлгээний Төвөөс датагаа өгөөч гэж гуравдугаар сард албан бичиг явуулсан ч өнөөдрийн байдлаар хариу авч чадаагүй байна. БҮТ  өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан дата, багш, сурагчдын өгсөн шалгалт, тэр их хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн мэдээллийг яагаад нийтэд ил болгож, судлаачдад түүхий датагаа өгөхгүй байна вэ гэдэг гайхалтай санагдаад байгаа юм.

Уг нь чанарыг хэмжих гээд хэсэг хүн үзээд байдаг. Гэтэл тэр мэдээллийг өгөхгүй байна.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Чанарын судалгааг өөрийн чадлаар сэмхэн олж харахад сургалтын чанарын хувьд сумын сургууль, аймгийн сургуулиасаа, аймгийнх нь хотоосоо муу, ялгаатай байгааг харж амжсан. Өөрөөр хэлбэл, сурагчид хаана амьдарч байгаагаас хамаарч ялгаатай боловсрол авч байна гэдгийг тогтоочихсон байгааг олж мэдсэн.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Газар зүйн байрлалаас хамаарсан боловсролын ялгаа хаана ч байдаг. Гэхдээ энэ зөрүү их байх нь  нийгэм, эдийн засгийн маш олон сөрөг үр дагавар дагуулдаг учир ялгааг бууруулах дээр улс орнууд ажилласаар байдаг. Энэ ялгааг бууруулах гол арга замуудаас нь ярихгүй юу?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Олон улсын хэмжээнд чанарыг судлах 15 настнуудын шалгалт буюу PISA-гийн тайлангаас жишээ татаж ярья. Энэ бол гурван жил тутамд авдаг шалгалт.

Монгол Улс 2021 онд албан ёсоор анх удаа энэ шалгалтыг өгөх гэж байгаа.

2018 онд энэ шалгалтад 80 орчим улс хамрагдсан. Шалгалтад орохын тулд мөнгө төлдөг. Улс орнууд ерөнхий боловсролын хувьд аль хавьцаа явж байгаагаа мэдэх гэж мөн ямар бодлого боловсруулах вэ гэдгээ тодорхойлохын тулд энэ шалгалтыг өгдөг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ бага улсууд ч энэ шалгалтад орж хүүхдүүдээ шалгуулж байна.

2018 оны шалгалтын үр дүн 2019 оны төгсгөлд гарна.

Хүснэгт, PISA-2015 оны шалгалтын үр дүн:

 

Өмнөх 2015 оны дүнг уншихаар энд бидний яриад байгаа хот, хөдөөгийн ялгаа байдаг.

Гэхдээ топ 10 буюу эхний байранд орж байгаа улсууд энэ газар зүйн байрлалын ялгаагаа хэрхэн бууруулсан бэ гэдгийг аваад үзэхээр тэд нэгдүгээрт, нийт сурагчдад түүвэрт орсон, ороогүй хүүхдүүдээ дөрөв ангилсан. Онц, сайн, дунд, муу гээд жишээлээд ярьвал муу байгаа 25 хувиа сайн байгаануудтайгаа холбож өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, алслагдсан, хоцрогдоод байгаа сургуулиудаа хотын төвийн сайн байгаа сургуультай холбоод туршлага солилцуулсан байдаг.

Мөн орлого бага эсвэл хөдөөгөөс хотод орж ирсэн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр явуулсан байгаа юм. Муу байгаа хүүхдүүддээ мөнгө зарсан байна. Хотод ч тэр, хөдөө ч тэр муу байгаа хүүхдүүд дээрээ илүү их ажилласан байгаа юм.

Сурагчдад зориулсан зуны сургалт хийх гэх мэтээр ажилласан байдаг.

