Индэр    
2019 оны 2 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

Дундаж монгол иргэн Бат-Эрдэнэ: Надад өвдөх эрх байхгүй

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Та бүхэн өмнө нь дундаж монгол иргэн хэрхэн амьдардаг талаарх нийтлэлийг уншсан биз ээ. Хэрэв уншиж хараахан амжаагүй бол https://ikon.mn/opinion/1g5f энэхүү линкээр хандан дундаж монгол иргэн Бат-эрдэнэ хэн болохыг мэдэх боломжтой. Бат-Эрдэнэ маань 28 настай, 1990 оны ардчилсан хувьсгалаар төрсөн. Шилжилтийн үеийн хүнд хэцүү амьдралыг хүүхэд насаараа туулсан.  Тиймээс ч өлсөж цангахын зовлон, мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг болсон. Улс төрийн хоёр сонгуулийн ард гарсан(санал өгсөн) болоод ч тэр үү аливаа мэдээ, мэдээлэлэлд шүүлтүүртэй хандахыг хичээдэг. Хэн нэгэн, ямар нэгэн зүйлийг учир утгагүй буруутгахаас илүүтэй асуудлын мөн чанарыг ойлгож, судалсны дараа дүгнэлт хийх нь чухал болохыг мэддэг нэгэн.

Одоо ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт хашаа байшинд амьдардаг. Тэрбээр үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд сардаа 603 мянган төгрөгийн цалинтай буюу эхнэртэйгээ нийлээд өрхийн орлого 1.2 сая орчим болдог(Улсын дундаж үзүүлэлтүүд ашигласан).

Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэдэг нэгэн. Нэг өдөр Бат-эрдэнэ маань бие нь өвдөж, өндөр халуурчээ. Түргэний эмч түүнийг үзээд илүү нарийн шинжилгээ хийлгүүлэх ёстой гэжээ. (Монголчуудын нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар болж байна). Бат-эрдэнэ маань өөртөө “надад өвдөх эрх байхгүй юмсан. Гэр бүлээ бодсон ч тэр, одоогийн нөхцөл байдлаа үнэлсэн ч тэр” хэмээн хэлнэ. Хэрвээ өвдвөл цалингийн зээлийг нь хэн төлөх вэ? Эхнэр хүүхдийг нь хэн тэжээх вэ? Ээждээ хэлмээр байсан ч үлдсэн хэдэн насаа барьцаалан авсан тэтгэврийн зээлтэй ээж нь юу хийж чадах билээ. Дэмий л санаа зовохын нэр. Өвчин тэгээд хэлж ирэх биш дээ. Яалтай билээ.

Тэрбээр сэтгэлээр унан, толгойд нь есөн жорын муу бодол эргэлдсээр: “Бид чинь ер нь ямар л улсад амьдраад байна даа. Энэ улсад ер нь хүн амьдрах наад захын нөхцөл хангагдсан уу? Гараад явахаар утаа, машинд суухаар түгжрээ, эмнэлэг нь ачаалал ихтэй, сургууль цэцэрлэг нь сугалаатай, цалин нь бага, ажил нь дундрашгүй болохоор ард түмэн нь гадагш гарахын мөрөөсөл болсон. Нэгэнт эмнэлгийн дараалал барагдахгүй, хувийн эмнэлгийн төлбөрийг нь хүчрэхгүй учир таньдаг найз эмчдээ хандая” гэж шийдэв.

Бат-эрдэнийн өөрөөсөө асуусан олон асуулт дээр суурьлан бяцхан статистик сөхөе. Манай эрүүл мэндийн тогтолцоо төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй тэр дундаа хувийн хэвшил давамгайлсан байдаг. Доор харуулсан эрүүл мэндийн системүүд нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Гэвч хүн амаа бодсон хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангасан систем нь Бисмарк гэж үздэг.

Хүснэгт 1. Эрүүл мэндийн системийн төрлүүд.

Эрүүл мэндийн систем

Системийн ялгаа

Хэрэглэдэг улс орон

Системийн онцлог

Чөлөөт зах зээлийн эрүүл мэндийн систем

Хувийн хэвшил эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.

АНУ, Хятад, Бразил, Тайланд, Индонези, төв африкын улсууд гэх мэт

Хувь хүн өөрөө даатгуулж, даатгуулсан мөнгөөрөө эрүүл мэндийн үйлчилгээ авч болно.

Бисмарк эрүүл мэндийн систем

Төр болон хувийн хэвшил үйлчилгээ үзүүлнэ.

/хувийн хэвшил давамгайлсан/

ХБНГУ, Австри, Бельги, Голланд, Япон, Канад, Люксембург, Өмнөд Солонгос, Турк, Монгол гэх мэт

Хүмүүс нь эрүүл мэндийн даатгал төлнө. Улсын төсвөөс давхар санхүүжүүлнэ.

Бэвриж эрүүл мэндийн систем /Beveridge/

Төр болон хувийн хэвшил үйлчилгээ үзүүлнэ.

/Төр давамгайлсан/

Скандиновын орнууд, Испани, Итали, Саудын Араб гэх мэт

Эрүүл мэндийн даатгалтай. Мөн цалингийн тодорхой хувиас нь татвар авч, авсан татварын мөнгийг нь эрүүл мэндийн үйлчилгээнд нь ашигладаг.

