Зураг
Зураг
Индэр    
2018 оны 8 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хөрсний ус байнга нэвчиж буй барилгын ашиглалтын хугацаа хоёр дахин богиносох эрсдэлтэй"

Зураг

Энэ зун нийслэлийн 246 орон сууцны зоорийн давхар усанд автсан талаар дуудлага, мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн энэ үзүүллэлтийн тайлбарыг статистик мэдээллээс харж болно. Тодруулбал, 2016 оны долоодугаар сард 11, 2017 оны мөн сард хоёр, энэ оны долоодугаар сард 47 удаагийн усархаг аадар борооны улмаас үер болсон байна.

Түүнчлэн орон сууцны зоорийн давхар усанд автах нь бараг жил бүрийн зун тохиолддог тул ихэнх Сууц өмчлөгчдийн холбоо ус соруулах насос, төхөөрөмжтэй болсон талаар НОБГ-ын мэргэжилтэн хэлж байв. Жил бүр усанд автаад л байдаг ч ус соруулах насос авахаас өөрөөр ус ороод байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авахгүй явсаар байтал зоорийн давхрыг усанд автуулах өөр нэг эх үүсвэр бий болсон юм. Тэр нь Туул голын ойролцоо баригдсан орон сууцнуудын доороос хөрсний ус нэвчиж эхэлсэн тохиолдол байв.

Энэ талаар НОБГ-аас “Усархаг борооны улмаас үер болж байсан бол хоёрдогч эрсдэл үүсч, Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчиж эхэллээ. Нийтдээ 40 гаруй барилгын доороос ус нэвчиж байна” гэх мэдээллийг 2018 оны долоодугаар сарын 26-нд өгсөн юм. 

Уг мэдээлэл гарсны дараа “Хөрсний устай газар барилга барих ёсгүй байсан”, “Ус нэвчиж буй нь барилгын компанийн буруу”, “Хөрсний устай газар барилга барих зөвшөөрөл өгсөн нь буруу” гэх мэт иргэдийн сэтгэгдлүүд хөврөх болсон. 

Тэгвэл хөрсний устай газар барилга барьж болох уу, барилгын доороос байнга ус нэвчсээр байвал барилгын чанарт ямар хугацаанд, хэрхэн нөлөөлөхийг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвийн захирал, Доктор, Профессор, Зөвлөх инженер С.Нямдоржоос тодруулсан юм.

"Ус тусгаарлалтыг сайн хийсэн тохиолдолд хөрсний устай газар барилга барьж болно"
 

-Хөрсний устай газар барилга барьж болох уу?

- Хөрсний ус байтугай далайн усан дотор ч барилга барьж болно. Ингэхийн тулд ус тусгаарлалтыг маш сайн хийх талаар зураг төсөлдөө тусгах ёстой. Ус тусгаарлалтыг найдвартай хийсэн тохиолдолд хөрсний уснаас айх шаардлагагүй.

Жишээлбэл, Бээжингийн 30, 40 давхар барилгууд доошоо хасах тав хүртэл давхартай. Бээжин, Сөүлийн хувьд газрын гадаргаас доош 3-4 метр зарим тохиолдолд түүнээс ч дээр хөрсний ус гардаг. Улаанбаатартай адилхан хөрсний ус нь их дээр байдаг.

Тэдний барилгуудын хасах таван давхрын булан тохойг хараад явахад 10 давхрын оффисын өрөөтэй яг адил хуурай, ямар ч асуудалгүй харагддаг. Гэтэл бидний барьсан барилгын зоорийн давхарт гаднаас нь ус орж, доороос нь ус нэвчээд булан тохой нь үргэлж чийгтэй нойтон байдаг. Энэ ерөөсөө л ус тусгаарлалтыг муу хийсэнтэй холбоотой. 