Сургуулийн хамтын ажиллагааны хувьд хотын сургуулийн сайн захирал/менежер-ийг хөдөө томилж ажиллуулахдаа үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ хийгээд тосгоны сургуулийн дундаж оноог сайжруулах шаардлага тавиад хот, хөдөөгийн ялгааг бууруулж чадсан байдаг.

Маш нарийн бодлогууд хийсэн байгаа биз. Энэ нь гэхдээ нийлүүлэлтийн талаа дэмжсэн бодлого. Харин эрэлтийн тал буюу бага орлоготой, өрх толгойлсон эх, эцэгтэй айлуудын хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олгох квотоо нэмэгдүүлсэн байгаа юм.

Ингэхдээ сурагчдыг гэнэт өндөр төлбөртэй эсвэл хамгийн сайн сургалтын чанартай сургуульд орчуулчихгүй муугаас дунд түвшин рүү эхэлж оруулаад ялгаатай байдлыг нь бууруулаад дараа нь сайнд нь элсэх боломжийг олгосон байх жишээтэй.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Хүүхдүүд гуравдугаар анги хүртлээ уншиж, бичих зохих чадвараа эзэмшиж чадаагүй л бол насан туршдаа хоцрогдох магадлалтай болчихдог судалгаа байдаг.

Жишээ нь, Финландад Б.Отгонтөгс багшийн ярьж байгаа орц талаасаа буюу сургуульд орохдоо ялгаатай байгаа хүүхдүүд дундаас хоцрогдол ихтэй хүүхдүүдийг эрт илрүүлээд ердөө нэгдүгээр ангиас нь эхлээд л нэмэлт хөтөлбөр явуулаад хоцрогдлыг нь арилгахад онцгой анхаараад явчихдаг байх жишээтэй.


Зуны сургалт гэх мэтээр хоцрогдоод байгаа хүүхдүүдтэйгээ ажиллаад явчихдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрт тэгш боломжийг өгөхөд ийм нарийвчилсан бодлого, арга зүй боловсролын салбарт дутагдалтай байна.

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

ОХУ гэхэд PISA -гийн математикийн хичээлийн дүнгээ 16 оноогоор ахиулах зорилго тавиад 2009-2015 он хүртэл 14 оноогоор ахиулж чадсан байгаа юм. ОХУ гэдэг газар нутаг хүн амын хувьд юу билээ.

Маш нарийн бодлого хийж байж энэ оноогоо ахиулсан. Тэгэхэд Монгол шиг 3.2 сая хүнтэй, зарим улсыг бодвол нэг хэлээр ярьдаг газар өөрчлөлт хийхэд үр дүн уг нь амархан гарна. Багш нарыг бэлтгэх эх суурь нь моно буюу нэг л сургууль болох МУБИС байгаа юм. Багшийн хөгжлийн төв гэх мэт цөөхөн хэдэн гол институт бий. Энэ хэд маань маш сайн судалгаанд суурилсан өөрчлөлтийг хийхэд л болох юм.

Маш их ялгаатай байж байгаад түүнийгээ арилгаад хөгжиж байгаа улсуудад Азийн улсуудыг нэрлэж болно. Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, сүүлийн үед Вьетнам их хүчтэй гарч ирж байна.

Ямар ч нийгэмд хүн төрөхөөсөө авхуулаад генетикийн хувьд ялгаатай. 

Нэг нь аливааг их хурдан сурдаг, зарим удаан гэх мэт ялгаатай. Зарим улсын хувьд анхнаас нь ялгачихдаг боловсролын системтэй. Жишээ нь, Герман, Швейцарь гэх мэт улс шалгалт аваад дунджаас доогуур оноотой хүүхдүүдийг манайхаар бол мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд сурахыг санал болгоод дунджаас дээшхийг нь их сургуульд сурахыг зөвлөөд явчихдаг. Үүнийгээ нийгэм нь манайд ажиллах хүч хэрэгтэй гэж ойлгоод хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, улс болгоны түүх, хөгжлийн зорилго нь өөр учраас түүндээ тохирсон боловсролын системтэй байдаг.

