Индэр    
2018 оны 10 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

СТАТИСТИК: Сурагчдын амралтаар Улаанбаатарын агаарын бохирдол НЭМЭГДДЭГ ҮҮ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргаад буй.

Тус саналыг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр хэлэлцээд үргэлжлүүлэн судалж, иргэдээс санал авсны үндсэн дээр ирэх долоо хоногт амралтыг сунгах эсэх талаар шийдвэр гаргахаар болсон.

Яагаад сурагчдыг өвлийн цагт урт хугацаагаар амраах ёстой вэ?

НЭГ. Энэ жил томуугийн вирусын дэгдэлтүүд олон улсын хэмжээнд тархалт ихтэй байгааг ДЭМБ анхааруулав
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүрийн XII сараас эхлэн эрчимжин хоёр сар гаруй үргэлжилж, нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлдэг байна.

Томуу, томуу төст өвчний 15-20 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг  бөгөөд уг өвчний халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тандалт судалгаагаар мөн тогтоожээ. Тиймээс энэ үеэр сурагчдыг амраах нь зүйтэй хэмээн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд үзсэн байна.

Түүнчлэн дэлхийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар судлалын нөхцөл байдлын тандалт, судалгаагаар сүүлийн хоёр жилд 1918 онд тохиолдсон томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувууны (H7N9, H5N6, H9N2) болон гахайн (H1N2) томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэн бүртгэгдэж байгаа тул томуугийн цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа зөвлөж байгаа аж.

Энэ талаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа "Вирусын дэгдэлтүүд олон улсын хэмжээнд эрт эхэлж, тархалт ихтэй байна гэх таамаглал гараад байгаа. 

Бас нэг санаа зовоож буй асуудал бол хүүхдийн эмийн хэрэглээ. Өвлийн улиралд бараг бүх хүүхэд ханиад хүрч, эм уухаас өөр аргагүй болж байна. Тэгэхээр хүүхдээ хүйтэнд аль болох гадуур авч явахгүй, хол зөөхгүй байх шаардлагатай. Тиймээс өвлийн эд хүйтнээр сурагчдыг амраах санаачилгыг би эмчийн хувиар 100 хувь дэмжиж байгаа" хэмээсэн.

Мөн тэрбээр өвлийн амралтыг сунгаад зогсохгүй ер нь хичээлийн улиралд өөрчлөлт оруулахгүй бол цаашид уушгины өвчлөл яагаад ч буурахгүйг хэлж байсан юм.

ХОЁР. Сурагчдын амралтаар агаарын бохирдолд нэмэгдээгүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Нөгөө талаас сурагчдын амралтын үеэр агаарын бохирдол бусад өдрүүдээс нэмэгддэг гэх тайлбарыг зарим эх сурвалж хэлж байна. Хүүхдүүд хичээлдээ явсан үед буюу өдрийн цагаар гэр хорооллын зарим өрх гал түлдэггүй. Харин сурагчид амармагц 24 цагийн турш тасралтгүй галалгаатай байдаг нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг гэх тайлбар байгаа юм.

Ханиад томуугийн дэгдэлт, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 2016-2017 болон 2017-2018 оны хичээлийн жилийн ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах шийдвэрийг харьяа яамнаас гаргаж байсан. Тэгвэл сурагчид амарч байх үед болон хичээлтэй байх үед /2017 оны XII, 2018 оны I сар/ агаарын бохирдол нэмэгдсэн эсэхийг харьцуулан харцгаая.

Улаанбаатар хот орчимд олон жилийн дунджаар арванхоёрдугаар сард 17-22 градус, нэгдүгээр сард 18-23 хүйтэн байдаг талаар ЦУОШГ-ын мэдээлэлд дурдсан байна. Тэгэхээр энэ хоёр сар температурын хувьд хол зөрүүгүй байдаг байх нь.
График:

2018 оны нэгдүгээр  сарын 1-30-нд нийслэлийн сурагчид  амарсан. Сурагчдын амралтын хугацаанд агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдсэн гэх өөрчлөлт харагдахгүй байна. Арванхоёрдугаар сарын сүүлийн арав болон нэгдүгээр сарын эхний арав хоногт агаарын бохирдол нэмэгдсэн байгаа нь тухайн үеийн цаг агаарын температуртай холбоотой бололтой.



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл сунгахыг дэмжиж байгаа эсэх талаар саналаа ЭНД ДАРЖ өгнө үү.