-“Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зурагт төсөл, тооцооны норм”-д хөрсний устай газар барилга барихдаа дренажийн систем суурилуулна гэж заасан байдаг юм байна лээ. Дренажийн систем гэдэг нь ямар горимоор ажилладаг болох, манай барилгууд энэ системийг суурилуулсан байдаг эсэхийг хэлж өгөөч?

- Тодорхой цэг дээр цугласан усыг шугам хоолойгоор цуглуулж аваад үерийн ус зайлуулах далан шуудуу, гол руу ч юм уу усыг нийлүүлдэг системийг дренажийн систем гэдэг. Улаанбаатарт хэд хэдэн газар байнгын болон улирлын ажиллагаатай дренажийн систем суурилуулсан байгаа

Гэхдээ Хан-Уул дүүрэгт байрлах хөрсний ус нэвчиж байгаа барилгуудад дренажийн систем суурилуулж болох ч тохиромжтой биш.  Газрын байрлалын хувьд голын хөвөөнд харьцангуй доор газар учраас тэнд цугласан усыг өөрийнх нь даралтаар биш албадмал байдлаар хүчтэй насос ажиллуулах хэрэгтэй болно. Зардал өндөртэй, инженерийн байгууламжийн хувьд ч нарийн түвэгтэй бөгөөд цэвэр мэргэжлийн үүднээс харвал төдийлөн ашигтай биш. Тэгэхээр ус тусгаарлалтыг чанартай сайн хийсэн нь илүү хялбар бөгөөд ашигтай.

-Ус тусгаарлалт хийдэг тусгай зориулалтын материал байдаг юм уу?

-Ус тусгаарлалт хийдэг маш олон төрлийн материал бий. Органик материалтай наалт, усан суурьтай зуурмаг, ус шүүрээд байгаа ан цавыг томсгож цэвэрлээд чигжихээр 3-4 минутад тэлдэг материал ч байдаг.

Хөрсний ус нэвчилтийг зогсоох техникийн боломж бий.

Тэгэхээр хэрвээ хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдчихвэл ус нэвчилтийг зогсоох техникийн боломж бол бий.

-Ихэнх барилгын зоорийн давхар зуны улиралд тогтмол ус ордог, мөн байнгын чийгтэй харагддаг. Энэ байдал нь барилгын чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

-Барилгын зоорийн давхар усанд автах хоёр эх үүсвэр байгаа. Нэг нь бидний сая ярьсан хөрсний ус бол нөгөө нь гудамж талбайгаас урсан орж буй үерийн ус. Хэрвээ зам, талбай үерийн ус зайлуулах шугам хоолойтой бол үерийн ус орохгүй болчихно.  

Мөн хорооллын хэмжээнд их хэмжээний устай бороо орсон үед ажилладаг шүүрлийн байгууламж байх боломжтой. Усархаг бороо орж байхад усаа соруулчихдаг буюу зөвхөн зун л ашиглана гэсэн үг. Тэгэхээр зардал багатай байна. 

Барилгын суурь бетонтой, бетон нь голдоо арматурын төмөртэй байгаа. Мэргэжлийн бус хүмүүс бетоныг мөнхийн материал гэж ойлгож, харах нь бий. Үнэндээ бол бетон сийрэг бүтэцтэй. Нэвчиж буй усны найрлага хүчиллэг болж шүлтлэг нь буурсан тохиолдолд бетонд зэврэлт явагддаг. Бид төмөр зэврэхийг мэднэ. Түүнтэй адил бетон зэвэрч, эвдэрч гэмтдэг. 

Улаанбаатарт баригдаж байгаа дийлэнх барилгууд 120-150 жилийн ашиглалтын хугацаатай. Харин дээр дурдсан сөрөг нөлөөллүүд байгаа тохиолдолд 50, 60, 70 жилийн дараа эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй.

- Тэгэхээр бетоныг зэврүүлэхгүйн тулд барилгын гадна талаас ус тусгаарлалт хийх шаардлагатай гэж ойлголоо. Нэгэнт баригдчихсан барилгынхаа дотроос ус тусгаарлалт хийе гэвэл хэр үр дүнтэй вэ?