Тэгвэл Сингапур гэхэд үүнээс шал өөр бодлого, зорилттой байх жишээтэй.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Сүүлийн жилүүд дэх боловсролын салбарын бодлогын гол чиг нь зөвхөн хүртээмж нэмэх буюу байшин барилгын зорилтууд тавьчихсан байгаа юм. Гэтэл боловсролын чанар, тэгш боломжийг хангах тал дээр төдийлөн анхаарахгүй байна.

PISA-ийн тайлангаар боловсролд хүртээмжээс гадна чанар, тэгш байдлыг хамтад нь авч явахгүйгээр зорьж буй үр дүндээ хүрч чадахгүй гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр Монголын боловсрол зөвхөн байшин барилгын зорилго тавиад түүгээр нь хэсэг хүн мөнгө хийгээд явж байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Зөрүү бүр ихсэх, ялгаатай байдал даамжрах нь ямар сөрөг үр дагавартай вэ?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Суурь боловсролын ялгаатай байдлыг бууруулахгүй, арилахгүй байх нь нийгмийн давхаргад өөрчлөлт орж чадахгүй л гэсэн үг. Профессорын хүүхэд профессор л болдог. Өмгөөлөгчийн хүүхэд л өмгөөлөгч болдог. Хэрэв чи малчин хүний хүүхэд болвол малчин л болдог ийм байдал үүснэ.

Өнөөдөр ийм нөхцөл байдал байсаар байгаа. Яг малчин өрхийн хүүхдүүд ШУТИС, АШУИС гэх мэт сургуульд ч орох нь бага байгаа. Хамгийн сайнууд нь Хөдөө аж ахуйн их сургуульд элсэж байна. Би өөрөө МУИС-д ажилладаг учраас датаг нь авч чадаж байна. МУИС-д ямар хүүхдүүд орж чадаж байна вэ гэдэг судалгааг хийж эхэлж байна. Ингээд эхний үр дүнгээр хамгийн сайнууд нь энэ сургуульд орж байна. Сүүний өрмийг нь хамж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, МУИС, АШУҮИС, ШУТИС-д хамгийн сайн хүүхдүүд орж байна.

Миний дээр дурдсан өрхийн орлогын бүлгээс хамааран хүүхдүүд нь их, дээд сургуульд элсэх зөрүү буурсан ч нөгөө улсын хэдэн сургуульд орж чадаагүй залуус ямар сургуульд орж байна вэ гэдэг асуудал. Хөдөөгийн малчин айлын хүүхэд эцэг, эхийнхээ хамаг мал, хөрөнгийг заруулаад эсвэл банкны барьцаанд тавин тавин орж байгаа сургуулиуд нь ямар байгаа вэ гэдэг асуудал.

Үүнээс л бидний яриад байгаа тэгш бус байдал бий болно.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Нийгмийн давхарга хоорондын хөдөлгөөний судалгаа (Social mobility) манайд огт хийгдээгүй. Мөн хүйсийн буюу охид, хөвгүүдийн боловсролын ялгааг арилгах бодлого хийгдээгүй.

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Жишээ нь, миний хоёр эмээ хоёулаа бичиг үсэггүй хүмүүс байсан. Гэтэл аав, ээж хоёр маань хоёулаа МУИС-д суралцаж төгссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм давхарга хоорондын хөдөлгөөн одоо явагдаж чадаж байна уу гэдэг асуудал. Ийм судалгааг хийгээд төр нь бодлогоор түүнийг нь зохицуулах ёстой байдаг. Учир нь бид 300 саяулаа биш, 30 сая ч биш. Гуравхан сая хүнтэй. Ийм цөөхөн хүн амтай улсын хувьд нийгмийн давхаргын хөдөлгөөн явагдахгүй байвал маш цөөхөн хэдхэн хүн л боломж илүү хүртээд байна гэсэн үг.

