Индэр    
2018 оны 9 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Улаанбаатарын гүний усыг гамнах СААРАЛ УСНЫ СУРАГ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатараас өөр 00-ийнхоо бохирыг гүний цэвэр усаар урсгадаг хот байхгүй. Энэ нөхцөлд нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байвал 2030 он гэхэд усны асуудал хүндэрнэ гэх урьдчилсан тооцоолол гарчээ. 

Гэхдээ усны алдагдлыг бууруулах, зохистой хэрэглээг бий болгох ажлыг амжилттай зохион байгуулж чадвал нөөцийг хэмнэх боломжтой. Туул голын усны нөөцийн өнөөгийн байдлыг харахад хаврын улиралд урсац багасдаг хэдий ч ус хангамжийг хүндрүүлэх хэмжээнд хүргэсэн тохиолдол одоохондоо гараагүй байгаа хэмээн Усны зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Тусгай зөвшөөрлийн албаны дарга Г.Нарантуяа хэлсэн юм.

Нийслэлийн ус хангамжийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдал

Улаанбаатар хотын хэрэглээний цэвэр усыг долоон эх үүсвэрээс 200 гаруй худгаар олборлоод, 21 насосны станцаар дамжуулан нийслэл хотоор тарааж, хэрэглэгчдэд хүргэдэг байна. Ингэхдээ хоногт 150,000-200,000 метр куб усыг түгээдэг. 

Хотын цэвэр ус хэрэглэгчдийг ангилан харвал,

  • 204 мянган айл өрх 
  • 10.8 мянган ААН
  • 200 гаруй үйлдвэр

Дээр дурдсан хэрэглэгчдээс хамгийн их хэрэглээтэй нь мэдээж үйлдвэр, ААН-үүд. Тэд хотын цэвэр усны хэрэглээний 25-30 хувийг хэрэглэдэг. 

Улсын хэмжээнд төвлөрсөн системээс ус авдаг 520 мянган хэрэглэгч байгаагийн 47 хувь нь зөөврийн ус буюу худгийн ус хэрэглэж, үлдсэн 53 хувь нь төвлөрсөн шугам сүлжээгээр холбогджээ.

"Нэг литр усыг худагт хүргэх зардал НАЙМАН ТӨГРӨГ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Усны салбарт яригддаг бас нэгэн асуудал бол усны худалдах үнэ олборлох зардлыг нөхөж чаддаггүй. Энэ талаар Усны зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Тусгай зөвшөөрлийн албаны дарга Г.Нарантуяа “Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хуульд заасны дагуу цэвэр бохир усны үйлчилгээний үнэ тарифыг баталдаг. Усыг газрын гүнээс олборлоод шугам сүлжээгээр дамжуулаад, насос станцаар татан хэрэглэгчдэд хүргэхэд гарсан зардлыг худалдаж буй үнэд шингээхийг зорьдог. Гэвч ус бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүний амьд явах баталгааны суурь нөхцөл болдог гэдэг утгаараа усны үнэ тарифт зардлыг нь бүрэн шингээх нөхцөл бүрдээгүй.

Ус хэрэглэгчид очих хүртэл бүх зардлыг шингээнэ гэвэл нэлээд өндөр тоо гарна. Жишээлбэл, гэр хорооллын ус түгээх байр буюу худагт 1 литр ус хүргэх зардал нь 8 төгрөг байдаг. Гэсэн хэдий ч худаг дээр усыг 1-2 төгрөгөөр зардаг” гэв. 

Олборлох зардлаа нөхөж чаддаггүй өнөөгийн нөхцөл дээр төлбөрөө авч чадахгүй байх тохиолдол гардаг учир Усны зохицуулах зөвлөлөөс гурваас дээш сар усны төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-ийн хэрэглээг түр хугацаагаар хязгаарладаг юм байна.

Хоногт 50,000 м3 усыг саарал усаар орлуулах боломж...

 
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаан станц, томоохон үйлдвэрүүд хотын төвлөрсөн хэрэглээнээс гадна өөрсдөө гүний худгаас усаа олборлож хэрэглэдэг. Унданд хэрэглэх боломжтой гүний цэнгэг усыг их хэмжээгээр олборлож ашигладаг цахилгаан станцуудын хэрэглээг багасгах чиглэлээр хэрэгжиж буй нэг санаачилга нь хөргөлтөд саарал ус ашиглах технологи юм. Саарал усны хэрэглээний асуудал эрчимтэй яригдах болсон хэдий ч өнөөдрийн байдлаар бодит ажил хангалтгүй байгаа юм. Тодруулбал, уул уурхайн салбарт тоосжилт дарах, хүнсний үйлдвэрүүд хаягдал усаа цэвэршүүлэн ногоон байгууламжийн усалгаанд л ашиглаж байна.

Түүнчлэн "Саарал усны систем, ерөнхий шаардлага" 2015 онд гарсан төлөвлөлтийн стандартаас өөр эрх зүйн баримт бичиг одоогоор алга. Уг стандартад саарал усыг хэрхэн ашиглах боломжийн талаар заасан ч үүнээс илүү нарийн стандарт хэрэгтэй байгааг мэргэжлийн хүн хэлж байлаа. 

Эрчим хүч үйлдвэрлэлд ус их хэмжээгээр ашигладаг нь зөвхөн манайд байдаг жишиг биш. АНУ, Европын улс орнуудад байгалиас ашиглаж буй усны дийлэнх хувийг зөвхөн эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг байна. Гэхдээ манайхаас ялгаатай нь гүний бус гадаргын буюу далай тэнгис, нуурыг усыг ашигладаг.

Усны салбарын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар шинээр баригдах цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг цэвэршүүлэн саарал ус болгоснорр цахилгаан станцуудын нийт техникийн усны 70 хувь буюу хоногт 50,000 м3 усыг орлуулж болох гэнэ. Энэ нь нийслэлийн нэг хоногийн цэвэр усны хэрэгцээний гуравны нэгтэй тэнцэнэ.

“Дундажлаад яривал ДЦС3, ДЦС4 нийлээд цагт 2,000 гаруй тонн ус хэрэглэдэг. Тэгэхээр саарал усыг дахин ашиглаж эхлэх нь маш том өгөөжтэй. Нийслэлчүүдийн цэвэр усны хэрэглээнд том хувь нэмэр оруулж эхэлнэ” хэмээн Монголын Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомбо "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Мянганы Сорилтын Сантай байгуулах хоёр дахь удаагийн компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах  буюу цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг саарал ус болгох үйлдвэр баригдах бөгөөд гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирэх мэдээлэл байгаа юм.

Шинэ цэвэрлэх байгууламж баригдсаны дараа цэвэршүүлж гаргасан усыг нь дахин боловсруулж, саарал ус болгох үйлдвэр барина гэхээр хол сонсогдож байгаа ч одоогийн нөхцөлд Улаанбаатарын гүний усны нөөцийг гамнах өөр шийдэл үүнээс өөр байхгүй. 

Тиймээс нийслэлчүүд 2030 он гэхэд усны хомсдолд орохгүйн тулд усны алдагдлыг бууруулах, зохистой хэрэглээг бий болгох зайлшгүй шаардлага тулгарчээ.

Архив 2018-08-14