- Нэгэнт баригдчихсан барилгын гадна талын бүх зам талбайг хуулаад, ухаад гаднаас нь ус тусгаарлалт хийнэ гэдэг түвэгтэй. Ийм тохиолдолд хэрэглэдэг үнэ өртөг өндөртэй арга технологи бий. Барилгын гаднаас өрөмдөөд бетоны гадаргуу дээр ус тусгаарлах материалыг өндөр даралтаар шахаж оруулж болно. 

Дотроос ус тусгаарлалт хийх бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь түрүүн хэлсэн бетоны зэврэлтээс хамгаалж чадахгүй. Тухайн орчмын усны шүлтлэг багасаж, хүчиллэг нь ихэсвэл бетон зэвэрэх эрсдэл байсаар байна.


Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэгт  Барилга архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвийн багш нар орж ажиллажээ. Тэдний зүгээс хөрсний ус нэвчсэн барилга тус бүрт яагаад ус нэвчсэн талаар шалтгааныг тогтоож, засварлах боломж, техникийн зөвлөмжийг багтаасан дүгнэлт гаргах юм байна.

Мөн тэдгээр барилгын суурийн бетоны марк, чанарт  өөрчлөлт орсон эсэхийг шалгаж үзэх төлөвлөгөөтэй байгаа аж. 


Хэзээ ч тохиолдож болох гамшиг, эрсдэлд бэлэн байхад суралцъя
 

Өнгөрсөн жилийн зун хур бороо багатай, гандуу байсан ч энэ зун ихэнх нутгаар усархаг бороотой байсан нь нийслэл хот төдийгүй улс даяар олон зүйлийн чанарыг шалгасан. 

Статистик мэдээлэл бидэнд хэзээ ч ямар ч гамшигт үзэгдэл болж болно. Тиймээс тэр болгоны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстойг сануулж байна. 

Энд нэг жишээ дурдахад, өнгөрөгч долоодугаар сард Улаанбаатарт болсон "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ын үеэр Япон улсын Төрийн сайд Жиро Акама "Байгалийн гамшиг, газар хөдлөлт, цунами бусад гамшгууд хэзээ үүсэх нь тодорхойгүй учраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь маш чухал асуудал. Аливаа байгалийн гамшиг тохиолдоход бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болохыг бид өмнөх туршлагаасаа мэдэж авсан. 

Тийм учраас ямар ч гамшиг тохиолдсон байшин барилга нурахгүй, гамшиг амсахгүйн тулд бэлтгэл ажлыг маш нарийн хийх ёстой" хэмээж байв.

Гэтэл ХУД-т байрлах дээр дурдсан барилгуудын доороос жил бүр бага хэмжээгээр ус гарч байсан ч оршин суугчид нь энэ талаар мэдээллийг холбогдох албаныханд хүргэж чадахгүй байсан талаар тус барилгуудад Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг ажиллах үеэр хэлсэн байна. 

Улаанбаатарын хувьд хөрсний ус харьцангуй дээр байршдгийг мэргэжлийн хүн хэлсэн. Мөн Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зураг төсөл, тооцооны норм-д хөрсний устай газар барилга барихдаа ямар норм дүрэм баримтлахыг заасан байгаа ч дээр дурдагдсан барилгуудын сууринд яагаад ус тусгаарлалт хийгээгүй нь хачирхалтай.

Түүнчлэн орон сууц худалдан авахдаа ханын цаас, шалны паркет гэх мэтийн зүйлсэд онцгой анхаарал хандуулдаг хэр нь зоорийн давхарт нь бараг жил бүрийн зун ус урсаж, нэвчиж ороод байхад анхаардаггүй, холбогдох байгууллагуудад ханддаггүй нь иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой байж болох юм.