Тиймээс ч тэгш бус байдлын талаарх iKon.mn-ийн нийтлэлүүдийг миний хувьд маш их дэмжиж байгаа.

Учир нь нийгэм өөрөө тэгш бус байдлыг нийтээрээ биш юм гэхэд дийлэнх нь ойлгох хэрэгтэй. Хэрэв бид тэгш бус байдлыг бууруулахгүй л бол аз жаргалтай, сайн, сайхан нийгмийг цогцлоож чадахгүй юм.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Монголын хувьд мөнгөтэй, боломжийн айлын хүүхэд бол төлбөр өндөр сайн сургуульд сураад төгсөөд гадаадын үнэтэй сургуульд сурч ирээд төрийн албан хаагч эсвэл компаниа өвөлж авч байна. Өөрөөр хэлбэл, нийгэм хуваагдаж байна.

Уг нь энэ ялгаатай байдлыг бууруулах гэж улс боловсролын системдээ хөрөнгө оруулалт хийгээд хүүхдүүдийг үнэгүй сургуульд хамруулж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын систем хүний тэр төрөлхийн ялгаатай байдлыг эвдэхийн төлөө сургуулийн системийг нээж олсон. Учир нь төр засаг бүх өрхийг баян болгож, эсвэл хэн нэгнийг хөгжлийн бэрхшээлтэй төрөх эсэхийг шийдэж чадахгүй учир энэ ялгааг боловсролын системээр бууруулахыг хичээдэг.

Гэтэл бид энэ ялгааг бууруулах нь битгий хэл улам дэвэргэдэг бодлого хэрэгжүүлээд байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголд боловсролын элитизм бий болсон гэдэгтэй санал нийлэх үү?

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Нэг л жишээ хэлье. Ё.Отгонбаяр сайдын үед Кембрижийн хөтөлбөртэй 30 сургууль байгуулахыг зорьсон. Өнөөдөр энэ тоо нь 3 болсон. Эдгээр сургуульд Англи-Монгол хос хэл дээр хичээлийн хөтөлбөр явах ба хүүхдүүдийг шигшиж авдаг.

Улсын сургуулийн багш нарыг ч шигшиж авдаг. Асар үнэтэй хөтөлбөр. Анх 30 ийм сургууль хийх боломжтой юу гэдэг судалгааг Питер Мук тэргүүтэй Азийн хөгжлийн банкныхан хийгээд боломжгүй гэсэн дүн гаргасан байдаг.

Монголын төр бодлогоороо улсын сургуульдаа ялгаатай хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа нь буруу юм. Кембриж гэдэг нь англи хэл төрөлх хэлтэй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр.

Анх энэ 30 сургуулийг байгуулах гэж байна гэдгээр бүх сайн багш нарыг сайн сурагчдыг цуглуулах гэж хичээсэн. Өөрөөр хэлбэл, ялгааг шууд бий болгож тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн.

Чилид гэхэд эцэг, эх, оюутан, сурагчид боловсролын ийм ялгаатай байдлыг хөөргөдөж буйг эсэргүүцэж жагсаал хийж байсан жишээтэй.

Английн хувьд мөн нийгмийн давхарга хоорондын шилжилт явагдахгүй болоод үүнээсээ болоод Английн нийгэмд ямар ч инноваци орж ирэхгүй болсон нь төр засгийнх нь толгойны өвчин болж байна. Үүнээсээ үүдээд эдийн засгийн өсөлт явагдахгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нийгмийн давхарга хоорондын шилжилт хөдөлгөөн идэвхтэй байх нь ямар ач холбогдолтойг ойлгож байгаа болов уу.

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Америк гэхэд үүн дээр маш сэргэлэн ажиллаж байгаа нь дэлхийн шилдгүүдийг их сургуульдаа шигшээд авчихдаг. Улмаар компанидуудад нь шинэ чадварлаг боловсон хүчний ханган нийлүүлэлт их болчихдог. Хятад, Энэтхэг, Израйл гээд дэлхийн шилдгүүдийг сорчлоод авчихаж байх жишээтэй. 