Соцалист эрүүл мэндийн систем

Төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

Куба, Хойд Солонгос,

Эрүүл мэндийн даатгал төлөхгүй.

 

 Эх үүсвэр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Хөгжингүй болон хөгжиж буй улсууд бүгд өөр өөрсдийн онцлогт тохируулан хэрэглэдэг учир эрүүл мэндийн системийг зөв эсвэл буруу гэж хэлэх нь учир дутагдалтай юм. Яагаад өнөөдөр Бат-эрдэнэ эмнэлэгт оочир авах, үзүүлэх, эмчлүүлэх нь тийм хүндрэлтэй байна вэ? Энэхүү систем бүрэн хөдөлгүүрээр ажиллахад голлон юу саад болоод байна вэ?

АСУУДАЛ ХААНА БАЙНА?

  • Эрүүл мэндийн боловсрол доогуур
  • Эмийн чанар муу
  • Эмчийн ур чадвар
  • Амьдрах орчин аюултай,
  • Өрхийн орлого багатай
  • Эрүүл мэндийн салбарын төсөв бага гэх мэт олон шалтгаан бий.

Сүүлийн 10 жилд гэхэд төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлын хувь нь дунджаар 8 хувь буюу яг л нэг хэвэндээ байдаг. Ямар ч өөрчлөлтгүй ийм байдлаар 10, 20 жил тус эрүүл мэндийн системийг чирж явах нь эцэстээ өвдөх эрхгүй нийгэмд амьдрахад биднийг хүргэжээ. Өөрөөр хэлбэл төсөв мөнгөндөө баригдаж эмч ажилчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлж чаддагүй. 2017 онд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 218 мянга болжээ. Хэдийгээр жил ирэх тусам өсч байгаа хэдий ч энэ мөнгө бол ганц үнэтэй эм эсвэл MRI-ны шинжилгээний л мөнгө төдий.

График 1, Улсын нэгдсэн төсвийн зарлагад эрүүл мэндийн зардлын эзлэх хувь

 

 

БАТ-ЭРДЭНЭД ЭНЭ УДААД АЗ ТОХИОВ

Бат-эрдэнэ эмч найздаа хэлж, шинжилгээний хариугаа хүлээх тэр хугацаа хамгийн урт санагдав. Удалгүй эмч найз нь түүн рүү залган халуурсан шалтгаан нь бөөрний дутагдал биш болохыг хэлжээ. Ойрд сонсоогүй хамгийн баяртай мэдээ. Өөрт нь амьдрах боломж дахин олгосон мэт санагдана. Энэ явдал дундаж монгол иргэн Бат-эрдэнэд дараах зүйлсийг ойлгуулсан юм. Эрүүл амьдралын зөв хэвшилтэй болох, эрүүл мэнддээ эзэн болох хэрэгтэй. Нэгэнт хүний л амьдрал хойно жаргал, зовлон заавал ээлжилнэ. Хэрвээ нэг өдөр өөрөө эсвэл гэр бүлийн хэн нэгэн нь хүндээр өвдвөл зайлшгүй бэлэн байх ёстой. Тэрээр эдийн засагч найзруугаа залган зөвлөгөө авахаар утас цохив. Харин эдийн засагч найз нь түүнд дараах зөвлөгөөг өгчээ.

Ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуулах

Дээрх шиг нөхцөл байдал амьдралд үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас бид эрсдлийг харж, түүнийг хаах чадвартай байх хэрэгтэй. Бидний ирээдүйд ямар байх эсэх нь ирээдүйн өөртөө юу бэлдэж байгаагаас шууд хамаарна. Хуримтлал бол ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуулж байгаа хэрэг юм. Ядаж өрхийн орлогынхоо 10 хувийг эрүүл мэндийнхээ төлөө хадгалж байх хэрэгтэй. Зорилготой хадгаламж илүү урт настай байдаг. Тиймээс эрүүл мэндэд зориулсан хадгаламжтай байх нь бид бүхнийг эрсдлээс хамгаалах нэг арга юм.

Найзтайгаа гэрээ байгуулах

Италид худалдааны хөлгүүд далайд гарахдаа маш ихээр эрсддэг байв. Худалдааны завь сүйдсэнээр худалдаачин дахин сэхэхээргүй нөхцөл байдалд ордог байв. Тиймээс хэсэг худалдаачин найзууд дундаасаа мөнгө гарган, цуглуулжээ. Хэрвээ хэн нэгнийх нь завь сүйдвэл тус мөнгөнөөс нөхөн олговор өгөх байдлаар эрсдлээ хаадаг. Энэ бол даатгал үүссэн түүх юм.

Хэдийгээр бид эрүүл мэндийн даатгал төлдөг ч энэхүү даатгалаа ашиглан улсын эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс хувийн эрүүл мэндийн даатгалтай байснаар хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинтэй тэмцэх боломжтой. Яг тэрхүү хүнд нөхцөл байдалд даатгалын компаниас эмчилгээтэй холбоотой бүх нөхөн төлбөрийг гаргах боломжтой байдаг.