Тийм ч учраас энэ улсад инновациар дутна гэдэг ойлголт байхгүй болчихож байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Бидний нөгөө ганц хэмжиж чадаж ЭЕШ-ын оноог хүйсээр нь харвал охид хөвгүүдээс Газар зүй, Монголын түүх гэсэн хичээлээс бусад дээр илүү оноотой байгаа юм.

График 1, ЭЕШ-ын дундаж оноог хүйсээр нь харьцуулж харвал, 2018 оны дүн

Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухааны хичээлүүд дээр хөвгүүд илүү сайн гэсэн ойлголтыг энэ статистик бол үгүйсгэж байгаа юм. Тэгвэл Монголд л нөхцөл байдал ийм байна уу. Олон улсад суурь боловсрол дээр жендерийн ямар өөрчлөлт явж байгаа вэ?

Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор

Манайд энэ талын судалгаа нарийвчилж хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь ямар байсан, одоо тэр нь өөрчлөгдсөн үү, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл судалгааны дата байхгүй байгаа юм.

Олон улсын хувьд гэхэд АНУ гэхэд SAT шалгалт дээр хөвгүүд өндөр оноотой байдаг, охид хөвгүүдийг гүйцэхгүй байгаа. Нөгөө талд 80 улсын 15 настнуудыг шалгаж байгаа PISA-ын тайлангаас үзвэл, 15 настай хөвгүүдийн шалгалтын оноо охидоос ерөнхийдөө доогуур байна гэж гарч байгаа. Энэ үр дүн PISA шалгалтын сүүлийн гурван удаагийн (Есөн жилийн хугацаанд) шалгалтаар гарч ирсэн. Тэгэхээр энэ бол нэг зүйл хэлээд байна гэсэн үг.

Тиймээс ч судлаачид үүний учир шалтгааныг тогтоох гэж хичээж байна. Тухайлбал, PISA-д эхний 10-т багтдаг мундгуудыг аваад үзсэн ч охид нь илүү байгаад байгаа юм. Тэр дундаа Азийн улсын охидууд илүү сайн байгаад байгаа юм.

Гэхдээ бас нэг сонирхолтой зүйл нь дунджаар охид сайн байгаа ч яг шинжлэх ухааны шалгалт дээр гэхэд хамгийн өндөр амжилтыг хөвгүүд үзүүлсэн байсан. Тэгвэл охид яагаад дээд үзүүлэлт, амжилтаар шинжлэх ухаан дээр хөвгүүдийг гүйцэхгүй байна вэ гээд нарийвчлаад үзвэл тухайн хичээлүүд дэх охидын сонирхол их биш байгаатай холбоотой гэж гарч ирсэн байх жишээтэй. Сэтгэл зүйн хувьд өөртөө итгэх итгэл нь охидын хувьд бага байна гэж гарч ирсэн байгаа юм.Гэтэл хөвгүүдийн шинжлэх ухааны хичээлүүдэд дэх өөртөө итгэх итгэл, сонирхол илүү байгаа нь энэ тал дээр үзүүлэх амжилт илүү байна гэж тогтоосон. Энэ нь ч амьдрал дээр нотлогддог нь хөвгүүд илүү их инженерчлэл, мэдээллийн технологийн мэргэжил сонгож буйгаар илэрдэг шүү дээ.

Тэгвэл нийт дунджаараа хөвгүүд яагаад тууштайгаар охидоос бага оноотой байна вэ гэхээр эрэгтэй хүүхдүүдийн хувьд өдөрт дунджаар гадаа тоглодог цаг охидоос 57 минутаар илүү байна гэж гарч ирсэн байдаг.  Судалгааг бол бүр ийм нарийн гаргаж ирж байгаа юм.

Хоёрдугаар шалтгаан нь, хөвгүүд гэрийн даалгавраас гадуурх өөрийгөө хөгжүүлэх тухайлбал, ном уншихдаа манго, комик уншдаг гэсэн байгаа юм. Гэтэл охид ном уншихдаа роман гэх мэт өөр номууд сонгож уншдаг юм байна. Энэ нь охидын анализ хийх чадварыг илүү болгоход нөлөөлж байна гэж судлаачид тэмдэглэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, математикийн өгүүлбэртэй бодлого бодоход ч энэ чадвар нь нөлөөлж байна.

Гэтэл үнэхээр илүү байгаа охид яагаад дээшээ гарч ирж чадахгүй байна вэ гэдгийг нь бас тогтоочихсон байна. Ингэхдээ охидын байгалиас заяасан эрсдэлд дургүй, өөртөө итгэлгүй байдал нөлөөлж байна гэж судлаачид үзэж байгаа.

Миний хувьд их сургуульд багшилж байгаагийн хувьд дээд сургуульд сурч байгаа охидын хувьд ч үнэхээр хичээл чармайлт сайтай.

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Монгол дахь боловсролын жендерийн хувьд хөвгүүд чармайлт бага байдаг нь бидний уламжлалт соёлтой бас их холбогддог мэт санагддаг. Сайн малчин болох, сайн бөх болчихвол эсвэл сайн уяач болчихвол сайхан амьдралтай болчих юм гэсэн ойлголт нөлөөлж байх шиг.

Мөн охидын хувьд Б.Отгонтөгс багшийн дээр дурдсанчлан охидын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн STEM боловсролын сонирхлыг нэмэгдүүлэх хандлага олон улсад өрнөж байна.

Шинжлэх ухааны салбар дахь томоохон нээлтүүд хийж байгаа бүсгүйчүүдийг онцолж их сурталчилж байна. Өөрөөр хэлбэл, охидод итгэл үнэмшил төрүүлэх ажлыг бодлогоор их хийж байгаа.

Охид сурлагын үзүүлэлтээр илүү ч яг мэргэжил сонгох болохоороо арай орлого багатай салбар, мэргэжил сонгох хандлагыг өөрчилье гэж байгаа юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

iKon.mn УИХ-ын гишүүд хүүхдүүдийнхээ 95 хувийг төрийн өмчит бус өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа статистикийг танилцуулсан. Энэ нь тэд нийтийн буюу төрийн өмчит сургуульд чанартай боловсрол өгч чадахгүй байна буюу өөрсдийн төсөв хуваарилж, сайдыг нь томилдог, хянадаг салбараа алдаатай байна гэж хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу?

График 2, УИХ-ын гишүүдийн яг өнөөдрийн байдлаар сургуулийн насны 45 хүүхэд байна. Тэдний сурч буй сургуулиуд:

Д.Тунгалаг
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч

Хүний эрх ярьвал мэдээж УИХ-ын гишүүн байна уу, өөр хэн ч байна уу хүүхдээ аль сургуульд сургах, тэр байтугай сургуульд сургахгүй байх ч эрхтэй.

Энэ асуудлыг миний зүгээс ямар талаас нь харж байна вэ гэвэл бид улстөрийн сонголт хийхдээ дан хөрөнгөлөг этгээдүүдээр өөрсдийгөө төлөөлөх сонголтыг хийдэг юм байна. Тэгвэл энэ нь өөрөө зөв зам мөн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Хоёрдугаарт, үнэхээр УИХ-ын гишүүд бүх ард түмний элч байна гэж тангаргаа өргөөд нийтийн эрх ашигт үйлчилнэ гэсэн амлалтандаа хүрч чадахгүй байгаа нь хүүхдүүдээ бүр 95 хувь нь хувийн сургуульд өгөхөд хүргэж байгаагаар илэрхийлэгдэж байна.